Д.ЭНХЭЭ
Уран гулгалтын Гран-при тэмцээний төгсгөлийн шат баасан гарагт францын Гренобльд эхэлж, даваа гаригт үзүүлэх тоглолтоор өндөрлөн аваргууд тодорлоо. Олимпийн мөнгөн медальт Евгения Медведева энэ тэмцээнээс медальгүй буцсан нь Греноблийн гран-пригийн дуулиант мэдээний нэг байлаа. Хэдийгээр Медведева медалийн тавцанд зогсоогүй ч оросуудын хувьд бусад төрлөөр мөнгө, хүрэл медалийг хүртжээ.
Виктория Синицина, Никита Кацалапов © REUTERS/ Emmanuel Foudrot
Бүжгийн хосын тэмцээнд Оросын тамирчин Виктория Синицина, Никита Кацалапов нар өөрсдийгөө сайн гэдгийг үзүүлж харуулсан. Ритм-бүжгийн төрөлд тэд 77,91 оноо авч, дархан лидер Габриэл Пападакис, Гийом Сизерон нарын ард хоёрдугаар байр эзлэв. Францын хос нутгийнхаа мөсөн дээр богино бүжгээр 84,13 оноогоор дэлхийн шинэ дээд амжилт тогтоов. Канадад болсон Гран-при тэмцээний шатанд америкийн хос Мэдисон Хаббелл, Захари Донохью нар 80,49 оноогоор тогтоосон өмнөх дээд амжилтыг ч тэд давж гарав.
2002 оны Олимпийн мөнгөн медалийн шагналт, оросын нэртэй бүжиг дэглээч (хореограф) Авербухын бодлоор Синицина, Кацалапов нар мөн цэвэр гулгасан тохиолдолд хоёрдугаар байр эзлэх найдвар байгаа ажээ. “Тэд сайн тасарсан, гэхдээ маргааш цэвэрхэн гулгах хэрэгтэй. Францууд өөрсдийн гулгалтаараа энэ цаг мөчид хэнд ч гүйцэгдэхгүй гэдгээ харуулсан” хэмээн Авербух хэлжээ. Тэмцээний эцсийн дүн гарахад ОХУ-ын Виктория Синицина, Никита Кацалапов нар мөнгөн медаль хүртлээ.
Эрэгтэй ганцаарчилсан гулгалтын төрөлд орос тамирчдын хувьд энэ улирал сайнгүй байна. Михаил Колядад тавьсан найдвар бас л биелсэнгүй, авьяаслаг Дмитрий Алиевын хувьд тогтворгүй байна. 30 хүрч яваа Сергей Воронов л гагцхүү Гран-пригийн Хирошимагийн тэмцээнд шагналын тавцад гарч хоёрдугаар байр эзэлсэн. Гэхдээ Гренобльд 90,86 оноогоор хоёрдугаарт шалгарсан Александр Самарины завсрын амжилт оросуудыг баярлуулж байна. Түүний өмнө зөвхөн америк уран гулгагч Жейсон Браун 96,41 оноотой явсан.
"Саша маш сайн, дөрвөлсөн үсрэлт хоёрыг хийсэн. Дөрөвдүгээр байрынхаа дараа тэр Гренобльд түрүүлбэл шигшээд шалгарах 100 хувийн баталгаа бий болно” хэмээн олимпийн аварга Алексей Урманов ТАСС агентлагтай сэтгэгдлээ хуваалцжээ. Гэвч чөлөөт үзүүлбэрийн дараа эцсийн дүнгээр Александр Самарин эрэгтэй ганцаарчилсан төрөл хүрэл медаль хүртэв.
Эрэгтэй ганцаарчилсан төрөлд тэргүүлсэн Жейсон Браун, Натан Чен, Александр Самарин
© AFP 2018/ JEAN-PIERRE CLATOT
Насанд хүрэгчдийн спортын хосын уран гулгалтын төрөлд оросын хос Александра Бойкова/Дмитрий Козловский нар гараагаа амжилттай эхлүүлсэн. Тэд богино хөтөлбөрийн дараа 68,83 оноо авч тэргүүлж байгаа бөгөөд эцсийн ялалт байгуулах сайхан боломж тэдэнд байсан. Хоёрдугаар байрыг БНАСАУ-ын хос Ём Тхэ Ок, Ким Чу Сик (67,18) нар, гуравдугаарт францын Ванесса Жеймс, Морган Сипре (65,24) нар орж байсан. Тэмцээний хоёр төрлийн үзүүлбэрийн төгсгөлийн дүнгээр Александра Бойкова, Дмитрий Козловский хүрэл медальтайгаар өндөрлүүллээ.
Александра Бойкова, Дмитрий Козловский © REUTERS/ Emmanuel Foudrot
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин