Түрүүч нь “АСЕМ”-ын тайлангаас айсны учир-1
Ази, Европын төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтыг эх орондоо зохион байгуулж, ард нь амжилттай гарч чадсаныг хэн хүнгүй хүлээн зөвшөөрч байгаа. Улсын хувьд ач холбогдолтой, сайхан үйл явдал болсонтой ч санал нэг байсан. Харин манайхан анх удаа хийсэн энэ том арга хэмжээг далимдуулж, төсвийн болон бусад хөрөнгийг хайр гамгүй үржээ, хууль тогтоомжуудыг зөрчжээ гэсэн дүгнэлтийг Үндэсний аудитын газраас хийсэн юм. Уг нь дараа дараагийн арга хэмжээнд санхүүгийн сахилга баттай оролцохыг сануулсан ач холбогдолтой аудит байв. Харин “АСЕМ” зохион байгуулсан, зөрчил гаргасан зарим хүмүүс аудитын дүгнэлтийг эсэргүүцэж байгаа. Экс ерөнхийлөгчөөс эхлээд экс хотын дарга хүртэл ил гарч бухимдлаа илэрхийлсэн. Тэгвэл аудитын дүгнэлтэд чухам ямар баримтууд байсныг дэлгэрэнгүй хүргэж байгаа билээ.
ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГУУДААС ИРСЭН 20.4 ТЭРБУМЫН ТУСЛАМЖ ХААЧИВ?
“АСЕМ”-ын үйл ажиллагаанд зориулж ирсэн хандив тусламжийг хүлээн авах, хуваарилахад ажлын хэсгийг ажиллуулаагүйгээс хандив, тусламжийн хөрөнгийн бүртгэл будлиантаж, бүрэн хэмжээгээр бүртгэлд тусгасан эсэх нь нотлогдохгүй байна. “АСЕМ”-д зориулж ирэх хандив, тусламжийн хөрөнгийг тооцоолсон бол тэр хэмжээгээр төсвийн хөрөнгийг хэмнэх боломж байсан гэж аудит дүгнэсэн. Тодруулбал, “АСЕМ”-ын үйл ажиллагаанд БНХАУ, БНСУ-ын Олон Улсын “Койка” байгууллагаас нийт 20.4 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн тусламжаар ирсэн бол Сингапур, Тайланд, Бельги улсад тусламжаар үнэ төлбөргүй сургалтад оролцсон, 1,8 тэрбум төгрөгийн мөнгөн болон бусад хэлбэрийн хандивыг иргэн, хуулийн этгээдээс хандивласан байдаг. Тухайлбал, БНХАУ-аас 17.9 тэрбум төгрөгийн тавилга, тоног төхөөрөмж бараа материал, БНСУ-аас 2.3 тэрбум төгрөгийн бараа материал хандивласан байна. Тэгвэл хандиваар ирсэн тоног төхөөрөмж, материалыг үр ашиггүй ашигласан, бүртгэлийг будлиантуулсан баримт аудитад олон байна. Ганц нэгээс нь дурьдахад БНХАУ-ын тусламжаар ирсэн дуу, орчуулгын “ТАIDEN” брэндийн тоног төхөөрөмжийг ГХЯ хүлээн авч акт үйлдэн, үнэлээгүйгээр “Нью Терравокс” ХХК-д өнөөг хүртэл түрээсээр ашиглуулсаар байна. “АСЕМ”-ын гэрээт няраваар ажилласан Д.Амгалан нь ТӨБЗГ-аас албан ёсны тогтоол шийдвэр гараагүй байхад зочид буудлын 475 иж бүрдэл /стандарт өрөөний 241, люкс өрөөний 206, ерөнхийлөгчийн өрөөний 28/ тавилгуудыг “АСЕМ”-ын түнш зочид буудлууд болон хувь хүн, компанид 1.1 тэрбум төгрөгөөр, 670 ш албан тасалгааны тавилга эд хогшлыг 102.2 сая төгрөгөөр зочид буудлын 103 ком тавилгыг 233.8 сая төгрөгөөр, албаны зориулалттай нийт 4784ш тавилга, тоног төхөөрөмжийг нийт 34 төсвийн болон ТӨҮГ-уудад үнэ төлбөргүй шилжүүлсэн зэрэг нь хууль зөрчсөн байна. Түүнчлэн бусад газруудад хуваарилсан бараа, бүтээгдэхүүнийг бүртгэлд тусгаагүй зэрэг олон зөрчил илэрчээ. Ялангуяа БНСУ-ын олон улсын “Койка” байгууллагаас хандивласан буцалтгүй тусламжийн нийт хөрөнгийн хэмжээ, үнийн дүн тодорхойгүй байсан тул хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулж байгаа юм.
35.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТӨСӨЛД “ШУУД” ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ
Нийслэлийн төсвөөс шууд гэрээ байгуулан зарцуулсан хөрөнгөтэй холбоотой 33.6 тэрбум төгрөгийн зөрчлийг Үндэсний аудитын газраас хуулийн байгууллагад шилжүүлсэн. Тухайлбал, автозам, хот тохижилт, засвар үйлчилгээ, бүтээн байгуулалтын тоног төхөөрөмж зэрэг үүнд багтаж байгаа. Нийслэлд “АСЕМ”-ын хүрээнд 35.7 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээг зохион байгуулах эрхийг тухайн үеийн Засаг дарга буюу Э.Бат-Үүл нийслэлийн харьяа газрууддаа шилжүүлж, эдгээр арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахгүйгээр “шууд” гэрээ байгуулсан байна. Тэдгээрээс ганц хоёрыг нь дурдвал, Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжих нийтийн эзэмшлийн гудамж талбай, гэр хороолол, орон сууны хорооллын гэрэлтүүлэг, тохижилтын ажлын хөрөнгөөс “АСЕМ”-ын бэлтгэл ажлын хүрээнд хийгдэх 10 багц гурван тэрбум төгрөгийн ажлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар байгуулагдсан үнэлгээний хороо нь шаардлага, техникийн тодорхойлолт, тендерийн баримт бичигт заасан нөхцөл, үнийн санал зэргийг удирдлага болголгүй хот тохижилтын ажил хийлгэхээр 35 компанитай “шууд” гэрээ байгуулахаар шийдвэр гаргасан байна. Түүнчлэн Нийслэлийн захирагчийн ажлын алба хот тохижилтын 10 багц ажлын 41 төсөл, арга хэмжээнд 35 гүйцэтгэгчтэй 2.9 тэрбум төгрөгийн дүнтэй шууд гэрээ байгуулж, нийт 2.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон байгаа юм.
Мөн “АСЕМ”-ын бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн автозам, замын арчлалтад нийслэлээс нийт 13.8 тэрбум, Хөгжлийн банкны концессын 6.9 тэрбум, нийт 20.7 төгрөгийн төсөвт өртөгтэй 187 төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг шууд сонгон гэрээ хийж, 2016 оны эцэст 19.1 тэрбум төгрөгийг санхүүжүүлсэн байна. Тиймээс нийслэлийн автозам, замын арчлалтад зарцуулсан эдгээр хөрөнгийн төлөвлөлт, гүйцэтгэлийг хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулах нь зүйтэй гэж үзсэн байна.
“АСЕМ-ЫН ХӨРӨНГИЙН 74 ХУВИЙГ НИЙСЛЭЛ БҮРТГЭЖ АВААГҮЙ
“АСЕМ” зохион байгуулагчид “Саравч мэтхэн ярьж олон улсын томоохон арга хэмжээний нэр хүндийг унагалаа” гэж бухимдаж байв. Тэгвэл тэр саравч гээд байгаа нь төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан олон жишээний зөвхөн ганц нь байлаа. Нийслэл “АСЕМ”-ын хөрөнгийн 74 хувийг бүртгэж аваагүй гэсэн баримтыг аудит гаргаж ирсэн. Өөрөөр хэлбэл, арга хэмжээ болоод дууслаа, бүтээн байгуулалтууд эзэнгүй үлдсэн гэсэн үг. Тухайлбал, Нийслэлийн захирагчийн ажлын алба “Их Мандах-Очир” компанитай 165 сая төгрөгөөр шууд гэрээ байгуулж Дүнжингаравын зам дагуу 15 байршилд ногоон төгөл бүхий бичил тохижилтын ажил /сүүдрэвч, хогийн сав, цэцгийн мандал/-ыг хийж гүйцэтгэсэн гэх боловч аудитын тулгалтаар нийт есөн сүүдрэвч, найман хогийн сав, хоёр цэцгийн мандал байсан ба сүүдрэвчүүдийн ерөнхий байдал эвдэрсэн, хогийн сав тоногдон алга болсон, цэцгийн мандал эвдэрч нурсан байдалтай байжээ. Эдгээрийг хийсэн хийц материал нь удаан хугацаанд ашиглагдах боломжгүй байсныг тогтоосон. Нэг бүр нь 11 сая төгрөгийн үнээр хийлгэсэн сүүдрэвч гэхэд хэтэрхий өндөр үнээр хийгдсэнийг ч ил болгосон юм. Мөн Нийслэлийн захирагчийн ажлын албанаас “Ургах гүрэн” компанитай Наадамчдын зам дагуух сул шороон даланг эко хавтангаар хучих 284 сая төгрөгийн ажлын гэрээ байгуулсан. Аудитын явцад тулган баталгаажуулалт хийхэд сул шороон даланг эко хавтангаар хучсан нь нурж унасан байдалтай байжээ.
“АСЕМ” зохион байгуулагчид өөрсдийгөө буруугүй гэж хэвлэлийн бага хурал хийх үеэр Урчуудын эвлэлийн гишүүн, барималч А.Чадраабал оролцож “Тэнгэрийн өрх” хөшөөнийхөө талаар тайлбар хийж байсан юм. Тэрээр хөшөөний загварыг доромжилж байгаа байдлыг тэвчихгүйгээ илэрхийлснээс биш хөшөөг хэвээр нь харж хандаж чадаж байна уу гэдгийг яриагүй. Харин аудитын дүгнэлтээр 580 гаруй сая төгрөгөөр бүтсэн хөшөөний бүрэн бүтэн байдал алдагдсан, хараа хяналтгүй орхигдсон байгааг дүгнэсэн байдаг.
“Тэнгэрийн өрх“ хөшөөг Д.Сүхбаатарын нэрэмжит талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэн дэх “Энхтайваны хонх” хөшөөний сууринд байрлуулахын тулд “Энхтайваны хонх” хөшөөг нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй болсон. Энэ ажлыг сонгон шалгаруулалт хийлгүйгээр “Шандаст хонгор” ХХК-аар гүйцэтгүүлсэн байна. Ингээд “Тэнгэрийн өрх” хөшөө хийлгэх, суурилуулах болон “Энхтайваны хонх” хөшөөг зөөж суурилуулахтай холбоотой нийт 668.7 сая төгрөгийн зардал гарсан боловч анхан шатны санхүүгийн баримт дутуу, ажил хүлээж авсан акт, хүлээлгэж өгсөн акт баримт байхгүй байгаа нь түүнд Нийслэлээс тавих хяналтгүй байсныг харуулж байна гэж аудит дүгнэсэн юм. Ийнхүү өндөр үнэтэй уг хөшөөг хамгаалах эзэнгүй байснаас аудитын тулган баталгаажуулалтаар хөшөөнд янз бүрийн үг эрээчсэн, суурь нь эвдэрсэн байдалтай байгааг илрүүлж байв.
Үргэлжлэл бий...
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
“АСЕМ”-ын тайлангаас айсны учир-2
2018-11-16
Нийтэлсэн: Админ
 1 мин