Т.БАТСАЙХАН
“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leader ships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн дарга Ч.Рэгзмааг урьсан юм.
ДЭЛХИЙН ТОМ ХОТЫН ЖИШИГТ ХҮРСЭН МЕТРОПОЛИТАН ХОТ
-Би 2000 онд хот төлөвлөлтийн архитектор мэргэжлээр төгссөн.Төгсөөд будаг нь ханхалсан залуу архитектор Хот төлөвлөлт, эрдэм шинжилгээ, зураг төслийн хүрээлэнгээс ажил амьдралынхаа гарааг эхлүүлж байлаа. Энэ хугацаанд Баруун бүсийн тулгуур төв Ховд хот, Ховдын Алтай сум, Багануур хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг гаргаж зохиогчоор ажилласан.
18 жил мэргэжлээрээ гүйцэтгэх, бодлогын, хэрэгжүүлэх шатны байгууллагуудад ажиллаж, 2017 оноос байгууллагынхаа даргаар томилогдсон. Улаанбаатар хот маань олон улсын хөгжилтэй хотуудын төвшинд хүрээгүй ч нүүдлийн ахуйн хэв шинжээ хадгалсан “Эсгий хот”-оос эдүгээ 1.4 сая гаруй хүн амтай метрополитан хот болтлоо хөгжин, цэцэглэж байна. Энэ их үйлсэд гар бие оролцон зүтгэж яваадаа бахархаж явдаг. Хүн төрөлхтний түүхэн хөгжлөөс харахад аливаа хот, суурин газар төлөвлөлтгүйгээр хөгжинө гэж байдаггүй. Тухайлбал эрт дээр үеэс овог аймгаараа нэгдэн бүлэг суурин болж, овгийн ахлагчдын өргөөг дундаа босгон хүрээ тойрог болгон гэрүүдээ барьж байсан нь нүүдлийн зохион байгуулалтын үндсэн хэлбэр болсон нэг онцлог төдийгүй хот байгуулалтын анхны үндэс суурь болсон гэж үзэж болно. Харин ардын хувьсгалаас хойш хотыг ажил амьдралын хүчин зүйлүүдийг тооцсон байдлаар төлөвлөж зураг төсөл хийж эхэлсэн нь энэ салбарын үүсэл хөгжил болсон. Хот бол хүний ажиллаж амьдрах хамгийн таатай орчин ая тухтай орчинг бүрдүүлсэн бүтээн босголтын цогц байх ёстой. Үүний тулд маш олон хүчин зүйлийг тооцож судлаж, эн тэнцүү зүй зохистой харьцааг бүрдүүлэн төлөвлөх шаардлагатай болдог. Зураг төслийн байгууллагын гол онцлог нь хотын ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн төлөвлөгөө, зураг төслийг нийгмийн бүх давхаргын сайн сайхан байдлыг жигд хангахын төлөө зориулагддаг бүхий л салбарын мэргэжилтнүүдийн хамтын бүтээл юм. Манай зураг төслийн хүрээлэн нь Нийслэл Улаанбаатар хотын төр захиргааны байгууллагын бүтцийн салшгүй нэг хэсэг. 1964 онд тухайн үеийн АИХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор анх байгуулагдаж байсан хагас зуун жилийн түүхтэй унаган зураг төслийн байгууллага. Өнөөгийн Улаанбаатар хотын өнгө төрх бүтээн байгуулалтыг тус байгууллагын үе үеийн инженер техникийн ажилтнуудын хийсэн бүтээсэнтэй холбон харах нь зүйтэй. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед улсын нэгдсэн захиалгаар үйл ажиллагаа явуулж байсан бол зах зээлийн нийгэмд шилжсэн өнөө үед энэ бодлого алдагдаж, хувийн хэвшлийн зураг төслийн байгууллагуудтай өрсөлдөөний зарчмаар үйл ажиллагаа явуулж байна. Аливаа улс орны хувьд үндэсний аюулгүй байдал нэн тэргүүнд тавигдах ёстой. Тэгэхээр хотын тулгын чулууг тавьж байсан байгууллагын хувьд хотын хөгжлийг тодорхойлж, бодлогын баримт бичгийн нууцлалыг чандалж, иргэд олон нийтийг хөгжил рүү уриалсан зөв мэдээллээр хангах үүрэгтэйгээр ажиллаж байна.
2020 ОНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ САЙН БОЛСОН Ч ХЭРЭГЖИЛТ ХАНГАЛТГҮЙ БАЙНА
-Хүн ба хотын амьдралын хэм, хэмнэл өөр байдаг. 20 жилийн дотор хүний амьдралын нэгэн үе өнгөрч, 5-6 түүнээс ч олон удаа солигдож болно. Харин хот байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд 10, 20 жил, түүнээс ч урт хугацаа шаарддаг. Үүнд төр, засгийн залгамж чанар онцгой үүрэгтэй. Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний гол утга учир нь хотын иж бүрэн хөгжлийн төлөвлөлтийн үндэслэл, концепц юм. Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг анх шинжлэх ухааны үндэслэлтэйгээр 1954-1986 онд ЗХУ-ын мэргэжилтнүүдийн хүчээр боловсруулж, үүний дагуу орчин үеийн Улаанбаатар хот маань хөгжиж ирсэн. Харин улс орны хурдацтай хөгжил, зах зээлийн харилцааны онцлог, хотын эдийн засаг, нийгэм, инженерийн дэд бүтцийг хүртээмж зэрэг олон хүчин зүйлийг харгалзан, хотын архитектур, орон зайн төлөвлөлтийг дэлхийн томоохон хотуудын түвшинд хүргэхээр тус хүрээлэнгийн мэргэжилтнүүд Улаанбаатар хотын 2020 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, Монгол Улсын Засгийн газраар батлуулсан. Мөн Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагыг эдүгээ нийслэлийн зураг төслийн хүрээлэнгийн мэргэжилнүүд боловсруулж, УИХ-аар батлуулан хуульчлагдан дагаж мөрдөж байна.Би 2000 онд дөнгөж сургуулиа төгсч ирээд Улаанбаатар хотын 2020 оны хүртэлх Ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын багт орж ажиллаж байлаа. Монголын мэргэжилтнүүд анх удаа бие дааж гаргасан төлөвлөгөө л дөө. Японы “Жайка” Олон улсын байгууллагаас 2020 оны Ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэд судалгаа хийсэн байдаг. Ерөнхий төлөвлөгөөг үндэслэлтэй сайн болсон гэж дүгнэлт зөвлөмжиндөө бичсэн байдаг. Нийслэлийн зураг төслийн хүрээлэн байгуулагдсан цагаасаа хойш цаг үеийн шаардлага нийгмийн хөгжлийн зорилттой уялдан нэрээ хэдэнтэй өөрчилж байсан ч ажил үүргийн үндсэн чиглэл хандлага нь өөрчлөгдөж байсангүй. Хэдийгээр нийслэлийн гэсэн тодотголтой боловч Монгол Улсын мэргэжлийн томоохон зураг төслийн байгууллага хэвээр байсаар ирсэн. Нөгөөтэйгүүр, цаг үеийн шаардлагаар нэр хаяг, бүтэц зохион байгуулалтын хувьд 10 удаа өөрчлөгдөн шинэчлэгдэж байснаас 2009 онд татан буулгаж, ерөнхии төлөвлөгөөний газартай нэгтгэж, төсвөөс санхүүждэг болгосон. Манай байгууллагын хувьд аж ахуйн тооцоон дээр зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Ингээд 2010 онд дахин байгуулсан. Ер нь хот байгуулалтын мэргэжилтний хомсдолд орсон өнөө цагт төрөөс энэ чиглэлээр боловсон хүчин бэлтгэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа. Нийслэлийн Иргэдийн Хурлын дарга С.Амарсайхан Нийслэлийн зураг төслийн хүрээлэнг өөрчлөн, судалгаа шинжилгээний институт байгуулна гэсэн шийдвэр гаргасанд байгууллагын даргын хувьд талархаж байна. Хотын хөгжилд тус хүрээлэн ямар чухал болох, тооцоо, судалгаа, төлөвлөлтгүйгээр хотын хөгжлийг төсөөлж болохгүй гэдгийг ойлгож, үйл ажиллгааг өргөтгөж, цар хүрээг нэмэгдүүлэх байх. Манай байгууллагыг зөвхөн барилгын зураг төсөл боловсруулдаг гэж зарим хүмүүс ойлгодог. Байгууллагын дүрмээр хүлээсэн чиг үүргээр бол хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, ТЭЗҮ, судалгаа шинжилгээ, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулахаар тусгагдсан байдаг. ХОТЫГ ТОЙРСОН ТОСГОДЫГ ХӨГЖҮҮЛНЭ -Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгээр 35 мянган га барилгажсан нутаг дэвсгэрт хүн амын хязгаарлалт хийж, нэг төвт хотыг олон төвт болгох, хаяа дагуул хот тосгодыг хөгжүүлэх хэт нягтралыг сааруулах бодлого баримталсан. Тухайлбал, хоёр үндсэн зургаан дэд төвтэй байхаар төлөвлөж, одоо яармагт бүтээн байгуулалтын ажил явагдаж байна. Хотын даргын яриад байгаа Яармаг руу хотын захиргааг нүүлгэх асуудал ерөнхийдөө 2020 оны төлөвлөгөөнд багтсан зүйл шүү дээ. Мөн Сэлбэ, Баянхошуу дэд төвийн хэсэгчилсэн ерөний төлөвлөгөөг манай байгууллага боловсруулж, Азийн хөгжлийн банк, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа. 2020 оны хөгжлийн төлөвлөгөөнд салбаруудын мастер төлөвлөгөө боловсруулахаар тусгагдсан байдаг. Одоогоор манайх Авто замын дунд, урт хугацааны мастер төлөвлөгөө боловруулж байна. Энэ ажлын хүрээнд анх удаа өрхийн зорчилтын судалгаа, тээврийн хэрэгслэлийн нэвтрүүлэлтийн судалгаа хийж загварчлал боловсруулсан. Батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу зураг төслийн ажлууд нэлээн хийгдсэн боловч эрх зүйн орчин, хөрөнгө санхүүгийн байдлаас шалтгаалан хэрэгжилт хангалтгүй, удаашралтай байгаа. Улаанбаатар хотын 2020 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн хугацаа дуусч байгаатай холбоотой бид 2040 оны суурь судалгааг хийж одоо концепц боловсруулах ажлыг эхлүүлээд байна. Олон нийтийн оролцоог хангах үүднээс концепцийн уралдааныг нээлттэй явуулж байгаа. Мөн бид үйл ажиллагааны үндсэн чиглэлийн хүрээнд зөвхөн ерөнхий төлөвлөгөө төдийгүй инженерийн шугам сүлжээний зураг төсөл, барилга байгууламжийн зураг төсөл,судалгаа шинжилгээний томоохон ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Тухайлбал, Нэгдүгээр төрхийн өргөтгөл, дүүргүүдийн спорт цогцолборууд, усан спортын барилга, хүүхдийн номын сан, нийслэлийн архивын барилга гэх мэт олон томоохон төслүүдийг хийж олон нийтийн хүртээл болгож байна. Хот төлөвлөлтийн чиглэлээр Улиастайн шинэ суурьшлын бүс, гэр хорооллын дэд бүтцийн төвийн ТЭЗҮ, “Монгол наадам цогцолбор” гээд ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Харамсалтай нь хот төлөвлөлтөд зах зээлийн шилжилтийн үеийн эмх замбараагүй бүтээн байгуулалт сөргөөр нөлөөлсөн нь хотын өнгө төрх, ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт, хэтийн хөгжилд зарим талаар хүндрэл учруулж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонинБлиц:
Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн дарга, Монгол Улсын зөвлөх архитектор ЧУЛУУНБАТЫН РЭГЗМАА -2000 онд: ТИС-ийг бакалавр -2015 онд: ШУТИС-ийг магистр -2016 онд: Удирдлагын академийг төрийн захиргааны менежерээр төгссөн -2000-2008 онд: Хот төлөвлөлт, эрдэм шинжилгээ, зураг төслийн хүрээлэнд архитектор -2008-2009 онд: Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Стратеги төлөвлөлтийн хэлтэст хот төлөвлөлтийн мэргэжилтэн -2009-2010 онд: Нийслэлийн хот төлөвлөлтийн газрын хот төлөвлөлтийн хэлтэст архитектор -2015-2017 онд: Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнд ерөнхий инженер - 2017 оноос: Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн даргаар тус тус ажиллаж байна.