Б.СОЛОНГО
“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, “Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэлийг урилаа.
-Манайхны боловсролын асуудал харьцангуй цэгцэрчихсэн. Харамсалтай нь, мэдлэгийг боловсрол гэж эндүүрэгсэд нийгэмд оршсоор байна. Улс орны хөгжилд тээг болж байгаа цор ганц шалтгаан нь боловсролын салшгүй нэгэн эд эс болох ёс зүй юм. Бид хүнээ ёс зүйтэй, ухамсартай болгож хөгжүүлмээр байна. Ёс зүйг хэн төлөвшүүлэх вэ. Гэр бүлийн хүмүүжлээр олж авна. Мэдлэгийг боловсрол гэж ойлгоод буй өнөө цагт мэдээж мэдлэгт суурилсан боловсрол бидэнд хэрэгтэй. Гэхдээ хүмүүжил дээр тулгуурласан ёс зүйтэй боловсрол бүр их хэрэгтэй байна гэж би хардаг.
Дэлхий онц дүнгээс илүү нийгэмд чиглэсэн юу хийж байгааг нь том үзүүлэлт болгодог хандлагад шилжжээ. Харин бид дипломын тоог чухалчилсан хэвээр байна. Дэлхийтэй хөл нийлүүлэхэд, улсаа хөгжүүлэхэд монгол эмэгтэйчүүдээ хөгжүүлэх, хүмүүжилтэй боловсролтой, ёс зүйтэй эмэгтэйчүүдийг бий болгох ирээдүйн төлөө бид тэдний асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй.
Монголын эмэгтэйчүүдийн холбоо монгол эмэгтэйчүүдийг бичиг сургахаас эхлээд мэдлэгтэй болгох, үр хүүхдээ сурган хүмүүжүүлэх, сэхээтэн эмэгтэйчүүдийг бэлтгэх, олон хүүхэдтэй ээжүүдийн цалин хангамж, хүйсийн тэгш байдал гээд шат дараатай ажлыг шийдсэн 94 жилийн түүхтэй том байгууллага. Өнгөрөгч хугацаанд саяын нэрлэсэн түүхэн үүргээ Монголын эмэгтэйчүүдийн холбоо амжилттай гүйцэтгэсэн. Цаашид бидний өмнө цоо шинэ сорилтууд үүсч эхэллээ. Бид яах ёстой вэ. Мэдлэгт суурилсан боловсролтой сэхээтэн болчихлоо. Хүйсийн асуудлаа тодорхой төвшинд шийдүүлчихлээ. Шийдвэр гаргах төвшний удирдах албан тушаалд ажиллаж байгаа эмэгтэйчүүд чамлахааргүй тоонд хүрсэн. УИХ-д 13 эмэгтэй сонгогдон ажиллаж байна. Тэгвэл бид үүнээс цаашхийг одооноос эхлээд харах хэрэгтэй болов уу. Бид дэлхийн хэмжээний эмэгтэйг бэлтгэх зорилго тавих ёстой. Эрүүл, боловсролтой, глобал хэмжээний лидер эмэгтэйг төрүүлэх хэрэгтэй. Дэлхий даяар эмэгтэйчүүдийн асуудалд ихээхэн анхаарал тавьж байна. НҮБ-аас гаргасан Тогтвортой хөгжлийн зорилтуудад эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах, удирдах төвшний нөлөөллийг нэмэгдүүлэх, глобал төвшний том тоглогч нарыг бэлтгэх зэрэг орчихсон байдаг. Манайд ч бас энэ зорилтот хөтөлбөр хэрэгжээд эхэлчихсэн. Дэлхийн олон оронд ерөнхийлөгч, ерөнхий сайд эмэгтэйчүүд ажиллаж байна. Тиймээс бид Монголоосоо ийм эмэгтэйг төрүүлэхэд бодлогоо чиглүүлэх хэрэгтэй юм.
ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦААНД ХАТУУ ХУУЛИАС ГАДНА НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН УХАМСАР ХЭРЭГТЭЙ
Тулгамдаж байгаа бэрхшээл яривал тоймгүй. Ямар ч нийгэм бэрхшээлтэй нүүр тулдаг. Хамгийн гол нь тэр бэрхшээлүүдийг хэрхэн хэм хэмжээнд нь барих вэ гэдгийг ярихаас биш ор мөргүй арилгаж чадахгүй. Өнөөдөр тусгаар тогтнолын тулгуур багана болсон Монгол гэр бүл ямар байна вэ. Жилд 15 мянган хос гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандаж байгаагийн 12 мянга нь гэр бүлийн гадуурх харилцаанаас болж гэр бүлээ цуцлуулж байна. Үүнээс гадна орон нутагт гэр бүл салалт ихэсч байна. Салалтын шалтгаан нь ЕБС-д зургаан наснаасаа эхлэн элсэн суралцах болсон нь малчин гэр бүлийг салгах шалтгаан болсоор байгаа юм. Нэг нь сумын төвд, нэг нь малаа сахиад амьдрахаар дийлэнх малчин гэр бүлд гэр бүлийн халуун дулаан уур амьсгал хүйтэн уураар солигдож байх жишээтэй. Үүнийг бид яаж шийдэж болох вэ. Хүүхэд, эхнэр, нөхрийг хамтад нь байлгахад анхаарах ёстой. Зургаан настнуудад зориулсан алсын зайн сургалтыг зохион байгуулж болох уу. Улирал, хагас жилээр нь даалгавар өгөөд хянаад явдаг систем байж болно шүү дээ. Гэр бүл бол улс үндэстний тулгуур багана, үндэстэн оршихын гол утга учир. Гэтэл гэр бүлийн салалт сүүлийн 17 жилд дөрөв дахин өссөн харамсалтай статистик гарлаа. Энэ тоо үндэсний аюулгүй байдалд заналхийлж эхлэхэд тун ойрхон байна. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл яаж боловсруулагдаж байгааг мэдэх байх. Гэр бүлийн салалт гэдэг бол эхнэр, нөхөр амьдралынхаа өмнө мөн улсынхаа хөгжлийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагын итгэлцлээ эвдэж байгаа явдал юм. Амьдралаа нийлүүлж, үр хүүхэд гаргасан л бол тэр хүмүүсийн эрх хязгаарлагдаж байх ёстой гэж боддог. Тэд нийгэмд хүн төрүүлсэн учраас үүргээ хүлээх томоохон ухамсартай байх ёстой. Тиймээс Гэр бүлийн тухай, Хөдөлмөрийн тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай гэсэн энэ харилцааг зохицуулдаг хуулиудад томоохон хөшүүрэг хийж өгөх ёстой гэж бид харж байна. Юу гэхээр гэр бүл салахад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувиар тэтгэмжийн асуудал яригдаад дуусдаг. Сард 130 мянган төгрөгөөр хүн яаж амьдрах вэ, ямар хоол авч идэх вэ. Үлдсэн хүүхдийн эрүүл мэнд боловсрол, өрх толгойлсон ээжийн сэтгэл санааны хохирол гээд бүгд төлөгдөх ёстой. Одоо боловсруулагдаж байгаа шинэчилсэн найруулгын төсөлд эмэгтэйчүүдийн сэтгэл санааны нөхөн төлбөр гэсэн заалт тусгагдахаар яригдаж байгаа. Хэрэв батлагдвал дэвшил болно гэж бодож байна. Хүүхдийнхээ тэтгэмжийг төлөхгүй байгаа аавд ямар хариуцлага хүлээлгэх вэ. Хуулиараа хүүхэд 18 нас хүрэнгүүт автоматаар тэтгэмж нь дуусдаг. Төлөхгүй явж байгаад хүүхэд нь 18 хүрчихдэг. Харин тэр 18 жилийн амьдралыг өрх толгойлсон ээж үүрээд явдаг, магадгүй аавууд ч бий. Тэгэхээр тэтгэмжээ төлөхгүй байгаа хүмүүсийг яах вэ гэдэг зохицуулалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуульд оруулахаар хамтран ажиллаж байна. Өнөөдөр Монгол Улсад өрх толгойлсон 78 мянган эмэгтэй бий. Хөдөлмөрийн тухай хуульд тэдний ажлын цагийн асуудлыг тусгах хэрэгтэй. Энэ талаар ярьж байгаа. Ганц бие ээж хүүхдээ өсгөнө гэдэг амаргүй. Хичээлд нь зөөнө, өвдөхөд нь халамжилна, сувилна. Хүүхдээ сургуулиас нь хоцрооно эсвэл ажлаасаа хоцорно, торгуулна. Маш олон үүрэг зөвхөн нэг эмэгтэйн нуруун дээр ирдэг. Тиймээс энэ талаар Хөдөлмөрийн тухай хуульд бодитой зохицуулалтуудыг тусгахаар бид хичээн ажиллаж байна. Ер нь гэр бүл гэдэг чухал харилцааг зохицуулахын тулд ухамсраас гадна хуулийн хөшүүрэг хатуухан байхгүй бол хүнд байдалд орох нь.
ОХИДООР ДАМЖУУЛЖ ГЭР БҮЛ, НАЙЗ НӨХДӨД НЬ НӨЛӨӨЛНӨ
Эмэгтэйчүүдийн байгууллага төртэй хамтарч ажиллах ёстой. 1990-ээд оноос өмнө хамтын ажиллагааны түүх байсан. Харин түүнээс хойш зогссон гэж хэлж болно. Одоо бид хамтарч байж асуудлаа ярьж шийдлээ олно. Хөрөнгө санхүүгийн тал дээр гэхээс илүү бодлогын төвшинд нөлөөлөх, хууль эрхзүйн хүрээнд асуудлаа ярих гээд олон зүйл дээр хамтарч санаа оноогоо уралдуулж байж зөв шийдвэр гаргуулах тал дээр төртэй хамтарч ажиллах тухай яриад байгаа юм. Эмэгтэйчүүдийн холбоо гэхээрээ эмэгтэйчүүдийн асуудал яриад байгаа мэт боловч энэ нь өөрөө нийгмийн асуудал. Эмэгтэй хүнтэй холбоогүй нэг ч зүйл байхгүй. Тиймээс эмэгтэй хүн бол өөрөө нийгмийн асуудал. Тэдэнд тулгамдаж байгаа, тэднийг айлгаж байгаа хүчирхийллийг бид зогсоох үүрэгтэй. Хүчирхийлэлтэй тэмцэнэ гээд уриа лоозон бариад жагсаал цуглаан хийдэг. Гэхдээ хөрсөн дээр нь яаж тэмцэх ёстой вэ. Олон нийтийн сүлжээнд пост оруулаад тэмцэж чадах уу. Бид холбооны дэргэдэх 21 аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлүүдээ түшиглээд “Охидын клуб”-уудыг байгуулж байгаа. Тэднээр дамжуулан соён гэгээрэл, нөлөөллийн ажлуудыг хийнэ. Хүчирхийлэлд хамгийн их өртдөг нь дунд сургуулийн ахлах ангийн хүүхдүүд байна гэсэн судалгаа бий. Нөгөө талаас тэд нийгэмд хамгийн идэвхтэй оролцдог насныхан. Тэгэхээр эрсдэлтэй бүлэгт нь идэвхтэй байдлыг нь ашиглаад нөлөөлөх боломж байна гэж бид харж байгаа. Олон улсад ахлах ангийнхнаар дамжуулж хэрэгжүүлсэн хүчирхийллийн нөлөөллийн ажлууд сайн үр дүнд хүрдэг статистик үзүүлэлтүүд байдаг юм байна. Өөрөөр хэлбэл, охиноор нь дамжуулаад аав ээж, гэр бүлд нь, үеийнх нь хөвгүүнд, үерхдэг найзад нь, эргэн тойронд нь хүчирхийлэл үйлдэхгүй байх нөлөөллийг бий болгох юм. Тэд хичээл сургуульдаа явахдаа найз нөхөдтэйгөө, гэртээ очихоороо аав ээжтэйгээ ярилцдаг болно. Өнөөдөр бид хүүхдүүдтэйгээ, тэд бидэнтэй ярилцахаа больсон. Ажил, сургууль гэсээр зөвхөн унтах гэж л нэг гэрт цуглардаг болж. Тиймээс “Охидын клуб” нь ирээдүйд хүчирхийллийн шалтгаан нөхцлийг багасгахад асар том үүрэг, оролцоотой байгууллага болно гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр бид хөршөө ч танихаа болсон гашуун үнэнтэй нүүр тулж байна шүү дээ. Хажуу айл нь хэдэн хүүхэдтэй ямар айл байгааг мэддэггүй. Тэгвэл хөршийн соёлыг сэргээж, хүн хүнээ мэддэг, хүн хүнийхээ мөн чанартай харьцдаг жишиг рүү оруулах ажлыг “Охидын клуб”-ээр дамжуулан зохион байгуулна. Бид яагаад охидыг онцлоод байна гэхээр тэд хэдэн жилийн дараа ирээдүйн ээж болно. Одоо нэгэнт ээж болчихсон, төлөвшчихсөн эмэгтэйчүүдийг та ингээч, тэгээч гэхийн оронд ирээдүйн ээжүүдйг одооноос бэлтгэнэ гэсэн үг. Охидоор дамжуулж хөвгүүдэд, аавуудад нөлөөлмөөр байна. Хүчирхийлэлд өртдөг аавууд ч бий.
ХҮЧИРХИЙЛЛИЙГ ХҮЧГҮЙДҮҮЛЭХЭД ХҮН БҮР ОРОЛЦООСОЙ
“Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ноос “Хүчирхийллийг хүчгүйдүүлье” хөдөлгөөнийг өрнүүлж эхэллээ. Энэ ажилд Монголын өмгөөлөгчдийн холбоо нэгдсэн. Хүчирхийлэлд өртсөн хүмүүст хуулийн зөвлөгөө, туслалцааг үнэгүй өгнө. Орон нутагт гарч байгаа нуугдсан хүчирхийллийг ил болгоно.
Дээр хэлсэн “Охидын клуб” байгуулах болсон нь энэ хөдөлгөөний нэг хэсэг нь. Энэ хөдөлгөөн нэгдүгээрт бодлогын төвшинд төртэй хамтарна. Мөн соён гэгээрүүлэх ажлууд хийнэ. Жишээ хэлэхэд, Охидын клубээрээ дамжуулаад “Тусч” аяныг эхлүүлж байгаа юм. Ганц бие ядарсан эмээ өвөө нарт туслах зорилготой. Энэ аянаас олон үр дүн харж байгаа. Нэгдүгээрт, багийн тоглолт харагдана. Мөн хүнийг хайрлах, хөдөлмөрт суралцах, нийгмийн идэвх оролцоо гээд олон сайн тал гарч ирнэ. Хүчирхийллийг бууруулахад хүн бүрийн оролцоо маш чухал. Хүчирхийллийн үндэсний төв гэхэд орон даяар хамгааллын 10 байртай юм билээ. Бид энэ байрыг 21 аймагт байгуулах зорилт барьж байна. Монголын эмэгтэйчүүдийн холбоо бие даасан тусдаа байгууллага гэж харахаас илүү бусад байгууллага, холбоодтойгоо хамтрагч байх ёстой. Энэ мэтчилэн олон ажлыг төлөвлөж байна.
Мөн гадаад харилцаандаа анхаарч байна. Гадны төсөл, хөтөлбөрүүдтэй хэрхэн хамтрах боломж байгааг хайж байна. Үүнээс гадна гадаадад байгаа монголчуудынхаа талаар бид хүчтэй дуугарна. Солонгос улсад л гэхэд 30 гаруй мянган монгол хүн байна. Тэдний хэдэн хувь нь эмэгтэйчүүд, хүүхэд байна вэ. Эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ авч чадаж байна уу, хохирч байна уу гэдгийг тогтооно. Элчин сайдын яамуудаар дамжуулаад энэ асуудлыг ярилцаж зохион байгуулахаар ажиллаж байна. Эхний ээлжинд Солонгос дахь монголчуудын асуудлаас эхэлж байгаа юм. Цаашлаад дэлхийн хэмжээний эмэгтэйчүүд, хүчирхийлэл, байгаль орчны асуудал гээд том сэдвүүдтэй нэгдэж, дуу хоолойны нэг хэсэг нь байхын төлөө ажиллаж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин