Нийгмийн болохгүй, бүтэхгүйг тоочоод байвал барагдахгүй. Тэр ч утгаараа олон нийт болоод хэвлэл мэдээллийнхэн ч бурууд нүд хурц байх үүргээ хангалттай биелүүлдэг. Гэтэл бараан мэдээллээр халхлагдсан хөшигний ард илүү гэгээн тунгалаг зүйл байдгийг хааяа ч гэсэн олж хармаар. Тэр дундаа нийгэмд болоод ойр тойрондоо эерэг, зөв хандлагыг түгээх нь илүү үр дүнтэй ч байж мэдэх.
“Зууны мэдээ” сонин энэ удаа тэрхүү бараан хөшигний ард нуугдсан гэгээн зам мөрийг сөхөж, эерэг хандлагыг уншигчдадаа уриалахыг зорилоо.
Бидний зорилго их энгийн. Хүчирхийллээс хүүхдийг хамгаалах түр байр гэхээр л олон нийтийн ойлголт,хандлага ямар байдгийг хэлүүлэлтгүй мэдэх байх. Төрөл бүрийн хүчирхийлэлд өртсөн хөөрхийлөлтэй хүүхдүүдийг байрлуулдаг “хаалттай” газар мэтээр эмээж, төсөөлөх хүн олон бий. Хүссэн нь орж гарахгүй, хаяг, байршил нууц зэргийг тооцвол энэ ч нэг талаараа үнэн. Харин нөгөө талаас хэдийгээр түр хамгаалах байранд гэр бүлийн дарамт, хүчирхийлэлд өртсөн, төөрсөн, хаягдсан хүүхдүүд ирдэг ч тэнд тоглож, наадаж, инээлдэхийн зэрэгцээ бүхий л талаар хөгжиж байдаг юм шүү гэдгийг сурвалжлагаараа харуулахыг зорьсон юм. Илүүтэй онцлох ёстой бас нэг зүйл бол сэтгэл санаа, бие махбодийн дарамт, хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг тайвшруулах, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, эрүүл мэндийг нь анхаарах, хооллож ундлах, хичээл заах зэргээр хүүхэд нэг бүрийн онцлогт тохирсон жорыг олох гэж хичээж, зүтгэж буй ажилчдын нөр их хөдөлмөр юм.
ТЭНД ХҮҮХДҮҮД ИНГЭЖ ХӨГЖИЖ БАЙНА
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяа Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр байгуулагдаад жил гаруй болж байгаа ч боломжийн хэрээр тохижиж, үйл ажиллагаа нь жигдэрчээ. Энд бас нэг зүйлийг онцлоход, эднийх улсын хэмжээнд хүүхэд хамгааллаар дагнан үйл ажиллагаа явуулдаг ганц байгууллага гэж хэлж болно. Тэр ч утгаараа нийслэлийн есөн дүүрэг, аймгуудын хамгаалал хүссэн хүүхдүүд энд ирдэг. Өнгөрсөн жилийн өдийд нээгдээд он дуусах гурван сарын хугацаанд 300 гаруй, энэ оны эхний есөн сард 800 гаруй хүүхэд хүлээн авч хамгаалснаас эндхийн ачаалал болоод нийгмийн бараан сүүдэр, эцэг эхчүүдийн ухамсаргүй, хайхрамжгүй байдал бяцхан хүүхдэд хэрхэн нөлөөлж байгааг харж болно.
Биднийг үдийн 10:00 цагийн үед очиход хүүхдүүд дуу, хөгжмийн хичээлдээ шамдаад завгүй байв. Хамгаалах байранд 20 гаруй хүүхэд байрлаж байгаагаас зарим нь дүүргийн эмнэлэг рүү шинжилгээ өгөх гээд явсан, 5-7 насныхан тоглоомын өрөөнд байгаа гэх зэргээр арваад хүүхэд тус бүрдээ гитар барьчихсан нот бичиж суув. Эндхийн дуу хөгжмийн багш Э.Ган-Эрдэнийн хэлснээр хөгжмийн хичээлийг долоо хоногт цаг 30 минутын хугацаатай гурван удаа ордог гэнэ. Тэрээр хичээлийнхээ талаар “Аль болох бүх хүүхдийг хамруулахыг хичээдэг. Хүүхдүүдэд хөгжим тоглох анхан шатны мэдэгдэхүүн олгодог. Боломжийн хэмжээнд тоглож сурсан хүүхдүүд цөөнгүй бий. Сэтгэл гутралтай хүүхэд дуу дуулахаар тайвширдаг. Анх юу ч ярихгүй маш их хямралтай орж ирээд 2-3 хичээлийн дараа дуулаад, хөгжим сурах гэж оролдоод ирэхээрээ огт өөр болдог. Заримдаа инээлдэж, ноцолдох үе ч бий. Өөрсдийнх нь сонирхсон дууг нь дуулуулж, үгийг самбар дээр бичээд цээжлүүлнэ. Нот заана” гэлээ.
Энэ үеэр хүүхдүүдтэй ярилцаж байсан Хүүхдийн тусламжийн 108 төвийн сэтгэлзүйч Б.Пагмадулам “Хүүхдүүд айдас түгшүүр бухимдлаа дуугаар илэрхийлж, зарим үед хашгирахыг хүснэ. Ялангуяа, дотогшоо хандлагатай хүүхдүүд чангаар хашгирч уйлахаараа тайвширдаг. Дууны хичээл дээр зөв дуулуулахаас илүүтэй сэтгэл заслын үйлчилгээ явагдаж байдаг. Хүний сэтгэлзүй нэг хэвийн байдаггүй. Хүүхэдтэй ярилцах бүрт айдсаа тодорхой хэмжээгээр даван туулдаг. Эргээд хэзээ нэгэн цагт асуудал сэдрэхэд хямрах тохиолдол ч бий. Сэтгэлзүйн үйлчилгээ бол өлссөн үедээ хоол идчихээр цадчихдагтай адил мэдрэмж биш. Аажимдаа засагдаад явна” гэж байв. Түр хамгаалах байранд төрөл бүрийн шалтгаанаар, янз бүрийн орчин нөхцлөөс хүүхдүүд ирнэ. Харин тэдэнд аль болох тохирсон сэтгэл засал, эмчилгээ сувилгааг хийх гэж олон ч зүйлийг туршиж нэвтрүүлж байдгийг нийгмийн ажилтнууд хэлж байлаа. Тухайлбал, хүүхдэд зурган тестийн аргаар оношлогоо хийдэг байна.Энэ талаар Б.Пагмадулам “Асуудал, бэрхшээлийг нь сэтгэлийг нь шаналгаж яриулж сэдрээхээс илүү мэдээллийг зургаар илэрхийлүүлэх урлагийн сэтгэл заслыг ашиглаж байна. Жишээлбэл, харахад энгийн нэг байшин, хүн зурсан юм шиг хэрнээ хүүхдийн дотор хэн байгаа, юунаас айсныг нь харуулж байдаг. Зурган дээр төрөл бүрийн өгөгдөл өгч болно. Хүүхэд эцэг эхээсээ өөрийгөө хэр хол дүрсэлж байна, гэр бүлийнхнийхээ хэн нэгнийг зурахгүй орхиж байна уу гэх зэргээс тухайн хүүхдийн гэр бүлийн байдлыг тодорхойлж болно. Ямар өнгийг голчилж ашиглаж байгаа, нар, уул хад дүрсэлж байгаагаас хэр нийтэч гэх мэт нь харагдана” гэсэн юм.
Түр хамгаалах байрны хүүхдүүд үүнээс ч олон хэлбэрээр хөгжиж, боловсорч байдаг аж. Дээр дурдсанчлан дуу хөгжим, урлагаар дамжуулж сэтгэлийг нь засч, тайвшруулж байдаг бол цаг алдалгүй эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхээс гадна боловсролыг нь тасалдуулахгүй байх, насны онцлогт нь тохирсон оёмол хамтгамал, наамлыг ч хийлгэдэг байна.
Нийгмийн ажил, сэтгэлзүй, эрүүл мэнд, асрах, хөгжлийн, боловсролын холбон зуучлах үйлчилгээ үзүүлэхээс гадна хүчирхийллийн орчноос ирсэн айдас, түгшүүр хямралыг оношлох, намжаахаас гадна шаардлагатай бол эмнэлэгт холбон зуучилж хэвтүүлдэг гэнэ. Мөн хүүхдэд анхан шатны үзлэг хийж эрүүл мэндийн төвүүдэд шинжилгээ өгч, бие махбодийн хүчирхийллийн хохирогчийг 24 цагийн дотор үзүүлэх ёстой учраас шөнө ч хамаагүй гүйх гээд ажил барагдахгүй үе бий. Түр хамгаалах байрны эмч Ц.Отгонтуяа “Зарим нь хэд хоног хоол ундгүй байснаас тэжээлийн дутагдалд орчихсон байдаг. Мөн амьсгалын замын болон арьс өнгөний өвчинтэй гээд янз бүрийн хүүхдүүд ирдэг учраас эрүүл мэндийн тусламж чухал шаардлагатай. Хөгжлийн бэрхшээлтэй, саажилттай хүүхдүүдэд усан эмчилгээ, массаж хийнэ. Ерөнхий шинжилгээг гэрээтэй эмнэлгүүдээр очиж хийлгэж, хоолонд тэжээл хольж өгнө. Эхний ээлжинд усанд оруулаад биеийн ил харагдах шарх сорвийг харж анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлээд Эх нялхас болон дүүргийн эмнэлгүүдэд үзүүлж, шаардлагатай тохиолдол хэвтүүлж эмчлүүлнэ” гэлээ. Хүүхдүүдийг байрлах хугацаанд өдөр бүр эмчийн үзлэгт оруулдаг бөгөөд хүүхэд бүрт эрүүл мэндийн карт нээж эхний ээлжинд эм уулгаж болдог юм байна.
Мөн хамгааллын үйлчилгээ авах хугацаанд хүүхдийн боловсрол тасалдах ёсгүй гэдэг үүднээс Баянзүрх дүүргийн Насан туршийн боловсролын төвтэй гэрээ байгуулаад долоо хоногийн гурван өдөр багш ирж холимог бүлгийн системээр хичээл заадаг юм байна. Энэ мэтээр нийгэмд хар бараан мэтээр төсөөлөгдөж байж мэдэх, гадуурхагдах өнгө аястай хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг түр хамгаалах байрныхан бүхий л талаар дэмжиж хөгжүүлж, хамгийн гол нь хайр халамжаар дутаахгүйг хичээдэг байна. Өөрөөр хэлбэл, нийгэм, гэр бүлийн хар бараан сүүдэрт өртсөн айдас, түгшүүрийг нь хайраар эмчилж байгаа хамт олон юм гэж бахархмаар санагдсанаа нуух юун.
ЭЦЭГ ЭХИЙН ХАРАА ХЯНАЛТ СУЛ, АРХИНЫ ХАМААРЛААС БОЛЖ ХҮҮХДҮҮД ТҮР ХАМГААЛАХ БАЙРАНД ИРЖ БАЙНА
Хүүхдийн түр хамгаалах байранд оруут хана, өрөө тасалгаанаас нь эхлээд нэг л нам гүм, тайван орчинг мэдэрнэ. Төрөл бүрийн баатрууд, зүрхэн хэлбэр бүхий илэрхийллийг зургаар дүрсэлж, өрөөнүүдийг орчин үеийн шийдэл бүхий байдлаар тохижуулжээ. Тэр дунд нярай хүүхдээс эхлээд 18 насныханд зориулсан тусгай ширээ сандал, хоолны жор бүхий гал тогооны өрөө илүү их тухтай мэт санагдав.
Дээр дурдсанчлан бүхнийг сөрөг өнцгөөс биш гэрэл гэгээтэй. Хүчирхийлэлд өртсөн гэх тодотголтой хүүхдүүд хэрхэн хөгжиж, тэдэнд хайр халамж, тухтай орчинг бүрдүүлэх гэж төр засаг болоод хамгаалах байрны ажилчид хэрхэн хичээж буйг харуулахыг зорьсон сурвалжлагынхаа төгсгөлд эцэг эхчүүдэд бас нэг зүйлийг уриалмаар санагдлаа.
Түр хамгаалах байранд ирж байгаа хүүхдүүд нэрэн дээрээ амьжиргааны түвшин доогуур, хүчирхийлэл, гадуурхалд өртсөн байдаг ч ихэнх нь гэр бүлийн үл хайхрах шалтгаанаар энэ төвд ирдэг байна. Эцэг эхчүүд хүүхдүүдээ анхаардаггүй, хайр халамж, хяналт тавиагүйгээс гадуур тэнэх, цаашлаад янз бүрийн тоглоомд донтох, буруу замаар орох тохиолдол их байдаг аж. Сүүлийн үед 35 хүртэлх насны залуу гэр бүл архины хамааралтай болох зэргээс хүүхэд нь хамгаалах байранд ирэх тохиолдол цөөнгүй байгааг төвийн зохицуулагч хэлж байсан юм.
Түр хамгаалах байранд ирсэн хүүхдүүдийн мэдээллээс харахад хүчирхийлэгч үйлдэгчийн 537 нь төрсөн эцэг эх,141 хойд эцэг байгаа бол зөвхөн зургаан хувь нь л хөндлөнгийн этгээд байгаа юм. Түүнчлэн хүчирхийллийн хэлбэрийг харахад 37 хувь нь үл хайхрах, 45 хувь сэтгэл санааны, долоон хувь нь хараа хяналтгүй, таван хувь нь төөрсөн, гурван хувь нь бэлгийн хүчирхийлэл, 15 хувь нь гуйлга гуйснаас харвал эцэг эхийн хараа хяналтгүй байдал л хүүхдүүдийг түр хамгаалах байранд ирэх гол шалтгаан болж байгаа юм.
Харин хүчирхийлэл үйлдэж буй шалтгаан нөхцлийг нь харвал архины хамааралтай 405, 234 хараа хяналт сул, 40 уур бухимдал,сэтгэцийн эмгэгтэй зургаан тохиолдол. Эндээс мөн л гол учир шалтгаан нь эцэг эхчүүдийн архины хамаарал, хүүхэдтэйгээ үл ойлголцох нь илүү тодорно.
Хүүхэд хамгааллын асуудалд зөвхөн төр засгийг харах биш эцэг, эхчүүдийн ухамсар, мэдлэг, хариуцлагыг дээшлүүлэх шаардлагатайг Түр хамгаалах байрны “амьдрал” илтгэж байна. Магадгүй бяцхан үрсээ хүчирхийллээс хамгаалах, энэ төрлийн гэмт хэргийг бууруулах хамгийн оновчтой шийдэл, гарц гаргалгаа нь эцэг эхчүүдийн ухамсар, зөв зам мөртэй амьдралын үлгэрлэл байх юм. Хүүхэд бүхэн элэг бүтэн гэр бүлд хайраар өлгийдүүлж амьдраасай. Харин тэр нөхцлийг бид өөрсдөө бүрдүүлж, үүрэг хариуцлагаараа үлгэрлэе.
Г.Шүрэнцэцэг: Тэвчээрээс гадна мэдрэмж, ур чадвар шаарддаг
Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны зохицуулагч Г.Шүрэнцэцэгтэй ярилцлаа. -Хүүхдүүдийг хөгжүүлэхэд нас, зан араншингаас нь эхлээд төрөл бүрийн аргачлал турших шаардлагатай юм гэж ажиглалаа? -Хүүхдүүд энд байрлахдаа Хөгжлийн хөтөлбөрт хамрагдах ёстой. Өөртөө итгэх итгэлгүй болсон сэтгэлзүйн хямралтай, урам зориггүй, айдас түгшүүртэй хүүхдүүдийг урлагаар дамжуулж хөгжүүлэхийг зорьж байна. Нас насанд нь тохирсон аргачлал, төрөл бүрээр ажиллахгүй бол ирсэн орчин нөхцлөөсөө шалтгаалаад хүүхэд болгон адилгүй. 13-аас доош буюу нас нь бага байх тусмаа эмчилгээ үр дүнтэй. 14-өөс дээш бол урт хугацаа шаарддаг. Мөн даван туулах чадвар эзэмшүүлдэг. Амьдралд ямар нэг зүйл тохиолдоход даван туулах чадварын дархлаа суулгаж, хөл алдахгүй байх зэргээр насанд нь тохирсон чадварыг суулгаж байдаг. Амьдрах чадварын хичээл гэдэг нь нийгмийн амьдралд оролцох тал руу чиглэсэн харилцах, бусдыг ойлгох, ялгаатай байдлыг хүндэтгэж ойлгох, төлөвлөлт хийх юм. Ер нь л гар, шүд угаах, зөв хооллох зэрэг хувийн ариун цэврээ сахихаас эхлээд эрүүл мэндийн хичээл орно доо. -Хамгийн дээд тал нь хэр удаан байрладаг вэ? -Манайх хүүхдийн тусламжийн 108 утас, цагдаагийн дуудлагаар яаралтай хамгааллын үйлчилгээ авах шаардлагатай хүүхдүүдийг авдаг. 108 утсанд өдөрт 500 орчим дуудлага ирэхэд 18-20 хүүхэд эрсдэл өндөртэй гэж үнэлэгддэг. Тэр дундаас дүүрэг хороо руу шилжүүлээд 3-5 хүүхдийг нь авдаг. Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдэд хамгааллын хариу үйлчилгээг цогцоор нь үзүүлэх, гэр бүлийн хүчирхийлэлд өртөж болзошгүй бусад гишүүдийн амь нас эрүүл мэндийг хамгаалдаг. Журмаараа бол 3-7 хоног хамгаалуулах ёстой бол хүчирхийллийн хэлбэрээс хамаараад харилцан адилгүй. Нэг цагаас 80 хүртэлх хоногоор байрлах тохиолдол гардаг. Ар гэрт нь хүлээлгэж өгөхөд аюултай нөхцөл байдал хэвээр байх юм бол байлгахаас өөр аргагүй. -Асрамж, халамжийн төвд шилжүүлэх тохиолдол хэр их байдаг вэ? - Жил гаруйн хугацаанд 130 гаруй хүүхдийг халамж асрамжийн төвд шилжүүлсэн. 30 гаруй төрийн болон төрийн бус байгууллагын асрамж халамжийн төв байгаа ч архины хамааралтай айлын хүүхэд бүрийг тийш нь өгөх боломжгүй.-Хамгаалах байрны хүүхдүүдийг шоглох, гадуурхах тохиолдол гарах уу? -Хамгийн гол нь хүүхдийг эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлыг хамгаалах нь чухал. Мөн хүүхдийг тайвшруулах, хямралын дараах үйлчилгээ үзүүлж аль болох хэвийн амьдралдаа эргэн орох, аюулгүй байдлыг нь хангах юм. Энэ хугацаанд айдасгүй тайван, тухтай орчныг мэдрүүлэхээс гадна хайраар дутаахгүй байхыг эрхэмлэдэг. Энд ирээд хүүхдүүд хоорондоо дасчихдаг. Эхний ганц, хоёр өдөр орчинтойгоо дасдаггүй. Өөр өөр орчноос ирсэн янз бүрийн онцлогтой хүүхдүүдийг нэг гэр бүл мэтээр хүмүүжүүлж төлөвшүүлэх нь багш, нийгмийн ажилтнууд маш их хичээдэг. 7-10 хоноод гэрлүүгээ буцаад явахаар нөгөө хэдийгээ дагана хямарч уйлна гээд амьдралын бүхий л процесс явагдана. Нарийн төвөгтэй нөхцөлд тэвчээрээс гадна байнгын мэдрэмж, ур чадвар шаардсан ажил. Одоохондоо зориулалтын тоглоомын талбайтай болоогүй байна. Хүүхдүүд хөдөлгөөнийхөө хэрэгцээг хангахын тулд тоглож наадахыг хүсдэг учраас зарим тохиолдолд гадаа тоглуулна. Тэгэхээр зарим хүн дандаа бараан талаас нь харах гээд байдаг. 7-14 насныхан давамгай ирдэг. Хүүхэд ямар хүн болж төлөвших вэ гэсэн гол суурь тавигдаж байдаг насандаа үл хайхрах байдал бие махбодийн хүчирхийлэлд өртөж байна. Наад зах нь эцэг эх хүүхдээ даалгавар хийлгэхдээ толгой руу нь цохих, зандрах тоолонд өөрийгөө хамгаалах тархины хэсгийн мэдрэлийн эс нь тасарч, гэмтэж байдаг. -Сэтгэл заслын болон хүүхдүүдийг хөгжүүлэх ажлынхаа үр дүнг хэрхэн үнэлж байна вэ? - Бид нэг тэргүүнд айдас, түгшүүрийг намжаах хямралын дараах сэтгэлзүйн үйлчилгээ ганцаарчилсан зөвлөгөө, бүлгийн тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг. Сэтгэлзүй эрүүл мэндийн байдлыг нь дүүрэг хороонд албан тоотоор зөвлөмж болгон хүргүүлээд буцааж 14 хоногийн дотор тайлан авдаг. Хүүхдийн зан төлвийн нөхцөл байдлын үнэлгээ хийж кейс дээр ажиллаж дээрх үйлчилгээ хүргэнэ. Үйлчилгээ хэр хүртээмжтэй байж чадав гэдгийг үнэлнэ. Эргээд ийм эрсдэл гарахад өөрийгөө хэрхэн хамгаалахыг үнэлнэ. Төлөвлөлт үйлчилгээний шатандаа үр дүн ямар байгаад анализ хийдэг. Он гараад 830 гаруй хүүхэд үйлчилгээ авсан. Хэрэв хамгаалах байргүй бол ямар эрсдэлд орох, цаашлаад амь насаа алдахыг ч төсөөлөшгүй. Төр хүүхдээ хамгаалж байгаа нь сайшаалтай. Жилд 1000 гаруй хүүхдийг эрсдлээс хамгаалж, авьяасыг нь нээн илрүүлж, эрүүл мэнд гээд цаана нь маш олон зүйл шийдэгдэж байна гэж боддог. -Ажилчдын ачааллаас эхлээд тулгамдаж байгаа асуудал юу байна вэ? -Хүүхдийн тусламжийн 108 төвийн сэтгэлзүйч давхар ажилладаг. Ачаалал хүүхдийн тооноос хамаарна. ЕБС-ийн сургуулийн багш намар хэдэн хүүхэд авна жилийн турш хичээл заагаад тэр тоогоор нь төгсгөдөг бол манайд өдөрт, сард хэдэн ч хүүхэд ирэхийг мэдэхгүй. Нэг хүүхдэд зөвлөгөө хугацаа 30-40 минут байдаг. Гэтэл хүүхдийн тоо ихсэхээр ачаалал нэмэгддэг тал бий. Зарим үед хүүхэдтэй ажиллах цаг хангалттай байдаг. Тухайлбал, 37 хүүхэдтэй байхад нэг хүүхдийг 40 минут уулзана гэдэг боломжгүй. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонинЖилд 1000 гаруй хүүхдийг эрсдлээс хамгаалж, авьяасыг нь нээн илрүүлж, эрүүл мэнд гээд цаана нь маш олон зүйл шийдэгдэж байна гэж боддог.