-Зохиолчдын хооронд бий болсон амаргүй харилцааны тухай Пятницкийн гудамжин дахь Толстойн төвд нээгдсэн үзэсгэлэн өгүүлнэ-
Орчуулсан Д.ЭНХЭЭ
Зохиол бичнэ гэдэг тун адармаатай, ярвигтай ажил. Агуу зохиолчдын хувь тавилангаар бие даасан роман бичсэн ч болохоор. Уран зохиолын ертөнцөд зохиолчдын өөр хоорондын харилцаанд үерхэл нөхөрлөл, маргаан мэтгэлцээн, харилцан бие биедээ татагдах, бас дургүйцэж эвгүйцэх сэтгэл гээд юу эс болдог гэж санана! Тэдний хувийн харилцаа, уран бүтээлийн үйл явцын нарийн ширийн зүйлийг тусгайлан судлах шаардлага ч гарах биз. 2018 оны зун Пятницкийн гудамжин дахь Толстойн төвд XIX зууны оросын томоохон хоёр зохиолч болох Иван Тургенев, Лев Толстой нарын өөр хоорондын харилцааны тухай өгүүлсэн маш сонирхолтой үзэсгэлэн нээгдсэн. Толстойн мэндэлсний 190, Тургеневийн 200 жилийн ойд зориулсан тус үзэсгэлэн тэдний хооронд бий болсон амаргүй харилцааны тухай өгүүлж, XIX зууны хоёрдугаар хагасын Оросын уран зохиолын уур амьсгал руу сонирхсон хэн бүхнийг татан оруулсан ажээ. Тийм болохоор үзэсгэлэнгийн үзмэрүүд ч мөн өвөрмөц нэгэн судалгаа болсон юм байна. Үзэсгэлэн ямар үр дүн авчирсан талаар “Пятницкийн гудамжны 12 дугаар байран дахь Толстойн төв”-Л.Н.Толстойн улсын музейн тасгийн эрхлэгч Ольга Головановатай Андрей Юзжалиний хийсэн ярилцлагыг
орчуулан хүргэж байна.
-Ольга Викторовна, миний санаж байгаагаар Тургенев, Толстой хоёрын харилцаа жинхэнэ халуун дотно нөхөрлөлөөр эхэлж байсан боловч энэ үзэсгэлэн Тургеневийн бичсэн “Бие биеэ бид алсаас хайрлах л тавилантай байжээ” – гэсэн мөрөөр эхэлжээ...
-Сонин болгож хэдэн зүйл нэмж хэлье. Тургенев нүүр тулж уулзахаасаа нэлээд хэдэн жилийн өмнөөс Толстойг хайж эхэлсэн юм. Учир юунд вэ гэхээр, тэр үед Некрасовын эрхэлж гаргадаг “Современник” сэтгүүлд бүтээлээ нийтлүүлдэг зохиогчдын гол манлай нь Тургенев байсан бөгөөд 1852 онд Толстойн анхны тууж “Детство” (“Хүүхэд нас”) “Л. Н” гэсэн товчилсон нууц нэрээр тус сэтгүүлд гарчээ. Тэр үед Толстой Кавказад цэргийн алба хааж байсан. Товчилсон нууц нэрийн цаана ямар хүн байгааг эхэндээ хэн ч мэдэхгүй байж. Уран зохиолын шинэ авьяастны тухай шүүмжлэгчид жиг жуг хийж, Иван Панаевын хэлснээр, зарим нь түүнээс яльгүй жийрхэн цэрвэж байжээ. Шинэ зохиолчийн нэр чухам хэн болохыг бүгд л мэдэхийг хичээж байсан, Толстойн эгчийн бичсэнээр Тургенев бусдаас илүү их сонирхож, эдлэн дэх хөршүүдээсээ Толстойн талаар асууж сураглаж байжээ. Тэр үед ах дүү Лев, Николай Толстой нар хоёул Кавказад цэргийн алба хааж байжээ. Николай Толстой нь мөн л уран зохиолын авьяастай нэгэн байсан хэдий ч зохиолч болоход хэрэгтэй, зохиолчдод байдаг нийтлэг дутагдал болох нэр алдарт дурлах, цаасан дээр буулгасан бүхнийгээ нягталж шалгах ухамсар огт байхгүйн улмаас зохиолч болоогүй гэдэг. 1854 онд Лев Толстой “Севастополийн өгүүллэгүүд”-ийнхээ эхний хэсэг болох “1854 оны арванхоёрдугаар сарын Севастополь”-ийг "Современник" сэтгүүлд илгээсэн нь нийтлэгдэж, уншигчдын зүгээс гүн талархал хүлээж, түүгээр ч үл барам идэр залуу эзэн хаан Александр II хүртэл “авьяаслаг офицерийг” харж хамгаалахыг захисан байна. Харин энэ үед “Детство”-гийн зохиогч хэн болохыг аль хэдийнэ олж мэдсэн Тургенев Толстойд захидал бичиж, түүнийг амь насаа аюулд өртүүлэлгүйгээр Севастополиос гарч явахыг ятгаж байсан.
1855 оны намар Севастополийн ялагдлаар Крымын дайн үндсэндээ дуусч, Толстойг зарлага элчэтй Петербургт явуулжээ. Тухайн үед тэрээр зохиогчийн хувьд уншигч олонд нэгэнт танигдсан, цэргийн албанаас залхаж, зохиолч болох хүсэл мөрөөдөлд автсан байв. Тэгээд ч нийслэлд ирмэгцээ Тургеневтэй уулзахад цаадах нь түүнийг ихэд талархан хүлээж авч, “Современник”-ийн зохиогчидтай уулзуулж танилцуулжээ...
-Түүгээр ч барахгүй Толстой Тургеневийн гэрт нэг хэсэг амьдарсан. Гэхдээ тэдний хамтын амьдрал удаан үргэлжлээгүй... Тургенев тухайн үедээ маргашгүй нэр хүндтэй, уран зохиолын “генерал” байсан бол Толстойн хувьд залуудаа нэр хүндийн өмнө бөхөлздөггүй, омголон зантай байв. Энэ утгаараа Тургеневийн уран зохиолын халамж бөөцийллөөс тэр амархан уйдах ёстой байсан биш үү...
-Тийм ээ, Тургенев, Толстой хоёрын харилцан бие биенээрээ бахархсан харилцааны эхний үе шат удаагүй. Гэхдээ ийм үе тэдэнд байсан. Толстойг Петербургт ирснээс хойш хоёр долоо хоногийн дараа 1855 оны арваннэгдүгээр сард Тургенев шүүмжлэгч Анненковт хандаж “Толстой (Л.Н.Т) манайд хоёр долоо хоног гаруй амьдарч байна, та хоёрыг хамт байхыг чинь харахын тулд би яах ёстой юм бол! Тэр бол ямар гайхамшигтай, хайр хүрмээр сайхан хүн гэж та санана, гэхдээ зэрлэг адгуус шиг шаламгай түргэн, үхэр шиг зөрүүд зүтгүүр зангаасаа болж надаас Троглодита хэмээх хоч хүртсэн шүү! Яагаад ч юм би түүнийг эцгийн гэж хэлмээр сонин мэдрэмжээр хайрлах болсон...” хэмээн танилцуулжээ. Толстойгоос арван насаар ах Тургенев эхэндээ түүнийг хаацайлж бөөцийлөх гэхээсээ илүү уран зохиолын өөрийнхөө хүрээлэл рүү татаж оруулахыг хичээж байв. Түүний хичээл зүтгэл зарим талаар хоосон өнгөрсөнгүй. Шинэ зохиогчийн талаар Некрасов тун сэтгэл хангалуун байсан бөгөөд түүнийг Оросын уран зохиолын итгэл найдвар хэмээн нэрлэж, агуу том ирээдүй угтан хүлээж байна гэж үзэж байв. Толстой харин иймэрхүү магтаал сонсох дургүй байлаа. Учир нь Некрасовыг тойрсон уран зохиолын хүрээлэл “Белинскийн бүлгэм”-ээс төрсөн Гончаров, Панаев, Григорович, Дружинин, Соллогуб нар бөгөөд тэд өөрсдийн алдаа, оноотой хамт тэр үеийн либерал сэхээтний гол цөм нь (квинтэссенци) болж байв. Тэд цугларсан үедээ засаг төрийг хараан зүхэж, ард түмэнд жигтэйхэн хайртай хүмүүс болцгоож, хамжлагат ёсны муу муухайг гайхах зэргээр гоё сайхан зүйлийг их ярьцгаадаг байсан аж. Толстой үүнийг харин огт тэвчиж чаддаггүй байж л дээ. 1855 оны арваннэгдүгээр сард тэр өөрийн эгч Мария Николаевнад хандаж бичсэн захидалдаа Петербургт зохиолчдын дунд тохь тухтай амьдарч, тэдний “ухаантай яриа”-г сонсож суух нь түүнд таалагддаг ч гэсэн “хамгийн гайтай нь би тэднээс дэндүү хол хоцорсноо мэдэрч байгаа бөгөөд, миний хувьд зочны өрөөнд өмд, хувцсаа тайлан тухлаж, нус цэрээ чөлөөтэй нийж, тэдний ухаантай ярианд оролцохдоо ямар нэг тэнэг юм бурахыг л хүсч байна” гэжээ.
Заримдаа инээдтэй гэмээр үйл явдал болно. Нэг удаа Некрасовын гэрт Толстой, Тургенев хоёр ямар нэг асуудлаар маргажээ. Тургенев сүүлдээ биеэ барьж чадалгүй, нарийхан хоолойгоор чахруулан орилж, бронхиттой болохоор цаашид маргах боломжгүй байна хэмээн гомдоллож, өрөөн дотуур нааш цааш холхижээ. Хариуд нь Толстой ёжтой нь аргагүй “Бронхит! Бронхит бол зохиомол өвчин! Ер нь тэгээд бронхит бол металл!” хэмээн дурамжхан үг унагасаныг Григорович хожим дурссан байдаг. Харин гэрийн эзэн Некрасов “Современник” сэтгүүлийнхээ хоёр гол тулгуурыг алдахаас айн, сэтгэл нь зовниж, маргасан хоёрыг эвлэрүүлэхийг хичээн “Эрхэм Толстой минь, санаа бүү зов! Тэр (Тургенев) таныг яаж үнэлж, хайрладгийг та мэднэ шүү дээ!” хэмээн аргадаж тайтгаруулна.
“Надад муу юм хийхийг би түүнд зөвшөөрөхгүй. Тэр бүр зориуд ардчилсан гуя гялалзуулаад миний урдуур хойгуур холхиод байгаа юм” хэмээн Толстой хамраа сарталзуулна.
Хэрэг явдал заримдаа тийм ч амархан, хэл амгүйгээр нам жим дуусчихаж байгаагүй. “Современник”-ийн зохиогч хоорондын анхны сүрхий муудалцаан 1856 онд Жорж Сандаас болж гарчээ. Зохиолчид Некрасовынд хамтдаа үдийн зоог барьж байв. Хаа сайгүй хүн болгон шагшин магтаж байсан Жорж Сандын шинэ романы тухай яриа өрнөв. Толстой удтал дуугаа хураан сууж байснаа тэссэнгүй, өөрийгөө францын зохиолч эмэгтэйг үзэн ядагч гээд “Түүний романы эмэгтэй дүрүүд бодит амьдрал дээр хэрвээ байдагсан бол тэднийг тэрэгний дугуйнаас аргамжиж Петербургийн гудамжуудаар явуулан бузар булайг нь түмэн олонд дэлгэж үзүүлэх хэрэгтэй” гэжээ. Жорж Санд бол эмэгтэйчүүдийг дарлалаас чөлөөлөхийн төлөө цогтой тэмцэгч байсан. Үдийн зоог баригчдын дунд Тургенев, Некрасов хоёр тийм “эрх чөлөөт эмэгтэйчүүдтэй” янаг амрагийн холбоотой байсан нь муудалцаан үүсэх гол сэжүүр болжээ. Тухайлбал, Полина Виардотой Тургенев; “Современник” сэтгүүлийг хамтран гаргагч, өөрийн дотны найз Иван Панаевын эхнэр Авдотья Панаеватай Некрасов нууц амрагийн холбоотой байж л дээ...
-Энэ хэрэг явдлын дараа Толстой Тургенев хоёр дуэль хийж буудалцахдаа хүрсэн байх аа?
-Үгүй ээ, энэ удаа Толстойн хэлсэн хатуу хүтүү үгийг уучилж, хэрэг явдал тэгсгээд мартагдсан. Толстой “Современник” сэтгүүлд урьдын адил бүтээлээ нийтлүүлсээр, тэгэхдээ уран зохиолын бүтэн нэрээр гаргадаг болсон байв. Тухайлбал, тус сэтгүүлийн 1856 оны анхны дугаарт нийтлүүлсэн “1855 оны наймдугаар сарын Севастополь” өгүүллэгээ “Гүн Л.Н.Толстой” хэмээх нэрээр нийтлүүлсэн. Тэр үед тэрээр Тургеневт зориулж бичсэн “Рубка леса” өгүүллэг Иван Сергеевичийн сэтгэлийг ихэд хөдөлгөж, түүний уран зохиолын намтар түүхэнд ингэж өөрт нь бялдуучлаагүй зүйл гарч байгаагүйг хүлээн зөвшөөрсөн. Ер нь Толстой Тургенев нарын болон “Современник” сэтгүүлийн бүхий л хүрээллийнхний хоорондын таарамжгүй байдал бага багаар хуримтлагдсаар л байсан бөгөөд гол шалтгаан нь давж гарахын аргагүй харилцан адилгүй зан араншиндаа байсан. Анненковт хандсан захидалдаа Тургенев “Би Толстойд сэтгэл зүрхнээсээ ойр дотно байж чадахгүй юм. Тэр бид хоёр дэндүү тэс зан араншинтай юм. Миний дуртай бүхэнд тэр дургүй, эсвэл тэрний дуртайд би дургүй. Түүнтэй хамт байхад надад нэг л эвгүй байх юм. Түүнд ч бас адилхан байгаа байх. Гэхдээ тэр гайхалтай сайн хүн болно. Тэр үед би түүнд алс холоос ч гэсэн баяр хүргэж, алга ташина” хэмээн бичиж байв.
-Толстой ч өөрөө “Тургеневтэй хэрэлдэж муудалцсан”, эсвэл учраа ололцож эвлэрсэн тухайгаа байнга л бичдэг байсан. Ийм байдал хоёр жил хэртэй үргэлжилсэн байх. Гэсэн хэдий ч 1857 онд Парис руу анхны гадаад аяллынхаа үеэр тэр хэнийг зорьж очсон гэж санана? Тургенев рүү.
-Тийм шүү. Тургенев бас дахиад л түүнийг “эцгийн” халуун дулаан халамжиндаа авч, Паристай танилцуулж, өөрийнхөө европ маягийн аж амьдрал, сонирхол руу түүнийг татаж оролцуулахыг хичээв. Ер нь Тургенев европын уран зохиолыг гаргууд сайн мэддэг байсан бөгөөд Полина Виардотой хамтарч Флобер, Доде, Гонкур, Золя... нарын зохиолчид байнга орж гарч зочилдог уран зохиолын салон ажиллуулдаг байжээ. Ийм маягийн амьдрал харин Толстойн сонирхолд нийцдэггүй байсан. Түүний сэтгэл санааг оросын асуудал л эзэмдэнэ. Үүнээс гадна “ертөнцийн нөгөө хязгаарт” Виардогийн гэр оронд өдөр хоног төөрүүлж байгаа Тургеневийн амьдрал түүний дургүйг хүргэхгүй байж чадахгүй байсан. “Гурвалсан амьдрал” түүний хувьд санаанд багтахгүй асуудал. Толстойн хувьд гэр бүл бол маш ариун нандин зүйл, нэгэнт үүсгэсэн гэр бүлийн харилцаа бат бэх байх учиртай. Тургенев бол хүнийг хайрладаггүй, харин дурламтгай нэгэн гэсэн нь түүний оносон үг. Тийм болоод ч тэр үү, Тургеневийн зохиолын баатруудын сэтгэл санааны хувь заяа азгүй байдаг ч байж магадгүй юм, тэдний хайр дурлал, хүсэл тэмүүлэл хэзээ ч зорьсондоо хүрч, болж бүтэж байгаагүй. Хүсэл сэтгэл нь ямар нэг бодитой зүйл болж байсангүй... Яагаад гэхээр “дурлахад дурлана” гэдэг бол мөнхийн хайрлаж дурлах, мөнхийн сүйт залуу байх гэсэн хэрэг. Парист бичсэн Толстойн тэмдэглэлд Тургеневийн талаарх шударга зөвтгөл, шударга бус буруутгал олон байх боловч тэмдэглэлийн төгсгөлд “Тургеневээр ороод гарлаа. Хоёр ч удаа түүнтэй баяртай гээд явах бүрийдээ би яагаад ч юм дотроо мэгшиж байсан. Би түүнд маш их хайртай. Тэр намайг өөр хүн болгосон, болгосоор ч байгаа билээ” гэж бичсэн байдаг. Толстойг Парист ирснийг онцолж Тургенев ч мөн өөрийн сэтгэгдлийг “Толстой ухаан суужээ. Гэхдээ л дотор нь ямар нэг зүйл болж өгөхгүй байгаа бололтой. Гэлээ ч гэсэн би түүнийг хараад баярладаг, ний нуугүй хэлэхэд тэр бол манай уран зохиолын цорын ганц итгэл найдвар” хэмээн бичжээ.
Ийнхүү нулимс мэгшүүлсэн сэтгэл, итгэл найдвараар дүүрэн намтар түүх Толстой, Тургенев хоёрыг дуэль хийж буудалцахад хүргэх шахсан нь үнэхээр гайхмаар шүү.
1861 оны хавар Тургенев Оростоо буцаж ирээд уулзах хүсэлтэй байгаа тухайгаа Толстойд захидал бичсэн. Хэн хэн нь сайн таних дотнын нөхөр, Тургенев, Толстой хоёрын хэн нь ч урьд өмнө үзэж харж байгаагүй Степановка хэмээх эдлэн газартай болсон Афанасий Фетийнд уулзах нь илүү зохистой хэмээн шийдэцгээв. Толстой Тургенев рүү Спасское- Лутовиновод хүрэлцэж очив. Тэндээс Тургенев Фет рүү Толстойн хамт очиж яваагаа дуулгав. Уулзалт ч тун элэгсэг дотно сайхан эхлэв. Дараа нь үдийн зоог барьцгаав. Хоолны үеэр Тургенев гэнэт дотуур хувцасны оёдолчин бүсгүй Дуняшагаас төрсөн, сүүлд нь Тургенев өөрийн охин гэдгээ хүлээн зөвшөөрсөн Полинетт-Пелагеягийн тухай маш дэлгэрэнгүй түүх ярьж эхэлжээ. Тэрээр Полинеттийг ядууст өглөг болгож тараахад нь зориулж англиас авчирсан хүмүүжүүлэгч эмэгтэй түүнээс долоо хоног бүр тодорхой хэмжээний мөнгө нэхдэг, сүүлийн үед хуучин хувцас хунар цуглуулж, засаж сэлбэн буян үйлдэх шинэ арга бодож олсон тухай ихээхэн бахархал болгон ярьж л дээ. Аливаа хиймэл, зохиомол зүйлийг үл тэвчдэг зангаараа Толстой “Гоёж гоодсон бүсгүй өвдөг дээрээ бохир заваан муухай үнэртсэн уранхай цоорхой хувцас тавьж байгаа нь чин сэтгэлээсээ биш харин жүжиглэж байгаа хэрэг” гэчихжээ.
Тургенев хамраа сарталзуулан:”Ингэж хэлэхгүй байхыг би танаас гуйж байна!” гэсэн ч “Бодож санаснаа яагаад хэлж болохгүй” гэж хэмээн Толстой үг сөржээ.
Фет Тургеневт хандаж "Болиоч дээ!" хэмээн дуугаа өндөрсгөсөн ч, уурандаа царай нь цайсан Тургенев Толстой руу “Ингэх юм бол би амыг чинь үднэ шүү!" хэмээн хашгирчээ.
Гүн Толстойд ийм үгийг урьд хожид хэн ч хэлж байгаагүй биз. Тургенев өрөөнөөс гүйж гарснаа эргэж орж ирэн уучлалт хүссэн боловч нэгэнт оройтсон байлаа. Тургенев санд мэнд Спасское руугаа буцаж, харин Толстой Новселка дахь Фетийн хүргэнийх рүү явжээ. Тэрээр тэнд байхдаа Тургеневт захидал илгээж, Фет болон өөрөөс нь уучлалт гуйхыг шаарджээ. Ер нь хөгтэй явдал болсон л доо. Захидлын хариуг Богослово дахь өртөө рүү явуулаарай гэжээ. Гэтэл Тургенев хариу захиаг Новоселка руу явуултал Толстой тэндээс аль хэдийнэ явчихсан байв. Ийнхүү захидлаар харилцсан түүх эхэлсэн юм байна. Толстойн бичсэн хоёр дахь, гурав дахь захидлыг Тургенев устгачихаж. Нэлээд хожуу Софья Андреевнагийн тэмдэглэлд бичсэнээр захидлын хариу аваагүй Толстой хоёр дахь захидалдаа Богослово орчмын ойн захад харилцан буутай уулзахыг Тургеневт санал болгожээ. Эцэст нь Тургеневээс уучлалт хүссэн захидал аваад бичсэн гурав дахь захидалдаа тэр “Та надаас айж байна. Би таныг үзэн ядаж байна” гэжээ. Ийнхүү тэдний харилцаа нэг хэсэг тасарсан байна. Өнгөцхөн харвал шал дэмий зүйлээс, “хүмүүжүүлэгч эмэгтэй”-гээс болж Толстой, Тургенев хоёр түнжин хагарсан мэт. Үнэндээ бол тэдний ертөнцийг үзэх үзэл хандлага туйлын эсрэг тэсрэг байлаа. Болсон хэрүүл маргаантай холбогдуулан Толстой “Тэр бол жинхэнэ адгийн амьтан, гэхдээ цаг хугацаа өнгөрөхийн эрхээр би тэсч чадахгүй түүнийг уучлах байх” хэмээн өдрийн тэмдэглэлдээ бичжээ. Гэсэн хэдий ч буцаад эвлэрэхэд бүхэл бүтэн арван долоон жил шаардлагатай байсан...
Фото: Андрей Семашко
-
Яриагаа би арай өөр тийш нь хандуулахыг хүсч байна. Ямартай ч Толстой, Достоевский хоёр өөрсдийн цаг үеийн хил хязгаарыг давж гарчээ. Орчин цагийн боловсролжсон олон нийт тэднийг уншсаар байна. Харин Тургенев өөрийнхөө цаг үедээ л үлдчихэж. Өнөөдөр түүнийг уншихын тулд харааг нь XIX зуун руу онилж тааруулсан “нүдний шил” хайх тусгай цаг зав хэрэгтэй болох байх. Тургенев үүнийг мэдэрч байсан болов уу?
-Тэгэлгүй яах вэ, мэдэрч байсан. Тэр өөрийгөө “хаанчлал хоорондын зохиолч” гэж, өөрөөр хэлбэл Гоголь болон дараагийн “тэргүүн зохиолч”-ийн дундах завсрын зохиолч хэмээн нэрлэж байв. Энэ л хэмжүүрээр тэр үеийн бүх уран зохиолчдыг шүүж хэлэлцэхийг мөн санал болгодог байсан.
-Тэрхүү дараагийн “тэргүүн зохиолч”-оор Достоевский, Толстой хоёрын аль нэгийг тэр анзаарч хараагүй л байх даа. Ер нь Тургенев, Достоевский хоёрын харилцаа ямар байсан бол?
-Хачирхалтай нь, тэр хоёрын харилцаа яг л Толстой Тургенев хоёрынх шиг, эхлээд гал халуун нөхөрлөл, дуу алдсан бахархал, “залуу авьяастныг” Белинский-Некрасовын бүлгэмийнхэнтэй ойртуулах оролдлого, дараа нь элэг доог, өө сэв, гоочлол гомдол, тэр нь яваандаа хэрүүл маргаанаар дуусах гэх мэт. Ер нь тухайн үедээ Инженерийн сургуулиас завсардаад хоёр жил болж байсан Достоевскийг түүнтэй нэг дор хамтдаа байр түрээсэлж байсан Григорович олж нээсэн. Достоевскийн анхны роман “Ядуус” (“Бедные люди”)-ыг Григорович бусдаас түрүүнд уншиж шагшин магтсан. Тэрээр уг романыг Некрасовт өгч цаадах нь уншиж дуусаад “Шинэ Гоголь мэндэлжээ!” хэмээн Белинскийд хашгирсан гэдэг. “Современник” сэтгүүл тэр үед бий болоогүй байсан болохоор Некрасовын эрхэлж гаргадаг “Петербургийн цомнол”-д нийтлүүлэхээр романыхаа эх дээр Достоевскийг ажиллаж байх зуур Белинскийн бүлгэмийнхэн түүнийг сод ухаантан хэмээн жиг жуг хийж байв. Түүнийг шүтэн бишрэх нь холгүй шахам байлаа. Ингээд роман 1846 онд хэвлэгдсэн. Гэхдээ Достоевскийн ялгуусан амжилт удаан үргэлжлээгүй. Некрасовын уран зохиолын хүрээлэл дунд зөвтгөхийн аргагүй олиггүй муухай зан үйл байсан байна. Уран зохиолын намтар түүхийн тодорхой гэрч болсон Авдотья Панаевагийн бичиж үлдээсэн дурсамжид 1846 онд Достоевскийг, 1856 онд Толстойг өөнтөглөж, өдөөн хатгасан явдал гарч байжээ. Санаандгүй хэлсэн ганц өгүүлбэр, нүүр царайны хувирал, ярианы өнгө аяс гээд өөнтөглөх юм мунддаггүй байж.... Хамгийн сонирхолтой нь, дээрх хоёр тохиолдлын энэ бүх өөнтөглөл, доог тохууг эхлүүлэгч нь Тургенев өөрөө байсан аж. Толстойг Тургенев ганц ч удаа тэвчээр алдуулж чадаагүй бол цухалдуу, гомдомтгой Достоевскийд энэ бүгд хэцүүхэн байлаа. Түүний тунимхай занг анзаарсан Тургенев Достоевскийг солиортол нь уурлуулж бах таваа хангадаг байв. Некрасов, Тургенев хоёр хамтарч Достоевскийд зориулж:
Рыцарь горестной фигуры,
Достоевский, милый пыщ,
На носу литературы
Рдеешь ты, как новый прыщ.
(Булцайсан бондгор
Боорцог шиг биетэй Достоевский
Уран зохиолын хамар дээр улайсан
Шинэхэн батга юм даа – гэсэн санаатай)
дөрвөн мөрт шүлэг зохиожээ.
Фото: Андрей Семашко
-Хэрвээ үүнийг наргиан гэвэл арай л дэндсэн юм болж л дээ. Яахаараа “сод ухаантан”, “шинэ Гоголь” маань ганцхан жилийн дотор “боорцог”, “батга” болж хувирдаг билээ...
-Достоевский галзууртлаа уурлажээ. Тэрээр Некрасов руу уурсан хашгирч зохиол бүтээлд нь шүүмж бичиж нийтлүүлэхийг хориглов... Яг энэ үеэр “агуу Виссарион” (Белинский) Достоевскийн шинэ тууж “Двойник” (“Адилхан хүн”)-ийг зад шүүмжилсэн байв. Энэ явдал “натурал” дэг сургуулийн шүүмжлэгч нарт Достоевскийн тухай “хүлээн зөвшөөрөгдөөгүй сод ухаантан” гэх мэтээр ёжилж бичих боломж олгосон. Энэхүү туужийн шинэлэг үзэл санааг XX зуун гарч байж л сая бүрэн дүүрэн үнэлсэн билээ. “Современник”-тэй холбоо тасрах нь гарцаагүй болсон байлаа. Достоевский цаашдаа баривчлагдах хүртлээ Краевскийн эрхэлж гаргадаг “Отечетсвенные записки” (“Эх орны тэмдэглэлүүд”) сэтгүүлд бүтээлээ нийтлүүлж байгаад цөллөгт явж, цэрэгт алба хаасныхаа дараа Катковын эрхэлж гаргадаг “Русский вестник“ сэтгүүлд нийтлэгдэх болсон. Энэ сэтгүүлд Тургенев, Толстой нар ч мөн өөрсдийн шилдэг зохиолуудаа нийтлүүлдэг байсан.
Гэсэн хэдий ч 1859 онд төрөөс үзүүлсэн өршөөлийн дараа Петербургт буцаж ирсэн Достоевский эрчимтэй ажиллахын хэрээр өөртөө итгэх итгэлийг шинээр бий болгож, уужирч тайвшрав... Тургеневтэй урдын холбоо харилцаагаа ч сэргээжээ. 1860-1865 оны хоорондох тэдний захидал харилцааг нөхөрсөг хэмээн нэрлэж болох юм. Өнөөгийн бид тэднийг ойлгоход түвэгтэй байж болох ч тухайн үедээ тэд бие биенийхээ санаа бодлыг олж мэдэхийг ихээхэн сонирхож байжээ. Достоевскийн бичсэн "Записки из Мертвого дома" Тургеневт таалагдсан бол “Дворянское гнездо”, “Отцы и дети”-г Достоевский үнэлдэг байв. Базаровын дүрийг би ганцаараа үнэн зөвөөр нь ойлгож байна хэмээн Тургенев Достоевскийд бичиж байсан.
-Гэхдээ өнөөх л уран зохиол тэднийг салгаж холдуулсан билээ.
-Тийм ээ. Цөллөгт явж, хүнд хүчир ажилд зовж шаналсан Достоевский буцаж ирэхдээ Христос хэмээх цорын ганц шүтээнтэй, тэр чигээрээ гүнзгий шашин шүтдэг болсон байсан. Үзэл санааны хувьд тэр газар дэлхийгээ хайрлан шүтэгч, харин улс төрийн хувьд хаант засгийн үзэлтэн байсан. Тургенев бол шашингүй үзэлтэй, барууны либерал үзлийг эрхэмлэгч, Орос оронд хэн нэгнээс аврал хайсан хөгжлийн ямар нэг “онцгой” зам байх ёсгүй, Орос орон бол Барууны соёл иргэншлийг бүрэн гүйцэд эзэмшиж амжаагүй, хоцрогдсон улс орон хэмээн үздэг байв. Энэ бүх санаа бодол түүний “Дым” (“Утаа”) хэмээх шинэ романд тусгалаа олсон. Уг романыг хэвлэгдэхэд Достоевский Баден-Баденд байв. Полинагийн нөхөр нь Францад засгийн эрхэнд гарсан эзэн хаан Наполеон III-ын эсрэг тэрс үзэлтэн байсны улмаас тэднийх Герман руу шилжиж нүүсэн бөгөөд Виардогийн араас нэхэж ирсэн Тургенев ч мөн энд Villa Tourgueneff-д амьдарч байв. “Дым” роман Достоевскийг цухалдуулж байлаа. Тэрээр Тургенев рүү очиж санаа бодлоо илэрхийлэхийг хүсч байлаа. Энэ тухайгаа Аполлон Майковт бичсэн захидалдаа “Тургеневтэй уулзаад гаръя хэмээн бодож байсан ч хойшлуулсаар байгаад сая л нэг очихоор шийдлээ. 12 цагт намайг очиход тэр өглөөний цайгаа ууж байлаа. Танд шуудхан хэлэхэд би энэ хүнийг урьд нь ч би хайрлаж хүндэлдэггүй байсан... Хамгийн гол нь түүний “Дым” хэмээх ном миний цухал хүргээд байгаа юм. Энэ номын гол санаа нь өөрийнх нь надад хэлснээр “Орос орон тарж бутардаг юм гэхэд хүн төрөлхтөнд алдах юм, сэтгэл гонсойх юм аль аль нь байхгүй юм гэнэ” гэжээ. Достоевский үүнтэй эвлэрч чадахгүй байлаа. Зохиолчдын хооронд нэгмөсөн ангал үүсэв.
Үүнээс хойш Тургенев, Достоевский нар 1880 онд Москвад уулзахад Федор Михайлович хүнд өвчилсөн байсан бөгөөд Пушкины хөшөөний нээлтэд үг хэлсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ жинхэнэ орос занг илтгэн харуулсан дүрүүдэд Пушкины Татьяна, Толстойн Наташа Ростова, Тургеневийн Лиза Калитина нарыг нэрлэхэд цугласан олон нижигнэтэл алга ташсан. Иван Сергеевич сэтгэл нь хөдлөн нүдэндээ доголон нулимстайгаар Достоевскийг тэвэрч авахаар ухасхийсэн. Үүнээс хойш зохиолчид дахиж уулзаагүй. Достоевский 1881 оны эхээр, Тургенев 1883 оны есдүгээр сард насан өөд болсон.
-Достоевскийд Толстой хэрхэн ханддаг байсан бэ? Тэд бие биенээ таньдаггүй байсан шүү дээ. Гэхдээ дэргэдээ байгаа зохиолчийн агуу их авьяасыг Толстой зохиолч хүний зөнгөөрөө мэдэрч л байсан байж таараа. Тэрээр Достоевскийг мэдэрч, уран бүтээлийг нь сонирхох ёстой байсан...
-Мэдээж, Достоевскийн уран бүтээлийн талаар тэр үеийн бусад зохиолчдын нэг адил Толстой ч мөн янз янзын шүүмж хэлдэг, бичдэг байсан. Гэхдээ Толстой ёс суртахууны эрэл хайгуул хийснийх нь төлөө, хүний дотор христын оч гэрэл байдгийг эрж хайсных нь төлөө Достоевскийг маш өндөр үнэлдэг байсан. Достоевскийг зохиолч, сэтгэгчийнх нь хувьд огт таашааж үздэггүй байсан шашны сэтгэгч Страховтой олон жилийн турш Толстой захидлаар харилцсан. “Достоевский өөрийн дүрүүдийг өөртэйгөө адилхнаар бүтээж зохиохдоо гол төлөв өвдөж шаналсан олон хүний тухай бичсэн, тэгэхдээ үүнийгээ бодит байдлаас ургуулж авсан гэж байна” хэмээн Страхов 1892 онд бичиж байжээ.
Толстой хариуд нь таны зөв ч байж болох юм, гэхдээ “тэдгээр онцгой дүрүүдээс бид өөрсдийгөө, тэр бүү хэл гадаадын хүмүүс хүртэл өөрсдийгөө олж хардаг юм. Гүнзгий ухах тусам нийтлэг, танил дүр харагддаг билээ” хэмээн бичсэн байдаг. Толстой, Достоевский нарын харилцааны тухай гэрчлэх хамгийн чухал баримтын тоонд Федор Михайловичийг нас барсны дараахан Страховт хандаж бичсэн Толстойн захидал зүй ёсоор орно. Уг захидалд Толстой Достоевскийг өөд болсонд харамсан гашуудаж “Би энэ хүнийг урьд нь хэзээ ч харж байгаагүй, түүнтэй шууд нүүр тулж уулзаж ч байгаагүй, гэхдээ гэнэт энэ хүнийг нас барсныг дуулаад миний хамгийн ойр дотны, надад маш их хэрэгтэй хүн байсныг ухаарч ойлголоо. Маш том түшиг тулгуур минь салж унажээ. Ямар үнэ цэнэтэй байсныг нь би одоо л ойлгож, нулимс дуслуулж сууна, одоо ч гашуудан уйлж байна” хэмээн бичжээ.
Гайхалтай захидал! Тургенев харин Достоевскийг олигтой сайн ухаараагүй. Нас барсных нь дараа бичсэн нэг нийтлэлдээ тэр түүнийг Оросын Маркиз де Сад хэмээсэн байдаг.
-Эцсийн эцэст Толстой Тургеневтэй эвлэрсэн...
-Нас ахихын хэрээр Толстой ухаан сууж, уужуу тайван болсон. Урлаг, амьдралыг ойлгох үзэл санааны хувьд Тургеневтэй хэзээ ч санал нийлэхгүй гэдгээ тэр ухаарч ойлгосон. Гэсэн хэдий ч тэр Тургеневтэй тасалсан харилцаагаа сэргээх анхны алхмыг 1878 онд хийсэн. Мөн тэр онд Тургенев Ясная Полянад хоёр ч удаа зочилж, зохиолчид ноцтой том асуудлыг хөндөлгүйгээр өнгөрсөн явдлаа санан дурсаж, цагийг ая тухтай өнгөрүүлсэн. Зарчмын асуудлаар гүнгийрэхгүй байх хүсэл тэдний өөр хоорондоо харилцан бичсэн захидал харилцаанаас ч бас харагддаг. Толстой тэр үед шашны эрэл хайгуулынхаа гол цөмд нь байж, “Исповедь”-ийг дөнгөж бичиж дуусгаад байсан. Шашингүй үзэлтний хувьд Тургенев түүнийг ойлгохгүй байх байсан. Ойлгоогүй чигээрээ л үлдсэн. Харин Толстойн хувьд энэ нь тийм ч чухал биш байв. Тэрээр Достоевский, Тургенев хоёрын аль алинд дургүй байсан Страховт хандаж “Та Тургеневт уурлаад яах нь вэ? Тэр чинь амьдрах гэж тоглож байгаа юм, тэгэхээр өөртэй нь адилхан тоглох хэрэгтэй. Түүний тоглоом гэм хоргүй, хэмжээ нь таарвал тийм ч тааруухан зүйл биш л дээ” хэмээн бичиж байв.
Толстой өөрийнхөө үеийнхний яльтай ялихгүй дутагдалтай сул талыг уучлах сэтгэлтэй байсан. Гэхдээ Тургеневийн үхэл Толстойн сэтгэлийг маш хүчтэй цочирдуулсан. Есдүгээр сарын турш тэр зөвхөн Тургеневийн зохиол бүтээлийг л уншиж судалсан. Софья Андреевнад бичсэн захидал, өдрийн тэмдэглэл нь Тургеневийг уншсан тухайгаар л дүүрэн байлаа.
Хожим нь, тэрээр академич Александр Пыпинд бичсэн захидалдаа Тургеневийг байнга хайрлаж хүндэлдэг байсан, гэхдээ зөвхөн нас барснаас нь хойш л түүнийг жинхэнэ ёсоор үнэлсэн гэжээ. Энэ санаагаа тэрээр тайлбарлаж “Тургенев бол бодож, мэдэрч байгаа зүйлээ маш сайн ярьж чаддаг гайхалтай сайхан (айхтар хэрсүү биш боловч сайхан сэтгэлтэй, сайн хүн) хүн, тийм болохоор манай уран зохиолд Тургеневийн үзүүлсэн нөлөө маш сайн, үр бүтээлтэй байсан...” гэж бичжээ.
Тургенев, Толстой, Достоевский нарын харилцаа нэг л янзаараа байгаагүй нь мэдээж. Амьдралд бүх юм байнга хувьсан өөрчлөгдөж, өөр хоорондоо сүлэлдэж, тун амаргүй байдаг билээ. Оросын уран зохиолын хамаг сор нь болсон хүмүүсийн тухай өгүүлж байгаа болохоор бүх юм яаж ч тийм амар хялбар байх вэ дээ...
https://rusmir.media/2018/08/01/drama