Аргентин улсын нийслэл Буэнос-Айрес хотноо 10 дугаар сарын 06-18-ны өдрүүдэд Залуучуудын III олимпийн наадам зохиогдож буй билээ. Энэ удаагийн наадамд дэлхийн 206 улсын 4000 гаруй тамирчин спортын 32 төрлөөр 241 багц медалийн төлөө өрсөлдөж байна.
Монголын баг чөлөөт бөх, буудлага, хүндийн өргөлт, жүдо, таэквондо, 3х3 сагсан бөмбөгийн төрөлд 11 тамирчин оролцож, 2 мөнгө, 1 хүрэл, олон улсын холимог багийн төрлөөр 1 алтан медаль хүртэв.
"Буэнос-Айрес-2018" залуучуудын олимпийн наадмын эхний өдрүүдэд манай баг, жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Г.Тэмүүжин, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Л.Сосорбарам нар мөнгөн медаль хүртээд байсан билээ.
Залуучуудын олимпийн наадмын нэгэн онцлог нь олон улсын холимог багийн төрлүүд зохиогддог билээ. 10 дугаар сарын 12-ны өдөр 10 метрийн хийн урт бууны олон улсын холимог багийн төрөлд Монголын тамирчин Э.Энхмаа, Унгар улсын тамирчин Залаан Пеклер нар нэг баг болон оролцож Алтан медаль хүртэв.
Аравдугаар сарын 13-ны өдөр зохиогдсон Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд манай тамирчин Т.Оюун-Эрдэнэ нь Мексик, Румын, Кубын тамирчдыг ялж , Хятадын тамирчинд хожигдон, хүрэл медалийн төлөө Нигерийн тамирчныг 15:4 оноогоор ялж, Залуучуудын олимпийн наадмын хүрэл медалийг хүртэв.
Харин эмэгтэйчүүдийн 43 кг-ын жинд барилдсан Б.Энхзул нь Египет, Молдов, Шинэ Зеландын тамирчдыг ялж, Энэтхэг, Азербайжаны тамирчдад ялагдан IV байрт шалгарав.
Аравдугаар сарын 13-ны өдөр Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган Монголын багийн штабд зочлож, баг тамирчдад баяр хүргэн хүндэтгэл үзүүлэв.
Монголын баг тамирчид аравдугаар сарын 23-ны өдөр 11:00 цагт эх орондоо хүрэлцэн ирнэ гэж МҮОХ-ноос мэдээллээ.
Буэнос-Айрес-2018: Монголын баг тамирчдын амжилт
2018-10-17
Нийтэлсэн: Админ
 1 мин