Т.БАТСАЙХАН
“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leader ships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцдаг билээ. Энэ удаа Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх, хуульч Д.Мөнх-Эрдэнийг урьж ярилцлаа.
ЦЭВЭР БОХИРЫН ШУГАМД ХОЛБОГДООГҮЙ, 200 ГАРУЙ МЯНГАН ӨРХ ГЭР ХОРООЛОЛД АМЬДАРЧ БАЙНА
-2016 оны наймдугаар сараас хойш Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөхөөр ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөхийн хувьд, Хотын даргын шийдвэр, үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу явуулахад анхаарч, зөвлөгөө өгч ажилладаг. Агаар, хөрсний бохирдлыг шийдвэрлэх, дэд бүтэц, шугам хоолойг шинэчлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, аюулгүй байдлыг хангах гээд Улаанбаатар хотод шийдвэрлэх асуудал олон бий. Берлин, Лондон, Нью–Йорк зэрэг хотууд олон зуун жилийн түүхтэй. Хот байгуулалтын чиглэлээр олон асуудлаа шийдсэн. Магадгүй 50 жилийн өмнө бидэн шиг агаар, хөрсний бохирдол гээд олон асуудал тэдэнд байсан байх.
Төлөвлөлт сайн байна гэдэг тодорхой цаг хугацааны дараа хотыг хот шиг болгодог гэдгийг тэдний жишээнээс харж болно. XXI зуун гарчихаад байхад цэвэр бохирын шугамд холбогдоогүй 200 гаруй мянган өрх гэр хороололд амьдарч байна. Энэ жаахан гунигтай мэдээ. Гэхдээ оновчтой төлөвлөлт, хөрөнгө санхүүгийн зөв хуваарилалт хийж чадвал энэ асуудлыг шийдэж чадна. Гагцхүү дөрвөн жилийн дотор бүх асуудал, өргөс авсан мэт шийдэгдчихгүй. Цаг хугацаа, хөрөнгө мөнгө их шаардаж байгаа. Хотын өмнөх удирдлагуудын зүгээс үе шаттай шийдвэр гаргаж ирсэн. Бидний хувьд тулгамдаж байгаа гол асуудал гэвэл хөрөнгө санхүүгийн боломж. Манай улс эдийн засгийн хувьд өндөр хөгжилтэй орны түвшинд очоогүй байна. Нийт массаар нь харах юм бол улс нь өөрөө хөрөнгө санхүүгийн боломжтой болж байж бусад асуудал шийдэгддэг. Тэгэхээр зөвхөн бидний үйл ажиллагаанаас гадна олон хүчин зүйл нийслэлийн хөгжилд нөлөөлж байна. Хотын даргын зүгээс нэн тэргүүнд нийслэлийн дэд бүтцийг сайжруулж, агаарын бохирдлыг бууруулах ёстой гэж үзэж байгаа. Засгийн газраас ирэх оны тавдугаар сараас эхлэн түүхий нүүрс түлэхийг хориглолоо. Бэлтгэл ажил нийслэл дээр явж байна. Мөн Хотын даргын санаачилгаар дэд бүтцийн төв байгуулах ажил энэ жил эхэлсэн. Ингэснээр гэр хорооллын 200-300 айлыг цэвэр, бохир, дулааны шугам зэрэг дэд бүтцэд холбох боломж бүрдэнэ. Энэ жилийн хувьд гурван дэд бүтцийн төв байгуулна, цаашдаа 30 байршилд барина. Манай иргэдийн хувьд хуримтлал бага. Цалингаараа байрны зээлийн урьдчилгаа болох 30 хувийг хуримтлуулаад байранд орно гэдэг тийм ч амар ажил биш. Тийм учраас нийслэлийн агаарын чанарыг сайжруулах I, II бүс буюу гэр хороололд оршин сууж байгаа иргэдэд зориулан ипотекийн зээлийнх нь 30 хувийн урьдчилгаа төлбөрийн тодорхой нөхцөлүүдийг хангасан тохиолдолд хотоос шийдэж өгч байна. Энэ мэтчилэн нийслэлийн асуудлыг алхам, алхамаар шийдэхээр бид ажиллаж байна.
Блиц Боловсрол: 1998-2005 онд: МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2001-2002 онд: ХБНГУ-ын Потсдамийн Их Сургуульд герман хэл 2011 онд: АНУ-ын Жеоржио их сургууль, БНФУ-ын Цөмийн технологийн институтид мэргэжил дээшлүүлсэн. Ажилласан байдал: 2004-2007 онд: Голомт банкинд хуульч 2007-2008 онд: Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газарт мэргэжилтэн 2008-2013 онд: Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт шинжээч, Засгийн газрын референт, Хууль, эрх зүйн газрын дарга 2013-2014 онд: “СИТИ” Их Сургуулийн Удирдах зөвлөлийн дарга 2014-2016 онд: Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газрын дарга 2016 оноос: эхлэн Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөхөөр ажиллаж байна.ДЭЛХИЙН ХОТУУД АВТО ЗАМЫНХАА ТҮГЖРЭЛИЙГ НИЙТИЙН ТЭЭВРЭЭ САЙЖРУУЛЖ, АВТО ЗОГСООЛУУДАА ТӨЛБӨРТЭЙ БОЛГОЖ ШИЙДСЭН -Улаанбаатар хот байнгын болон түр оршин суугчдыг тооцвол нэг сая таван зуун мянган хүнтэй. Монгол Улсынхаа нийгэм, эдийн засаг, санхүүгийн төв нь. ДНБ-ний 70 гаруй хувь нь энд үйлдвэрлэгдэж байна. Мөн нийт аж ахуйн нэгжийн 70 гаруй хувь нь төвлөрч байгаа. Хот гэдэг хамтын амьдрал. Хамтын амьдрал гэдэг нь иргэн бүр эрхийнхээ хажуугаар үүрэг, хариуцлага мөн хүлээж явна гэдэг үг. Манайх шиг хүн амтай хот дэлхийд 400 гаруй бий. Өндөр хөгжилтэй хотуудын стандартыг нутагшуулах, тэнд байгаа сайн туршлагуудыг эх орондоо авчрах чиглэлээр ажиллах шаардлага гарч ирж байна. Улаанбаатар хотын хувьд хамтын ажиллагаагаа Европын хотуудтай эрчимжүүлэхээр ажиллаж байна. Берлин, Варшав, Будапешт гэх мэт хотууд тулгамдаж буй асуудлаа хэрхэн шийдсэн, нийтийн тээврийн хөгжил, хог хаягдлын менежмент, цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа гээд тэднээс суралцах зүйл асар их. Тухайлбал, томоохон хотуудын авто замынхаа түгжрэлийг шийдсэн гарц бол энгийн. Авто машины зогсоолуудаа төлбөртэй болгосон. Мөн нийтийн тээвэр, такси үйлчилгээгээ сайжруулсан. Нөгөө талаас, дугуйн замтай болж дугуйн хэрэглээг дэмжсэн байна. Тэгэхээр бид зөвхөн зам, гүүрийн сүлжээгээ өргөтгөхөөс гадна бусад ажлуудыг хийх шаардлагатай юм. Манай хот энэ жил түрээсийн дугуй үйлчилгээг нэвтрүүлэх гэж байна. Улаанбаатар хот дэлхийн хотуудад байдаг шиг дугуйн түрээстэй болно. Хүн бүр шинэ дугуй худалдаж авах биш бүгдээрээ дугуйг дундаа хэрэглэх боломжтой болно. Мөн BRT буюу тусгай замын автобус төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ханган ажиллаж байна. Дэлхийн 166 гаруй хотод амжилттай хэрэгжсэн энэ төслийг хэрэгжүүлснээр нийтийн тээврийн үйлчилгээнд томоохон ахиц гарна. Нийслэлийн МАН сонгуульд орохдоо “Аз жаргалтай Улаанбаатар” гэдэг уриа дэвшүүлсэн. Аз жаргалтай хотыг бий болгоход наад зах нь иргэд нь ажилтай, орлоготой, цалинтай, эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин бүрдсэн байх ёстой. Иргэдийн амьдрах орчныг сайжруулах чиглэлээр хийх ажил бидэнд их байна. Цэвэрхэн гудамж, зам, талбай, ногоон байгууламж, хүнд сурталгүй, чанартай, хүртээмжтэй төрийн үйлчилгээг бий болгох гээд хариуцсан ажил олон. Мөн бидний зүгээс бизнесийн орчноо сайжруулах, төрийн үйл ажиллагааны чанар, хүртээмжийг сайжруулах, хүнд суртлыг бууруулах ёстой. Гэхдээ нэг нам мөрийн хөтөлбөр дэвшүүлээд, эсхүл нэг хэсэг удирдлага гарч ирээд энэ асуудал бүрэн шийдэгдэхэд хэцүү. Хүн бүрийн оролцоо чухал. НИЙСЛЭЛИЙН ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫГ ЯАРМАГ РУУ НҮҮЛГЭХ АСУУДЛЫГ ЗАСГИЙН ГАЗАР, ҮАБЗ ДЭМЖСЭН -Монгол Улсын хүн амын тоо, хөгжлийн хандлагаас харахад цаашид бид төвлөрлийг задлах ёстой. Аймгийн төвүүд, Дархан, Эрдэнэт хотыг бодлогоор дэмжих ёстой. Зөвхөн Улаанбаатар хотын дэд бүтцийг өргөтгөж, хөрөнгө оруулахаас гадна аймгуудын дэд бүтцийг хөгжүүлж, нийслэлийн төвлөрөлийг сааруулах шаардлагатай байна. Хотын дарга саяхан “Хөгжлийн алтан гурвалжин” хэмээх санаачилга гаргасан. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот, Сэлэнгэ, Булган, Төв аймаг тулгамдаж буй асуудлуудаа шийдэхээр хамтарч ажиллана. Дархан, Эрдэнэт хотуудыг хөгжүүлэх, аж үйлдвэрийн бүс болгон өргөжүүлэх боломжийг судалж, үйлдвэрүүд болон сургууль, төрийн зарим байгууллагыг шилжүүлэн байршуулах хэрэгтэй. Үүнийг зөвхөн захиргааны аргаар шийдвэрлэх бус, эдгээр бүс нутагт ААН-үүдийг шилжин байршуулах эдийн засгийн таатай орчин бүрдүүлэх чиглэлээр ажиллах шаардлагатай юм. Мөн Улаанбаатар хот маань Налайх, Багануур, Багахангай гэсэн гурван дагуул хоттой. Газар зүйн байршлын хувьд том зах зээлтэйгээ ойр, дэд бүтэц хөгжсөн эдгээр хотуудад татварын таатай орчин бүрдүүлж, үйлдвэр, аж ахуйн нэгжүүд шилжин байршихыг бодлогоор дэмжих хэрэгтэй. Энэ мэтээр шинэ бодлого, санаачилга гарган ажиллаж байна. ҮАБЗ, Засгийн газраас нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг Яармаг руу нүүлгэхийг дэмжээд байна. Бүгдийг төвөөс шийдээд байх нь оновчгүй. Нутаг орныхоо асуудлыг шийдвэрлэх эрхийг орон нутагт өгөх нь зүйтэй гэж бодож явдаг. Саяхан харин Улсын Их Хурлаас энэ чиглэлээр санаачилга гарган, гишүүд хуулийн төсөл санаачлан хэлэлцүүлж эхэлснийг талархан дэмжиж байна. НИЙСЛЭЛД ГАЗРЫН БИРЖ БАЙГУУЛНА Улаанбаатар хотын хүн амын хэт өсөлт нь хот байгуулалт, төлөвлөлт, байгаль орчин, экологийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, төлөвлөлтгүй суурьшил бий болох, гэмт хэрэг, зөрчил ихсэх, замын хөдөлгөөнд хэт түгжрэл үүсэх, хүн амын эрүүл мэнд, нийгмийн халамж, үйлчилгээний салбар доголдох зэргээр эдийн засаг, нийгмийн бүх талын харилцаанд хүндрэл учруулж байгаа. Иймд төрөөс оновчтой бодлого боловсруулж, хэрэгжүүлэх шаардлага урган гарч байгаа тул бид Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан. Анх 1994 онд уг хууль батлагдах үеийн хотын нийгэм, эдийн засгийн байдал, хүн амын төвлөрөл газар тэнгэр шиг ялгаатай шүү дээ. Гэтэл саяхан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт боловсруулсан Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотой ташаа ойлголтууд явлаа. Газрын тухай хууль 2002 онд батлагдсан. Энэ хуульд Монгол Улсад байнга оршин сууж байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 5 хүртэл жилийн хугацаагаар газар ашиглаж” болно гэж заасан байдаг. Гэр бүлийн хэрэгцээний зориулалт нь жимс, ногоо тарих 0.1 га, хашааны зориулалтаар 0.05 га гэж заасан. Монгол Улсын Үндсэн хууль болон Газрын тухай хуулиар гадаадын иргэн газар өмчлөх, эзэмших эрхгүй. Газрын харилцаанд газар өмчлөх, эзэмших, ашиглах гэсэн гурван, ялгаатай хууль зүйн ойлголт бий. Гадаадын иргэн зөвхөн ашиглах боломжтой ч дээр дурдсанчлан хуулиар хязгаарлачихсан байгаа. Бид Монгол Улсын иргэнд газар эзэмшүүлэх, гадаадын иргэнд газар ашиглуулах харилцааг ил тод, нээлттэй болгох шаардлагатай гэж үзэж байгаа юм. 2015 онд хуучин Хэвлэх үйлдвэрийн байрыг дуудлага худалдаагаар зарахад 20-иод тэрбум төгрөг нийслэлийн төсөвт орсон. Газрын зах зээлийн бодит үнэлгээ өндөр. Иймд цаашдаа газар эзэмших, ашиглуулах харилцааг ил тод болгохын тулд Улаанбаатар хотод Газрын бирж байгуулна. Монгол Улсын газрыг эзэмшиж, ашиглах гэж байгаа хүмүүс ил тод байна. Мөн нийслэлийн төсөвт орох орлогын эх үүсвэр ч нэмэгдэнэ. Дахиад хэлэхэд бид зөвхөн нийслэлд газрын бирж байгуулах санал хуулийн төсөлд тусгасан. Гадаадын иргэн газар өмчлөх, эзэмших нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хуулиар хориотой юм. Нийслэлд газрын харилцаанд ил тод байдал, шударга ёс дутагдаж буй нь үнэн. Иймд хотын даргын 2016 оны захирамжаар Улаанбаатар хот цаашдаа хотын орон сууцны хороолол дунд, нийтийн эзэмшлийн зам талбай дээр оффис, орон сууцны зориулалтаар газар олгохыг зогсоосон. Одоо хэл ам тарьж буй газрын асуудал 2016 оноос өмнөх олгогдсон газрын асуудал. Бид нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд газар олгосон зарим захирамжийг хуулийн дагуу хүчингүй болгож байгаа. Манай орны хувьд байгалийн баялаг ихтэй, иргэдийн боловсролын түвшин өндөр гээд сайн үзүүлэлт олон бий. Цаашдаа ардчилал, хүний эрх, эрх чөлөөг илүү баталгаажуулж, хууль дээдлэх ёс, шударга ёсыг тогтоох шаардлагатай. Хуулийн өмнө хүн бүр эрх тэгш гэдэг. Иймд албан тушаалтан ч бай, иргэн ч бай хүчин төгөлдөр үйлчилж буй Монгол Улсын хуулийг мөрддөг, зөрчсөн хүнд хариуцлага тооцдог байх хэрэгтэй. Гадны хөрөнгө оруулагчид Монголын бизнесийн орчныг тийм ч муу биш, гэхдээ нэг засаг гарч ирээд л өөрчилчихдөг, тогтворгүй гэж ярьдаг. Цаашид бид хөгжье гэвэл бодлогын тогтвортой байдал хэрэгтэй. Улс төрийн намууд төрийн залгамж чанарыг хадгалж, хуулийн хэрэгжилтэд анхаардаг байх ёстой. Нөгөө талаас хариуцлагын зөв тогтолцоо шаардлагатай байна. Төрийн албан хаагчдын тогтвортой байдал, чадавхид анхаарах нь зүйтэй. Мерит тогтолцоо, зарчим гэж бид олон жил ярьсан. Гэхдээ хэрэгжилт тааруу байна. Иймд төрийн албыг бэхжүүлэхэд, төрийн албан хаагчдаа оновчтой сонгон шалгаруулж, чадавхижуулахад, тогтвортой ажиллуулахад анхаарах ёстой. Мөн бизнес эрхлэх орчноо сайжруулах нь чухал юм. Боловсрол, шинжлэх ухаан, инновацийн хөгжилд бид онцгой анхаарал хандуулах хэрэгтэй байна. Хотын даргын хувьд саяхан Улаанбаатар инновацийн төвийг байгууллаа. Энэ төв байгуулагдсанаар олон мянган залуучууд гарааны бизнесээ амжилттай эхлүүлэх, хөрөнгө босгох боломж бий болж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин