Орост төдийгүй дэлхийд нэрд гарч яваа зохиолч Анна Матвееватай Уралын их сургуульд урилгаар ажиллаж байгаа утга зохиол судлаач, доктор, профессор Ц.Магсарын хийсэн ярилцлагыг хүргэж байна. Ц.Магсар гуай энэ өдрүүдэд Пушкины медалиар шагнуулж буй сайн мэдээг хуваалцаж байна.
-Хоёр багшийн маань охин дэлхий дахинаа нэрээ дуурсгасан зохиолч болсон нь сайхан. Таны эцэг, нэрт хэл зүйч, Оросын ШУА-ийн сурвалжлагч гишүүн А.К.Матвеев намайг энд сурч байхад “Уралын газрын зураг дээрх долоон нэр” (Долоон монгол нэрийн гарваль) номоо хэвлүүлснээ надад өгч байлаа. Оюунлаг эцэг эхийн нөлөө гэж байдаг байх. Удамшил ч байж мэднэ биз?
-Та бол миний эцэг эхийг сайн мэддэг шавь нь, надад энэ их таатай байна. Авьяас чадварын удамшлын талаар би бас бодож байсан. Зохиол бичих авьяас, зүгээр уран зохиолын сонирхол аль нь ч байлаа удам дамждаг гэдэгт би итгэдэг. Намайг хүүхэд байхад аав маань ах бид хоёрт Оросын яруу найрагчдын шүлэг, “Хайаватын дуулал”, “Эртний Грегийн домог” зэрэг ном зохиол үргэлж уншиж өгдөг байлаа. Ээж бид хоёр ч уншсан номоо их ярилцана. Тэр нь заавал хүүхдийн гэлтгүй номууд байв. Аав ээж хоёр аль аль нь эрдэм шинжилгээ, танин мэдэхүйн олон ном, гарын авлага, толь бичиг зохиосон, бас хоёулаа бичих туурвих гойд авьяастай хүмүүс. Намайг хүүхэд байхад, ер нь ЗХУ-ын үед хаа сайгүй, сайн ном олдохгүй, танилуудаараа дамжуулж юм уу, ном солилцооны тусгай мухлагуудаас олж авдаг байв. Би мөн л хэд хэдэн номын санд эрх нээлгэчихсэн, танилуудаасаа ч авч уншдаг байлаа. Тэр үед л миний амьдрал номтой холбоотой байх нь гэдгийг эргэлзээгүй ойлгож, редактор юм уу, орчуулагч болох бодол тээж явсанаа Уралын их сургуулиа төгсөөд сэтгүүлч, сүүлдээ зохиолч болох шив дээ. Энэ бүхэнд эцэг эхийн минь оролцоо их байсан шүү.
-Өнөө цагийн зохиолчид тодорхой уншигчдад зориулж зохиол бичих боломжгүй гэцгээх юм. Энэ нь ном унших нь багассантай холбоотой байх. Таны зохиолуудыг ямар хүмүүс уншдаг бол?
-Одоо чинь өмнөхөө бодоход ном бага уншдаг болсон. Одоогийн амьдрах орчинд интернэт, смартфон, олон нийтийн сүлжээ гээд хүнийг татах зүйл их байна. Тэгэхдээ энэ тийм ч эмгэнэлтэй зүйл бас биш. Өөрийнхөө хүүхдүүдээр жишээлээд үзье л дээ. Би гурван хүүтэй, бүгд л орчин үеийн зохиолуудыг ч, сонгодгуудыг ч, мэргэжлийн номоо ч ялгаагүй л шимтэн уншицгаадаг. Харин миний уншигчдын тухайд гэвэл янз бүр дээ. Надад эрэгтэй эмэгтэй, залуу хөгшин, Орост амьдардаг, гадаадад суудаг гээд янз бүрийн хүмүүсээс захидал ирдэг. Уншигчидтай хийсэн уулзалтад маань тэтгэврийнхэн, бизнесийнхэн, урлагийнхан, оюутан залуучууд, багш, эмч гэсэн бүх давхаргын төлөөллүүд морилон саатдаг. Тэд гол төлөв дээд боловсролтой, хэлний мэдрэмжтэй, хошин наргианч улсууд байдаг юм.
-Монголтой холбоотой, монголчуудад талтай Оросын олон зохиолч байсан. Пушкин, Горький, К.Симонов, Е.Евтушенко, орчин үеийнхнээс Монголын сэдвээр бичдэг Л.Юзефович гээд. Таны хувьд Монгол орныг хэрхэн төсөөлдөг вэ?
-Монголын талаарх миний төсөөлөл бүр хүүхэд настай маань холбогддог. Ээж монгол оюутнуудад хичээл заадаг, өөрийн хариуцсан групптэй. Тэд бас манайхаар ирдэг байлаа. Тэдний нэрийг нь дуудахад их хэцүү. Надаас янз бүрийн юм сонирхож асууна. Би ч заримынх нь араас дагаад Монголын талаар, Улаанбаатарын тухай хэрэгт дурлаж яриулна. Би андуураагүй бол Жаргал гэж эгч байсан санагдана. Тэр эгч надад их гоё цэнхэр тэнгэр, цэлгэр уудам талбайн дүрстэй ил захидал бэлэглэж билээ. Ил захидлыг үзээд ээж надад Улаанбаатарт дандаа тийм цэнхэр, үүлгүй цэлмэг тэнгэр байгаа гэж хэлж байсан. Монголын талаарх миний багын төсөөлөл иймэрхүү. Нэг хэсэг Монголд очих юмсан, бүгдийг нүдээр үзэх юмсан гэж мөрөөддөг байлаа. Миний мөрөөдөл одоохондоо биелээгүй л байна. Харин ээж маань өнгөрсөн жил Улаанбаатар явж хуралд оролцоод, шавь нартайгаа уулзаад их баяртай ирсэн дээ.
-Зохиолч нөхөдтэйгөө хамт Монголд очиж оюутан сурагчидтай уулзаж, Оросын уран зохиолтой холбоотой сонирхолтой ажил зохиож болохгүй юу?
-Дуртайяа явна. Монголд очъё, Оросын уран зохиол сонирхдог оюутан залуучуудтай уулзъя гэхэд миний танил зохиолчдоос хэн нь ч дургүйцэхгүй. Уран бүтээлийн уулзалт хийж, баримтат болон уран зохиолын талаар, бас миний ярих дуртай Набоков, Тэффи гэсэн сэдвээр лекц яриа хийж болох юм.
-Миний ойлгож байгаагаар Та баримтат зохиол илүүтэй бичээд байгаа. Манай уран зохиолд ч ийм хандлага ажиглагддаг. Ер нь уран зохиолын явцын нийтлэг хандлагыг Таныхаар яаж үзэж болох вэ?
-Европ, Америкийн уран зохиолд нон-фикшн (баримтат уран зохиол) уран сайхны чиглэлээсээ аль дээр тасраад явчихсан. Жишээ нь, дурдатгал юм уу, баримт мөшгөсөн зохиол ямар их хэрэгцээтэй байгааг хар даа. Би уран зохиолыг ч, баримтат зохиолыг ч шимтдэг. Түүнээс гадна байдлыг ажиглахад сүүлийн үед фикшн, нон-фикшн хоёрын уулзвар дээр хамгийн сонирхолтой зохиолууд гарах боллоо. Жишээлбэл, өнөө цагт өдрийн тэмдэглэлийг байгаа байдлаар нь юм уу, найруулж гоодож бичсэнийг нь их унших болж. Миний одоо бичиж байгаа “Зуун жил тутам” шинэ роман эмээгийн маань өдрийн тэмдэглэлд суурилсан. Гэхдээ би бодит баримтуудаас шаардлагатай гэснийг нь өөрчилж, бас зохиомол зүйлээр баяжуулж байгаа. Ер нь нон-фикшн чиглэлийн зохиолуудыг давуутай унших болсон нь орчин үеийн уншигчийн сонирхлыг зохиомол зүйл биш, бодит баримт илүү татах болсныг гэрчлээд байгаа юм. Үүний цаад шалтгаан нь блогууд, байнга шинэчлэгддэг баримт мэдээллийн урсгал, реалити-шоу гэх мэт зүйлс гэж ойлгогддог. Тэгэхээр энэ бол зүй тогтолт үйл явц юм. Гэвч зохиолч хүн дан ганц баримтаар хол явахгүй л дээ, зөгнөлт сэтгэлгээ тэртэй тэргүй хэрэгтэй л болно.
-Таны зохиолууд олон хэлээр орчуулагдсан. Энд тэндээс уншигчийн ямар нэгэн санал сэтгэгдэл дуулдах юм уу?
-Надад Франц, Испан, Швейцарь, Чех болон бусад орны уншигчаас ч захидал их ирдэг. Уншигчаас гадна орчуулагч, орос хэлний багш, миний өгүүллэгүүдээр орчуулгын дадлага хийдэг хүмүүс бичнэ. Жишээ нь, дөнгөж саяхан би Варшав дахь Орос-Польшийн соёлын төвтэй контракт байгууллаа. Тэд миний “Лолотта” түүврийг орчуулгын семинарын тулгуур материал болгож ашиглахаар төлөвлөсөнд нь баяртай байгаа. Энэ бол онолын семинар биш, дадлагын ажил. Үр дүнд нь миний ном польш хэлээр гарах юм билээ.
-Таны зохиолууд монгол хэлээр ч бас гарах л байлгүй дээ. Ямар зохиолоо хамгийн түрүүнд орчуулагдаасай гэж боддог вэ?
-Миний ном монгол хэлээр хэвлэгдэхийг харах юмсан гэж бодолгүй яахав. Танай орны уншигчдад нэн тэргүүнд “Дятловын даваа” (“Перевал Дятлова”) зохиолд минь өгүүлэх түүх их сонин байх болов уу гэж бодож байна. Энэ миний хамгийн их амжилт олж байгаа зохиол, нэлээн олон хэлээр орчуулагдсан, Оростоо ч хэд дахин хэвлэгдээд байгаа. Яг л нөгөө фикшн, нон-фикшн хоёрын зааг дээр бичигдсэн зохиол байгаа юм. Гол нь тэнд зохиомол зүйл, баримт хоёрын хоорондох зааг хязгаар тодорхой харагдаж байгаа. 1959 оны хоёрдугаар сард хойд Уралын нуруунд Игорь Дятловаар ахлуулсан аялагч оюутнууд учир битүүлгээр бүгд амь үрэгдсэн явдал ХХ зууны хамгийн аймшигтай, нууцлаг түүхийн нэг болж үлдсэн юм. Даваан дээр хоноглож байсан эрүүл чийрэг, бадриун биетэй есөн залууг шөнө дөлөөр майхнаас гүйн гарч аймшигт үхэлтэй тулгарахад юу хүргэв гэдгийг бид одоо болтол мэдэхгүй. Миний зохиол гарснаас хойш дятловынхны энэ аймшигт түүх нэг ч уншигчийг, Орос, Швейцарь, Хятадад ч сэтгэл амар үлдээсэнгүй. Энэ романыг нэгэн цагт Монголын уншигчид хүлээн авах байх аа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
DR. PRADHAN
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)