
Б.ТӨГС
Монгол Улс, Европын холбоо хамтран “Хүүхэд, өсвөр үеийн эсрэг хүчирхийлэл, нийгмийн шалтгаант нөхцөл, хамгааллын асуудал” сэдвээр бага хурал зохион байгуулах талаар өчигдөр мэдээлэл өглөө. Энэ үеэр Европын холбооноос Монгол Улсад шинээр томилогдсон элчин сайд Траян Христия анх удаа хэвлэлд ярилцлага өгсөн юм.
-Манай улсад элчин сайдаар томилогдсон таны анхны сэтгэгдэл ямар байсан бэ?
-Юуны өмнө Монгол Улсад байнгын оршин суухаар томилогдсон анхны элчин сайд болсондоо тун баяртай байгаа. Миний бодлоор Европын холбоо, Монгол Улс хоорондын эрчимтэй хамтын ажиллагаа, найрсаг харилцаа холбоог улам бүр бэхжүүлэх боломжийг энэ томилгоо нээж өглөө гэж үзэж байна.
-Таныг манай улсад суралцаж байсан гэж сонссон?
-Тийм ээ. Би оюутан насаа Монголд өнгөрүүлж, суралцсан. Энд олон найз нөхөд бий. Энэхүү үүрэгт ажилд томилогдохдоо авсан үүрэг чиглэлээ хэрэгжүүлэн энд ажиллахдаа тун таатай байх болно.
-Европын холбоо хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах асуудалд Монгол Улстай хамтран ажиллаж байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?
- Европын холбооноос дэлхийн бүх улс орнуудад хүүхдийн эрхийг хамгаалах ажиллагааг дэмжиж ажилладаг. Европын холбооноос Монгол Улсад хүний эрхийн талаар дэмжлэг үзүүлэх төслийн хүрээнд хоёр дахь бага хурлаа зохион байгуулах гэж байна. Энэ хурлаар хүүхдийн эсрэг хүчирхийллийн асуудал, түүнийг өдөөгч нийгмийн учир шалтгааныг оновчтой тодорхойлох, хүүхэд хамгааллын төрийн бодлогыг сайжруулах асуудалд илүүтэй анхаарал хандуулж байна. Зургадугаар сард хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Цаг хугацааны хувьд энэ үетэй давхцаж байгаад би хувьдаа бэлгэшээж байгаа.
-Монгол Улсад хүүхдийн хүчирхийллийн асуудал олны анхаарлыг татаж байгаа гэж та түрүүнд хэллээ?
- НҮБ-ын хүүхдийн эрхийн конвенцийг Монгол Улсад бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд Европын холбооноос онцгой анхаарал хандуулж байна. 2016 онд Хүүхэд хамгааллын хууль, 2017 онд Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль батлагдсан ч хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэг буурахгүй байгаа төдийгүй өсөх хандлагатай байгааг хэвлэл мэдээллийн байгууллагууд та бүхэн сайн мэдэж байгаа. НҮБ-ын тогтвортой хөгжлийн баримт бичгийг та бүхэн мэднэ. Үүнтэй адилхан Европын холбооноос “Тогтвортой хөгжил-2020” төслийг хэрэгжүүлдэг. Энэ төсөл нь “Хэн ч хөгжлийн гадна үлдэх ёсгүй” гэсэн уриатай. Тэгэхээр хүүхдийн эрхийн конвенцийг хэрэгжүүлэх, хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах асуудал нь “Хэн ч хөгжлийн гадна үлдэх ёсгүй” гэсэн уриатай хамт явж байгаа юм. Европын холбооноос баталсан хүүхэд хамгааллын удирдамжид заасны дагуу тогтолцоог сайжруулах чиглэлийг илүү баримталж байгаа.
-Тогтолцоог сайжруулна гэдгээ илүү дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?
-Европын холбооны улс орнууд хүний эрхийн төлөө үйл ажиллагааныхаа тэргүүлэх чиглэлд хүүхэд хамгааллыг авч үздэг. Тэгэхээр Монгол Улс ч үүний гадна үлдэх ёсгүй. Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцид дэлхийд хамгийн олон орон нэгдэн орсон байдаг. Энэхүү конвенцийн амин сүнс нь хүүхэд бол нийгмийн чухал оролцогч, нийгмийн баялгийг бүтээгч иргэн гэж хүлээн зөвшөөрдөг. Тэгэхээр хүүхдийн эрхийг хамгаалахад төр тусгай төсөвтэй, хүний нөөцөө чадавхжуулах, тогтолцоогоо сайжруулах зэргээр бүх эрэг шургаа чангалах үүрэгтэй. Хууль эрхзүй, бодлого, төсөв, туслалцаа үйлчилгээ, хяналт, мэдээллийн сан, сургалт сурталчилгаа зэрэг олон ажил үүнд багтана. Хүүхдийн эрхийг хамгаалах хөтөлбөр нь үл ялгаварлах, дээд эрх ашгийг хангах, аюулгүй байдлын хамгаалал, өөрийнх нь үзэл бодлыг хүндэтгэх гэсэн дөрвөн зарчимд суурилна.
-Европын холбоо нь манай улстай хүүхдийн эрхийн асуудлаас гадна ямар чиглэлд хамтран ажиллах вэ?
-Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээрийг хангах бүх чиглэлд ажиллана. 2018 оны дөрөвдүгээр сард Брюссель хотноо болсон Монгол Улс, Европын холбооны Засгийн газар хоорондын уулзалтаар ярилцсан төлөвлөгдсөн ажлуудыг бодит болгоход чармайн ажиллах болно. Үүнд эдийн засаг, байгаль орчин, боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан гээд олон салбарт хамтын ажиллагааг өргөтгөнө. Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газартай хамтран шинэ салбаруудыг тодорхойлж төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлнэ. Мэдээж энэ ажилдаа иргэний нийгмийн төлөөллүүдийн саналыг ч тусгах болно гэдгээ хэлье.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин