
Ц.МЯГМАРБАЯР
“Бизнес, хөгжил” булангийн энэ удаагийн зочноор Хасбанкны Эко банкны хэлтсийн дарга Г.Туулыг урьж ярилцлаа.
-Танай банк ямар чиглэлийн бизнесийг хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж байна вэ?
-Эрчим хүчний хэмнэлт бий болгох, сэргээгдэх хүч нэвтрүүлэх тоног төхөөрөмж худалдан авах бизнест хөнгөлөлттэй зээл олгодог. Өөрөөр хэлбэл, Хүлэмжийн хий ялгаруулалтыг бууруулахад бүх төрлийн шатах түлшийг хэмнэж бага хэрэглэх ёстой. Бизнесийн хувьд цахилгаан эрчим хүч, дулааны хэрэглээгээ бууруулах, байшингаа дулаалж дулааны алдагдлыг бууруулах зэрэг нь эрчим хүчний хэмнэлт болдог. Энэ нь агаарын бохирдол, цаашлаад эдийн засаг, бизнесийн байгууллага чадваржуулахад чухал нөлөө үзүүлдэг.
-Сүүлийн үед ногоон эдийн засаг бизнесийг дэмжих тухай ярьдаг болсон. Ер нь хүлэмжийн хийг бууруулснаар тухайн бизнест ямар ашигтай вэ?
-Нэгдүгээрт, эрчим хүч цахилгааны зардлыг хэмнэнэ. Ингэснээр хөрөнгө оруулалтаа богино хугацаанд хэмнэсэн зардлаараа эргэж төлөх боломжтой. Тухайлбал, бизнесийг хөгжүүлэхэд ажлын байрыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.
-Хэрэглэгчдийн хувьд?
-Эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэж байгаа хэрэглэгчдийн хувьд зардал хэмнэхээс гадна худалдан авч буй бүтээгдэхүүн нь банкны шаардлага хангасан цахилгаан бага хэрэглэдэг сүүлийн үеийн дэвшилтэт технологиуд байдаг учраас хүчин чадал сайтай. Өөрөөр хэлбэл үйлдвэрийн хүч чадал нэмэгдэж бүтээгдэхүүний чанар сайжирдаг. Үүгээрээ борлуулалтын орлого нь нэмэгддэг. Манай банкны зүгээс одоогоор сэргээгдэх эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгчдийг санхүүжүүлж байгаа.
-Хасбанк ногоон зээлийг олгосоор багагүй хугацаа өнгөрлөө. Зээлийн үр дүн ямар байна вэ?
-Бид 2013 оноос ногоон бизнесийг дэмжих зорилгоор санхүүжилт олгох хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хугацаанд 50 тэрбум орчим төгрөгийн зээлийн багцтай. Энэ хүрээнд нэг сая 40 мянган тонн хүлэмжийн хийг бууруулаад байна. Эрчим хүчийг хэмнэдэг тоног төхөөрөмж нь бусад энгийн тоног тоног төхөөрөмжөөс илүү үнэтэй учраас үнэтэй хөрөнгө оруулалт болдог.Тиймээс ногоон дэвшилтэт, технологиудыг нэвтрүүлэхэд санхүүжилтийн эх үүсвэрийг гадны банк санхүүгийн байгууллагаас биш, уур амьсгалын сангуудаас олох боломж бий. Тухайлбал, 2016 онд НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн олон улсын конвенцийн хүрээнд байгуулагдсан “Ногоон уур амьсгалын сан”-гаас манай банк үндэсний магадлан итгэмжлэгдсэн байгууллага болсон. Өнгөрсөн онд тус сангаас 20 мянган ам.долларын санхүүжилт авсан. Ингэснээр хүлэмжийн хийг бууруулах зээлийнхээ хүүг сарын 1.6 хувь байсныг 1.3 хувь болгож бууруулсан. Энэ бүхэн ногоон хөрөнгө оруулалт хийж буй бизнесийг санхүүжүүлэх ажлыг дэмжих хүрээнд хийгдсэн. Цаашид оны сүүлчээр өрхүүдэд зориулсан хэрэглээний зээлийг гаргахаар төлөвлөж байна. Одоогоор эко автомашины зээлийг олгож эхэлсэн.Цахилгаан хөдөлгүүртэй автомашин нь шатахуун хөдөлгүүртэй автомашинаас баг түлш хэрэглэдэг болохыг 2015 онд хийсэн судалгаагаар тогтоосон. Үүний үндсэн дээр эко автомашиныг дэмжих хөнгөлөлттэй зээлийг олгож эхэлсэн.
-Ногоон санхүүжилт дээр гадны орны хэчнээн хөрөнгө оруулагчтай хамтарч ажилладаг вэ?
- Одоогоор бидний олгож байгаа зээлд гадны орны дөрвөн санхүүжүүлэгч байгууллага бий. “Уур амьсгалын сан”, Европын сэргээн босголт хөгжлийн банк болон хувийн нэг сан бий. Нийтдээ 60 сая ам.долларын санхүүжилтээр “Хүлэмжийх хийг бууруулах бизнесийн зээл”-ийн хөтөлбөрөө санхүүжүүлж байна.
-Бизнес эрхлэгч зээлд хамрагдахын тулд ямар шалгуур хангах шаардлагатай вэ?
-Бизнесийн зээл хүсэхэд тавигддаг шаардлагуудтай ижил. Нэмэлт зүйл нь гэвэл эрчим хүчний хэмнэлт болон хүлэмжийн хийг 20 ба түүнээс дээш хувиар хэмнэх буюу бууруулсан байх ёстой. Эцсийн хэрэглэгчийн тухайд хэмнэлт нь 15 хувь байхад хангалттай. Эдгээр шаардлагыг хангаж буй эсэхийг баталгаажуулахын тулд эрчим хүчний үнэлгээ хийдэг.
-Тэгвэл малчдад зориулсан ногоон зээл бий юу?
-Нарны эрчим хүчний шинэ технологийн тусламжтайгаар өөрчлөлт хурдацтай явагдаж байна. Жилд 2500 цагийн нарны гэрлийг ашиглан эрчим хүч гарган авснаар гар утас болон телевизор зэрэг зүйлс өдөр тутмын хэрэглээ болж, дундаж орлоготой ямар ч хүн авах боломжтой байдаг. Тиймээс нарны эрчим хүчний эрэлт огцом өсч байна. Монголын Засгийн газар 2000 оноос малчин өрхийг цахилгаанжуулах хөтөлбөрийг эхлүүлсэн. Энэ хүрээнд нүүдэлчин, малчин айл өрхийн 70 хувийг цахилгаантай болгосон. Зөөврийн нарны цахилгаан үүсгүүрийн тусламжтайгаар хөргөгч, сүүний машин зэргийг ашиглаж байгаа нь тал нутгийн амьдралыг хөнгөвчилж тав тухыг авч ирж байна. Тухайлбал, хувиараа бизнес эрхэлдэг Пүрэвдорж нь нарны цахилгаан үүсгүүр, баттерей, болон цахилгаан хэмнэлтийн төхөөрөмжийн багцыг импортоор оруулж ирдэг. Энэ бизнесээ өргөжүүлэх санхүүжилтээ манай банкны эрчим хүчний зээлд хамрагдсан. Энэ мэтчилэн бүтээгдэхүүнд ногоон санхүүжилтийн зээлийг авч болно. Энэ хөтөлбөрийн үр дүнд бид байгаль орчинд ээлтэй бизнесийг дэмжих зээлийн хамрах хүрээг өргөжүүлж, шинэ гарцыг нээж түүндээ хүрч ажиллах боломжтой боллоо. Бидний ирээдүйн зорилго бол байгаль орчны тогтвортой хөгжлийг дэмжсэн том хэмжээний төслүүдийг хэрэгжүүлэх явдал. Ингэснээр манай улсын бизнесийн салбар ногоон эдийн засгийг хөхүүлэн дэмждэг, түүнийг дагаад улс орны эдийн засаг тогтвортой байх учиртай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин