
Д.ОЮУНЧИМЭГ
“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж байгаа билээ. Тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэж байна.Энэ удаагийн зочноор “Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн, гүйцэтгэх захирал Ч.Ганхуягийг урилаа.
ЭЕРЭГ ХАНДЛАГАТАЙ МАНЛАЙЛАГЧ ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА
Манай улс олон жилийн турш хөгжлийн бодлоготой болъё, хурдан хөгжье, Азийн бар болъё гэж ярьсан. Миний хувьд “чоно” болох тухай ярьж байгаа. Гарц бол тодорхой.
Манайх ардчилсан улс учраас хүн нь асуудлаа шийднэ. Тэгэхээр иргэн өөрөө оюундаа ардчилсан хувьсгалын өөрчлөлтийг хийж хүсч байгаа баян чинээлэг, эрх чөлөөтэй нийгмийг цогцлоон бүрдүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, хувь хүний өөртөө хийсэн өөрчлөлтийг дагаж нийгэм хөгжих учиртай гэсэн үг шүү дээ. Магадгүй уул уурхайг түшиглэн эдийн засгаа хөгжүүлэх тухай ярьж болно. Нөгөөтэйгүүр хоёр их гүрний хөгжлийг дагаж Монгол Улс хөгжих боломжтой. Гэхдээ улсаа хөгжүүлэх бүтээн байгуулалтыг хийх хүмүүсийн хандлага өөрчлөгдөх хэрэгтэй. Хүмүүсийнхээ боловсролыг дээшлүүлэх учиртай. Үүний дараагаар нэгдэж, баг болж ажиллах дадалд суралцах шаардлагатай. Тэгэхээр өөрчлөлтийг хийхийн тулд эерэг хандлагатай манлайлагч үгүйлэгдэж байгаа нь тодорхой харагддаг. Хоосон орон зай байсаар л байна. Хэдийгээр улс төрийн намуудын төлөөлөл улсыг удирдаж, төрийн бодлогыг тодорхойлон шийдвэр гаргасан ч хүмүүсийн хүлээлтэд нийцэхгүй, урагшлах биш ухрах мэт байдал гарч байгаа учраас олон нийтийн бухимдлыг төрүүлж байна гэж хардаг. Энэ удаагийн Засгийн газар гурван тулгуурт бодлогыг хэрэгжүүлэхээр зорилт тавин ажиллаж байгаа нь улсыг хөгжүүлэх нэг оролдлого гэж харж байна.
ХӨГЖЛИЙН ЗАГВАРАА ТОДОРХОЙЛ

Шийдвэр гаргах тодорхой сонголтыг хийж байгаа хүмүүсийн олонх нь юу хүсч байгаа, хаашаа явахаа тодорхойлон түүндээ тулгуурлан улс төрийн болон хөгжлийн загварыг гаргах боломжтой. Энэ нь зөв эхлэл байж чадвал улсыг хөгжүүлэх эхний алхам болох учиртай. Бид ямар улсын иргэн байх вэ гэдэг хувь хүн бүрийн бодох асуудал. Улстөрчдөө хараад, гар тосоод байгалийн баялгаа хуваарилж авах тухай мөрөөдөөд суух нь зохисгүй. Иргэн бүрт тэгш боломжийг өгч, хийж бүтээх чин эрмэлзэлтэй хүмүүст боломж олгох нь чухал. Ер нь хувь хүн амьжиргаагаа дээшлүүлэх, бизнес эрхлэх орчныг бүрдүүлсэн нийгэм хэрэгтэй юү. Эсвэл тэр бүгдийг боомилсон нийгэм хэрэгтэй юү гэдэгт хариулт өгөх цаг болсон. Анх ардчилсан нийгмийг байгуулахдаа хүний хөдөлмөрийг шударгаар үнэлж, эрх чөлөөтэй, тайван амьдрах боломжийг бүрдүүлнэ гэдэг байсан. Гэвч бид 28 жилийн хугацаанд юунд хүрсэн, хөгжлийн төвшин маань ямар хэмжээнд байна вэ гэдгийг бодитоор нь дүгнэх хэрэгтэй. Мөн хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээж чаддаг нийгмийг цогцлоохыг хүссэн шүү дээ. Бид өнгөрснөөрөө амьдардаг биш ирээдүйд ямар улс байх вэ гэдгээ шийдэх цаг нь болсон. Ирээдүйд ямар онцлогтой, өөрийн гэсэн хөгжлийн төвшингөө дэлхий нийтэд хүлээн зөвшөөрүүлсэн загвар байгаа эсэхийг анхаарах шаардлагатай. Монгол Улс олон улсад ямар байр суурьтай вэ, хамтын нийгэмлэгт ямар байр суурьтай байгаа вэ гэдгээ тодорхойлсон загвар бий юү. Тэр дундаа Ази тивдээ ямар хэмжээнд үнэлэгдсэн улс байх вэ гээд олон зүйлийг тодорхой болгох учиртай. Өөрөөр хэлбэл, хөгжлийн загвараа тодорхойлох хэрэгтэй гэсэн үг. Дээрх бүх асуудлын алийг нь ч хэрэгжүүлээгүй гэдгийг цаг хугацаа, дэлхий нийтийн чиг хандлага тодорхой харуулж байна. Сүүлийн 28 жилийн хугацаанд Монгол Улс уул уурхай, түүх, хүний хөгжил, аялал жуулчлал гээд аль ч салбарт дэвшил гаргаж чадаагүй гэхэд хилсдэхгүй. Учир нь эдгээрээс сонголт хийж ямар зарчмаар ажиллахаа тодорхойлж чадаагүйгээс бид хөгжиж чадаагүй гэж болно. Нөгөөтэйгүүр хэн нэг удирдагчид бүхий л асуудлаа даатган халамжийн нийгмийг хөгжүүлээд бүх хүнийг баян чинээлэг болгох гээд байна уу гэдэг асуулт ч гарна. Энэ мэтчилэн олон асуултад хариулт өгөх хэрэгтэй. ЗӨВ ХАНДЛАГА БА БОЛОВСРОЛЫН СИСТЕМ Хэрэв бид иргэн бүрийг амьдралаа аваад явах чадвартай, бизнес, улс төрд чин шударгаар үнэлэлт өгч чаддаг, хөдөлмөрийн үнэлэмжийг шударгаар тогтоодог нийгмийг бий болгохын тулд нэн тэргүүнд боловсролын асуудлыг ярих учиртай. Үүний тулд бага боловсролоос илүүтэй гэр бүлийн хүмүүжил, аливаад хандах хүмүүсийн хандлагаас эхлэх ёстой гэж хардаг. Ер нь гэр бүлийн үнэт зүйл явсаар Монгол Улсын үнэт зүйл болж хувирдаг гэдгийг ойлгох хэрэгтэй юм. Манай улсын хувьд дэлхий нийттэй хөл зэрэгцэн алхаж яваа нэг зүйл нь цахим орчны хэрэглээ. Гэтэл энэ орчноос хүүхэд, залуус ямар мэдээллийг олж авах вэ гэдэг нь хамгийн чухал. Бидний хувьд үнэн, худал нь үл мэдэгдэх бүх мэдээллийг сошиал орчноор тараадаг. Түүнчлэн томчуудаас гарч буй увайгүй араншин, үйлдэл гээд хүүхэд, залуустаа сайнаар үлгэрлэн харуулах зүйлс тун бага болжээ. Аливаа улс үе үеэрээ солигдон улс эх орноо удирдах хүмүүсийг бойжуулдаг. Энэ цаг үед бидний үеийн залуус Монгол Улсыг ирээдүйд хэрхэн хөгжих вэ гэдгийг чиглүүлэх учиртай ч зарим үед хэрээс хэтэрсэн алхмуудыг хийдэг болж. Түүнчлэн үнэт зүйлээ зөв тодорхойлж чадаж байгаа эсэхээс бүх зүйл эхэлнэ. Харамсалтай нь улс төрийн тогтолцоо энэ бүхнийг хийх, эргэж харах боломжийг олгохгүй байна. Би Оюутны холбооны ерөнхийлөгч байхдаа тухайн үеийн Батлан хамгаалахын сайдтай ярилцан “Оюутан цэрэг” хөтөлбөрийн талаар ярилцан батлуулж байсан. Ингэснээр эх орноо хамгаалах үйл явцад оролцохын зэрэгцээ суралцах боломжийг бүрдүүлсэн. Үүнтэй нэгэн адилаар “1000 багшийн хөтөлбөр” боловсруулах хэрэгтэй. Гадаад орны тусламжийн мөнгөөр оюутнуудыг явуулахын оронд тэндээс шилдэг багш нарыг нь авчирч бүх хүүхдэд дэлхийн боловсрол олгож болно шүү дээ. 5-10 жилийн дотор англи хэлний өндөр мэдлэгтэйгээр дунд сургуулиа төгсөх боломжийг бүрдүүлэх учиртай. Өнөөдөр хэл ертөнцтэй харилцах цонх болсныг нийтээрээ хүлээн зөвшөөрдөг. Гэтэл үүнийг хэрэгжүүлэхэд хойрго хандах хэрэггүй. Хэрэв мэдээлэл технологийн дэвшилтэй хөл зэрэгцэн алхахыг хүсч байгаа бол бүх хүнийг төгс англи хэлтэй болгох алхмыг хийж болно. Монголчууд дэлхийн иргэн юм дэлхийтэй харилцах зайлшгүй шаардлага тулгарна. Үүнийг давахын тулд цаг алдахгүй боломжийг эрэлхийлсэн шийдвэр гаргаж, түүнийг хэрэгжүүлэх механизмыг бүрдүүлэх нь чухал. АМБИЦ БА БОДИТ БАЙДАЛ Сүүлийн үед амбиц гэдэг зүйлийн талаар сайн, муу зүйлийг ярих болжээ. Ялангуяа, залууст амбиц байж болох бөгөөд түүнийгээ хэрхэн илэрхийлэх вэ гэдгээс бүх зүйл хамаарна. Хамгийн гол нь ярьсан зүйлээ хийдэг, хэрэгжүүлдэг байх ёстой. Түүнээс олон гоё зүйлийн тухай хоосон ярьдаг байж болохгүй. Тэр ч бүү хэл хэн нэгнээс хамааралтай байсан мэтээр ойлгуулахыг оролдох ч хэрэггүй. Хэрэв бусдад хүлээн зөвшөөрөгдсөн манлайлагч байя гэвэл, хийснээ хэрэгжүүлдэг байх учиртай. Мэдээж аливааг хийхэд гарц, гаргалгаа байж л байдаг. Харин хийх үү, ярих уу гэдэг нь хувь хүний өөрийнх нь идэвх зүтгэлээс хамаардаг юм. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө ярьсныг хэрэгжүүлж чадаагүйнхээ шалтгааныг бусдад нялзаах нь хийж бүтээхээр эрмэлзэж буй хэлбэр огт биш. Тэгэхээр хоосон хийрхдэг, юу ч хийдэггүй хэрнээ олон ухаантай зүйлийг ярьж байгаа учраас олон нийт дургүй байхын зэрэгцээ хүлээн зөвшөөрөхгүй шүү дээ. Болж бүтэхгүй зүйлийн тухай ярьсаар байгаад ирээдүй хойч үеэ шавар, шалбаагт живүүлэх хэрэггүй. Хийж бүтээдэг залуус бий. Тэднийгээ алдаршуулж, залууст үлгэр дууриалал болгох хэрэгтэй. Мөн үндэсний манлайлагч үйлдвэрүүдтэй болох ёстой. МАНЛАЙЛАГЧДЫН ТҮҮХЭЭС СУРАЛЦ Манай улс зах зээлийн нийгэмд шилжээд алдсан зүйл ч бий, оносон нь ч бий гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өнөөдөр үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхийн сацуу дэлхий нийтэд танигдсан томоохон компаниуд Монголд бий. Тэдний бизнесийн амжилтын түүхийг хүүхэд залуустаа сурталчилан таниулах учиртай. Хувь хүний сурталчилгаа мэтээр өрөөсгөл ойлгож болохгүй. Учир нь амжилтад хүрсэн хүмүүсийн түүх ирээдүйд өсч, бойжих дэлхий дахинд танигдсан бизнесийн манлайлагчдыг төрүүлэх болно. Өөрөөр хэлбэл, одоогийн дээд сургуулийн оюутнуудад гадны бизнесийнхний түүхийг сурталчилан таниулдаг. Тэгвэл Монгол Улсыг хөгжүүлэх ирээдүйн эздэд бид эх орныхоо бүтээн байгуулагч, баялаг бүтээгч манлайлагчдын тухай ярих түүх бий шүү дээ. Ингэснээр олон нийт болохгүй гэхээс илүүтэй болгож, бүтээхийн төлөө зүтгэж, амжилтад хүрсэн хүмүүсийн талаар мэдээлэлтэй болно. Энэ нь өнөөдрийг хүртэл ярьсаар байгаа олон нийтийн эерэг дэмжлэгийг бий болгох учиртай юм. ХУВИЙН ХЭВШИЛД ТУЛГУУРЛАСАН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛ Бид анх ардчилсан нийгмийг байгуулахад улс төр, нам төвтэй нийгэмтэй болохыг хүсээгүй. Харин хувийн хэвшилд тулгуурласан эдийн засагтай, хувийн хэвшил манлайлдаг зах зээлтэй хөгжлийн загварыг сонгосон. Түүндээ тууштай байж, үнэнчээр зүтгүүлэх хэрэгтэй. Бизнес давамгайлсан эдийн засаг, нийгмийг бүтээхийн тулд юу хийх ёстой вэ гэдэг асуултыг хүмүүс тавьдаг. Миний хувьд “Ард санхүүгийн нэгдэл”-ийг хоёр жил гаруйн өмнө байгуулсан. Намайг компаниа байгуулж байх үед надад ямар ч улс төрийн дэмжлэг байгаагүй гэдгийг цаг хугацаа харуулж байгаа. Тиймээс хүн зорьсондоо хүрэхийн тулд тэмүүлэлтэй, зөв хандлагатай, чин эрмэлзэлтэй, тууштай хөдөлмөрлөвөл аливаа зүйлийг бүтээж болдог гэдгийг харуулж байгаа. Тэгэхээр бид нэгэнт гарсан жимээр явахдаа холбирч унахгүй байхыг л хичээх хэрэгтэй. “ЧОНО” ЭДИЙН ЗАСАГ 2008 онд “Чоно” эдийн засаг гэдэг төлөвлөгөөг гаргаж байсан. Манай улс массын үйлдвэрлэл эрхэлж Тайланд, Мьянмартай өрсөлдөж чадахгүй. Монголчууд хямд хөлсөөр хөдөлмөрлөхгүй. Манай улс хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэн нүүрс хүрздээд зогсох ирээдүйтэй хүмүүс биш. Тэгэхээр эдийн засгийг солонгоруулахын тулд бид эрхэмсэг, тансаг байдлыг эрхэмлэн үнэтэй, чанартай, ховор нандин брэнд байх ёстой. Үүнд аялал жуулчлал, үйлчилгээ, загвар зохион бүтээх, банк санхүү гээд бүх салбарт ч энэ чанарыг эрхэмлэх учиртай. Монгол хүний цаг хамгийн үнэтэй олддог байх учиртай. Учир нь бид гурван саяулхнаа. Хэдийгээр манай ард түмэн оюуны болон гарын ур дүй сайтай гэгдэх ч бидний ирээдүй, хойч үе маань оёдолчин байх ёсгүй. Харин бид санхүүгийн төв болж, чөлөөт бүсийг бүтээн байгуулж манлайлагч байх ёстой. Үүний тулд боловсролтой Монгол иргэнийг бүтээхийн сацуу гэр бүлийн хүмүүжил, хандлагыг зөв төлөвшүүлэх учиртай гэж хардаг. Хүмүүст гэгээлэг итгэлийг бий болгох хэрэгтэй байгаа юм. Үүний тулд хүн бүр хичээх хэрэгтэй. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонинБлиц
Боловсрол: -Унгар улс “Budapest University of Economic Sciences”-ийн бакалавр -АНУ Stonier /ABA, Shore bank, Бүтээлч манлайллын төв Харвард Кеннэди их сургууль Мэргэжил: -Эдийн засагч Хэлний мэдлэг: -Англи, Орос, Унгар Ажлын туршлага: -2014 оноос “Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн, гүйцэтгэх захирал -2012-2014 он “И Ай Ти” ХХК-ийн ТУЗ-ийн дарга -2010-2012 он Сангийн дэд сайд -2009-2010 он “Тэнгэр санхүүгийн нэгдэл” гүйцэтгэх захирал -1998-2009 он ХасБанкны үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал