
С.УЯНГА
Өмнөговь аймаг дахь Даланбулаг хүнсний үйлдвэрийн захирал Ц.Энхтүвшинг “Бизнес хөгжил” буландаа урьж ярилцлаа.
-Танай компанийн үйлдвэрлэж байгаа тэмээний чөмөгний тос, сүүлний тосыг цэвэр эко бүтээгдэхүүн гэж ойлгож болох уу?
-Манай компани арван жилийн өмнө Даланбулаг цэвэр усны үйлдвэр нэртэйгээр таван ажилчинтайгаар байгуулагдаж байсан бол одоо үйлдвэр болон өргөжиж 45-уулаа болсон байна.
Цэвэр ус, мах махан бүтээгдэхүүн, нөөшилсөн хүнс зэрэг есөн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн зэрэгцээ тэмээний чөмөгний тос, сүүлний тос, хөмүүлийг нийслэл болон Эрдэнэт, Дарханд борлуулж байна. Өнгөрсөн оноос олон улсын чанарын удирдлагын тогтолцоо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Үйлдвэрлэлийн маань найдвартай худалдан авагч бол хэрэглэгчээс гадна Оюутолгой зэрэг уул уурхайн томоохон компаниуд байдаг. Уул уурхайн компаниуд хэдийгээр гол төсвийг бүрдүүлж байгаа ч цаг хугацаатай бизнес учраас тогтвортой үйл ажиллагаа эрхэлж байх үед нь экологийн цэвэр бүтээгдэхүүн буюу экспортод гаргах Монголын брэнд бүтээгдэхүүнийг судалж үйлдвэрлэхийг зорьж байна. Жилд нэг шинэ бүтээгдэхүүн гаргаж таниулах, төлөвшүүлэх зорилт тавьсан. Энэ жил ямар ч химийн бодисын найрлагагүй экологийн цэвэр бүтээгдэхүүн цууг уламжлалт аргаар хийхээр судалж байна.
-Орон нутагт бизнес өргөжих, дэвших бололцоо хэр байна вэ. Давуу тал ч байдаг байх?
-Орон нутагт жижиг дунд үйлдвэрлэл хөгжих боломж бий. Хамгийн гол нь гарааны бизнес эрхэлж байгаа хүмүүсийн санхүүгийн боломж, тэвчээр дутагдаж байна гэж харагддаг. Тухайлбал, манай компани цэвэр ус үйлдвэрлээд эхний нэг жил гаруйн хугацаанд ямар ч ашиг олоогүй. Тодорхой хугацааны санхүү болон сэтгэлзүйн шалгуур давсны дараа харилцагч, худалдан авагчтай болсон. Бууз банш үйлдвэрлэхэд ч гэсэн эхний үед худалдан авагчгүй байсан ч шантрахгүй зүтгэсэн. Ашиггүй гээд орхих биш чанарыг нь сайжруулаад байхад танигдаад үр дүн гардаг.
Дэлхий даяар бараа, бүтээгдэхүүнийн эрэлт цэвэр экологи тал руугаа явж байна. Тиймээс зах зээлийг зөвхөн Монгол гэж харах биш хойд, урд хөрш байна гэж харах хэрэгтэй. Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлээд байхад аяндаа боломж нээгдэж байдаг. Сүүлийн үеийн зарим хүнс янз бүрийн хорт хавдрын эх үүсвэр болж байна гэдгийг хэрэглэгчид ойлгоод экологи талын эрэлт илүү зонхилж байна. Тухайлбал, дотоодынхоо сүүлний тосыг хүнсэндээ хэрэглэж эхэлж байна.
-Таны хувьд тэсвэр тэвчээр болон санхүүгийн бэрхшээлийг хэрхэн даван туулсан бэ?
-Манай гэр бүлийн хүн бид хоёр шаргуу хөдөлмөрлөсөн. Эхний хэдэн жил үйлдвэртээ амьдарсан. Цагаан сараас бусад үед амарч үзээгүй. Анх цэвэр ус үйлдвэрлэхдээ тоног төхөөрөмжөө зөв ажиллуулахаас эхлээд их хугацаа зарцуулсан. Дараа нь дэлгүүрүүдээр гүйж борлуулалтаа хийнэ. Долоон жил гаруй өөрөө борлуулалтаа хийсэн. Дэлгүүрт ороод хүнтэй яаж харьцахаас л бүх зүйл шалтгаалдаг. Анх баллонтой усаа бариад байгууллагуудаар явж тайлбарлахад ойлгодоггүй байсан бол одоо эрэлттэй байна. Хүмүүс ойлгохгүй байсан ч шантарч болохгүй. Ер нь их л зүйл даван туулсан даа.
Монголчуудын хувьд нийтлэг нэг зүйл байдаг нь өр зээл тавиад том, жижиг компани байгуулдаг. Компани нь хөл дээрээ зогсох битгий хэл ашгаа ч өгч амжаагүй байхад захирал болоод зангиа зүүчихдэг. Юу ч болоогүй байхад дарга болж өрөөнд суугаад хүн загнаад эхлэхээр бизнес өргөжих, ахиж дэвших боломж хаагддаг. Мөн захирлын өрөө тохижуулах, сандал ширээний асуудал бол эхний биш дараагийн ээлжийнх. Миний хувьд Японд дөрвөн жил ажиллаж амьдарсан хэвшил байдаг байх. Эхний найман жил ажилтнуудтайгаа зэрэгцээд ажилласан. Одоо ч гэсэн албаны чухал уулзалтгүй л бол ажлынхаа хувцаснаас салдаггүй. Дунд нь ороод ажиллахад ажилчид ч урамтай. Тоног төхөөрөмж ажиллуулахаас гадна цэвэрлэгээ үйлчилгээгээ олон жил өөрсдөө хийсэн дээ. Их сургуульд олохгүй боловсролыг амьдрал дээр сурч байна. Гагцхүү сэтгэл, зүтгэл гаргаж ажиллавал амжилтад хүрнэ. Манай компанийн хувьд хямралыг давсан гол хүчин зүйл нь тогтвортой худалдан авалт хийдэг уул уурхайн компаниуд ч гэсэн массын борлуулалт илүү байсан. Чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлээд байхад аяндаа хүмүүс таньж эхэлнэ.
-Экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох зорилгодоо хэр дөхөж байна вэ?
-Тэмээний чөмөгний тосыг ченжүүд манайхаас худалдаж аваад Хятад руу гаргадаг, Герман руу хэд хэдээр нь хүмүүс авч явж байна. Энэ бол бага ч гэсэн экспортоос гадна улс орныг сурталчилж байна гэж ойлгож эхний алхмаа хийсэн гэж бодож байгаа. Олон улсын стандартаа нэвтрүүлчих юм бол гадаад, дотоодын харилцагч компаниудтай хамтраад хоёр дахь алхмаа хийнэ гэж төлөвлөж байгаа.
Бизнесийг төлөвлөж хийхэд мөрөөдөх л хамгийн чухал гэж боддог. Мөрөөдөж чадсан хүн оновчтой гарцыг олж харж сэтгэж чаддаг учраас ажлынхаа 50 хувийг тархиндаа төлөвлөчихнө. Зөв мөрөөдөөд түүнийгээ хөрсөн дээр зөв буулгаж чадсан хүн ямар ч ажлыг хийнэ. Зорилгоо мөрөөдлөөр хөглөж бодит болгох чухал. Түүнээс мөнгөтэй мөртлөө мөрөөдөж чадахгүй, тархиндаа бизнес төлөвлөгөө боловсруулж ажил эхлүүлж чадахгүй хүмүүс байдаг.
-Сүүлийн үед байгууллагууд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авдаг болсон?
-Ажилчдын арван хүн тутмын нэгд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах юмсан гэсэн бодлого баримталдаг. Одоогийн байдлаар нэг хүн жирэмсний амралттай, мөн цөөхөн ч гэсэн хөлгүй, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүмүүс ажиллаж байна. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй хэд хэдэн хүнийг ажлын байртай болгохоор ажиллаж байна. Ажилчдынхаа хандлага, норм стандарт хэр барьж ажиллаж байгаагаас нь шалтгаалж сард цехээс 3-4 хүнийг 80 мянган төгрөгөөр урамшуулдаг. Харин үлгэр жишээ ажилласан цехийг нь сая төгрөгөөр урамшуулж амралтын газар явуулах зэргээр зохион байгуулдаг. Тогтвор суурьшилтай ажиллаж байгаа болон өрх толгойлсон эмэгтэйчүүд, гэр хороололд амьдардаг ажилчдаа тодорхой хэмжээгээр дэмждэг. Дээр нь ажилчдаа аль болох шагнал урамшуулалд тодорхойлохыг хичээдэг.
-Татвар дарамт болж байгааг бизнес эрхлэгчид хэлдэг. Таны хувьд бизнес эрхлэх таатай орчныг хэрхэн хардаг вэ?
-Ихэнх бизнес эрхлэгчид татварыг дарамт гэж хүлээж авдаг. Бизнес гэдэг тооцоон дээр суурилдаг учраас анхнаасаа төлөх ёстой үүрэг гээд татвараа тооцоолоод явах юм бол хүндрэл гарахгүй. Бизнес эрхлэгчдийн татвар төлөхөөс дургүйцдэг нэг зүйл нь төлсөн мөнгө нь зөв зүйлд зарцуулагдахгүй. Авлигачид, оффшорчдыг тэжээж байна гэдэг утгаараа татвар төлөхөөс зайлсхийдэг. Тэр нь дарамт юм шиг санагдаж харамсах сэтгэлээ тайлж уншиж чадахгүй бухимддаг байх. Тухайлбал, манай компани цэвэр усаа үйлдвэрлээд борлууллаа гэхэд уул уурхайн компани НӨАТ-тай үнээр нь авч байгаа. Худалдагчийн өгсөн НӨАТ-ыг аваад татварт өгчихөд л болчихно. Улс орны оршин тогтнох үндэс нь яалт ч үгүй татвар учраас төлөх үүрэгтэй. Тиймээс цаг тухай бүрт нь төлөөд явдаг.
Төр татвараа авах ёстой. Харин бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэхийн тулд банкны зээлийн хүүг бууруулж өгөх хэрэгтэй. Банкны зээлийн хүүг таван хувь руу ч оруулж болно. Тэгж байж улс орон хөгжинө.
-Танайх орон нутгийн дэмжлэг, зээл тусламж авдаг уу?
-Японд ажиллаж ирээд хуримтлуулсан мөнгөөрөө бизнесээ эхлүүлсэн. Ер нь манай үйлдвэр дээр ирж танилцаж, мөнгө амлаагүй сайд дарга олон. Аймагт ирж ажиллахдаа их ч мөнгө амласан.Миний санаж байгаагаар Я.Санжмятав, Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат, П.Сэргэлэн нар 250-500 сая төгрөгийн дэмжлэгийг газар дээр нь шийдлээ гэж хэлээд явсан. Энэ нь эргээд дэмжлэг биш дарамт болдог. Төсөл бичээд хот руу сайд дарга нартай уулзана гээд цаг зав зардал их гарна. Сүүлд нь бүтсэн ажил нэг ч байхгүй. Хаанаа гацсан нь мэдэгддэггүй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
