
Г.НАСАНБААТАР
Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Танай аймаг өвөлжилт хэр байна вэ. Өвөлжилтийн бэлтгэлээ хэр базаав?
-Аймгийн нийт газар нутгийн 50 хувь нь гантай болон гандуу байдлаар өнгөрсөн зуныг үдсэн. Өнгөрсөн оны сүүлээр цас орсны дараагаас хүйтний эрч чангарч хөрсөн дээр -53 хэм хүрсэн. Энэ нь өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Одоогийн байдлаар 14 сум цагаан зудын байдалтай байна.
Өвөлжилт хүндэрч байгаа шалтгаан нь цасан бүрхүүл зузаан тогтож, хүйтэрч байгаатай холбоотой юм. Өнгөрсөн зун зуншлага тааруу байсан. Ялангуяа, говийн бүсийн Ургамал, Завханмандал, Тэлмэн сум хүнд нөхцөлтэй өвөлжиж байна. Эдгээр суманд сүүлийн гурван жил зундаа бороо, өвөлдөө цас ороогүй, газрын гарц муу байсантай холбоотой. Хойд талын Цэцэн-Уул, Сонгино,Тэс, Баянтэс сум 25-60 см-ийн зузаан цасан бүрхүүл тогтсон нь өвөлжилтийг хүндрүүлж байна. Аймгийн Засаг даргын зүгээс албан даалгавар гаргаж нөөц бүрдүүлэх чиглэл өгсөн. Үүний дагуу малчид өвс, тэжээлийн нөөцөө бүрдүүлсэн. Өвс, ургамал муу байгаа болохоор гар тэжээл бэлтгэх ажилд анхаарах ёстой гэж үзэн аймгийн Хөдөө аж ахуйн газраас гарын авлага бэлтгэж малчдад тараасан. Гэсэн ч өнгөрсөн оны сүүлч гэхэд малчдын бэлтгэсэн өвс, тэжээлийг хэрэглээд дууссан. Тиймээс сумдыг аюулгүйн нөөцтэй болгож сум болгон жилийн нөөцөө бүрдүүлснээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард малчдад хүргэсэн.
-Цаашид өвөлжилт хүндрэх төлөв саарахгүй байвал ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна вэ?
-Мэдээж аймгийн аюулгүйн нөөц гэж бий. Үүнд 170 гаруй тонн өвс, 460 гаруй тонн тэжээл бэлдсэн. Өнгөрсөн сарын 2-нд аймгийн онцгой комисс хуралдаж малчдын нөхцөл байдал хүндэрч байгаагаас үүдэн улсын нөөцийн өвс, тэжээлийг хямдарсан үнээр малчдад хүргэх тээврийн зардлыг шийдэж өгөөч гэсэн хүсэлтийг Улсын онцгой комисст хүргүүлсэн. Түүнчлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, зарим сумдын түргэн тусламжийн машиныг шинэчлэх хүсэлтээ тавьсан. Одоогоор Улсын онцгой комиссоос малчдад өвсийг үнэгүй, тэжээлийг 50 хувиар хямдруулж өгөх шийдвэр гарсан байна. Үүний дагуу Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг Завхан аймагт ажиллалаа. Мөн Дөрвөлжин, Яруу, Тосонцэнгэл сумын эмнэлгийн машиныг шинэчлэх шийдвэр гарч эмнэлгүүд машинаа хүлээж авлаа.
Үүний дараагаар аймгийн онцгой комисс дахин хуралдаж өвөлжилт хүндэрсэн сум, багуудад аймгийн нөөцийн өвс, тэжээлийг хямдралтай үнээр хүргэж өгөх ажлыг зохион байгуулахаар ажлын хэсэг томилсон. Ажлын хэсгийг аймгийн Засаг дарга ахлан эмч нарын баг бүрэлдэхүүнтэйгээр сумдад ажилласан. Ингээд 14 хоногийн хугацаанд 11 сумаар орж өвөлжилт хүндэрсэн 29 багийн малчидтай уулзаж өвс, тэжээлийг хүргэж өгсөн.
-Өвс, тэжээл хүргэж өгөх тээврийн зардлыг хаанаас гаргасан бэ?
-Өвс, тэжээлийг малчны хотонд хүргэхэд 40 гаруй сая төгрөгийн зардлыг аймгаас гаргасан. Нийт 2000 гаруй малчны хотонд хүрч ажиллалаа. Ийнхүү малчидтай уулзах зуураа тэдэнд эрүүл мэндийн тусламж үзүүлсэн. Мөн эмийг бөөний үнээр хүргэж өгөх ажлыг зохион байгуулав. Түүнээс гадна сумын эмийн сангийн эргэлтийг нэмэхэд зориулж аймгийн Засаг даргын нөөц сангаас сум бүрт нэг сая төгрөгийн эх үүсвэрийг шийдэж өглөө.
-Өнгөрсөн жил хийхээр төлөвлөсөн ажлын биелэлт ямар төвшинд байв?
-2017 онд хийхээр төлөвлөсөн ажлын биелэлт 90 гаруй хувьтай байлаа.
-Танай аймгийн хувьд Улиастай-Тосонцэнгэл чиглэлийн замын асуудал бий. Энэ жил бүрэн баригдаж дуусах уу?
-Улиастай-Тосонцэнгэл чиглэлийн 114 км хатуу хучилттай зам өнгөрсөн жил нэлээд эрчимтэй явж 60 км замыг барьж дууссан. Ингэснээр нийслэлийг зорих зорчигчид гурван цагийг хэмнэж байгаа юм. Энэ хавар 54 км замын хучилтын ажлыг хийж замын ажлыг бүрэн дуусгана. Мөн энэ замаас үргэлжилж байгаа Загастайн давааны 67 км замын хөрөнгийн асуудлыг өнгөрсөн оны тавдугаар сард Засгийн газрын тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн. Хоёр удаа тендер зарлаад хүчингүй болсон учраас шууд гэрээ байгуулах учиртай. Одоогоор зам барих компаниудтай гэрээний нөхцлөө тохирох хэлэлцээр хийж байна. Гэрээ байгуулсаны дараа буюу ирэх хавраас замын ажил эхэлнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Түүнчлэн Тосонцэнгэл-Сонгино чиглэлийн 167 км хатуу хучилттай зам барих хөрөнгийг шийдсэн. Мөн л хавраас ажил нь эхэлнэ.
-Танайх үйлдвэрлэгч аймаг болно гэсэн уриалга гаргасан. Ажлын явц ямар байна вэ?
-Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч болох уриалга гаргасан. Энэ хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 2016 оны есдүгээр сараас эхлэн оёдлын сургалтыг 24 суманд зохион байгуулж 1126 хүнийг хамруулсан. Сургалтад хамрагдсан хүмүүс өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа нь сургалтыг амжилттай болсныг илтгэж байна гэж дүгнэсэн. Нөгөөтэйгүүр Завхан аймаг хамгийн их хоньтой. Аймгийн нийт мал сүргийн 52 хувийг хонин сүрэг эзэлдэг. Тиймээс хонины ноосоор хийж болох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжтой юм. Ингээд энэ чиглэлийн сургалтыг бүх суманд зохион байгуулж 300 гаруй хүнийг хамруулсан. Одоогоор 1500 гаруй үйлдвэрлэгч өрх шинээр нэмэгдсэн байгаа. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ эцсийн бүтээгдэхүүнийг борлуулах ажлыг эрчимжүүлэхэд анхаарч аймгийн удирдлагуудын зүгээс үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан. Өнгөрсөн жилээс эхлэн “Хамтын хүч хөгжлийн гарц” үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг уламжлалтай боллоо. Энэ жил Орхон аймагт “Завханд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа болсон. Үүнд манай үйлдвэрлэгчид идэвхтэй оролцож эрдэнэтчүүд маань ч дэмжин хүлээж авсан.
Эх сурвалж: " Зууны мэдээ" сонин