
Р.Оюун
“Монгол Улсын төлөө” булангийн энэ удаагийн зочноор Говь-Алтай аймаг дахь Монгол Улсын баатар Д.Гуулингийн нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт Хилийн 0214 дүгээр ангийн Хөдөө аж ахуйн албаны дарга, дэд хурандаа Д.Ганбаатар, түүний гэргий, тус ангийн Хүн эмнэлгийн асрагч Л.Цэрэндэжид нарыг урьсан юм. Д.Ганбаатар 30, Л.Цэрэндэжид 27 дахь жилдээ хил хамгаалах байгууллагад ажиллаж байна.
МАЛЫН СУУРИЙН АХЛАГЧААС ЗАСТАВЫН ДАРГА БОЛСОН НЬ
Б.Ганбаатар Говь-Алтай аймгийн Төгрөг суманд төрсөн. 1977-1985 онд ерөнхий боловсролын сургуулийг, 1985-1988 онд Ховд аймгийн хөдөө аж ахуйн техникумыг малын эмчээр төгсч нутагтаа малын эмчээр ажиллаж байгаад 1988 онд цэргийн албанд морджээ. Тухайн үедээ хилчин болно гэж бодож байсангүй. Анх цэрэгт ирж, хилийн заставт алба хааснаар түүний хилчний гараа нь эхэлсэн аж. Түүнийг цэрэгт ирэхэд анхны ангийн захирагч нь хошууч генерал Я.Пүрэвдорж байсан бөгөөд 1989 онд шинэ цэрэг түрүүч цолоор шагнуулж, эвлэлийн үүрийн даргаар сонгогдон ажиллав. Тэрээр хийсэн ажлаараа тэр жилээ хилийн цэргийн хэмжээнд түрүүлсэн нь түүний хувьд том шагнал байжээ. Тэр үед хилийн цэргийн хэмжээнд “Ээж, хүүгийн уулзалт”-ыг Улаанбаатарт зохион байгуулахад ээжтэйгээ оролцжээ. Тэгэхэд малын эмчийг хаана ч очоод хийнэ. Энэ олон сайхан эрстэй ажиллах нь миний цаашдын зорилго, миний ирээдүй гэдгийг цагаан онгоцонд сууж явахдаа мэдэрчээ. Эндээс л цэргийн хүн болох мөрөөдөл минь эхэлсэн хэмээн нийтлэлийн баатар маань ярьж байлаа. 1990 оны тавдугаар сард хурандаа Лхагвасүрэн дуудаж уулзаад “Чамайг малын суурийн ахлагчаар тавилаа, чадах уу” гээд 11 мянган 600 мал, 28 цэрэг, 14 гэрийг эд хогшилтой нь хүлээн авч 20 настай залуу анх хилийн амьдралд хөл тавьжээ. Хилийн I заставт байхдаа гэргийтэйгээ танилцаж, гэр барьж хуримаа хийсэн бөгөөд гурван жилийн дараа сайн ажилласан хэмээн малын салаан захирагчаас заставын даргаар томилсон нь түүнд их итгэл хүлээлгэжээ.
25 ӨГҮҮЛБЭРТ БАГТААСАН САНАЛ
1996 оны аравдугаар сард Ерөнхий сайд П.Жасрай гуай Бугат сумын хүн учраас өөрийнхөө нутгийн заставт очно гэсэн болохоор бэлтгэл ажил эхэллээ. Д.Ганбаатар тухайн үед Хилийн I заставын дарга байсан юм. Хилийн цэргийн удирдах газрын дарга, хошууч генерал П.Сүндэв “Дэвтэр, балаа аваад наашаа суу. Өнөөдөр хилийн заставт алба хааж байгаа таныг, офицер, ахлагч нарыг үнэгүй хоолны хангалтад оруулах гэж байна. Энэ асуудалд судалгаа хийгээд Засгийн газрын хэмжээнд ярьж байгаа. УИХ-ын төвшинд ярих гэж байна. Тиймээс өнөөдөр яг хилийн заставын нэгжид ажиллаж байгаа та үүнийг л Монгол Улсын Ерөнхий сайдад хэлэх ёстой. Та үүнийг чадах уу” гэхэд нь чадна гэж. Ингээд техникийн дарга, дэд хурандаа С.Баярмагнай гуайтай зөвлөлдсөний эцэст түүний хэлэх үгийг товчхон, ойлгогдохоор 25 өгүүлбэрт багтаагаад цээжилжээ.
Тэрээр “Заставын дарга Хилийн цэргийн командлагчаас өгсөн үүргийг биелүүлж чадахгүй юм бол заставын дарга байх шаардлагагүй. Өнөөдөр цэргийн даргын давуу тал юу вэ гэвэл үүргээ биелүүлсэн цэргийн даргыг л цэргийн дарга гэнэ. Ямар ч үүрэг байж болно. Тэр үүргийг би биелүүлэх ёстой. Ингээд Ерөнхий сайдыг ирэхэд нь танилцуулгаа хийж, албан үйл ажиллагаагаа ярилаа. П.Жасрай гуай энгийн хүн байна лээ. Тэгээд “За миний хүү нутгийн хүү, нутагтаа ажиллаж байгаа юм байна. Нутгийн заставын дарга сайхан байна. Санал хүсэлт байна уу” гэхэд нь “Ерөнхий сайдад тавих нэг санал байна” гээд бэлдсэн зүйлээ хэллээ. Баярмагнай ах тэнд зогсч байсан, болсон гэж байгаа бололтой толгой дохиж байна. П.Сүндэв генерал босч ирээд “сайн байна” гээд гар барьсан. Тэрийг би их ойлгомжтой, тодорхой хэлсэндээ баярладаг. Ерөнхий сайд “Би Ерөнхий сайдын ажил авснаас хойш хэд хэдэн отряд, заставт очсон. Ийм санал хэлж байгаагүй. Туслах бичиж ав. Чи үүнийг мартуулж болохгүй. Энэ асуудлыг чадвал оны өмнө, чадахгүй бол он гараад ярина. Засгийн газрын хуралдаанаар үүнийг нэлээд том асуудал болгож оруулна. Сүндэв ээ чи ч гэсэн сануулахад гэмгүй шүү” гэж хэлэхэд нь дотроо баярлаж, үүргээ биелүүлж дээ гэж бодож байсан гэв.
Тэрээр цааш нь хэлэхдээ “Манай генерал юмыг олж харсан. Тэр хүний хэлж байгаа нэг өөр. Харин доод шатны хүн ингэж бодож явдаг юм байна гэдгийг хэлүүлж байгаа тэр генералын ухаан агуу юм. Манай хилийн цэргийн үе үеийн дарга нар байна. Газрын дарга нар хилчдийнхээ төлөө зүтгэсэн хүмүүс байдаг юм байна. Манай нутаг хамгийн олон генералтай аймаг. Үүнтэй адил мөн ангийн захирагч нар байна. Би Пүрэвдорж генералаас эхлээд одоо 14 дэх ангийн захирагчтайгаа хамтран ажиллаж байна. Ер нь бүгдтэй нь 2-5 ажилласан. Хүний урдаас хараад цэгцтэйхэн шиг үг хэлж чадахгүй юм бол хамт олныг удирдаж, чиглүүлж чадахгүй. Тиймээс өөрөө мэдлэгтэй, мэдээлэлтэй, чадвартай байх ёстой. Дээхнэ үеийн цэргийн дарга нар “Намайг хар, над шиг хий” гэж хэлдэг байсан. Би чадвартайдаа энэ бүгдийг хийгээгүй. Удирдлага, хамт олон, тухайн үед ажиллаж байсан хүмүүс, хань ижил гээд хүрээлэл их гэж байлаа. Түүнд энэ албан тушаал, алдар цол амар олдоогүй. Тэрээр загнуулж, зандруулах, муу үг сонсох энүүхэнд. Гэсэн ч тэр болгонд хатуужиж дахин алдаа гаргахгүйг хичээж явлаа. Чимээ гаргаж алдаж байснаас чимээгүй загнуулж зогссон нь онодог гэж надад нэг хүн хэлж байсан. Би ер нь хүнийг “Чи” гээд орилоод байх дургүй, дүү ч бай “Та” гэж хэлдэг. Хамт ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа бүх хүнийг хүндэтгэж явдаг” гэсэн юм.
ӨӨРӨӨ ХӨДӨЛМӨРЛӨЖ БОСГОСОН АМЬДРАЛ, АМЖИЛТ ЗӨГИЙН БАЛНААС Ч АМТТАЙ
Түүний хань Л.Цэрэндэжид мөн л Говь-Алтай аймгийн Бугат суманд төрсөн. Аравдугаар ангиа төгсөөд сумандаа цэцэрлэгийн багшаар гурван жил ажиллаж байгаад нөхөртэйгөө ханилан сууж 1992 оны хоёрдугаар сард заставт тогооч болжээ. Түүнийг анх заставт ирэхэд гэрэлгүй өглөө, оройн хоолоо дэнгийн гэрэлд хийж, түгээдэг байжээ. Тэрээр “Манай хүн заставаас сууриа эргэнэ, 10 гаруй мянган малтай, 14 суурьтай байсан. Өглөө унтаж байхад гараад явна, орой битүү цан болсон хүн ирнэ. Хүүхэд шуугисан орчноос заставт ирэхэд хэцүү санагдсан үе бий. Гэхдээ л энэ бол бидний цогцлоосон амьдрал. Амар юм гэж хаана байх вэ. Заставт цагийн манаанд нэлээд хэдэн жил гарсан” гэж ярихдаа түүний нүд гэрэлтэж байлаа. Л.Цэрэндэжид “Миний хань чинь сайхан хүн шүү дээ. Бид хоёр хоорондоо амархан ойлголцдог. Залуу насандаа бие биедээ туниж, тунирхаж явахыг алийг тэр гэх вэ. Гэхдээ амьдралын ноён нуруу, аливааг залах чадвар гэж агуу зүйл байдгийг бид амьдралаас мэдэрсэн. Хүн өөрөө хөдөлмөрлөж босгосон амьдрал, амжилт бол зөгийн балнаас ч амттай гэж хүмүүс ярьдаг. Амьдрал үнэхээр амттай. Сайхан хань, үр хүүхэд, хамт олонтойгоо сайхан амьдарч байна” гэв.
Эднийх хоёр хүү, хоёр охинтой. Том хүү нь аавынхаа мэргэжлийг өвлөж Ховд аймагт малын их эмчээр төгссөн. Харин хоёр дахь хүү нь багшийн сургууль төгсөөд хотод ажиллаж байгаа. Охин нь анагаахын сургуулийн III курс, бага охин нь Эрхүүгийн олон улсын эдийн засаг, банк санхүүгийн ангид суралцаж байгаа ажээ. Хилчин хос маань Хил хамгаалах байгууллагад “хилчин” хэмээн нэрлүүлж байгаадаа баярлаж явдаг гэж байлаа.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин