
Б.ТУУЛ
П.Н. Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн Нүдний мэс заслын тасаг хот, хөдөө, харьяа дүүрэг харгалзахгүй, нүдний өвчтэй, харааны эмгэгтэй бүх хүнд шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлдэг. Тиймээс тус тасгийн Мэс заслын эмч З.Баярцэцэгтэй уулзаж, сүүлийн үед хийгдэж буй шинэ хагалгаа, эмчилгээ үйлчилгээний талаар ярилцсан юм.
-Танайх улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг учраас аль ч улиралд үйчлүүлэгч олонтой угтах юм. Өнөөдөр олон хагалгаатай өдөр таарсан байна. Сүүлийн үед ачаалал хэр байна. Жилдээ бас цөөнгүй хүнд үйлчилдэг байх?
-Манай тасаг байгууллагдаад 20 орчим жил болж байна. Нийт 20 ортой, зургаан эмчтэй үйл ажиллагаа явуулдаг. Манайх улсын хэмжээнд нүдний бүх төрлийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлдэг, гурав дахь шатлалын эмнэлэг. Тэр утгаараа хот, хөдөө, дүүрэг харьяалал харгалзахгүйгээр нүдний тусламж үйлчилгээ авахыг хүссэн хүн бүрт үйлчилдэг. Жилд амбулаториор үздэг үзлэгийн тоо ч бас багагүй. Өмнө нь бид хоёр амбулаториор өдөрт 70 хүн үздэг байсан. Сард 1400 хүн үздэг гээд тооцвол жилд 16 мянга орчим хүн үздэг.
-Хараа шалгуулахаас эхлээд нүдний болор солих, торлог шилэнцэрийн хагалгаа хийлгэх гээд танайхыг зорьдог үйлчлүүлэгч олон байдаг. Сүүлийн үед ямар хагалгаануудыг түлхүү хийж байна вэ. Шинээр хийгдэж байгаа хагалгааны талаарх мэдээллийг өгөөч?
-Манай тасагт болорын мэс засал түлхүү хийгддэг. Нийт хагалгаануудын 80-90 хувийг болрын мэс засал эзэлдэг. Нийт хүн амын бараг 30 орчим хувьд нь бид болрын мэс заслын хагалгааг хийдэг. Сүүлийн жилүүдэд Монголд хийгдэж буй болрын мэс заслыг мэргэжлийн түвшинд хийж байна. Манай тасагт жилд 2000 орчим хагалгаа хийгддэг, үүний 1100 нь болрын мэс засал байдаг. Энэ хагалгааг хийгээд 15 жил болж байна. Өөрөөр хэлбэл, энэ хагалгаа манайд нутагшсан. Болрын хагалгааг хамгийн сүүлийн үеийн технологиор, хамгийн жижиг зүсэлттэйгээр хийдэг болсон. Манай эмч нарын ихэнх нь энэ хагалгааг хийдэг. Мөн сүүлийн хоёр жилд орбитопластик мэс заслыг бид мэргэжлийн түвшинд хийж байна. Энэ нь зовхи, нүдний ухархайд хийгддэг нөхөн сэргээх хагалгаа юм. Энэ хагалгааг манай тасгийн Б.Оюунгэрэл эмч гардан хийдэг. Орбитопластик хагалгааг бид өмнө нь тодорхой түвшинд хийдэг байсан ч одоо илүү нарийн, мэргэжлийн түвшинд хийдэг болсон.
-Танай тасагт хүүхдийн нүдний хагалгааг хийж байгаа гэж сонссон. Мөн хавдар авдаг боллоо гэж байсан. Энэ тухай?
- Өмнө нь манай тасагт хүүхдийн нүдний хагалгаа хийдэггүй байсан. Харин Б.Оюунгэрэл эмч ирээд сүүлийн нэг жилд хүүхдэд орбитопластик хагалгааг хийдэг болсон. Мөн энэ хагалгаанаас гадна зовхины хавдар, ухархайн хавдрыг авдаг болсон. Одоо энэ төрлийн хагалгаануудыг мэргэжлийн түвшинд хийж байна. Нөгөөтэйгүүр, өмнө нь хүүхдийн нүдний хагалгааг зөвхөн ЭХЭМҮТ-д хийдэг байсан. Манай эмнэлэг дээр зүрх судас, мэдрэлийн тасгуудад хүүхдийн хагалгааг хийдэг байсан бол одоо манай тасагт хийж эхлээд байна.
-Нүдний торлог шилэнцэрийн хагалгааг өмнө нь Монголд тэр бүр хийдэггүй байсан. Ганц нэг хувийн эмнэлгүүдэд өндөр өртөгтэй хийдэг байсан. Харин одоо гуравдугаар эмнэлэгт энэ хагалгааг хийж байна. Нөгөөтэйгүүр, нарийн мэргэжлийн хагалгаануудыг даатгалын хөнгөлөлтөд хамруулж байгаа гэж сонссон. Энэ талаар?
- Торлог шилэнцэрийн хагалгааг манай эмч нар гаднаас ирсэн гэрээт эмчтэйгээ хамтран хийж байна. Энэ бол өндөр үнэтэй хагалгаа. Хувийн эмнэлгүүдэд энэ хагалгааг 2.5-4.5 сая төгрөгийн өртөгтэй хийдэг. Манай эмнэлэгт энэ хагалгаа нь өндөр өртөгтэй тусламж үйлчилгээнд хамаарагддаг. Төлбөрийн 75 хувь нь эрүүл мэндийн даатгалын системээр төлөгдөөд, хувь хүнээс зардал бага гардаг. Энэ нь иргэдэд санхүүгийн хувьд ч хэмнэлттэй тусдаг. 2016 оноос эхлээд манай тасагт болрын болон торлог шилэнцэрийн хагалгаа өндөр өртөгтэй тусламж үйлчилгээний системд хамрагддаг болсон. Энэ нь иргэдийн нуруун дээрх ачааг нэлээд хөнгөлж өгсөн. Одоо хувь хүн зөвхөн 25 хувиа төлөөд хагалгаагаа хийлгэдэг болсон. Үүнд үйлчлүүлэгчид их ам сайтай байгаа.
Ялангуяа, сүүлийн таван жилд торлог шилэнцэрийн хагалгаа Монголд маш эрчимтэй хөгжсөн. Өмнө нь бид торлог бүрхэвч гээд нүдний хамгийн дотор талыг бүрхэвчийг оношилж зургийг нь авч, компьютерийн шинжилгээ хийлгэхэд л бид Бээжин явдаг байсан. Хэдийгээр улсын эмнэлэгт тоног төхөөрөмж дутагдалтай байдаг ч одоо хувийн хэвшилд энэ асуудлыг шийдэж байна. Манай эмнэлгээс гадна хувийн эмнэлгүүдэд монгол эмч нар маань эх орондоо энэ хагалгааг хийж байна. Торлог шилэнцэрийн хагалгааг Монголд хийдэг болсноор гадагшаа явах санхүүгийн урсгал эрс багассан.
-Нийт хагалгааны дийлэнх хувийг болрын хагалгаа эзэлдэг гэдгийг түрүүнд та яриандаа дурьдсан. Насны хувьд хэдээс хэдэн насныханд элбэг тохиолддог вэ. Настай хүний өвчин гэж ойлгоод байдаг, зөв үү?
-Болор цайх өвчин нь ерөнхийдөө насжилттай холбоотой. Ер нь бол 60-аас дээш насныханд энэ хагалгаа хийгддэг. Хоёрдогч шалтгаанаар буюу тодорхой нэг өвчин, гэмтэл бэртлийн улмаас, чихрийн шижин өвчний улмаас үүсч болдог. Ер нь бол гол шалтгаан нь насжилттай холбоотойгоор үүсдэг. Манай тасгийн гол үйлчлүүлэгчид нь өндөр настай, тэтгэврийн насны хүмүүс байдаг нь ч бас үүнтэй холбоотой.
- “LASIK” буюу хараа тэглэх хагалгааны талаар хүмүүс их асуудаг болж. Олон хүн Энэтхэг явж хийлгээд ирсэн гэж ярьдаг. Танай эмнэлэгт энэ хагалгааг хийж байна уу?
-Технологийн хөгжил, хотжилт, сууршмал амьдралын хэв маягаа дагаад хүмүүсийн нүдний хараа муудах байдал элбэгшиж байна. Ялангуяа, технологийн хөгжил, зурагт, гар утас зэргээс шалтгаалан хүүхдийн хараа эрт муудаж байна. Дээрээс нь шил зүүх боломжгүй, сонирхолгүй хүмүүс хараа тэглэх “LASIK” хагалгаа хийлгэж болдог. Мэдээж, шил зүүхгүй байх, шил зүүсэн юм шиг тод харах гээд давуу тал олон. Мөн сөрөг тал ч бий. Бүтэн зүйлийг зүсч хагалгаа хийдэг учраас нүд хуурайшихаас эхлээд асуудал бий. Түүнчлэн энэ хагалгааг 18-45 насныханд хийдэг. Өндөр настай хүнд хийдэггүй. Монгол Улсын хэмжээнд “Болор мэлмий”, “Солонго” эмнэлэгт хийдэг.Одоогоор улсын эмнэлэгт яг энэ хагалгааны аппарат тоног төхөөрөмж байхгүй байгаа учраас “LASIK” хагалгааг хийж эхлээгүй байна.
-Нүдний мэс засал оношлогоо, эмчилгээний хувьд ч, гоо сайхны хувьд ч илүү хурдацтай хөгжиж байна. Нүдний мэс заслын тасаг гэхээр охид, бүсгүйчүүд ихэвчлэн давхраа хийх тухай асуудаг. Харин дунджаас дээгүүр насныхан зовхи татах, өргөх хагалгаа сонирхдог. Энэ талаар мэдээлэл дуулгаач?
-Улсын эмнэлэг гэдэг утгаараа давхраа хийх зэрэг гоо сайхны хагалгааг хийдэггүй. Харин насжилттай холбоотойгоор зовхи унжих, харах талбай хязгаарлагдаж байгаа үед өндөр настай хүмүүст зовхи өргөх хагалгааг хийдэг. Өөрөөр хэлбэл, эмчилгээний шаардлагаар хийдэг. Түүнээс давхраа хийх, зовхины арьс татах зэрэг гоо сайхны хагалгааг хийдэггүй.
-Нүд эмзэг эрхтэн. Ялангуяа манайх шиг хуурай, ширүүн уур амьсгалтай газар нүд амархан ядарч хуурайшихаас эхлээд асуудал их байдаг. Дээрээс нь гоёлын линз зүүх, өдөржин компьютер ширтэх гээд нүдийг ядраах, өвчлүүлэх нь элбэг юм. Линз удаан зүүх сайн, муу талуудаас зөвлөөч?
-Нүдний эмч нар янз бүрийн л хариулт хэлэх байх. Ер нь бол линз нь гадны биет учраас сөрөг зүйлс бий. Гэхдээ эмчийн зөвлөгөө, эрүүл мэндийн шаардлагаар линз зүүж байгаа бол хувийн ариун цэврийг сайн сахих хэрэгтэй. Тухайлбал, линз зүүхдээ гараа сайтар угаасан байх. Нүд чийгшүүлэх дусаалга зэргийг дусаах хэрэгтэй. Линз нь нүдэн дээрх гадны биет учраас байнга авах, зүүх зэргээс болж нүдэнд халдвар орохгүй байх, үрэвсэл үүсгэхгүй байх зэргийг анхаарах хэрэгтэй. Мэргэжлийн эмчид үзүүлж, нүдний эмчийн хяналтад байх хэрэгтэй.
-Зарим хүмүүс янз бүрийн дусаалга их хэрэглэх юм. Нүд үрэвсэж хуурайших, нүдний даралт ихсэх зэргээ сайн ялгаж салгаж мэдэхгүй дусаалга дусаах нь хэр зөв бэ?.
-Нүдийг чийгшүүлэх, харшлын эсрэг гээд нүдний дусаагуур янз бүр байдаг. Тухайлбал, витаминтай дусаалга, нүд чийгшүүлэх хиймэл нулимс зэргийг нь манайхан ялгаж мэддэггүй. Мөн хэрэглэх заавраа сайн мэдэхгүйгээс болж андуурах тохиолдол их байдаг. Ер нь бол манайх хуурай уур амьсгалтай учраас нүд чийгшүүлэгч дусаалгыг их хэрэглэж байх хэрэгтэй. Энэ дусаалга нь нүд хуурайших, харшил үүсэх, улайх зэргээс сэргийлнэ. Нүд ядрах нь бага байдаг гээд давуу тал олон. Судас агшаагчтай дусаалгыг нүд үрэвсэж улайх, харшлын шалтгаантай загатнаа үүсэх зэрэгт хэрэглэж болно. Хамгийн гол нь зөв зохистой хэрэглэх нь чухал.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин