Б.ҮЕНЧ
УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын гишүүд Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох хуулийн төслийг өнөөдөр /2018.10.05/ УИХ-ын даргад өргөн барилаа. Төслийн талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Өнөөгийн байдлаар хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 80 хувьд буюу 912.0 мянган хүүхдэд олгож байна. Үүнд 205.1 тэрбум төгрөг зарцуулж байгаа. Хүүхдийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн амьжиргааны түвшингээр нь ялгаж тэтгэмж олгож байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан “Хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэснийг, мөн Монгол Улсын нэгдэн орсон НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийн холбогдох заалтыг зөрчиж байна гэж төсөл санаачлагчид үзсэн. Тиймээс мөнгөн тэтгэмжийг “Хүүхдийн мөнгө” авах хүсэлт гаргасан хүүхэд бүрт өгөх УИХ-ын тогтоолын төсөл боловсрууллаа. Ингэж олгоход нийт хүүхдийн 85-90 орчим хувь хамрагдах бөгөөд 114.000 хүүхэд нэмэгдэнэ. 85 хувьд олгоно гэвэл улсын төсвөөс 13.0 тэрбум, 90 хувьд олговол 20 орчим тэрбум төгрөг нэмж шаардагдана гэж тооцож байгаа юм” гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn