
Т.САЙХАН
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: -2010 оны зургадугаар сарын 24-ний өдөр Монгол Улсад төрөөс баримтлах бодлого батлагдсан тэр өдрөөс эхэлсэн төмөр замын дажинг өнөөдөр ингэж дуусгаж, УИХ соёрхон батлах ийм өдөр ирдэг юм байна. 2014 оны наймдугаар сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж удирдаж, "Энержи ресурс" компани Ч.Сайханбилэгийн Засгийн газар нууц гэрээ байгуулсан. Тэр гэрээ өнөөдөр Монгол хэл дээр байхгүй. 10 жилийн дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, таван намын хамтарсан Засгийн газар очиж, хятад хэл дээрх гэрээг олж ирсэн. Түүнийг олон нийтэд ил болгомоор байна. Шударга ёсыг Ерөнхий сайд, О.Алтангэрэл сайд хоёроос нэхэмжилж байна. 15 жилийн дотор 80 гаруй хүн ажил амьдрал нэр хүндээрээ хохирсон. Хулгайч нартайгаа хариуцлага тооцохгүй юм уу. Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарыг авчирч ял тооцохгүй юм уу. Энэ хүмүүс тухайн үед хулгай хийж хуйвалдсан нь тодорхой болж байна. Яриад л байдаг, ямар ч хариуцлагатай тооцохгүй юм. С.Баяр гэж нэг хулгайч байдаг. Дуртай үедээ Монгол Улсын эсрэг зүйл ярьж байдаг. Энэ хүнийг Тусгай үүрэгт Элчин сайдаар томилохгүй биз дээ. М.Энхсайхан гэж нэг хулгайч байна.
Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан: -58 дугаар тогтоолын хүрээнд 12 зүйл заалттай хэлэлцээр дотор нарийн зааж өгсөн. Тухайлбал, Эрдэнэс Тавантолгой компанийн хувьцааг бусад этгээдэд шилжүүлж өгөхгүй гэж заасан. 2025-2027 он хүртэл 5 сая, 2028, 2029 онд зургаан сая, 2030 оноос 30 сая тонн экспортлохоор тусгасан.
Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл: -Хариуцлага олон янз байгаа. Энэ асуудал дээр Эрүүгийн хууль хариуцлага тооцох боломжгүй болчихоод байгаа. Гэхдээ монгол төрийн бодлого, ой санамж байх ёстой. Тиймээс Ухаа худагийн ордтой холбоотой асуудал дээр Засгийн газар ажлын хэсэг гаргаад хууль зөрчсөн байж болзошгүй гэж үзээд УИХ-д өргөн мэдүүлэх товоо хүлээж байна. Бүхэл бүтэн стратегийн ордтой холбоотой байгуулсан гэрээ төрд нь байдаггүй. Айлын талд асуудал ярихаар бидэнд байхгүй гэрээ гарч ирж байна. Энэ асуудлыг цэгцлээд явахгүй бол цаашдаа тасрахгүй.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: -Гашуунсухайт-Ганцмод боомтын асуудал 70 жилийн дараа шийдэгдэж байна. Тавантолгойн асуудлыг бид оруулж ирнэ. Баримтуудыг Засгийн газар бэлдэж байгаа. Үүнийг хараад гишүүд тухайн үед юу болсонд өөр өөрсдийн дүгнэлтийг хийх байх.
Эх сурвалж:www.polit.mn