
Т.БАТСАЙХАН
Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар 19 асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ. Үүнтэй холбоотойгоор ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа нар мэдээлэл хийлээ. Сайд нарын байр суурийг хүргэе.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Цахилгаан, дулааны үнэ нэмэх асуудлыг хойшлуулна
-Засгийн газрын хуралдаанаар олон улсын худалдааны дайн, АНУ-ын ерөнхийлөгчийн тарифтай холбоотойгоор сайд нарыг арга хэмжээ авах үүрэг даалгаврыг өглөө. Монголбанкнаас бодлогын хүүг нэмэгдүүлэх шийдвэрийг танилцуулж, мэдээлэл хийхдээ ирэх долоо, наймдугаар сараас дулаан цахилгааны үнэ нэмэгдэх талаар мэдээлсэн.
Эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан шийдвэрүүдийг хойшлуулах арга хэмжээг авах үүрэг даалгаврыг өгч байна. Экспортынхоо гарцыг нэмэгдүүлж, уул уурхайн Биржийн хуульд өөрчлөлт оруулах, экспортын бүтээгдэхүүнүүдээ боомтоор гаргах орц, гарцыг нэмэх арга хэмжээг авна. Ард иргэдийн зүгээс үнэ, төлбөр, татвар нэмэх асуудалд санаа зовох зүйлгүй. Энэ асуудлаар Засгийн газраас хориглох шийдвэрийг гаргасан.
Сангийн сайд Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа нь таатай зүйл биш
-Сангийн яам Засгийн газрын хуралдаан дээр 2025 оны эхний хоёр сарын төсвийн гүйцэтгэлийн талаарх мэдээллийг өглөө. 2025 оны хоёрдугаар сарын байдлаар төсвийн орлого, зарлага хэвийн явж байна. Эхний хоёр сар 4.2 их наяд төгрөгийн орлогоор биелсэн. Манай нүүрсний үнэ нэлээд унаж байна. Энэ таатай зүйл биш. Эхний хоёр сарын гүйцэтгэлээс харахад төсөвт томоохон цочрол үүсэхээр нөхцөл үүсээгүй байна. Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйл дээр төсөвт тодотгол хийх нөхцөлүүдийг тусгасан байдаг. Одоогоор ДНБ-ний гурван хувь буюу гурван их наядаар төсөв тасрах эрсдэл огт үүсээгүй байна.
Мөн эхний хоёр сарын байдлаар гол түүхий эдүүдийн биет хэмжээ хэвийн явж байгаа. 2025 оны эхний хоёр сард 10.5 сая тонн нүүрс экспортолно гэж тооцсон бол одоогоор 11.5 сая тонн нүүрс гаргасан байна.
254 мянган тонн зэсийн баяжмал гаргана гэж тооцсон бол одоогоор 281 мянган тонныг гаргачихаад байна. Зургаа дахин их алт экспортолсон байна. Алтан дээр гэхэд бидэнд маш их нөөц боломж байгаа. Алтны таатай байгаа үнийн өсөлтийг ашиглавал 700 гаруй сая ам.долларын нөөц бүрдүүлэх боломжтой.
Мөн өнөөдөр олон улсын худалдааны тарифууд өдөр өдрөөр нэмэгдэж байна. Тиймээс дотооддоо хариу арга хэмжээ авах шаардлага үүсэж байна. Тиймээс үнэ тарифыг нэмэгдүүлэх ямар ч шийдвэр гаргахгүй байх тогтоол гаргасан.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа: Эгийн голын УЦС-ын нөлөөллийн талаар эцсийн дүгнэлтийг гаргана
Эгийн голын УЦС-ын туслах далангийн ТЭЗҮ боловсруулах зардлыг Засгийн газар баталллаа. Эгийн голын УЦС-ын төслийг хэрэгжүүлэх тухай асуудал 1964 онд анх яригдаж эхэлснээс хойш үе үеийн Засгийн газар олон арга хэмжээ авч хэрэгжүүлж ирсэн ч ОХУ-ын талтай бүрэн ойлголцолд хүрч чадаагүй өдий хүрсэн. Хамтарсан Засгийн газар байгуулагдсанаас хойш олон жил гацсан энэ төслийн ажлыг хөдөлгөх талаар бид дараалсан ажлыг хийж ирсэн. ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 46 дугаар хуралдаанаас Монгол Улс Эгийн голын УЦС-ыг хэрэгжүүлэхээр төлөвлөн, энэхүү төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг Дэлхийн өвийн нөлөөллийн үнэлгээ хийх заавар, зөвлөмж болон олон улсын стандартын дагуу хийх гэж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн нь цаашид энэ төсөл амжилттай хэрэгжих үндэс болно гэж үзэж байна” гэлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 13. ПҮРЭВ ГАРАГ. № 46 (7542)