Луугийн “шарваа”, могойн “хэл”

2025-02-26
Нийтэлсэн: Админ
 7 мин унших


Б.Баяр


Луу жил халаагаа өгч, могой жил гарахад хоёрхон хоног үлдлээ. Мэдээж, жил улирч, ирж буй цаг дор сайныг л хэлэлцэх учиртай. Ерөөл болох учраас тэр. 
Гэхдээ хоёр жилийн “солилцоо”-ны энэ үе Монголд, Монголын улс төрд урьд жилүүдэд байгаагүй их зөрчил тэмцэлтэй байна. Энэ нь хавсарсан хоёр шалтгаанаас үүдэлтэй. 
Нэг. Үндэсний баялгийн сантай холбоотой. Туулай жилийн сүүлчээр МАН, АН, ХҮН намууд “Үндэсний баялгийн сантай болъё” гэдэг дээр санал нэгдэж, гэрээ хэлэлцээр байгуулсан. Улмаар, луу жилийн эхээр УИХ-аас Үндэсний баялгийн сангийн хуулийг баталсан. Хуулийн үзэл баримтлалд практик шаардлагыг нь “Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд оногдох зарчмыг баримталж Үндэсний баялгийн санг олон улсын жишгийн дагуу байгуулах хэрэгцээ, шаардлага байна. Иймд төрийн өмчийн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд эзэмшигч компаниудын засаглалыг сайжруулж, ашигт ажиллагааг нэмэгдүүлж, мөн дотогшоо чиглэсэн нэмэлт хөрөнгө оруулалт хийх замаар уул уурхай, түүнийг дагасан дэд бүтэц болон бусад санхүүгийн үр өгөөжтэй томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, нэмүү өртөг шингэсэн дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлж ажил, орлоготой дундаж давхаргыг тэлэх, олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгох үндсэн зорилтыг хангах дотооддоо хөрөнгө оруулалт хийх Хөгжлийн санг байгуулна” гэж томьёолсон. Ингэж баталсан хуулийн хэрэгжилтийг мэдээж Засгийн газар хариуцсан. Уг хуульд “Үндэсний баялгийн сангийн эх үүсвэр нь стратегийн ордуудын төрийн эзэмших хувьд ногдох ашиг байна. Тэрийг цуглуулж, хуваарилах нэгж нь “Эрдэнэс Монгол” нэгдэл болно” гэж заасан. Өөрөөр хэлбэл, Засгийн газар стратегийн ордуудыг “Эрдэнэс Монгол”-д төвлөрүүлж, ногдол ашгаа авч, Үндэсний баялгийн санд оруулах, улмаар тус сангийн төрөлжсөн гурван сангаар дамжуулаад “монгол хүний хөгжил”-ийг дэмжих үндсэн үүргийг хүлээчихсэн юм. Ингэхээр урьд өмнөх Засгийн газрууд шиг цагийн аясыг дагаад явах боломжгүй болсон хэрэг. Ядахад, тал тал тийш таран одож, олонх нь хувийн компаниудын халаасанд орчихсон стратегийн ордуудыг “Эрдэнэс Монгол”-д нэгтгэх нь баргийн хүн барахааргүй ажил аж. Одоогоор стратегийн 16 ордын долоо нь “Эрдэнэс Монгол” нэгдлийн мэдэлд хагас дутуу байдаг. Ес нь ор тас байхгүй, хувийнханд бий. Тиймээс ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2025 он гарах үеэр “Стратегийн ордуудыг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх хэлэлцээ эхэлнэ. Галтай олон шийдвэр гарна, гэхдээ 2025 оны төгсгөл гэхэд Үндэсний баялгийн сангийн ач холбогдлыг иргэн бүхэн ойлгож, нүдний цөцгий мэт хайрлан хамгаалдаг болсон байна гэдэгт эргэлзэхгүй байна” гэсэн болов уу. Ингэж хэлсэн “мэндчилгээ” нь тарж амжаагүй шахам байхад л стратегийн орд эзэмшигчид хөдлөөд эхэлсэн. Луу жилийн сүүлч, 2025 оны эхээр эсэргүүцлийн хоёр ч жагсаал санаачилж, санхүүжүүлэхийг оролдов. Тэд мөнгөтэй, хүчтэй болчихсон. Тэгэхээр “Май, ав” гээд эзэмшиж буй стратегийн ордынхоо хувийг өгчихгүй л дээ. Тиймээс ч эсэргүүцэл тэмцэл нь “Энэ Засгийн газар байх уу, үгүй юу” гэдгийг шууд хөндөх жишээтэй. Луу жилийн сүүлийн хэдэн сард үүнээс үүдэлтэй олон хүчтэй цохилт бүхий шарваанд Засгийн газар өртөв. 
Анх 2024 оны арваннэгдүгээр сард Хятадын Шанхайд хотодхоёр улсын Ерөнхий сайд нар Гашуунсухайт-Ганцмодны хилийн холболтын хэлэлцээрийг хийсэн. Үндсэндээ, яг тэр өдрөөс л Монголд улс төр бужигнаад эхэлсэн. Учир нь, уг төслийг гуравдагч этгээдийн оролцоогүйгээр хийхээр хоёр улс шийдсэн. Гэтэл энэ төслийн гэрээ, хэлэлцээрт олон жилийн туршид “гуравдагч этгээд”-ээр оролцож ирсэн Ухаахудагийнхны алсдаа Тавантолгойг авах төлөвлөгөө нь тэгж тас цохиулсан. Ингээд Засгийн газарт хариу барьж, ёстой л луугийн сүүлний шарваа гэмээр шавхуурдлаа. 
Ер нь бол стратегийн ордуудын асуудал хөндөгдсөн өнгөрсөн хэдэн сард “Монгол Улс яагаад Үндэсний баялгийн сантай болсон бэ” гэдгийг ч марттал бужигнууллаа. 
Тэгвэл Үндэсний баялгийн сантай болох гэж үе үеийн эрх баригчид оролдсоор ирсэн. Судалгаа нь дор хаяж 10 гаруй жил үргэлжилсэн. Олон ч улс орны туршлагыг судалж, явж сууцгаасан даа. Тэгж тэгж өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард УИХ-аас Кувейт улсын Үндэсний баялгийн сан, Норвегийн хаант улсын Норвегийн тэтгэврийн сан, БНХАУ-ын Хятадын хөрөнгө оруулалтын корпорац, АНЭУ-ын Абу Даби хөрөнгө оруулалтын сан, Сингапур улсын Темасек холдинг, Сингапурын хөрөнгө оруулалтын корпорац, БНКУ-ын Самрук казына, БНТУ-ын Туркийн баялгийн сан, Австрали улсын Ирээдүй сан, Шинэ Зеланд улсын Тэтгэврийн сан, Чилийн Бүгд Найрамдах улсын Эдийн засаг, нийгмийг тогтворжуулах сан, Канад Улсын Апьберта өвийн хадгаламжийн итгэлцлийн сан, БНСУ-ын Солонгосын хөрөнгө оруулалтын корпорац зэргийн туршлага дээр үндэслэж, монголчлон буулгасан уг хуулийг батлаад өгсөн юм. 
Харин Засгийн газар энэ үүргээ биелүүлэх гэж янз бүрээр хэлүүлж зүтгэсээр, ямар ч байсан “хоол”-той сан болгожээ. 2024 оны сүүлчээр Үндэсний баялгийн сан дахь иргэн бүрийн нэр дээрх дансанд анхны хуримтлал үүсээд байгаа юм. 
Хоёр. Удаах шалтгаан, үндэс болоод байгаа нь УИХ-ын сонгууль гэхэд болно. Энэ сонгуулийн өмнөх жил сонгуулийн тогтолцоог холимог болгож, гишүүдийн тоог нэмсэн. 
УИХ-ын 78 гишүүн тойргоос, 48 гишүүн намын жагсаалтаар сонгогдож гарч ирсэн. Сонгуулиар таван нам, улс төрийн хүчин УИХ-д суудалтай болж, үүний гурав нвь хамтарч Засгийн газрыг байгуулав. УИХ-ын гишүүд тангараг өргөхтэй зэрэгцээд хамтарсан Засгийн газрын сураг дуулдаад эхэлсэн. Үнэндээ, үүнийг олон нийт хүлээж аваагүй юм. Одоо ч эсэргүүцэгчид бодитойгоор байсаар байна. Харин сүүлийн хэдэн сард Үндэсний баялгийн сан тойрсон улс төр идэвхжих хэрээр “УИХ-ын сонгуулийн дараа гурван нам хамтарч Засгийн газар байгуулсан нь зөв болжээ” гэсэн дүгнэлт рүү дөтлүүллээ. Нөгөөтэйгүүр, гурван намын хамтарсан Засгийн газар байгуулсан нь том төслүүдийг хөдөлгөх үндсэн “мотор” ч болж өгч байна.  
Түүнчлэн, УИХ хуучнаараа байсан бол стратегийн ордууд “булаалдсан” Засгийн газар хэд уначихаар л болов. Гэхдээ УИХ-д нэр дэвшүүлэх, ялангуяа жагсаалтад бичих хүмүүсээ улс төрийн намууд сайтар сонгох шаардлагатай нь харагдаж байна. Мөнхүү, “Улс төрд туршлага гэдэг зүйл ямар чухал вэ” гэдгийг нэр бүхий залуу гишүүд үйлдлээрээ хангалттай харууллаа. Зарим гишүүн дээр “Жор үзсэн ламаас зовлон үзсэн чавганц дээр” гэдэг л болохоор байна. Мөн “УИХ бол телевизийн эфир, шоуны талбар биш. Тэнд орсон хүн хандив сэлт өгсөн хувийн компанийг бус иргэд, олон нийтийг төлөөлж, тэдний эрх ашгийн төлөө л дуугарах учиртай” гэдгийг хэлчихмээр гишүүд тодорч байна. Тиймээс цаашдаа улс төрийн намын удирдлагууд нэр дэвшигчдээ сайтар нягталж, харж тодруулах шаардлагатайг бас харуулав. Эс тэгвээс УИХ-ын гишүүн биш хувийн компаниудын төлөөлөгч илүү олшрохоор байна шүү. 
Гурав. Монголчууд иймэрхүү төгс бус ч төсөөлөл, гольдролын ойлголттойгоор луу жилийг үдэж байна. Улсаараа хэд хоног амарна. Могой жилээ угтана. Луу жилийн хэрүүл тэмцэл могой жилд үргэлжлэх нь тодорхой юм. Төр Тавантолгой ордыг авах төлөвлөгөөг нь тас цохиж, улмаар Ухаахудагийн хувийг Үндэсний баялгийн санд авахаар хөдлөхөд хариуд нь улсаар нь бужигнуулж, утгыг нь алдагдуулж чадаж байна. Одоо төрөөс ангид байгаа стратегийн есөн ордын асуудал цаашид яригдана. Тэр хэрээр төр, орд хоёрынхон хэрэлдэж тэмцэлдээд байвал завсарт нь улс, олон нийт юу болох бол доо. Түүхнээ, Ван ханаас Чингис хаанд хэлүүлсэн “Хорт могойн хэл хоорондуур чинь хутгаж хов жив оруулбал холдож салахгүй. Харин хоёр нүүрээрээ учирч хор хөнөөлийг тасалж байгтун. Атаат могойн шүд амрагийн хооронд орж, ая эеийг эвдвэл атаа сэтгэл төрөлгүй ам хэлээрээ ярилцаж, аливаа учрыг олж байгтун” гэсэн үг үлджээ. “Үндэсний баялгийн санд стратегийн ордын хувийг оруулна” гээд нэгэнт Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хууль, УИХ-ын 2007 оны 27 дугаар тотгоол сэлтээр заагаад тогтоочихсон. Тийм учраас “төр орд хоёр” хэлцлийн ширээний ард сууж өгөхөө өгөөд, авахаа аваад учраа олчих нь аль альдаа амар л байгаа юм. Гэвч төрийн эрх мэдэл, ордын эзэмшил атгасан тэдгээр нөхдүүд юу төлөвлөж суугааг хэн мэдлээ?! 


Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

П.Батчулуун эмчийг суллуулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ

Эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын холбоо ТББ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тухайн мэдээллээ

16 цаг 15 мин
Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгой, Эгийн голын цахилгаан станц, хийн хоолойн төслүүд дээр төвлөрч ажиллана

Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгой, Эгийн голын цахилгаан станц, хийн хоолойн төслүүд дээр төвлөрч ажиллана

21 цаг 16 мин
Д.Цогтбаатар Дээд шүүхэд хүсэлт гаргажээ

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Дээд шүүхэд хүсэлт гаргажээ

21 цаг 23 мин
ЦЕГ: Боловсролын сайдыг УИХ-ын гишүүн цохиж, биед нь хохирол учруулсан хэргийг шалгаж байна

ЦЕГ: Боловсролын сайдыг УИХ-ын гишүүн цохиж, биед нь хохирол учруулсан хэргийг шалгаж байна

21 цаг 30 мин
Менингоккокт халдвараар өвчилсөн таван настай хүү нас баржээ

Менингоккокт халдвараар өвчилсөн таван настай хүү нас баржээ

21 цаг 37 мин
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран болон газрын ховор

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Энхтуяа: Миний хувьд ахмад настны асуудлыг анхаарч ажиллаж байна

УИХ-ын гишүүн Д.Энхтуяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Цалинтай ээж”-ийн тэтгэмж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага байна

Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг нэмүүлэхийг шаардаж Иргэдийн төлөөллөөс “Үнд

Уржигдар 16 цаг 26 мин
Б.Дэлгэрсайхан: Нүүрс тээврийн жолооч нарын нийгмийн асуудалд анхаарч ажиллана

Б.Дэлгэрсайхан: Нүүрс тээврийн жолооч нарын нийгмийн асуудалд анхаарч ажиллана

Уржигдар 15 цаг 42 мин
Цэнхэрмандал сумын 100 жилийн ойд зориулсан тоглолт болно

Цэнхэрмандал сумын 100 жилийн ойд зориулсан тоглолт болно

Уржигдар 14 цаг 14 мин