
Т.САЙХАН
Ногоон автобусны гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр/2025.02.25/ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Эхний өдөр хэргийн яллах дүгнэлтийг танилцуулсан юм.
Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажлын хүрээнд 2023 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Тэнүүн-Огоо” ХХК-иуд худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Тодруулбал, их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус буюу нийт 810 автобус худалдан авахаар гэрээ байгуулсан. Улмаар худалдан авалттай холбоотой асуудал Авлигатай тэмцэх газар шалгагдаж, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг шилжсэн. “Тэнүүн-Огоо” ХХК-тай байгуулсан худалдан авах гэрээний улмаас нийт 134 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэдгийг албаныхан мэдээлж байв.
Ногоон автобусны гэх хэргээс болж, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Түгжрэлтэй тэмцэх сайдын албанаасаа чөлөөлөгдсөн бол Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Д.Сумъяабазар мөн өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн.
УИХ-ын гишүүн, сайд асан Ж.Сүхбаатарын хувьд “Автобус худалдан авахад миний оролцоо байгаагүй. Төсвийг нь шийдэж өгсөн. Худалдан авах ажиллагааг нийслэл зохион байгуулсан” гэж мэдэгдсэн. Харин Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар мөн л өөрт нь хамааралгүйгээр энэ ажил явсан гэдэг агуулгатай тайлбар хийж байв.
Эх сурвалж:www.polit.mn