![](http://resource4.sodonsolution.org/polit/image/2025/02/06/4yjxtfhkaic313oj/Даш.Зоригт Манай нүүрсний экспортыг Ухаахудаг орон нутгийн “Тавантолгой” Нарийнсухайт гурав л хийдэг.jpg)
Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын төвд байдаг том асуудлуудыг шийдвэр гаргагчид хэрхэн яаж хэлэлцэж, шийдэж байсныг “Зууны мэдээ” сонин “Чөлөөт хэвлэл бол нийгмийн ой санамж” булангаар уншигчдадаа хүргэж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын 2011 оны намрын ээлжит чуулганы аравдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар “УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Ц.Шинэбаяр нараас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан Тавантолгойн нүүрсний ордын Ухаахудагийн хэсгийг Энержи ресурс ХХК-д олгосон болон Тавантолгойн ордыг ашиглахтай холбогдсон зарим асуудлын талаар тавьсан асуулгын хариуг сонссон тэмдэглэлээс ямар нэг засвар, дүгнэлтгүйгээр нийтэллээ.
Түрүүч нь
Н.Ганбямба: Ухаахудаг яахаараа Тавантолгойгоос гадна яригдаад байдаг юм бэ?
УИХ-ын гишүүн Д.Зоригт:
- Даш.Зоригт сайдаас нэг асуулт асууя. Эдийн засгийн хувьд энэ Засгийн газар их зөв бодлого баримталж шийдвэр гаргасан гэж үздэг хүний нэг. Нийт ашиглалтын талбай, нийт нөөцийнх нь 4-5 орчим хувийг тэр лицензийг эзэмшигч компанид нь үлдээгээд 95-96 хувийг нь төрд аваад, одоо бид энэ төрийн нэрийн өмнөөс бирж дээр гаргах, ард түмэндээ эзэмшүүлэх, аж ахуйн нэгждээ эзэмшүүлэх энэ ажлыг хийж байгаа. Ингэж чадаагүй байсан бол, бид хуулиар явах байсан бол их хүндрэлтэй замыг туулах байсан байх. Өнөөдөр магадгүй бид энэ Тавантолгойгоор 39 дүгээр тогтоол гаргаад энэ хэлэлцээрийг явуулах ийм эрх зүйн орчин ч бүрдээгүй байсан байж магадгүй. Ийм эрсдэл бол байсан. Энэ талаар бас өнгөрсөн УИХ дээр ярьж, Засгийн газрын Ерөнхий сайд УИХ дээр мэдээлэл хийж байсан л юм билээ. Би протокол энэ тэрийг нь авч үзсэн.
Би өөр асуулт асуух гэж байгаа юм. Манай энэ С.Эрдэнэ гишүүн, Д.Ганхуяг гишүүн нар асуулгадаа стратегийн бусад орд газрууд, төрийн хувь хэмжээг сэргээн тогтоох асуудлаар одоо ямар ажил хийгдэж байна вэ гэж асуусан байна лээ. Энэ дотроо Бүрэнхааны орд, Цагаансуваргын орд, Нарийнсухайтын орд, энэ гурван орд дээр төрийн эзэмшлийн хувь хэмжээ одоо ерөөсөө ноль байгаа. Бүгд хувийн компани дээр байгаа. Бүгд төрийн өмч хөрөнгөөр хайгуул нь хийгдсэн. Та хаврын чуулган дээр ярьж байсан. Бид яриа хэлэлцээ хийж байгаа гэж. Энэ яриа хэлэлцээний үр дүн ямар болж байна вэ. Хэзээ энэ хуультайгаа нийцэж үр дүн нь гарч, олон түмэн, УИХ-даа мэдээлэх вэ. Цаг хугацаа нэлээн явчихлаа шүү дээ. Энэ хууль батлагдаад таван жил, УИХ-ын 27 дугаар тогтоол гараад дөрвөн жил боллоо. Ийм удаан яриа хэлэлцээ явах бас боломжгүй л дээ. Бас хэмжээ хязгаар гэж байх ёстой. Энэ яриа хэлэлцээний үр дүн, хэзээ үр дүн гарч УИХ-д мэдээлэх вэ. Энэ талаар танаас хариу авмаар байна. Баярлалаа.
ЭБЭХ-ний сайд Даш.Зоригт:
- Д.Зоригт гишүүний хэлсэн зүйл дээр нэг зүйлийг нэмэхэд, нүүрсний манай экспорт гэдэг чинь үндсэндээ Ухаахудаг, орон нутгийн өмчтэй “Тавантолгой” ХХК, тэгээд дээрээс нь Нарийнсухайт гээд үндсэндээ энэ гурван компани байгаа. 2011 оны есдүгээр сарын байдлыг аваад үзэхэд нүүрсний экспортоос 240 тэрбум төгрөгийн орлогыг улсын төсөвт оруулсан гэж хэлэхийг онцлох нь зүйтэй байх. Дээрээс нь 2012 оны энэ төсвийн төлөвлөгөөнд нүүрсний экспортоос 850 тэрбум төгрөг оруулна гэсэн ийм тооцоонууд хийсэн. Энэ бага тоо биш. Эдийн засгийн хувь оруулж байгаа томоохон хувь нэмэр гэдгийг бас хэлэх нь зүйтэй.
Бид нар энэ мэдээллийн хариуг бэлтгэхдээ ТӨХ-ноос мэдээллийг нь авсан. Одоо бол Нарийнсухайтын хувьд УИХ-ын холбогдох тогтоолоор Нарийнсухайтын орд газар дээр үйл ажиллагаа явуулж байгаа “Шинхуа МАК” компани нь Тогтвортой байдлын гэрээтэй. Тийм учраас энийг тухайн үед байгуулсан Тогтвортой байдлын гэрээнийх нь хүрээнд үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх ёстой гэсэн УИХ-ын тогтоолынх нь заалт нь байгаа. Үлдэж байгаа Цагаансуварга, Бүрэнхааны ордын хувьд бол ТӨХ-ноос бидэнд мэдээлж байгаагаар төрийн өмчийн оролцоог бий болгох талаар захидлаа явуулсан. Хэлэлцээ хийж байна гэсэн мэдээлэл авсан. Хэлэлцээр хэзээ дуусах нь хэлэлцээр явагдаж байгаа учраас ТӨХ тодорхой яг ийм цаг хугацаа бидэнд хэлж чадахгүй байна. Тэгэхээр ТӨХ-ноос дахиж энийг лавлаж авч хариуг өгөх нь зүйтэй байх даа.
УИХ-ын гишүүн Л.Гүндалай:
-Гишүүд нэлээд чухал асуултуудыг асууж байна. Миний асуулт давхцаж магадгүй учраас би бас өөр зүйлээс асууя. Тэгэхээр яг энэ Тавантолгойг нийтдээ хэд хуваачихаад байгаа юм бэ. Жижиг Тавантолгой гээд орон нутгийн Тавантолгой бий. Энэ хэдэн хувь юм бэ. За “Энержи ресурс” хэдэн хувь юм бэ. Нөөцийнх нь хэдэн хувь, талбайн хэдэн хувь юм бэ. Энийгээ яг нарийн хэлж өгөхгүй бол би хувьдаа янз бүрийн тоо энд тэндээс, хэвлэл мэдээллээс сонссоор байгаад төөрчихөөд байна. Одоо энэ том Тавантолгой гээд байгаа улсын Тавантолгой маань яг хэдэн хувийнх нь, яг нөөц нь хэд юм бэ. Ийм тооцоо гаргасан судалгаа байна уу. Нөгөөтэйгүүр энэ том Тавантолгойгоор асуумаар байгаа юм. Одоо том Тавантолгой чинь энэ ондоо багтаагаад 500 мянган тонноос нэг сая тонн нүүрс урагшаа гаргана гэж байгаа. Сая та тэгж хэллээ шүү дээ. Тэгэхээр бид нар ингээд ашиглаад болж байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр яахаараа ингээд оператор компани ч гэнэ үү, одоо янз бүрийн компани бид хайгаад байгаа юм бэ. Жижиг Тавантолгойгоос ашиглаад болж байна. Тэнд юу гэдэг юм, орон нутгийн компани, хувийн хэвшлийнхэн нийлээд гаргаад 2-3 жилийн нүүр үзэж байна. “Энержи ресурс” Ухаахудагаас экспортод бас гаргаад болж байна. Одоо манай том Тавантолгой “Эрдэнэс МГЛ” гаргаад болж байна. Гэтэл одоо бид нар яагаад гуравдагч, дөрөвдөгч, тав дахь, зургаа дахь, долоо дахь этгээдийг хайгаад, бусад газраас гуйгаад яваад байгаа юм бэ сайд аа. Энийг тодорхой болмоор байна шүү дээ. Тэр коксжих нүүрс гаргах, тэр эцсийн бүтээгдэхүүн гаргах, тэрийг түшиглээд цаашлаад бид хүдрийн, гангийн үйлдвэр байгуулах, одоо нөгөө Сайншанд аж үйлдвэрийн хөтөлбөр байгуулах, энэ дээрээ харин бид нар хөрөнгө оруулагч хайвал яасан юм бэ. Гэтэл одоо энэ нүүрсээ экспортлох ч юм уу, гаргах юм дээр ингээд хүн гуйгаад байх юм. Би өчнөөн хэлж ярьдаг байхгүй юу. Яагаад болохгүй байгаа юм бэ. Том Тавантолгой яагаад ингээд болохгүй байгаа юм бэ. Одоо ингээд гаргаад зөөгөөд болж байна. Болж байгаа юмыг яагаад. Аль эсвэл ингэж байгаад болохгүй болох гээд байгаа юм уу. Нэг ийм зүйл ажиглагдаад байгаа юм.
Хоёрдугаарт, бусад стратегийн ач холбогдолтой орд газрууд дээр ер нь сайд та энэ Засгийн газраараа бодлого оруулж ирж хэрэгжүүлмээр байгаа юм. Хоёрын хооронд жаахан нөөцтэй алтны орд, бусад жонш жижиг сажиг юмыг оролдуулмааргүй байгаа юм. Гэтэл одоо өнөөдөр өчнөөн лицензийг хаалаа барьлаа л гэж байна. Тэд нар чинь мөнгөө төлж чадахгүй янз бүрийн юмнаас болоод хаасан болохоос биш жижигхэн ашиг олоод байгаа бол ажиллуулаад л байгаа байхгүй юу. Юмыг яаж мэдэх вэ гээд нөгөө замбараагүй байхад аваад далд хийчихсэн байгаа орд газрууд өнөөдөр буцаагаад өгөгдсөн байгаа. Яг үнэндээ та нарын энэ гаргасан юм чинь тоон дээр гараад байгаа байхгүй юу. Нэг л их тоо. Бид нар ингээд багасгасан. Тэдэн лиценз багасчихлаа. Тэдэн талбайн хэмжээ багасчихлаа гээд байгаа боловч энэ бол яг 5-6 жилийн өмнө нэг минутад 200 лиценз өгсөн байна гэж байгаа шүү дээ. Минутад 200 лиценз. Тэр бол үнэн судалгаа. Тэгж өгч байх үед, үнэ цэнэгүй байх үеийн, тэр цаасаар бүх юмыг авдаг байх үеийн тэр лицензүүдээ одоо хүмүүс чинь төлбөр нь нэмэгдчихээр хүү хаа гээд буцааж өгөөд байгаа болохоос биш яг ажиллаж байгаа юмаа өгөхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр ямар лицензүүд өгөгдөөд байна, яагаад байна. Одоо тэр жижиг ашигт малтмалын тэр лицензүүд, ялангуяа голын сав газар, модтой газар, тэгээд энэ Урт нэртэй хуультай холбоотой газар ашигт малтмал явуулж байгаа том том компаниуд байж л байгаа шүү дээ. Жижиг ч компаниуд байна шүү дээ. Эд нар ерөөсөө цэгцлэгдэхгүй байгаа байхгүй юу.
ЭБЭХ-ний сайд Даш.Зоригт:
- Яг энэ хэдэн хэсэгт хуваачихсан байгаа, ямар нөөцтэй гэдгийг АМГ-ын дарга Д.Батхуяг дарга хариулна. Л.Гүндалай гишүүний асуултад хариулахад, өөрсдөө хийж байна гэдэг нь одоо жишээлбэл орон нутгийн Тавантолгойг өөрсдөө ухаж байна, өөрсдөө ашиглаж байна гэж бодоод байна. Тийм биш. Одоо тэнд очоод үзэх юм бол тэр экскаваторын жолоочоосоо эхлээд тэр нүүрс зөөж байгаа жолооч нар нь хятадууд байгаа шүү дээ, орон нутгийн Тавантолгой дээр. Тийм байгаа. Тэд нар бол одоо энэ Монгол 999, Тавантолгойг бид нар өөрсдөө хийгээд байна л гэж яриад байгаа. Яг үнэндээ бол одоо би л лав саяхан очиход тэнд тийм биш байна. Хүнээр ухуулаад байгаа. Тэд нар чинь тэгээд зүгээр нүүрснийхээ гэрээг хийгээд хэдэн төгрөгөө авдаг ийм л компани шүү дээ, одоохондоо Тавантолгой ХХК бол. Яг өнөөдрийн байдлаар өөрсдөө олборлож байгаа компани бол, яг экспортод гаргаж байгаа компани бол нөгөө Монгол Алт, МАК-ийн Нарийнсухайтын хажуу талын өөрийнх нь олборлож байгаа газар байгаа. Тэгээд “Эрдэнэс МГЛ” компани бол өөрөө одоохондоо олборлож байна. Гэхдээ сая бол энэ оператор компанийн гэрээ байгуулдаг нь нэгт УИХ-аас өгсөн даалгавартай. Оператор компанитай гэрээ байгуул гэсэн.
Хоёрт энэ зөв юм шиг байгаа юм. Яагаад гэвэл энэ ерөөсөө 5, 6, 7 жилийн гэрээ байгаа. Тэрнээс цаашаа өөрөө хийх ийм чиглэлтэй байгаа. Яагаад гэвэл тэр хүртэл суралцана, томорно, дэлхийн хэмжээнд хийдэг болно. Одоо Ухаахудаг ч гэсэн ингээд харахад Австралийн тэр Лейтон гэдэг компаниар хийлгэж байж ийм том масштаб руу ийм хурдан хүрч байгаа юм. Ялангуяа Хөрөнгийн бирж дээр гарахад ч гэсэн олборлогч компани нь хэн юм бэ, хэний хөлсөөр ажиллуулж байгаа юм бэ гэдгээс шалтгаалж компанийнх нь үнэ цэнэ их шалтгаалж байгаа юм шиг байгаа юм. Тэгэхээр эхний ээлжинд ямар ч байсан энэ гаднын компаниудаар ажиллуулъя. Тэгээд цаашлаад өөрсдөө хийе гэдэг ийм бодлого баримталж байгаа гэдгийг хэлэх гэсэн юм. Гэхдээ энэ огт өөрөө хийхгүй гэсэн үг биш. 5, 6, 7 жилийн дотор өөрсдөө хийдэг болно гэдэг бодлогыг “Эрдэнэс МГЛ” компани баримталж байгаа гэдгээ Засгийн газарт танилцуулж байсан.
Буцааж байгаа лицензүүдийн хувьд бол Л.Гүндалай гишүүний хэлж байгаа зөв. Ер нь бол 1997 оны тэр хуулиар нэлээн тийм спекуляци байдлаар, дамын наймаа байдлаар маш олон лиценз олгогдсон байсан. Тэр лицензүүд нь лицензийн төлбөр нэмэгдээд ирэхээр буцааж байгаа нь үнэн. Тэгэхдээ дээрээс нь зүгээр ажил хийхгүй байгаа лицензүүдийг бүгдийг нь буцааж байгаа. Өөрөөр хэлэх юм бол өнөөдөр тайлан өгөх ёстой, одоо хайгуулын тайлангаа өгөх ёстой компаниуд 100.0 хувь өгч байгаа. Бид хүн хүчний шалтгаан, хүн хүч, хөрөнгө мөнгөний байдлаас шалтгаалаад тодорхой хэсэг нь яг газар дээр нь очиж шалгадаг. Ихэнхийг нь баримтын шалгалтууд бүгдийг нь хийдэг. АМГ ийм л үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд дахиад хэлье.
Ноднин 700 хэд билээ, сая 300 хэд гээд нэлээд олон компанийн лиценз бол цуцлагддаг юм. Мэдээлэл нь буруу байсан учраас. Яг ажиллаж байгаа компанийг бол цуцлах үндэслэл бол байхгүй. Яагаад гэвэл өөрөө хайгуулынхаа зардлаа хийчихсэн, ажлаа хийчихсэн, төлөвлөгөөгөө өгчихсөн, хуулийн дагуу ажиллаж байгаа компанийг цуцлах боломжгүй. Харин энэ гол мөрний усны хязгаар газар, энэ бүс нутагт үйл ажиллагааг хориглох энэ хуультай холбогдуулаад цуцлах 233 лицензийн үйл ажиллагааг түдгэлзүүлсэн байгаа, Холбогдох зар мэдээг нь сонин дээр тавьчихсан.
Үргэлжлэл бий…
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 7. БААСАН ГАРАГ. № 23 (7519)