Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын төвд байдаг том асуудлуудыг шийдвэр гаргагчид хэрхэн яаж хэлэлцэж, шийдэж байсныг “Зууны мэдээ” сонин “Чөлөөт хэвлэл бол нийгмийн ой санамж” булангаар уншигчдадаа хүргэж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын 2011 оны намрын ээлжит чуулганы аравдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар “УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Ц.Шинэбаяр нараас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан Тавантолгойн нүүрсний ордын Ухаахудагийн хэсгийг Энержи ресурс ХХК-д олгосон болон Тавантолгойн ордыг ашиглахтай холбогдсон зарим асуудлын талаар тавьсан асуулгын хариуг сонссон тэмдэглэлээс ямар нэг засвар, дүгнэлтгүйгээр нийтэллээ.
Н.Ганбямба: Ухаахудаг яахаараа Тавантолгойгоос гадна яригдаад байдаг юм бэ?
ЭБЭХ-ний сайд Даш.Зоригт:
-Лицензийн хувьд журамлах ажлыг ЭБЭХЯ, АМГ-аас нэлээд хийж байгаа. 2011 оны аравдугаар сарын эхний байдлаар аваад үзэх юм бол 2005 онд Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 44 гаруй хувийг эзэлдэг байсан лицензийн тоо өнөөдөр буураад 15.1 хувь болсон байна. Өөрөөр хэлэх юм бол, гурав дахин буурсан байна. Яах вэ, энэ нь бол нэг талаасаа 2006 оны хуулийн дагуу хараа хяналт нэлээн сайн тавигдаж байгаагийн нэг илрэл. Нөгөө талаасаа, ялангуяа таны сая хэлдэг энэ лицензийг хөрөнгө оруулалтын хэрэгслэл биш наймааны хэрэгслэл болгохоос нь бид нар урьдчилан сэргийлж, жишээлбэл хайгуулын лицензтэй компани болгон жил болгон хайгуулынхаа төлөвлөгөө, тайланг 100 хувь өгч байгаа. Өгөхгүй байгаа байгууллагууд буюу худлаа тайлан өгсөн байгууллагуудыг лицензийг нь цуцалж байгаа. Энэ жил бид 330 гаруй худлаа буруу тайлан өгсөн, тайлан нь батлагдаагүй компаниудын лицензийг цуцлах арга хэмжээ авч байна. Тийм учраас энэ бол цэгцлэгдэж байгаа. Ер нь бол нэг хэсэг тийм хавтгай наймаа, дамын хэрэгсэл болдог байсан. Одоо бол жинхнээсээ хөрөнгө оруулалт хийгдэж байгаа ийм арга хэрэгсэл болсон. Нийт Монгол Улсын хэмжээнд хувийн компаниуд 200-гаад тэрбум орчим төгрөгийг геологи хайгуулын зардалд гаргасан. Улсаас оруулж байгаа мөнгөтэй нийлэх юм бол 200 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт геологийн хайгуулын, эрэл хайгуулын зардалд хөрөнгө оруулалт хийж байна.
Тавантолгойн хувьд би бас түрүүн хэллээ. Энэ бол Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалт нь байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 5.3-аар “Улсын төсвийн хөрөнгөөр эрэл хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тухайн ордыг ашиглах гэрээгээр тодорхойлно” гэсэн байгаа. Энэ гэрээг байгуулсан, 2008 онд. Энэ гэрээгээр нөөцийнх нь 90 гаруй хувийг, талбайн 90 гаруй хувийг төр өөрийнхөө мэдэлд авч тодорхой хэсгийг нь үлдээсэн. Өнөөдөр хамгийн ашиглалтын сайн нөхцөлтэй газар дээр орон нутгийн “Тавантолгой” ХХК үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэтэй нэлээн дүйцэхүйц маш сайн нөхцөлтэй газар дээр “Эрдэнэс Тавантолгой” үйл ажиллагаагаа эхэлчихсэн. Одоо үндсэндээ 50 мянган тонныг бол хил дээр Цагаан хаданд аваачсан. Хоёр долоо хоногийн өмнө эхлээд экспортын үйл ажиллагаа нь эхэллээ. Энэ жилдээ багтаагаад 500 мянгаас нэг сая орчим тонныг экспортлох ажлыг төлөвлөж байна.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг:
-Би эхлээд үзэл баримтлалын чанартай юм ярихгүй бол болохгүй болчхоод байна. Энэ улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордуудын лицензийг 1997 оны хуулиар авчихсан байдаг. Тэгээд одоо “Хадгалж байсан хамгаалж байсанд баярлалаа” гэж яриад байх юм. Энэ ашигт малтмал нь ард түмний өмч, төрийн мэдэлд байна. Тэгээд хил хязгаар гээд цэргүүд, манай хилийн цэрэг хамгаалаад байж байгаа шүү дээ. Ер нь тэгээд ард түмний хөрөнгө, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийчихсэн байхад лицензийг нь авчхаад л, тэгээд тэндээс нь тасдаад өрмийг нь ингээд авчихдаг. Тэрийг нь сайшаагаад сууж байгаа сайдыг “Ер нь хэний төлөө ажиллаад байна вэ” гэдэг дээр гайхаж байна.
1997 оны тэр хуулийг 2006 оны хуулиар зассан байхгүй юу. “Стратегийн орд, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн байх юм бол А лиценз өгөхдөө уралдаант шалгаруулалтаар өг” гээд заагаад өгчихсөн. Энийг залруулаагүй яваад байгаа байхгүй юу.
Хоёрдугаарт нь, “Хувийн хэвшлийн хөрөнгөөр 34 хувь, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн байх юм бол 50 хувь хүртэл” гээд заасан. Энэ бол төрийн оролцоог хязгаарласан болохоос биш зүгээр 50-ийг нь ч юм уу, эсвэл нөгөө 66-г нь зүгээр өгчихнө гэсэн ойлголт биш шүү дээ. Ингээд яг хууль уншихаараа, хууль хэрэгжүүлэхээр Монголын ард түмэнд, Монгол Улсад ашиггүй байдлаар хэрэгжүүлдэг ийм Засгийн газар, ийм сайдтай болчхоод байна. Тэгээд үндсэн ажил руугаа оръё доо. Энэ Тавантолгойн ашиглалтын лицензийг 2006 оны наймсарын 26-нд өгсөн. Энэ Ашигт малтмалын тухай хууль хүчинтэй болсон. Яг тэр өдөр Х лицензийг нь А болгоод өгсөн байхгүй юу. Энэ зөрчлийг арилгахгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ хуулийг хийхдээ улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийчихсэн ордуудыг хүмүүс 1997 оны хуулиар Х лицензийг нь авчихсан байна. “Тэгвэл А дээр нь зогсооё” гэдэг ийм концепциор энийг хийсэн байхгүй юу. Тэгтэл яг хууль зөрчөөд А лиценз өгчихсөн байхад тэр чигээр нь явуулчхаж байгаа юм. Өөрөөр хэлбэл морьтой хүнтэй явган хүн харилцахад хүнд байдаг. Ийм байдлыг л бий болгочхоод байна шүү дээ.
Тэгээд тухайн үед жишээлбэл энэ “Энержи ресурс” компанид нийт энэ Тавантолгойн нөөцийн 4.0 хувийг үлдээлээ гээд байсан. Гэтэл яг коксжих нүүрснийх 16.0 хувь байгаа шүү дээ. Багануурын нийт нөөцтэй тэнцэх ийм хэмжээний ордыг зүгээр нэг лицензийн төлбөр 851 мянган доллар төлснийх нь төлөө та өгчихөөд сууж байгаа шүү дээ. Стратегийн ордын төрийн эзэмшлийн хэмжээг УИХ-аар тогтоолгох ёстой. Одоо хүртэл засахгүй яваад байгаа байхгүй юу.
“Айвенхоу Майнз”-ын хувьцааг нээж Хөрөнгийн бирж дээр очиж хонх цохидог шиг та Ухаахудагийг Гонконгод, тийм юм болсон шүү дээ. Тэгээд өнөөдөр 252 сая коксжих нүүрсийн цэвэр ашиг нь ч, зах зээлийн үнэ ч 3.5, 4.5 тэрбум ам.доллар болсон байгаа шүү дээ. Та 851 мянган ам.долларын нэг лицензийн төлбөр төлснийх нь төлөө 4.0, 5.0 тэрбум ам.доллар өгчихөөд ингээд суугаад байгаа байхгүй юу. Энэ чинь арай дэндэж байгаа юм биш үү. Энэ болохгүй шүү дээ. Хамгийн гол нь би энэ Тавантолгой гэдэг энэ орддоо биш дараагийн улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн гайгүй ордууд чинь яг энэ замаараа яваад өрмийг нь авчхаад ингээд үлдчихнэ шүү дээ.
Дараагийн нэг асуудал нь тэр 39 дүгээр тогтоол дээр бид нар тодорхой заагаад өгсөн. Иргэдэд 10 хувь, аж ахуйн нэгжид 10-30 хүртэл хувийг Хөрөнгийн биржээр гаргаад гээд. Гэтэл танай Засгийн газар Хятад, Орос, бусад орнуудтай ингээд хувь наймаалцаад унаж байгаа байхгүй юу.
ЭБЭХ-ний сайд Даш.Зоригт:
- Д.Ганхуяг гишүүний эхний асуултад хариулахад, би Монгол Улсын эрх ашгийн төлөө ажиллаж байгаа хүн. Энд ямар нэгэн байдлаар одоо ашиг хонжоо хайсан юм уу, эсвэл аль нэг компанийн эрх ашигт нийцүүлэн ажиллаж байгаа юм ерөөсөө байхгүй. УИХ-ын тогтоол хуулийн дагуу ажиллаж байгаа гэдгээ шууд хэлье.
Д.Ганхуяг гишүүний “Энержи ресурс”-ын энэ моделийг сайшаагаад байгаад нь бас миний хувьд их олзуурхаж байна. Энэ бол моделийн хувьд их муу гэж үзэхгүй байгаа. Хөрөнгийн бирж дээр гаргаж ирээд энэ компанийн хувьд өөрийнхөө хөрөнгийг арилжаалсан. Анхны олон миллиард ам.долларын хөрөнгө оруулалтыг Монгол Улсад хийж байгаа ийм компани. Тийм учраас тэр Хөрөнгийнх бирж дээр төр засгийн бусад төлөөлөгчдийн хамт очиж хяналтынх нь үйл ажиллагаанд нь оролцсон. Энэ дээр нуух юм байхгүй.
Энэ компанийн хувьд дахиад хэлье. 2008 оны гуравдугаар сарын 21-нд лиценз шилжүүлэх гэрээгээ байгуулсан. Энэ гэрээг Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтын дагуу байгуулсан. Энд “Төрийн оролцооны хувь хэмжээг орд ашиглах гэрээгээр тодорхойлно” гэснийх нь дагуу энэ гэрээг байгуулсан. Та бол сая “Сонгон шалгаруулалт явуулах ёстой” гэж хэлж байна. Би танд бас дахиад нэг заалт уншиж өгье. Ашигт малтмалын хуулийн дагуу Ашигт малтмалын хуулийн 21.1.3 гэж байгаа. Энэ дээр юу гэж байгаа вэ гэхээр энэ хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасаны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын ашиглалтын лицензийг онцгой эрхийн дагуу авах хэрэгтэй гэж байгаа юм. Хайгуулын лицензтэй байх юм бол ашигт малтмалынхаа ашиглалтын лицензийг онцгой эрхийнхээ дагуу авах хэрэгтэй. Хайгуул хийсэн, хийгээгүй байна шүү дээ. Хуулийн дагуу ярих хэрэгтэй, гишүүн ээ. “Ашигт малтмалын хайгуулын лицензтэй байх юм бол ашиглалтын лицензийг авах эрхтэй” гээд “Энэ онцгой эрхтэй” гээд хуульд заасан байгаа. Зүгээр, та бол нэг зүйлийг хэлээд байна. Би бол 1997 онд энэ УИХ-д сууж байгаагүй. Энд сууж байсан хүмүүс ч байдаг юм шиг байгаа юм. Тухайн үед нь Ашигт малтмалын тухай хуулийг баталсан, энэ хуулийн дагуу Монголын компаниуд нь азаар энэ Тавантолгойг авсан байна лээ. 2008 оны гуравдугаар сар хүртэл энэ лицензийг таны хэлдгээр тэр гаднын дотнын хүнд зарчхаагүй юм билээ. “Баярлалаа” гэхээс өөр яах юм. “Баярлалаа” гэхгүй гээд яах юм, тэрийг. Аваад зарчихсан бол зарна шүү дээ. Өнөөдөр ийм жишээтэй компаниуд маш их байна. Гаднын хөрөнгө оруулалттай, ийм тийм гэсэн компаниуд байж байна шүү дээ. Тэрийг л би онцолж хэлж байгаа гэдгийг хэлэх гэсэн юм.
Та сая энэ хэлэлцээрийн талаар асуулаа. Хэлэлцээрийн хувьд бол тодорхой холбогдох заалт нь бол ийм заалт байгаа. Юу гэсэн байгаа вэ гэхээр, “Дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, бонд ашиглалт, урьдчилгаа төлбөр, бүтээгдэхүүний борлуулалт, хөрөнгө оруулалтын нөхцөлийн асуудлаар хэлэлцээ хийж, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоотой нэгдсэн компани, консорциумыг нээлттэй хэлбэрээр сонгон шалгаруул” гэсэн байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол УИХ-ын тогтоол дээр “Хөрөнгийн биржээр энийгээ арилжаал” гэж 5 дахь заалт дээр хэлээгүй. Өөрөөр хэлэх юм бол, “Гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай оролцоотой нэгдсэн компанийг нээлттэй хэлбэрээр сонгон шалгаруул” гэсэн байгаа. Тийм учраас одоо энэ сонгон шалгаруулах ажил нь явагдаж байна. Харин “Эрдэнэс Тавантолгой” компанийг энэ тогтоолын эхний заалтын дагуу Олон улсын хөрөнгийн бирж дээр 30 хүртэл хувийг гэсэн байгаа. Та андуурч байна. 29 биш, 30 хүртэл хувийг гадаад дотоодын хөрөнгийн биржээр арилжаалахыг бид нар Дойче банк, Гоулдман сакс гээд энэ олон улсын зөвлөх банкуудыг авсан. Энэ банкуудын оролцоотойгоор Лондон, Гонконгийн бирж дээр бүртгүүлэх ажлыг хийж байгаа гэдгийг хэлэх гэсэн юм.
Үргэлжлэл бий…
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 6. ПҮРЭВ ГАРАГ. № 24 (7520)