Т.САЙХАН
“Агаарын бохирдол хүн амын эрүүл мэнд, Амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх" -ийн талаар Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд утааны сонсголд танилцуулав. Түүний илтгэлээс онцлон хүргэж байна.
УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд: -Бид асуудлаа том зургаар нь харах юм бол сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд утаатай тэмцэх байгууллага найман удаа өөрчлөгдсөн. Үүнээс харахад тухайн асуудлыг шийдвэрлэх эзэн бие, хариуцлагын асуудал асар их зөрчигдсөн байгаа. Үүнээс гадна салбар дундын ойлголцол, харилцан хүлээлт ойлгомжгүй байна. Тухайлбал БОУАБЯ-ны өмнөх түүхүүдийг харвал ЭМЯ-тай нарийн мэдээллээ солилцдоггүй. Цаашлаад нийслэлтэйгээ ойлголцоогүй байдал ажиглагдаж байна. Түүнчлэн ЭМЯ-ны төсөв олон улсад зургаан хувьтай байдаг бол Монгол Улсад гурван хувь хүрэхгүй байна. Эдгээр төсвүүд ихэвчлэн барилгын салбарт явж байна. ЭМЯ утааны асуудлаар тодорхой судалгаа хийе гэхээр төсөв, санхүү муу байдаг гэсэн жишээнүүд байна. Утаатай холбоотой Цагдаагийн байгууллагын мэдээлэл, ЭМЯ-ны мэдээлэл зөрүүтэй байдаг. Тиймээс цаашид ЭМЯ-тай олон талаар хамтран ажиллах шийдвэр гаргасан. Салбар гээд хойш суухгүйгээр маш яаралтай утаатай холбоотой судалгаа хийх шаарлагатай.Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос гаргасан шийдвэрийн дагуу "Сайжруулсан хатуу түлш, техникийн шаардлага" гэсэн стандартыг шинэчлэх шаардлагатай байгаа. Үүнийг яаралтай шинэчлэх шаардлагатай байна. Түүнчлэн агаарын чанарын бүс рүү зөвшөөрөлгүй түүхий нүүрс оруулахгүй байх уг ажлын хэрэгжилтийг долоо хоног бүр танилцуулах зэрэг шийдвэрийг гаргаад явж байгаа юм байна. Тэгэхээр эдгээр шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангах шаардлагатай байна. Хүний эрхийн үндэсний комисс хүний амьд явах эрх болон утаатай холбоотой асуудлаар хэлэлцсэн. Түүнчлэн эрдэмтэн, судлаачдын маш ноцтой дүгнэлтүүд гарсан. Монгол Улсад иргэн болж төрөх ёстой хэдэн мянган амь утаанаас болж сүйдэж байна. Энэ бол нөхөж болшгүй гарз. Агаарын бохирдол уушгины хорт хавдраас гадна, элэгний хорт хавдрын өвчлөлд нөлөөлж байна. Түүний нүүрсний асуудлаа ярьж байгаа ч гэсэн, сайжруулсан шахмал түлшнээс болж угаартсан, амь хохирсон хүмүүсийн мэдээллийг ил болгохоос айж байна. Амь хохирсон хүмүүсийн талаар статистик байгаа ч гэсэн үүн дээр чанга дугарах зоригтой хүн байхгүй байна" гэв.
Эх сурвалж:www.polit.mn