Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хохироож буй багшийн хомсдол

2024-12-11
Нийтэлсэн: Админ
 11 мин унших

Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР

“Зууны мэдээ” сонин нийтийн эрх ашгийг хамгаалах эрэн сурвалжлах бүтээлүүдээрээ боловсролын салбарт тулгамдсан асуудлууд буюу багш нарын хүрэлцээ, сургуулийн стандарт зэрэг асуудлыг илчилж, гарц гаргалгаа эрэлхийлж ирсэн билээ. Монгол Улсын хүн бүр сурч боловсрох үндсэн эрхээ баталгаатай эдэлнэ хэмээн Үндсэн хуулиндаа заасан байдаг. Гэвч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд энэ эрхээ эдлэхэд ямар саад бэрхшээл тулгарч байгаа талаар энэ удаагийн бүтээлээрээ онцолж байна. 

 

2085 хүүхэд сургууль, цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна

хүүхэд by zuuniimedee newspaper

Манай улсын хэмжээнд нийт 111 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Үүнээс боловсролын насны буюу 2-18 нас хүртэлх 11.430 хүүхэд байна гэсэн судалгаа бий.

Мөн хөгжлийн бэрхшээлийн улмаас цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 822, Өөрөөр хэлбэл,  нийт 2085 хүүхэд хөгжлийн бэрхшээлээс шалтгаалан сурч боловсрох эрхээ эдэлж чадахгүй байгаа юм. Тэгвэл 9.975 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд боловсролын бүх шатны байгууллагад хамрагдаж байна. Эдгээрээс 463 нь насан туршийн суралцахуйн боловсрол буюу нөхөн олгох хөтөлбөрт хамрагддаг аж. Сонсголын бэрхшээлтэй 682, харааны бэрхшээлтэй 866, хэл ярианы бэрхшээлтэй 590, хөдөлгөөний бэрхшээлтэй 1816, сэтгэцийн бэрхшээлтэй  2230, оюуны  бэрхшээлтэй 1427, аутизмтай 1816, дауны хам шинжтэй  369, хавсарсан бэрхшээлтэй  2374 хүүхэд байна. Эдгээр хүүхэд ч сурч боловсрох эрхээ эдлэхийн тулд тодорхой саад бэрхшээлтэй тулгарч байгаа юм.

 

“Би хүүхдээ энгийн сургуульд сургахыг хүсдэг”

Ц.Алтанзул

Монгол Улс Үндсэн хуулиндаа мөн хүн бүр эх хэлээрээ суралцах эрхтэйг баталгаажуулсан байдаг. Сонсголын бэрхшээлтэй хүний хувьд дохионы хэл эх хэл нь билээ. Гэсэн ч сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургууль л энэ эрхээ эдлэх боломжийг олгож буй. Тухайлбал, Ц.Алтанзул Сэлэнгэ аймагт амьдарч байгаад сонсголын бэрхшээлтэй хүүгээ сургуульд оруулахын тулд Улаанбаатарт шилжин ирээд долоон жил болж байна. Хүүхдээ зургаан нас хүрэхээр нь хотод шилжин ирье гэж бодсон ч тухайн үед 29 дүгээр сургуулийн талаар хэвлэл мэдээллээр нэлээд асуудал дэвшүүлж байсан учраас найман нас хүрдэг жилд нь хотод  ирж, сургуульд оруулжээ.

Тэрээр энэ тухайгаа “Би хүүхдээ энгийн сургуульд сургахыг хүсдэг. Олон хүүхдүүдтэй бужигнаад л гоё шүү дээ. Гэвч манай улсад тэгш хамран сургах тал дээр хөрс нь бэлтгэгдээгүй байна. Хөгжлийн бэрхшээлгүй хүүхдүүдтэй мөр зэрэгцээд явах давуу талтай ч бэрхшээлийг эцэг эх биш тухайн хүүхэд туулна. Тиймээс хандлага,  орчин, сургалтын тохируулгыг бэлдэж өгөх хэрэгцээ байна” гэсэн юм. Тэрбээр мөн сонсголын бэрхшээлтэй хүүхэд тэгш хамрагдалтаар суръя гэхэд дохионы хэлний хэлмэрч, тэмдэглэл хөтлөгчийн цалингийн асуудал шийдэгдээгүй байгааг онцолсон билээ.

 

“Орчин нь бүрдсэн бол ажлаа хаян байж тусгай сургууль руу хүүхдээ зөөхгүй байсан”   

И.Лхамсүрэн

Хүүхэд  нь энгийн ерөнхий боловсролын сургуульд дөрвөн жил сурч байгаад тодорхой шалтгаануудын улмаас сургуулиас нь гаргах шийдвэр гаргасан эцэг эхийн төлөөлөл бол И.Лхамсүрэн. Охин нь сонсголын бэрхшээлтэй бөгөөд 29 дүгээр сургуулийн IV ангид сурдаг. Тэрээр “Энгийн сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургах нөхцөлийг хангаагүй. Энэ олон хүүхдээ яая гэж байхад юун хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд,  хуульдаа захирагдаад  авч байна гэсэн хандлага гаргадаг. Зарим нь хүүхдээ аваад яв гэнэ. Ер нь нийтлэг дүр төрх ийм л байдаг. Сургуулийн зүгээс тухайн хүүхдэд ямар ахиц дэвшил гарч байна гэсэн тайлан авдаггүй. Их  биш ч гэсэн  бага үр дүн хүсдэг.  Гэвч бага ч байхгүй.

Охин маань сүүлдээ хичээлдээ  явах дургүй болсон. Баяртай гэж өөртөө итгэлгүй хэлээд орж,  хичээлээс тараад гарч ирэхдээ гутарсан байдалтай байгаа охиноо хараад өрөвддөг байсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд их мэдрэмтгий. Ер нь тухайн сургуулийн л харьяа болохоос биш баяр ёслолд оролцож,  шалгалт өгч үзээгүй.  Нэг удаа танхимын бус сургалтад явахдаа  охиныг минь орхиод явсан байсан. Түүнийг мэдээд надад их хэцүү санагдсан. Надад тийм хэцүү мэдрэмж төрж байгаа юм чинь охинд минь бүр хэцүү л байсан байх. Тэгээд охины минь ертөнцийг нэгэнт л ойлгохгүй байгаа учраас сургуулиас нь гаргахаас өөр сонголт байгаагүй. Охин маань 29 дүгээр сургуульд энэ намраас явж эхэлсэн. Хэрвээ тэгш хамрагдалтын орчин нь бүрдсэн бол би ажлаа хаян байж тусгай сургууль руу хүүхдээ зөөх биш гэрийн хаяанд байгаа сургуульдаа  өгнө шүү дээ” хэмээн И.Лхамсүрэн ярив.

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах багш дутагдалтай байна

Т.Саранхүү

Манай улс 2023 оны долоодугаар сард тэгш хамруулан сургах боловсролын асуудлыг цогцоор нь тусгасан Боловсролын багц хуультай болж байв.  Уг хуулийн төслийг 2019 оноос эхлэн хэлэлцэж байсан ч цар тахлын нөхцөл байдлаас үүдэн дөрвөн жилийн нүүр үзсэн юм. Энэ хууль нь хүүхэд төвтэй. Өөрөөр хэлбэл, Боловсролын багц хууль гурван гол тулгуур санааг шингээж батлагдсаны нэг нь тэгш хамран сургах. Энэ нь нийгмийн бүх ялгаатай бүлгийн хүүхдүүд нэг  сургууль, нэг ангид суралцана гэсэн үг. Тиймээс ялгаатай  хэрэгцээг  хангаж боловсролд тэгш хамруулах нь энэ хуулийн гол үзэл санаа.

Тэгвэл тэгш хамран сургах боловсролын хэрэгжилтэд тулгамдаж байгаа асуудал юу байна вэ. Энэ талаар БШУЯ-ны Тэгш хамруулан сургах боловсролын хэлтсийн дарга Т.Саранхүү ярихдаа “Тусгай хэрэгцээт боловсролын багшийг сургууль бүрд ажиллуулах хэрэгцээ байгаа. Гэвч энэ чиглэлээр бэлтгэж  байгаа багш дутагдалтай байна” хэмээн онцолсон. Энэ ажлын хүрээнд  сүүлийн гурван жилийн хугацаанд ерөнхий боловсролын сургуулийн 9000 орчим багшийг тусгай хэрэгцээт боловсролын багшаар давтан сургажээ. Ингэснээр нийт багшийн гуравны нэг нь энэ чиглэлээр мэдээлэлтэй болсон гэсэн үг. Мөн тусгай хэрэгцээт боловсролын багшаас гадна тусгай хэрэгцээт боловсролын үндсэн хичээлийг бага  анги болон цэцэрлэгийн багш нар заавал судалдаг. Тэгэхээр багш нар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах боломж бүрдэж байгаа юм.

Мөн багшийн туслахын ажлын байрны тодорхойлолтыг баталж, 1.100.000 төгрөгөөр цалинжихаар оруулжээ. 2023 оны хичээлийн жилээс эхлэн багшийн туслахыг МУБИС-д бэлтгэж эхэлсэн.  Энэ хичээлийн жилд 112 багшийн туслах ердийн сургуульд ажиллаж байна. Багшийн туслахаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүд бэлтгэгдээд тухайн сургууль дээр ажиллаж байгаа. Мөн хүний нөөц бэлтгэх хүрээнд МУБИС-д тусгай хэрэгцээт боловсролын хөрвөх сургалт зохион байгуулж энэ жил  25  хүн хамрагдаж байгааг Т.Саранхүү хэллээ. Тэрбээр мөн сонсголын бэрхшээлтэй хүүхдийн боловсролын асуудалд анхаарах зайлшгүй хэрэгцээтэй байгаа.  Сонсголын бэрхшээлтэй хүний эх хэл нь дохионы хэл. Гэтэл хүн бүр дохионы хэл мэдэхгүй байна гэсэн юм.

Дохионы хэлмэрчийг 2023 оноос  Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Сэргээн засах хөгжлийн төвд бэлтгэж эхэлсэн байна. Тэгвэл Боловсролын яам өнгөрсөн хичээлийн жилээс эхлэн ЕБС-ийн багш нарыг дохионы хэлний анхан шатны сургалтад хамруулж байгаа аж. “Их дээд сургуульд тэмдэглэл хөтлөгч ажилладаг. ЕБС-д одоогоор тэмдэглэл хөтлөгч ажиллахгүй байгаа. Багш нарыг дохионы хэлтэй болгох дээр анхаарч ажиллаж байна” хэмээн Т.Саранхүү хэлэв.

 

2025 онд ЕБС-д 46.7 тэрбум төгрөг төсөвлөжээ

 

Боловсролын багц хуульд тусгаснаар хөгжлийн  бэрхшээлтэй хүүхдийн боловсролын хувьсах зардлыг гурав дахин олгодог. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа багшид 10 хувийн нэмэгдэл тооцно гэсэн байдаг. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны нэгдүгээр сарын 25-ны ээлжит хуралдаанаар цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хувьсах зардлын дундаж хэмжээ, аргачлалыг шинэчлэн баталсан аж. Ингэснээр  нэг суралцагчдад олгох хувьсах зардал өөрчлөгдсөн юм. Үүнтэй холбоотойгоор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хувьсах зардал 2023 оноос сургуулийн өмнөх боловсролын түвшин 45.5 хувиар, ерөнхий боловсролын түвшинд  30.9 хувиар өссөн байна. Хувьсах зардалд  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд шаардлагатай хэрэглэгдэхүүн,  тухайн хүүхэдтэй ажиллаж байгаа  багшийн цалин ордог гэсэн үг.

Тэгвэл  2024 онд ЕБС-д 38.1 тэрбум, сургуулийн өмнөх боловсролд 15.6 тэрбум  зорилтот бүлгийн сурагчдад олгох  буцалтгүй тусламж их, дээд  сургуулиудад 12.8 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Харин 2025 онд сургуулийн өмнөх боловсролд 15.5 тэрбум, ерөнхий боловсролын сургуульд 46.7 тэрбум,  гадаадад болон дотоодын их дээд сургуульд суралцах хөгжлийн бэрхшээлтэй оюутанд олгодог буцалтгүй тусламжид 3.7 тэрбум, зорилтот бүлгийн суралцагчдад олгох буцалтгүй тусламжид 13.7 тэрбум төгрөг төсөвлөжээ.

 

“Салбар дундын хамтын ажиллагааг хөгжүүлэх хэрэгтэй”

Д.Тунгалаг

Тэгш хамруулах тохируулгуудыг зөвхөн орчинд биш сургалтын үйл ажиллагаанд хийх хэрэгтэй гэдгийг “Бүх нийт боловсролын төлөө” Иргэний нийгмийн Үндэсний эвслийн ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг хэлж байлаа. Тус эвсэл Боловсролын багц хуулийг батлахад чухал үүрэг гүйцэтгэж ажилласан юм.

Тэрээр “Тэгш хамруулах боловсролыг төр дангаараа хэрэгжүүлж чадахгүй байна. Төрийн бус байгууллагууд,  эцэг эхчүүд  туршлагаа хуваалцаж, хамтарч байж тэгш хамруулж байна. Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах дохионы орчуулагч хангалттай хэмжээнд бэлтгэгдээгүй. Тухайн сургууль дохионы орчуулагч ажиллуулах  ёстойг захирал нь мэдэхгүй байна.

Бусадтай адилхан сургалтын үйл ажиллагаанд тухайн хүүхдийг яаж оролцуулах вэ. Дараа нь тухайн хүүхэд бусадтай адил үр дүнг яаж хүртэх вэ гэдэг чухал. Тэгэхээр сургалтын үйл ажиллагааны тохируулга тэгш хамруулан сургах боловсролын  хамгийн чухал зүйлийн нэг.  Гэвч багш нар нийт дунд нэг аргаар заагаад хэвшсэн учраас сургалтын ганцаарчилсан төлөвлөгөөг боловсруулж чадахгүй байна. Хөтөлбөрийг өөрчлөх нь ганцаарчилсан сургалтын тогтолцоо юм гэдгийг ойлгохгүй байна.

Мөн манай улс тэгш хамруулан сургах боловсролыг хэрэгжүүлэхэд шаардлагатай нэг зүйл нь  туслах технологийг хөгжүүлэх. Тухайн хүүхдийг үйлдлийнх нь чадвараар ангилдаг олон улсын ангиллын системийг нэвтрүүлэх хэрэгтэй байна. Ингэснээр багш нар хүүхдүүдийг үнэлэх хэрэггүй болно. Мөн салбар дундын хамтын ажиллагааг хөгжүүлэх хэрэгтэй” гэсэн юм.

 

Хууль эрхзүйн хүрээнд бодлогоор дэмжих ёстой хоёр асуудал байна

 

Энэ удаагийн УИХ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болж АН, МАН-ын жагсаалтаар Ж.Баясгалан, О.Саранчулуун нар УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Тэгш хамран сургах боловсролын хэрэгжилтийн талаар ямар байр суурьтай байгааг УИХ-ын гишүүн, Нийгмийн эрүүл мэндийн ухааны доктор О.Саранчулуунаас тодрууллаа. Тэрээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах эрхийг хангах тал дээр хууль эрхзүйн хүрээнд бодлогоор дэмжих ёстой хоёр асуудал байна.

УИХ-ын гишүүн, Нийгмийн эрүүл мэндийн ухааны доктор О.Саранчулуун

Нэгдүгээрт, Энгийн сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй багшид заах аргазүй дутагдалтай байгаа. Яг адилхан зааж буй хичээлийн хөтөлбөр, агуулгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд заах хүртээмжтэй аргазүйд суралцаагүй байна. Харин тусгай сургуулийн багш нарт заах аргазүй нь байна. Энэ тохиолдолд багш нар туршлага солилцож, аргазүйгээ хуваалцах боломжтой. Үүнийг бодлогоор зохицуулах хэрэгтэй. 

Хоёрдугаарт, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцаж буй тохиолдолд хүүхдийн тооны харьцаа чухал гэдгийг олон багш нар хэлдэг. Жишээлбэл, 25 хүүхэдтэй ангид 1 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах гэдэг зохицуулалт байж болно. Мөн багшийн туслах буюу туслах багш тухайн ангид орж тусалдаг байвал багш дээр ирэх ачаалал буурч тухайн хүүхэдтэй ажиллаж сурна” гэсэн юм.

Нийтлэлдээ дурдсан Ц.Алтанзул, И.Лхамсүрэн шиг хүүхдээ энгийн сургуульд үе тэнгийн хүүхдүүдтэй нь сургах, боловсрол олгох хүсэлтэй олон эцэг эх, хүүхдүүд манай улсад бий. Үндсэн хуулинд заасанчлан тэдний сурч, боловсрох, хөгжих эрх ямар ч цаг үед хязгаарлагдах ёсгүй. Тиймээс уг нийтлэлд тэгш хамруулан сургах асуудлыг тусгасан Боловсролын багц хуулийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлыг хөндлөө.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 11. ЛХАГВА ГАРАГ. № 239 (7483)

 

Монгол Улсын Засгийн газар 100 хоног: ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ

Хамтарсан Засгийн газар  ажлын эхний 100 хоногтойгоо золгож байна. “Алсын хараа-2050” 

3 цаг 58 мин
“Алма-матер” шагналын эзэд тодорлоо

Монголын залуучуулын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Алтангадас” үндэсний шилдэг багш

3 цаг 58 мин
Хөгжлийн төлөөх түншүүд 35 жилийн хамтын ажиллагаа

Европын Холбоо Монгол Улс тэртээ 1989 онд дипломат харилцаа тогтоосноос

3 цаг 58 мин
Нүүрсээ худалдаад бүгдээрээ хувааж идэх үү, нүүрсний хулгайг хэвээр үргэлжлүүлэх үү?!

Монголын төр олон жил гацсан нэгэн том төсөлд ойрын өдрүүдэд цэг тавина.

3 цаг 58 мин
"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

18 цаг 53 мин
"Дулааны III цахилгаан станц чинь Дарханы зам шиг нохойн замаар орох юм биш үү"

Дулааны III цахилгаан станц чинь Дарханы зам шиг нохойн замаар орох юм биш үү?

19 цаг 1 мин
Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ

Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ

19 цаг 22 мин
Нэг уут бэлгэнд 36-72 ширхэг ёотонтой тэнцэхүйц сахар агуулагдаж байна

Шинэ жилийн баяртай холбогдуулан ХАБҮЛЛ, СХЗГ, НЭМҮТ хамтран нийсл

19 цаг 42 мин
П.Батчимэг: Байнгын хорооноос анатомийн ном шиг зузаан юм хэвлээд ороод ирж байна

П.Батчимэг: Байнгын хорооноос анатомийн ном шиг зузаан юм хэвлээд ороод ирж байна

20 цаг 53 мин
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны 2024 оны онцлох ажил

Манай улсын орон сууцжуулалтын ойрын ирээдүйн бодлогыг хэлэлцэх олон

Өчигдөр 06 цаг 00 мин