Базарбямбын НЯМСҮРЭН
Өмнөд Солонгосын шинэ цагийн түүхэнд сүүлийн 50 шахам жилд тохиож байгаагүй онц байдал зарласан гэнэтийн шийдвэрийг тус улсын ерөнхийлөгч Юн Сог Ёл гаргасан нь олон улсад томоохон шуугиан дэгдээгээд байна. Онц байдал зарласнаар төрийн бүх эрх мэдлийг цэргийнхэнд шилжүүлэх нөхцөл байдал үүссэн учир энэхүү гэнэтийн шийдвэрийг эсэргүүцсэн Ерөнхий Ассамблей буюу парламент яаралтайгаар хуралдсанаар цэргийн онцгой дэглэм дөрвөн цагийн дараа цуцлагдсан ч энэ бүхний дараа юу болох вэ гэсэн асуултууд хариултгүй хэвээр байна.
Өмнөд Солонгосын ард түмэн хэзээнээсээ тэмцэгч гэдгээрээ алдартай. Энэ тэмцэгч чанар нь магадгүй тэнд жагсаал цуглаан байнга л болж байдаг мэт сэтгэгдлийг төрүүлэх нь ч бий. Өнгөрсөн сард Өмнөд Солонгост ажиллах үеэр гудамжинд хэд хэдэн жагсаал цуглаан болж байсны нэг нь мөн л ерөнхийлөгчийг тойрсон, тодорхой яривал Тэргүүн хатагтайн хэт тансаг хэрэглээтэй, үндэслэлгүй хөрөнгөжиж байгаа гэдэг асуудлаас улбаатай байсан. Тухайн үед энэхүү жагсаалын талаар хамт явж байсан Солонгосын төрийн албан хаагчаас асуухад “Манайд ийм төрлийн жагсаал байнга л болж байдаг” хэмээн инээмсэглэн хариулсан учир төдийлөн анхааралгүй өнгөрөөж байлаа. Харин өчигдрийн жагсаал байдаг л нэг жагсаал байсангүй. Ганцхан цагийн дотор Сөүл хотын гудамжнаа сая илүү хүн цугларч “Хөх ордон”-оо хамгаалж үлдсэн нь цаанаа ардчиллаа аварч үлдсэн Солонгосуудын гавьяа, парламентын засаглалын хүч хэмээн олон улсын хэвлэлүүд онцлон бичиж байна. Ямартай ч гэнэтийн байдлаар зарласан онц байдал Өмнөд Солонгосын ардчилалд аюул учруулах вий хэмээн дэлхий нийтээр санаа зовнин байсан асуудал түр намжсан ч цаашид хэрхэн өрнөхийг олон улсад анхааралтай ажиглаж байгаа нь тодорхой.
Мэдээж БНСУ-д болж буй улс төрийн томоохон үйл явдал манай улсад ч тодорхой хэмжээгээр хамаатай гэж хэлж болно.
Монгол БНСУ-ын хооронд 1990 оноос эхтэй дипломат харилцаанаас гадна, 50 гаруй мянган монгол хүн ажиллаж амьдарч буй нь манай улсын нэг аймгийн хүн амаас олон монголчууд амьдарч байгаа гэсэн үг. Манай хоёр хөршөөс дутахгүй нягт харилцаатай стратегийн түнш орон билээ. Монгол Улсаас БНСУ дахь Элчин сайдын яамны зүгээс ч онц байдал зарласантай холбогдуулан тэнд ажиллаж амьдарч буй иргэддээ хандан онцгой нөхцөлд ямар арга хэмжээ авах тухай мэдэгдлийг шуурхай өгч байсан нь сайшаалтай байлаа.
Ямартай ч өнгөрсөн мягмар гарагийн үдшийн 22:15 цагт зарласан онц байдал юунаас эхэлсэн, цаашид ямар үр дагаварт хүргэж болзошгүй тухай олон улсын шинжээчид хэрхэн үзэж байгаа, экспэртүүдийн байр суурь, Өмнөд Солонгос дахь иргэдийн мэдээлэл бүхий багц мэдээллийг тоймлон хүргэж байна.
Төрийн тэргүүнийг тэвдүүлсэн Тэргүүн хатагтай
БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сог Ёл 2022 онд өрсөлдөгчөөсөө багахан саналын илүүгээр ялалт байгуулсан. БНСУ-ын Ерөнхий прокуророор ажиллаж байсан түүнийг ерөнхийлөгч болсноос хойш хэл ам тасраагүй гэхэд болно. Ялангуяа Тэргүүн хатагтайтай холбоотой асуудал онц байдал зарлах хэмжээнд хүрсэн энэхүү үйл явдлын гол шалтгаан болсон нь тодорхой болоод байгаа. Нөхрийгөө Ерөнхийлөгч болсноос хойш хэрэглээ нь эрс өөрчлөгдсөн, хэт тансаг хэрэглээтэй болсон, эрх мэдэл Ерөнхийлөгчид биш эхнэрт нь байдаг зэргээр солонгосууд сүүлийн үед Тэргүүн хатагтай Ким Гон Хийг шүүмжлэх болсон. Зөвхөн шүүмж төдий бус түүний ээж, ерөнхийлөгчийн хадам ээж хууль бусаар хөрөнгөжсөн асуудлаар ял авсан нь асуудал хэр ноцтой байсныг илэрхийлнэ. Үндэсний Ассамблей дэх сөрөг хүчин болох Ардчилсан намын бүлгээс тэргүүн хатагтайн хэргийг шалгах тусгай прокурор томилох хуулийн төслийг санаачилж, баталсан ч ерөнхийлөгч Юн Сог Ёл хориг тавьсан аж. Харин хоригийг хүлээн авах эсэхийг хэлэлцэхэд Ард түмний хүч намын гишүүд хамгаалж үлдсэнээр дээрх хууль хүчин төгөлдөр болоогүй. Гэвч Ардчилсан намаас уг хуулийг дахин санаачилж, Ерөнхий ассамблейгээр батлуулсан боловч Ерөнхийлөгч Юн Сог Ёл дахин хориг тавьжээ. Харин уг хоригийг хүлээн авах эсэхийг ойрын үед Үндэсний Ассамблейгаар хэлэлцэхээр төлөвлөж байжээ. Эдгээр үйл явдалтай зэрэгцэн Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн ойрын хүрээний гэх Сөүлийн хотын Ерөнхий Прокурор И Чан Сү тэргүүтэй дөрвөн прокурорыг огцруулах асуудлыг Үндэсний Ассамблейд хэлэлцэхээр төлөвлөж байсан болон Эх орон, шинэчлэл намын дарга Жу Гүг Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг огцруулах хуулийн төсөл боловсруулснаа зарласан зэргээр Солонгосын улс төр дотооддоо багагүй хурцадмал болж эхэлсэн байна.
Гишүүд нь цаашид хууль хяналт, цэрэг, хүчний байгууллагад ажиллаж байсан хүнийг Ерөнхийлөгчөөр сонгохыг хуульчлан хаах тухай ч ярьж байна.
Ерөнхийлөгчийг огцруулах асуудал өндрөө авч байна
Ерөнхийлөгчийн гэнэтийн шийдвэр Ерөнхий Ассамблейн шаардлагаар цуцлагдсан ч асуудал цааш хэрхэн үргэлжлэх талаар олон таамаг хүлээлттэй хэвээр байна. Өчигдрийн байдлаар Ерөнхий Ассамблейд олонх болсон сөрөг хүчний намаас гадна Эрх баригч намын удирдлагууд ч Ерөнхийлөгчийн гэнэтийн шийдвэрийг хариуцлагагүй үйлдэл хэмээн буруутгаж байгаа. Өөрөөр хэлбэл, парламент дахь Ерөнхийлөгчийн дэмжлэг цаашид үгүй болох нөхцөл байдал үүсээд байна. Ерөнхийлөгчийн хоригийг цуцлах тухай яаралтай хуралдсан Үндэсний Ассамблейн санал хураалтад Ерөнхийлөгчийн нам буюу Ард түмний хүч намын 18 гишүүн оролцож бүгд онц байдлыг цуцлахыг дэмжсэн. Мөн өчигдөр хуралдсан Ард түмний хүч намын хурлын үеэр Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг Ард түмний хүч намын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх, Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр огцруулах, тэр дундаа Батлан хамгаалахын сайд Ким Юн Хён-ыг нэн тэргүүнд огцрохыг шаарджээ. Өөрөөр хэлбэл, нөхцөл байдал түр намжаад байгаа ч Ерөнхийлөгчийг огцруулах улс төрийн үйл явц хурдсах магадлал өндөр байна гэж олон улсын шинжээчид дүгнэж байна. Мөн олон нийтийн зүгээс ч энэ асуудалд шийдвэртэй байр суурьтай байх магадлал өндөр юм. Учир нь одоогийн Ерөнхийлөгчийн нэр хүнд ард түмний дунд өдөр ирэх тусам буурч байгаа бөгөөд өнгөрсөн сарын судалгааны дүнгээр дөнгөж 20 гаруй хувийн дэмжлэгтэй байжээ.
Сөрөг хүчний зүгээс ерөнхийлөгчид итгэл үзүүлэх тухай асуудлыг яаралтай хэлэлцэх, ерөнхийлөгчийг огцруулах саналаа илэрхийлсээр байгаа.
БНСУ-ын Үндсэн хуулийн дагуу Үндэсний Ассамблейн 200 орчим гишүүн дэмжсэнээр Ерөнхийлөгчийг огцруулах шийдвэр гарах боломжтой. Энэхүү шийдвэрийг Үндсэн хуулийн цэц баталгаажуулснаар Ерөнхийлөгчийг огцруулдаг байна.
Хэн юу хэлэв?
Ерөнхийлөгчийн гэнэтийн шийдвэртэй холбоотойгоор тус улсын ардчилалд аюулд орлоо гэсэн болгоомж олон нийтийн дунд ч, улс төрийн хүрээнийхний дундч хүчтэй яригдаж, яаралтай арга хэмжээ авах үндсэн нөхцөл болсон. Түүхэндээ цэргийн дэглэмд олон жилээр байж үзсэн ард түмний хувьд төрийн бүхий л эрх мэдэл цэргийнхэнд очно гэдэг үнэхээр том аюул гэж хэлж болно. Тиймээс ч ганцхан цагийн дотор сая гаруй хүн цуглаж, цаашлаад Ерөнхий Ассамблей яаралтайгаар хуралдаж арга хэмжээ авах гол нөхцөл бүрджээ. Нөхцөл байдалтай холбоотойгоор нөлөө бүхий улс төрчид шууд мэдэгдэл хийж үзэл бодлоо илэрхийлсэн байна.
Ерөнхийлөгч асан Мүн Жэ Инь:
-БНСУ-ын ардчилал ээдрээтэй нөхцөл байдалд ороод байна. Үндэсний Ассамблей шуурхай арга хэмжээ авч, ганхаж буй ардчилалыг хамгаална гэдэгт найдаж байна. Ард түмэн та бүхэн мөн ардчиллыг хамгаалахад нэгэн сэтгэлийн үзүүрт нэгдэж, Үндэсний Ассамблей хэвийн хэмжээнд үүргээ гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэхийг хичээнгүйлэн хүсье.
Эрх барих хүчин, Ард түмний хүч намын дарга Хан Дун Хүн:
-Ерөнхийлөгч Онц байдлын шийдвэр гаргаж буй нь маш буруу үйлдэл, ард түмний хамтаар энэхүү шийдвэрийн эсрэг зогсох болно.
Сөүл хотын дарга У Сэ Хүн:
-Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн “Онц байдал” зарласныг эсэргүүцэж байна. Шийдвэрээ цуцлах ёстой. Сөүл хотын даргын хувьд иргэдийн аюулгүй байдлыг хангахын төлөө бүх хүчээ дайчлах болно.
Сөрөг хүчин, Ардчилсан намын дарга И Жэ Мён:
-“Онц байдал” зарлах ямар ч шалтгаан байхгүй. Ерөнхийлөгч Юн Сог Ёль хууль бус шийдвэр гаргаж, “Онц байдал” зарласан энэ мөчөөс эхлэн бидний Ерөнхийлөгч биш боллоо. Офицер, цэргийн бүрэлдэхүүн та бүхэн Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн бус ард түмний хүсэл эрмэлзлийг дагах ёстой. Тэрээр “хууль бус, Үндсэн хууль зөрчсөн, ийм эрс тэс арга хэмжээг зөвтгөх нөхцөл байхгүй” хэмээн мэдэгдлээ.
Япон Улсын Ерөнхий сайд Шигеру Ишиба:
-Миний хувьд бусад орны дотоод асуудлын талаар тайлбар хийх боломжгүй. Гэсэн хэдий ч өнгөрсөн онц байдал зарласнаас хойш бид нөхцөл байдлыг ихээхэн сонирхож ажиглаж байна. Бид Өмнөд Солонгост байгаа Япон иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд боломжтой бүх арга хэмжээг үргэлжлүүлэн авах болно.
Пентагоны хэвлэлийн төлөөлөгч, хошууч генерал Пэт Райдер:
-Энэ үйл явдал АНУ-Өмнөд Солонгосын харилцаанд нөлөөлөхгүй гэдгийг хэлмээр байна. Манай улсын хувьд нөхцөл байдлыг ажиглаж байгаа бөгөөд баримтуудыг үргэлжлүүлэн цуглуулж, нөхцөл байдлыг газар дээр нь хянах үйл ажиллагаанд гол анхаарлаа хандуулж байна. БНСУ дотоод асуудлаа тайван замаар, хууль дээдлэх ёсонд нийцүүлэн шийдвэрлэнэ гэж найдаж байна.
ЭКСПЕРТИЙН ҮГ
Галаар наадсан ерөнхийлөгч
БНСУ-д үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан бид олон улс судлаач Ж.Гантулгын байр суурийг хүргэж байна.
-БНСУ-ын олон улс төрчид онц байдал зарлах нөхцөл шалтгаан үүсээгүй байхад улс төрийн зорилгоор ийм осолтой алхам хийсэн ерөнхийлөгчийг нэгэн дуугаар буруутгаж, парламентаас ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх тухай асуудлыг хөндөх ёстой гэсэн байр суурьтай байх шиг байна. Өмнөд Солонгосын хуулиар “Онц байдал зарлаж, цэргийн хяналт тогтоох” үйл ажиллагааг улс орныг хамарсан зэвсэгт мөргөлдөөн, эмх замбараагүй байдал үүсэх, түүнийг цагдаа, хууль сахиулах байгууллагын хүчээр зогсоох аргагүй болсон үед засгийн хурлаар хэлэлцүүлж дэмжсэн тохиолдолд ерөнхийлөгч зарлах эрхтэй байдаг. Гэвч өчигдрийн хувьд БНСУ-д ийм нөхцөл байдал үүсээгүй байсан нь тодорхой.
Ерөнхийлөгчийг тойрсон том, жижиг олон асуудлууд сөрөг хүчний болоод хэвлэлийн зүгээс байнга гардаг. Олон улсад дипломат арга хэмжээний үеэр болсон протоколын алдаанууд, мэргэч төлөгчөөс зөвлөгөө авч ажлаа явуулдаг гэх хардлага, гаргаж буй бодлого шийдвэрүүд, зан авиртай нь холбоотой асуудлууд гээд олон асуудлууд яригддаг. Ялангуяа Тэргүүн хатагтайтай холбоотой шүүмжлэл сүүлийн үед багагүй нэмэгдсэн.
Энэ бүх улс төрийн нөхцөл байдал ерөнхийлөгчийг “Онц байдал зарлаж, цэргийн хяналт тогтоох” шийдвэрийг нэлээн хуумгай байдлаар гаргах нөхцөл бүрдсэн гэж үзэхээр байгаа. Ялангуяа ардчилал хүний эрх хөгжсөн 21 дүгээр зуунд цэргийн хүчээр сөрөг хүчнээ дарж авах оролдлогыг ерөнхийлөгч нь хийсэнд ард түмэн ихээхэн дургүйцэж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 5. ПҮРЭВ ГАРАГ. № 235 (7479)