Н.Энхбаяр: Трамп эдийн засгийн хувьд ямар бодлого хэрэгжүүлэхийг бүгд хүлээж байна

2024-11-15
Нийтэлсэн: Админ
 22 мин унших

“АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн эргэн тойронд” сэдвээр хийсэн ТВ9 телевизийн хэлэлцүүлгийг хүргэж байна. Хэлэлцүүлэгт Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, эдийн засагч Б.Лакшми, Хятад судлаач Х.Баатархүү нар оролцлоо.

-АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсөн долоо хоногт боллоо. Сонгуулийн үр дүнгээр Дональд Трамп ялалт байгуулж, ирэх дөрвөн жил цагаан ордныг удирдахаар болж байна. Дональд Трамп энэ удаагийн сонгуульд яагаад ялалт байгуулав. Та бүхэн байр сууриа илэрхийлнэ үү?

Н.Энхбаяр: “Дональд Трамп ялах уу?, Харрис ялах уу? гэдэг дээр 50, 50 хувьтай байсан. Учир нь 6-7 мужид нэлээд хүчтэй савлагаа үүсэх магадлалтай байсан хэрэг. Үр дүнг харахад Дональд Трамп ялалт байгууллаа.

Өнөөдрийн байдлаар 312 суудал авсан байна. Ер нь бол 270 суудал байхад хангалттай байдаг. Тэгэхэд 312 суудал авна гэдэг бол 42 суудлаар илүү санал авсан гэж болно. Савалдаг гэх юм уу, эргэлзэж байгаа зургаа, долоон мужид бүгд Дональд Трампд саналаа өгсөн байх. Тэр утгаараа энэ нь том ялалт боллоо.

2016 онд тэрээр Хиллари Клинтонтай өрсөлдөж байхдаа сонгогчдын коллежийн тоогоор илүү гарсан ч нийт сонгогчдын саналаар дутуу байсан. Бараг гурван саяар дутуу байсан боловч АНУ-ын сонгуулийн тогтолцоо нь өөр учраас хоёр дахь шатны буюу муж, мужийн төлөөлөл болсон электрол коллеж гэх сонгогчдын коллежийн саналаар Трамп ерөнхийлөгч болж байсан.

Энэ удаад Трамп санал 75 сая, Харрис 72 сая санал авч гурван сая сонгогчийн саналаар илүү гарсан байна. Төлөөлөгчдийн танхимдаа Сенатдаа аль алинд нь Трампын тал буюу Бүгд Найрамдах намынхан ялжээ. Мэдээж хэрэг хоёр жилийн дараа Сенатын гуравны нэг нь дахин сонгуульд оролцоно. Тиймээс Сенатын харилцаа болон төлөөлөгчдийн танхимын харилцаа өөрчлөгдөж магадгүй. Гэхдээ эхний хоёр жилдээ Трамп ерөнхийлөгч Бүгд Найрамдах намын нөхөдтэйгөө хамтран өөрийнхөө амласан зүйлийг хэрэгжүүлэх бололцоотой болж байна. Яагаад ингэж ялсан бэ гэдэг дээр янз бүрийн саналуудыг сонсож, уншсан.

Зарим хүмүүс бол гуравхан шалтгаан хэлж байгаа. Нэгдүгээрт, дүрвэгчдийн асуудлыг Байденийн засгийн газрын үед муу шийдсэн. Энэ асуудал дээр Трамп хатуу байр суурь илэрхийлж, дүрвэгсдийн асуудлыг маш хатуу баримталдаг хүнийг хилийн хаан буюу хилийн саар гэж зарлан томилох хүн гаргаж ирсэн. Тэр хүн бол АНУ-ын түүхэнд байгаагүй олон хүнийг шахаж, АНУ руу хууль бусаар орж ирсэн хүмүүсийг гаргана гэсэн амлалт өгсөн.

Хоёрдугаарт, инфляц буюу үнийн өсөлтийг зогсоож чадаагүй. Үүн дээр Трамп “Би ажилд орсон эхний өдрөөсөө инфляцыг буулгах, тогтворжуулах алхмыг хийнэ” гэж хэлсэн. Зарим мэргэжлийн хүмүүс үүнийг хоёр дахь том шалтгаан гэж үзэж байгаа юм билээ.

Гуравдугаарт, сошиалын сүлжээ байгаа нөхцөлд үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээллийн дунд сонгогчид их төөрөлдсөн. ‘Dis information, fack news’ буюу бодитой байдал нь үл мэдэгдэх сошиалын мэдээлэлд сонгогчид ийм сонголтыг хийсэн гэж үзэж байгаа юм билээ.

Дээр нь нэмээд хэлэхэд Байден өөрөө их сул харагдсан. Афганистанаас цэргээ гаргахдаа их сул харагдсан. Мөн дэлхийн энд тэнд болсон мөргөлдөөнүүд болох Украйн, Оросын мөргөлдөөн, Газ-д болсон Израйл, Палестины мөргөлдөөн зэрэгт сул байр суурь баримталсан. Америкийн удирдах хатуу зарчмын байр суурийг илэрхийлж чадаагүй. Өөрийнх нь нас ч өндөр гэх зэргээр энэ засгийн газар их нэр хүнд муутай байсан гэж Нью Йоркоос сонгогдсон Ардчилсан намын төлөөлөгчдийн танхимын гишүүн эмэгтэй хэлсэн байгаа юм. “Би Ардчилсан намын хүн, төлөөлөгчдийн танхимд намайг сонгож байгаа мөртлөө ерөнхийлөгч болгохоор яагаад Трампыг сонгов” гэж асуухад “Байденийн засгийн газрыг л солих хэрэгтэй гэж бид үзсэн юм. Таныг бол солих хэрэггүй гэж үзсэн” гэж хариулсан байна лээ. Тэр утгаараа авч үзвэл Байдены засгийн газар их сул харагдсан байна хэмээн дүгнэж байгаа юм билээ.

Д.Цогтбаатар: Америкчууд болон ажиглагчид “Түрийвчээрээ саналаа өгч байна” гэж хэлж байна. Сонгуульд инфляц нэлээд нөлөө үзүүлж байгаа. Үүний хажуугаар дэлхийн түвшинд нийгмийн сэтгэлзүйд маш том өөрчлөлт явагдаж байна. Түүний том хаялга явагдаж байгаа гэж харж байна. Жишээлбэл, Америкийн сонгогчдын бүрэлдэхүүнд их том өөрчлөлт гарсан. Нэгэнт дүрвэж ирж байгаа хүмүүсийг оролцуулахгүй гэхээр Латинууд эсрэг санал өгөх байх хэмээн бодож байсан. Гэтэл Латинууд маш их дэмжсэн байна. Үүн дээр нэг сонин зүйл нь Латин Америкаас ирж байгаа хүмүүсийг оруулахгүй гэж байхад яагаад ийм санал өгөв гээд харахаар ажилгүй эсвэл нийгмийн халамжид хамрагддаггүй зэрэг ямар нэгэн асуудалтай хүмүүс тус улсад аль хэдийн ороод ирчихсэн юм байна. Тэгтэл тэдний хийж байгаа ажилд хамгийн их өрсөлдөж орж ирж байгаа, бага цалингаар ажиллах хүн бол шинээр ирж байгаа хүмүүс. Тэгэхээр нэгэнт АНУ-д ирчихсэн хүмүүсийн амьжиргаанд шууд сөрөг нөлөө үзүүлнэ гэж харсан гэсэн үг. Үүнээс болоод Латинууд нөгөөдүүлийнхээ эсрэг санал өгч байгаа юм. Европт ч гэсэн дүрвэгсдийн асуудлаар их чөлөөтэй бодлого явуулдаг байсан бол энэ удаад дотоод зах зээл, дотоод ертөнцөө хамгаалах гэсэн том урсгал дэлхий дахинд явж байна.

Сирийн дайны дараа гэхэд Европт ийм өөрчлөлт ихээр гарсан. Дүрвэгсдийн эсрэг хуучин их нээлттэй байдаг байсан бол одоо эрс хаагдаж эхэлсэн. Америк шиг либерал чөлөөтэй оронд бол энэ нь маш тодорхой харагдаж байна. Энэ нь цаанаа ямар агуулгыг илэрхийлж байна гэхээр “Энд байгаа Америк хүнийхээ амьдралыг бодох хэрэгтэй байна. Өөр улсад зээл тусламж өгдөг. Энэ зүйл нь таалагдахгүй байна” гэж ярьж байгаа. Америкчууд бол гайхалтай либерал сэтгэлгээтэй, чөлөөт үзэл бодолтой хүмүүс. Тэгэхэд үүн дээр сэтгэл зүйн өөрчлөлт явагдаж байна. Трамп хүрч ирээд хамгийн түрүүнд НАФТА-г өөрчилнө гээд өөрчилж чадсан. Дараа нь бид бусад зах зээлтэй өрсөлдөхдөө дэлхийн худалдааны байгууллага даяаршил гэж ярьдаг байсан. Харин одоо бол өөрийнхөө зах зээл, ажлын байрыг хамгаалахын төлөө ажиллана гэж байна. Энэ бол дэлхийн зах зээл, эдийн засагт нэлээд том өөрчлөлтүүдийг дагуулна.

Америкчууд гүн сэтгэлгээний чөлөөт зах зээлийн үзэл бодолтой хүмүүс. Тэнд Ардчилсан намынхныгаа илүү коммунист үзэлтэй, нийгмийн чиглэлийн бодлоготой гэж үзэж байгаа. Харин бүгд Найрамдах намынхан бол зах зээл, өрсөлдөх чадвар нь илүү, бид хэнийг ч өрсөлдөөд ялж чадна гэсэн сэтгэлзүйтэй байгаа юм. Трампын яриад байгаа гаднын дүрвэгсдийн асуудал зэрэг сэтгэхүйн угт нь байгаа зүйл нь эхлээд өөрсдийн асуудлаа анхаардаг больё гэсэн санаа юм. Америкийн ард түмэн үүн дээр сонголт хийж байгаа юм.

Б.Лакшми: Трампын ялалтад эдийн засаг, тэр дундаа ард иргэдийнх нь амьжиргааны асуудал голлох нөлөөг үзүүллээ гэж харж байна. Учир нь тус улсад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, орон сууц, байрны үнийн өсөлт зэргээс үүдсэн нэлээдгүй асуудлууд өрнөж байсан шүү дээ. Түүнчлэн Жо Байдены захиргаа муу ажилласан. Өөрөөр хэлбэл, түүний баг муу ажилласан гэдгийг харуулж байна.

Түрүүн хэлсэнчлэн Афганистанаас цэргээ татахдаа муу ажиллагаа явуулсан. Өнөөдрийн геополитикийн хурцадмал, хүнд нөхцөл байдалд Байден өөрийн орлогч Камила Харрисыг нэр дэвшүүлсэн нь Ардчилсан нам нэр дэвшигчээ буруу сонгосон гэж харж байна. Яагаад гэвэл геополитикийн хүнд нөхцөлд нэгдүгээрт эмэгтэй хүн, хоёрт өмнө нь үүссэн олон нөхцөл байдалд Америкийн засгийн газар сайн ажиллаж чадаагүй. Тэгсэн атлаа энэ Засгийн газартаа ажиллаж байсан хүнийг дэвшүүлсэн нь буруу сонголт, сул тал боллоо гэж харсан.

Х.Баатархүү: “2018 оноос эхэлсэн Америк Хятадын худалдааны дайн гэж нэрлэгддэг хэлэлцээрийн үе шат Байдены засгийн газрын үед удааширч, ахиц огт гараагүй. Гэвч худалдааны дайныг эхлүүлсэн санаачилга бол ард түмэн, сонгогчдод таалагдсан. Энэ нь сонгогчдын саналыг ихээр авахад нэлээдгүй нөлөөлсөн байх. Тухайлбал, ажлын байрыг хадгалах, худалдааны томоохон орчилд Америкийн үүрч байгаа худалдааны алдагдлыг бууруулахад маш сайн санаачилгыг гаргаж, өнгөрсөн 100 жилд болсон томоохон эдийн засгийн интервенцийг амжилтад хүргэхэд санаачилгатай, тууштай байгаа Трампын байр суурь бол нийт сонгогчдод, тэр дундаа нийгмийн дунд түвшний буюу ажилчин хэсгүүдэд саналыг нь авах, талархал хүлээх сайн сурталчилгаа болсон байх гэж харж байна.

Н.Энхбаяр: Нэмж хэлэхэд судлаачид “Энэ жил маш олон сонгууль боллоо. Бараг 70-аад оронд сонгууль болсон. Эдгээр сонгуулиудаас харахад Засгийн газрынхаа эсрэг санал хураалт болсон байна. Ковидын дараа болсон эдийн засгийн хямрал, хүнд хэцүү асуудлууд нь сэтгэл зүйн хувьд сонгогчдыг ихэд өөрчилсөн байна. Сонгогч бол засгийн газрыг ковидын дараа хэцүү үед ажиллаж байна гэж боддоггүй. Харин засгийн газар миний төлөө, бидний төлөө ажиллах ёстой гэж боддог. Ковидын дараагийн засгийн газар болгон уналаа. Англид Лейборист нам үнэмлэхүй яллаа. Японд 1955 оноос хойш тасралтгүй ялж байгаа Либерал ардчилсан нам ялагдах шахлаа. Энэтхэгийн ерөнхий сайд Моди бас ялагдах шахсан. Саяхан Литвад сонгууль болсон. Энд нийгмийн үзэл илэрхийлж байгаа Социал-демократууд нь ялж байна. Хамгийн гол нь одоо байгаа засгийн газрыг л шүүмжлэх шүүмжлэлүүд дэлхий даяараа давлагаалсан байна” гэсэн дүгнэлт хэлсэн. Нөгөө талаараа “Бид Трампын ярьж байгаа зүйлийг гүнзгий сайн ажиглаагүй ч дэлхий даяар олон сэтгүүлч, судлаачид шоолж байсан. АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа хүн хачин зүйл ярилаа гэх зэргээр үгүйсгэж байсан. Сошиал ертөнц ноёлж байгаа энэ үед сонгогчдын хүсэл байгаа зүйлийг хэлэх нь үнэн зүйл хэлэхээсээ илүү үзэгдэл болсон байна. Ийм байдал дээр Трамп их сайн тоглолоо” гэж хэлсэн байна лээ.

-Монгол Улс, АНУ-ын харилцаа урт түүхтэй. 2007 онд манай Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын сангийн хооронд байгуулсан гэрээ улс төрийн түвшинд хөгжиж эхэлсэн харилцаа эдийн засгийн агуулгаар баяжуулахад нөлөөлсөн гэж болох уу. Нөгөөтээгүүр Дональд Трампын онцлог, хэлэлцээ хийх урлагийн талаар, мөн 2017-2021 онд байсан Дональд Трамп болон ирэх дөрвөн жилийн Трампын ялгаа?

Д.Цогтбаатар: 1987 онд АНУ, Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон. Энэ нь хоёр орны харилцаа албан ёсны болж, манай улсын тусгаар тогтнол нөгөө талд бүрэн хүлээн зөвшөөрөгдөж байгаа юм. АНУ манай улсад олон зүйл дээр тус хүргэсэн. 1996-2000 онд Ардчилсан нам засаглаж байх үед Монгол Улс энхийг сахиулах үйл ажиллагаанд оръё гэдэг зоригтой шийдвэрийг гаргасан. Монголын армийг хэн ч мэдэхгүй байсан үе. Тэр үеэс хойш монголын армийнхны ур чадвар дэлхийд танигдсан гэж болно.

Бид маш олон орноос тусламж хүсэж, ярьж хэлэлцэж байсан. 2004 онд “Conferеnce а partnership” гээд хоёр орны харилцаа хамтарсан мэдэгдэл гаргаад хүрч байсан. Үүнээс хойш “Expended conference partnership”, 2017 онд стратегийн түншлэлийн түвшинд харилцаагаа хүргэж байна. Мянганы сорилтын сангийн гэрээ Буш ерөнхийлөгчийн үед Монтеррейд очиж мэдэгдэл хийхдээ “Бид амжилттай явж байгаа орнуудыг дэмжих бодлого хэрэгжүүлнэ” гэхэд бид ярилцаад эндээс тусламж авах боломжтой юм байна гээд хөөцөлдсөн. Бид тухайн үед 75 сая ам.долларын санхүүжилт авчихвал их юм гэж байсан. Тэр үед Монголын эдийн засаг маш жижиг байсан. 2003 онд л нэг тэрбум ам.долларын босго давсан юм шүү дээ. Эцэст нь бүх шалгуурыг даваад 285 сая ам.долларын санхүүжилт авсан. Үүнээс маш олон төслүүд хэрэгжүүлсэн. Тухайлбал, Чойроос- Замын-Үүд хүртэлх зам бол Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр тавигдсан. Замыг яаж барих талаарх технологийг монголчуудад үлдээсэн. Цаашлаад стратегийн маш том зорилтуудыг биелүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлсэн.

Энэ харилцаа 1987 онд дипломат харилцаа тогтоосноос хойш богино хугацаанд стратегийн түншлэлийн түвшинд хүрч байна гэдэг нь итгэлцлийн маш өндөр түвшинд хүрч байгааг харуулж байгаа юм.

Н.Энхбаяр: “Мянганы сорилтын сангийн хоёр удаагийн буцалтгүй тусламж авахад нийт АНУ-аас Монгол улсад өгсөн буцалтгүй тусламж нь 700 сая ам.доллар болж байна. АНУ Монгол Улсыг дэмжих тал дээр зөвхөн 1987 онд бус, тэрнээс өмнө ч ажиллаж байсан. Жишээлбэл, НҮБ байгуулагдаад, дэлхийн хоёрдугаар дайнд ялсан орнууд дахин дайн гаргахгүй журмыг тогтоох ёстой. Тэнд ямар улс, орнуудыг элсүүлэх талаар ярилцахад арав гаруй багц орон дунд Монгол Улс байсан байгаа юм. АНУ асуудлыг хурдан шийдье гээд Монгол байгаа багцыг шууд гишүүнээр элсүүлэх санал тавьсан байна. Харин өнөөгийн ЗХУ-ын хувьд улс орон тус бүртээ ярья гэж гишүүн элсүүлэх асуудлыг хүндрүүлж байсан. Тэр үед АНУ өөрөө ороод Украйн, Беларусыг оруулж, бүрэлдэхүүндээ гурван улстай болсон. Гишүүн элсүүлэх асуудал дээр тухайн үед ЗХУ өөр саналтай байсан бол 1945 онд Монгол Улс НҮБ-д элсэх боломжтой байсан.

Дональд Трампын хувьд яривал бусад улстөрчдөөс ялгаатай нь яг хэлснээ хийдэг хүн. Трамп эдийн засгийн хувьд ямар бодлого хэрэгжүүлэхийг бүгд хүлээж байна. Эхний дөрвөн жилд байсан Трамп болон одоогийн дөрвөн жилийн Трамп хоорондоо адилхан. Гэхдээ ялгаа ч бий. Жишээлбэл, багаа сонгож байгааг харахад дөрвөн жилийн өмнөх Трамп багаа сонгоход туршлага дутаж байсан. Үүнээсээ болж маш олон хүн сольсон. Харин одоогийн сонголтуудыг харахад бол ирэх дөрвөн жилд явуулах бодлогоо хэрэгжүүлэх хүмүүсээр багаа бүрдүүлж байгаа нь харагдаж байна.

-Дональд Трампын сонгуульд амласан зүйл бол дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, төрөөс олгосон хязгаарлалтуудыг сулруулна. АНУ-ын эрчим хүчний хараат байдлыг нэмэгдүүлнэ гэсэн амлалтуудыг өгсөн. Эдгээр амлалтууд хөрөнгийн зах зээлийн өсөлтөд нөлөөлж байна гэж харж болох уу. Мөн Трампын хэлж байгаагаар Орос, Украйны дайны нөхцөл байдал бодит шийдлээ олоод хэлэлцээнд хүрэхэд манай улсад эдийн засгийн хувьд ач холбогдолтой нөлөө үзүүлэх вэ?

Б.Лакшми: Нэгдүгээрт, Трамп сонгуулийн үеэр эдийн засгийн томоохон реформын шинж чанартай зүйлсийг ярьсан. Хамгийн эхэнд өөрийнхөө зах зээлийг хамгаалах, татварын бууруулах талаар нэлээд өргөн хүрээний бодлого явуулахаар танилцуулсан. Үүн дээр гаднаас импортоор орж ирэх бараан дээр өндөр татвар ногдуулна гэдгийг хэлсэн. Ялангуяа европоос орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний 20-иод хувь, БНХАУ-аас орж ирэх бараа, ялангуяа машинууд дээр 60 хувийн татвар ногдуулна гэдгээ илэрхийлсэн. Түүнчлэн дотооддоо аж ахуйн нэгжүүдийн татварыг буруулж 16 хувь болгоно гэдгийг танилцуулсан. АНУ дотоод зах зээлдээ илүү хөрөнгө оруулалтыг татах, илүү өрсөлдөх чадвартай болох алхмууд хийгдэж байна гэж харагдсан.

Хоёрдугаарт, Трамп ерөнхийлөгч болсноор Украйн, Оросын хооронд үүссэн дайныг дуусгана хэмээн харж байгаа. Энэ дайн дууссанаар ОХУ-д байгаа маш олон эдийн засгийн хоригууд тавигдах байх. Үндсэндээ дэлхийд өмнө нь хэзээ ч тавигдаж байгаагүй хоригуудыг ОХУ-д тавьсан. Тиймээс энэ хоригууд байхгүй болсноор олон улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ. Ялангуяа Монгол Улсын эдийн засагт нэлээд таатай нөхцөл байдлыг бий болгоно хэмээн харж байна. Хоригуудыг байхгүй болгосноор бидэнд эдийн засгийн илүү өргөн боломжууд нээгдэнэ. Нөгөө талаас ОХУ-тай байнгын хөрш улс, бид байнгын найрсаг харилцаатай явж ирсэн учраас тодорхой хэмжээний эдийн засгийн харилцаа байж л байх юм.

-АНУ-ын зүгээс Хятадын бараа бүтээгдэхүүнд дунджаар 25 хувийн гаалийн татвар ногдуулдаг. Энэ нь хоёр улс худалдааны тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд нэмэгдээд 60 хувьд хүрлээ гэж бодоход Монгол Улс, БНХАУ-ын худалдаанд ямар нөлөө үзүүлэх вэ?

Б.Лакшми: Монгол Улсын хувьд 150-170 оронтой гадаад худалдаа хийдэг гэсэн статистик үзүүлэлт байдаг. Гэхдээ манай гадаад худалдааны гол түнш бол БНХАУ. Ялангуяа экспортыг харахад бараг 90 хувьд нь БНХАУ руу хийгдэж байгаа. Тэгэхээр БНХАУ-ын бараа бүтээгдэхүүн АНУ-руу экспортлоход татвар нь 60 хүртэлх хувь өссөн тохиолдолд дотоодын үйлдвэрлэл зах зээл нь хумигдах эрсдэлүүд байгаа гэж харж байна. Жишээлбэл, европын зах зээл дээр өрсөлдөөн ширүүсэж тус улсын эдийн засаг хумигдах байдал илэрвэл манай улсын эдийн засагт сөргөөр нөлөөлнө. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор бид урт хугацаандаа өөрсдийн дотоодын эдийн засаг нь ямар байх вэ гэдэгт нухацтай хандах хэрэгтэй. Учир нь ирэх жил 6-7 хувьд хүрч өснө гэж төсөөлсөн эдийн засаг унах эрсдэлийг бас харгалзах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, урт хугацаандаа өөрсдийн эдийн засгийг төрөлжүүлж хөгжүүлэн, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх шаардлагатай.

-БНХАУ болон АНУ дэлхийн нэг, хоёр дахь эдийн засаг. Энэ хоёрын хооронд эдийн засгийн асуудал, харилцаа, худалдааны асуудал дэгдсэн тохиолдолд Манай улсын эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ?

Х.Баатархүү: АНУ, БНХАУ-ын худалдааны эргэлт 2021 оноос хойш ерөнхийдөө гурван жил дараалж буурсан. Энэ жил 560 тэрбум долларт хүрлээ. Энэ нь 2012 оноос хойших хамгийн муу үзүүлэлт юм. Урт хугацаанд үргэлжилсэн худалдааны эргэлтээс гарч байгаа алдагдлыг бууруулах талаар Трампын сонгуулийн өмнөх амлалт болон сонгуулийн дараах хүний нөөцийн сонголт зэрэг дээр Америк, Хятадын худалдааны маргаан, дайныг газар авхуулахгүйгээр шийдвэрлэх гэсэн хүсэл зориг байгаа болов уу гэж Хятадын судлаачид ярьж байна. Америкийн нийт 6.8 их наяд долларын худалдааны үндсэндээ 10 орчим хувь нь БНХАУ-ын хийж байгаа худалдаанд яагаад алдагдал хүлээж байна гэхээр Америкаас Хятад руу экспортолж байгаа бараа бүтээгдэхүүний хувьд хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн үндсэндээ 65 тэрбум ам.доллароос энэ жил 35 тэрбум болоод уначихлаа. Худалдааны хэлэлцээрийг цаашид амжилттай үргэлжлүүлэхийн тулд АНУ-аас Хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийхээ экспортыг нэмэгдүүлэх талд илүү их анхаарал тавих байх. Дээрээс нь АНУ-аас 2022 онд Конгрессоос баталсан хагас дамжуулагчийн технологи, түүнийг үйлдвэрлэх бараа бүтээгдэхүүн, ноу хау бүгд дээр нь тавьсан хориг дахин үргэлжилбэл, БНХАУ-ийн долоон нано метрээс доош нарийвчлал бүхий чип буюу хагас дамжуулагч үйлдвэрлэх, худалдан авах боломжгүй болж байгаа. Иймээс Монгол Улсад ирэх хамгийн эхний хүндрэл бол технологийн чөлөөтэй байх байдал ямар нэгэн байдлаар хязгаарлагдаж эхэлж байгаа юм.

Манай улс мэдээллийн технологийн гол бараа бүтээгдэхүүнээ БНХАУ-аас авдаг. Худалдааны хэлэлцээр цаашид үргэлжлээд, амжилттай болбол АНУ-аас Хятад улс руу импортолж байгаа газрын тосны болон нүүрсний худалдаа эргээд сэргэх боломжтой. Энэ тохиолдолд Монгол Улсын хувьд нүүрсний салбарын өрсөлдөгч гэх мэт ойрын болон дунд хугацаанд АНУ, Хятадын худалдааны маргаан, түүнээс гарах үр дүн манай улсад богино хугацаандаа таатай бус уур амьсгалыг бүрдүүлнэ. Магадгүй хоёр улсын хоорондын харилцаа сүүлийн гурван жилийн хугацаанд нэг талд нь гаргах болов уу гэж бодож байна. 2018 оноос эхлээд худалдааны дайн эхэлсэн. 2020 оны нэгдүгээр сард анхны нэгдүгээр шатны хэлэлцээ явсан. Цаашлаад хоёр, гуравдугаар шатны хэлэлцээ явагдаад тариф дээр ямар нэгэн байдлаар тохирч худалдааны алдагдлаа нийлээн тэнцвэржүүлэх хэлбэр рүү хоёр тал явах байх. Жо Байден ерөнхийлөгчийн хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд худалдааны хэлэлцээрийг ямар нэгэн байдлаар ахиулаагүй. Үүний үр дүнд хоёр улсын худалдааны эргэлт 20 хувь руу унаж байна гэдэг бол АНУ-ын худалдааны хоригоос үүсэж, 200 гаруй мянган ажлын байр хорогдож байна.

Н.Энхбаяр: Нэмж хэлэхэд, Трамп бол хэлснээ хийдэг хүн гэж бодъё. Анхны дөрвөн жилээр нь хүмүүс ингэж дүгнэж байгаа. Хоёрдугаарт, Трамп бол бас л тийм байх болов уу гэж харж байна. 60 хувиар Хятадын бараа бүтээгдэхүүний татвар нэмэгдлээ. Жишээлбэл, машин үйлдвэрлэлийн хувьд авч үзвэл, төмөр, ганаас машин бүтдэг. Төмөр, ганг үйлдвэрлэхэд төмрийн хүдэр, коксжих нүүрс хэрэгцээтэй. Эдгээрийг Австрали болон Монгол Улсаас авдаг. Хятадын машин Америкийн зах зээл дээр гарахад хэцүү болбол машины үйлдвэрлэл багасна. Тэгвэл манай улсаас авах коксжих нүүрс, төмрийн хүдэр үүнийг дагаад багасна. Тэгэхлээр манай хамтарсан засгийн газрын төлөвлөөд байгаа 60-70 тонн нүүрс зарагдах боломжгүй болно.

Трамп хэлснээ хийвэл ийм нөхцөл байдалд хүрч магадгүй. Үүнд Хятад улс бэлдэж, 1.4 их наяд ам.долларын үүсвэр бүхий мөнгийг мужууддаа олгож байна. Дунд шатандаа асар их найдваргүй зээлтэй. Үүнийгээ цэвэрлэж байж Америкийн зах зээл дээр гарч чадахгүй үйлдвэрүүдээ дахин хотууд нь дэмжих болно. Ингэснээр 1.4 териллон ам.долларын өрнөөсөө салж дахин зээл өгөх бололцоотой болох юм. Трамп амласнаараа эдийн засгийн бодлогоо явуулсан тохиолдолд манай улсад хүнд тусах байх. Трампын хэлснээр Америк бол дэлхийд нефть эскпортлодог номер нэг орон болно гэсэн. Ингэснээр нефтийн үнэ унаж, Орост нефтээр орж ирдэг орлого багасна гэж ойлгож болох юм. Энэ нь мөн Оросын эдийн засагт хүндээр тусч эхэлнэ. Иймд Саудын Арабтай Трамп ерөнхийлөгч сайн харилцаатай тул тохиролцож магадгүй.

-Трамп Ойрхи Дорнодын асуудлыг шийдвэрлэх бодлогоо тодорхойлсон. Хэрэв газрын тосны үнэ ханшийг Саудын Арабтай хэлэлцээ хийж тодорхой түвшинд бууруулбал түүний мөрийн хөтөлбөр биелнэ. Тэрээр Палестин, Израйл гэсэн хоёр улс байх асуудлыг дараагийн асуудал гэсэн. Израйлын ерөнхий сайд НҮБ-ын индэр дээрээс “Энэтхэгээр дамжаад Эмират, Саудын Араб, Йордан, Израйлыг дамжсан эдийн засгийн коридор байгуулна” гэсэн. Эдгээрээс Израйлтай дипломат харилцаа тогтоогоогүй улс бол Саудын Араб байгаа юм. Энэ байдлаасаа хоёр талд ашигтай байдлаар хэлэлцээ хийх боломж бололцоо байгаа гэж харж болох уу?

Д.Цогтбаатар: Өнөөдөр үүсээд байгаа мөргөлдөөнт нөхцөл байдал бол нэлээдгүй олон жил хуримтлагдсан асуудлуудын илрэл. Мөргөлдөөнт нөхцөл байдал үүсэж болзошгүй цэгүүд одоо мөргөлдөж байгаа хоёр газраар хязгаарлагдахгүй. Дээр хэлсэнчлэн дэлхийн түвшинд сэтгэл зүйн уур амьсгал тогтворгүй болчхоод байна. Энэ бол зөвхөн нэг улсын үзэгдэл биш юм. Мөргөлдөөнүүд байгаа цагт нефтийн үнэ буух амар биш. Америкчууд бол нефтийн хамгийн их нөөцтэй орнуудын нэг. Хэрэв мөргөлдөөнүүд саармагжсан тохиолдолд эдийн засагт нэлээн нааштай үр дүнгүүд гарч эхэлнэ.

АНУ-д Трамп сонгогдсоны нэг том шалтгаан нь хүлээн зөвшөөрөгдсөн улс төрчдийн нэг биш. Үүгээрээ маш олон хүний дэмжлэгийг хүртэж байгаа юм. Аль хэдийнээ ерөнхийлөгч хүн буцаад “Цагаан ордон”-д ирж байгаа учраас Вашингтоныг өөрийнхөө бодлоготой нийцүүлэх гэж тэмцэлдэх шаардлага байхгүй. Дональд Трамп бол бизнес өнцгөөс маш сайн хэлэлцээ явуулдаг. Мөн өөрийнхөө тавьсан зорилгод үнэнч, өвөрмөц тооцоогүй шийдвэрүүдийг гаргадаг онцлогтой хүн.

Н.Энхбаяр: Дональд Трамп олон түмэнтэй харьцах дуртай, санаагаа шууд хэлдэг, өөрөөрөө их бахархдаг ийм хүн гэж судлаачид хэлдэг. Мөн түүний өөр нэгэн амбиц бол Нобелийн энх тайвны шагнал авах. Ингэхийн тулд дайнуудыг зогсооход онцгой анхаарч магадгүй юм. Түүнчлэн Трамп бол төрийн алба, засгийн газрын бүтцийн байгууллагуудын хүнд суртал нь ажил хийхэд хүндрэл учруулсан. Иймээс дэлхийн хамгийн баян хүн гэгдэх Илон Маск, Энэтхэг гаралтай тэрбумтан Вивек Рамасвамитай хамт засаг захиргааны байгууллагуудын зардлыг хасах буюу төрийн албыг өөрчлөн шинэчлэх, бүтэн агентлаг байгуулж ажиллахаар боллоо. Илон Маскийн хэлснээр хоёр их наяд ам.доллар төрийн албанд зарцуулахаас хэмнэнэ гэж хэлсэн.

Миний хувьд бол Трампын эдийн засгийн бодлого тойруу замаар Монголд хүнд тусах гээд байна. Тиймээс манай засгийн газар төсвийн тодотгол хийхдээ яаралтай зардлаа буулгах хэрэгтэй. Бараг хямралын үед байгаа мэт тооцооллоо хийвэл бид арай бодитой хөрсөн дээрээ бууна. АНУ-ын Бүгд Найрамдах нам, Ардчилсан нам хоёулаа БНХАУ-ыг энэ зууны гол өрсөлдөгчөө хэмээн харж байгаа.

Х.Баатархүү: Дональд Трампын хувь хүний онцлогоос дурдахад хэн нэгэнтэй харилцахдаа шууд тохиролцоод явж чаддаг. Том улсын ерөнхийлөгчийн анхааралд өртөж, асуудлаа шийднэ гэдэг бол маш чухал юм.

Б.Лакшми: Трамп гарч ирснээр Орос, Украйны дайныг дуусгана гэсэн найдлага байгаа. Хэдий дайн дууссан ч дайны хор уршгийг үгүй хийхэд урт хугацаа орно. Тиймээс дайн дууссанаар эдийн засаг сэргээд явна гэсэн том хүлээлт богино хугацаанд бий болгож болохгүй. Дахин хэлэхэд төсвийн хувьд ковидын дараа нэлээн хүндхэн байсан. Энэ үед олон улсын байгууллага, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк гээд олон байгууллага тусламж үзүүлсэн. Үүнээс бид сургамж авах хэрэгтэй. Яагаад гэвэл аливаа нэгэн хүндрэлтэй нөхцөл байдал үүсэхэд бэлтгэлтэй л байх ёстой.

Н.Энхбаяр: Манай УИХ, Засгийн газрын гишүүд Америк, Хятадын харилцааны тал дээр анхаарах хэрэгтэй. Учир нь Монгол Улсын эдийн засгийн 80-аад хувь нь Хятадтай хамааралтай. Иймээс Америк, Хятадын худалдаа, эдийн засаг ямар байхаас Монголын эдийн засагт нөлөөлнө

Д.Цогтбаатар: Томоохон улс орнуудад болж байгаа өөрчлөлтүүд бидэнд ямар нэгэн нөлөө үзүүлж болзошгүй юм. Бид үүнд тооцоо, төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Гэхдээ хамгийн гол нь Монгол Улс дотроо өөрсдийн харилцаагаа бэхжүүлсэн. Улс төр нь тогтвортой байх ёстой. Төрийн зардлыг бууруулах, төсвөө хэмнэх тал дээр анхаарах ёстой. Трамп хэлснээ хийдэг шиг бид ч амласнаа хийх хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 15. БААСАН ГАРАГ. № 222 (7466)

 

"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

11 цаг 48 мин
"Дулааны III цахилгаан станц чинь Дарханы зам шиг нохойн замаар орох юм биш үү"

Дулааны III цахилгаан станц чинь Дарханы зам шиг нохойн замаар орох юм биш үү?

11 цаг 56 мин
Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ

Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ

12 цаг 17 мин
Нэг уут бэлгэнд 36-72 ширхэг ёотонтой тэнцэхүйц сахар агуулагдаж байна

Шинэ жилийн баяртай холбогдуулан ХАБҮЛЛ, СХЗГ, НЭМҮТ хамтран нийсл

12 цаг 37 мин
П.Батчимэг: Байнгын хорооноос анатомийн ном шиг зузаан юм хэвлээд ороод ирж байна

П.Батчимэг: Байнгын хорооноос анатомийн ном шиг зузаан юм хэвлээд ороод ирж байна

13 цаг 49 мин
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны 2024 оны онцлох ажил

Манай улсын орон сууцжуулалтын ойрын ирээдүйн бодлогыг хэлэлцэх олон

20 цаг 53 мин
Процессын дахин инженерчлэл хийж төрийн байгууллагыг оновчтой дэд бүтэцтэй болгоно

Төрийн бүтээмж, ил тод байдал өндрөөр тавигдаж буй энэ үед Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас

20 цаг 53 мин
Утааны сонсголын “объект” нь утаагүй зуух, угааргүй түлш хоёрыг дагасан шахаа юм

Утааны сонсголыг УИХ хийхээр болжээ. Сонсгол хариуцсан ажлын хэсгийг ч томилсон байна.

20 цаг 53 мин
Голомт банкыг "Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжиллаа

Голомт банк ажилтнуудынхаа итгэлцэл, хүндлэл, нөхөрлөл, бахархал, хамт

Уржигдар 16 цаг 50 мин
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 15 цаг 25 мин