Сургуулийн дотоод орчны агаарын бохирдол асуудал дагуулж байна

2024-11-13
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

Х.Монголхатан, Б.Баяржавхлан

 

 

“Зууны мэдээ” сонин өнгөрсөн сарын эрэн сурвалжилгаараа “Түмний хүүхдийн эрх “Түрээсийн сургууль”-д зөрчигдөж байна” нийтлэлээрээ стандартын шаардлага хангахгүй түрээсийн байранд хичээллэж буй сургуулиудын асуудлыг 16 дугаар сургуулиар төлөөлүүлэн хөндсөн. Хотын төвөөс хоёрхон км-ийн зайд буюу Сүхбаатар дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар сургууль 920 хүүхдийн хүчин чадалтай ч 2800 гаруй хүүхэд суралцаж байна.

Анги танхимын хүрэлцээгүйгээс гурван ээлжээр хичээллэх дээрээ тулсан тул байр түрээслэх саналыг Нийслэлийн боловсролын газарт хүргүүлж, сургуулиас 500 метр зайд байрлах үйлчилгээний зориулалттай байрыг түрээсэлсэн байна.

Гэвч тус байр нь сургуулийн стандартын шаардлага хангахгүй орчин нөхцөлтэй төдийгүй ганцхан цонхтой жижигхэн ангид 40 сурагч хичээллэж байсан юм.

Мөн 2-3 цонхтой ч хэт жижиг талбайтай ангид 280 хүүхэд хичээллэж байгаа нь эрүүл ахуйн наад захын шаардлага хангахгүй байв. Энэ байдлаас болж сурагчид хичээллэх чадваргүй болж дотор нь муухайрч, бөөлжис нь цутгаж, толгой нь их өвддөг, мөн орчин нь тоос шороо ихтэйгээс үүдэж хамар нь битүүрч, харшил нь хөдөлж, ханиад амархан хүрдэг гэдгээ хэлж байсан.

Бодит байдал ийм байгаа нь сургуулийн стандартад нийцсэн түрээсийн байр олдохгүй зовлон буйг сургуулийн удирдлага учирладаг.

16 дугаар сургууль бол 100 айл Хангай хотхон хавийн сурагчдын хамран суралцах тойргийн ганц сургууль. Гэвч сүүлийн үед ойр орчимд нь барилга их баригдсанаас үүдэж, айл өрх нэмэгдэн сургуулийн ачаалал хэд дахин нэмэгджээ. Сургуулийн өргөтгөл барих ч газаргүй болтол барилгууд баригдсан байна. Сурагчдаа авахын тулд анги танхимаа янзалж, аргалж явсаар энэ жил аргагүй эрхэнд түрээсийн байранд зургаадугаар ангиудаа оруулсан байна.

Нийслэлийн Засаг даргын тамгын газрын санхүүжилтээр хоёр танхим бий болгохоор өнгөрсөн жилийн хавар засварын ажил эхэлсэн ч дуусдаггүй. Уг нь 2023 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр ашиглалтад оруулна гэсэн гэрээтэй. Энэ талаар бид өмнөх нийтлэлдээ сурвалжилсан билээ. 

Тэгвэл манай нийтлэлийн дараа Нийслэлийн Засаг даргын тамгын газраас ажлын хэсэг гаргаж хоёр ангийн засварын ажлыг долоо хоногт багтаан шийдвэрлэхийг үүрэг болгосон байна. Гэвч 10 хоногийн дараа дуусаж, ашиглалтад оруулжээ.

Энэ талаар 16 дугаар сургуулийн захирал Ш.Лхагваагаас тодруулахад “Манай сургуулийн талаарх сурвалжилга танай сонинд гарсны дараа засварын ажил  урагшилж, хоёр ангиа ашиглалтад оруулаад авлаа. Гэхдээ улсын комисс албан ёсоор хүлээж аваагүй. Учир нь засварын ажлыг чанаргүй хийсэн. Тиймээс өвлийн амралтаар үлдсэн ажлыг хийлгэхээр төлөвлөөд байна. Дээрх хоёр анги ашиглалтад орсноор түрээсийн байрны нэг цонхтой ангид хичээллэж байсан 6ё ангиа оруулсан. Харин нөгөө ангиа бид мэдээлэл зүйн кабинет болгон ашиглаж байна. Засварын ажлыг цагт нь хийгээгүйн улмаас багагүй хохирол амссан. Тодруулбал, мэдээлэл зүйн танхимын сандал ширээг сургуулийн коридорт байрлуулсны улмаас эвдрэл үүссэн” гэсэн юм.

 

Шинээр сургууль барих мөнгө төсөвт суугаагүй ч төсвийн тодотголд оруулах боломж байна

 

Манай нийтлэлийн дараа Боловсролын Сайд П.Наранбаяр байр сууриа илэрхийлж энэ асуудлыг яаралтай шийдвэрлэхэд анхаарна, цаашлаад шинээр 16 сургууль барих саналаа Сангийн яаманд хүргүүлж шийдвэрлүүлэхээр ажиллахаа мэдэгдсэн билээ.

Гэвч Сангийн яамнаас ирэх оны төсвийг танилцуулахдаа, 2025 онд нэг ч сургууль, цэцэрлэг шинээр барихгүй. Зөвхөн хуучин төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн. Сангийн сайдын ярьсан үнэн бол ирэх жил царцсан сургууль, цэцэрлэгийн 152 төслийг үргэлжлүүлэхээр байгаа юм. Үүнд 4.6 их наядыг зарцуулна.

Хэл амтай баталсан Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн нийт орлого 33 их наяд 864 тэрбум 738.8 сая төгрөг. Нэгдсэн төсвийн нийт зарлага 35 их наяд 795 тэрбум 227.3 сая төгрөг бол алдагдал нь 1 их наяд 930 тэрбум 488.50 сая төгрөг байхаар тусгажээ. Энэ жил түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж буй 30 сургууль байна. Дээрх сургуулиудын түрээсийн байрны зардалд 8.7 тэрбум төгрөг зарцуулжээ. Ирэх жил энэ тоо бүр ч өсөхөөр байна. Тиймээс төсвийн тодотголд шинэ сургууль барихаар тусгаж өгөх шаардлагатай байна.

Монголын парламентын түүхэнд ирэх оны төсвөө баталсан даруйдаа эргээд сар хүрэхгүйн дараа тодотгож байсан тохиолдол гараагүй. Харин энэ удаад шинэ парламент бүрдэж 126 гишүүнтэй болсны дараа Монгол Улсын 2025 оны төсвийн хуулийн төсөл болон холбогдох бусад төслүүдийг сарын дараа дахин тодотгохоор  боллоо.

Тэгвэл шинээр сургууль барих мөнгө төсөвт суугаагүй ч төсвийн тодотголд оруулах боломж байна. Яагаад гэвэл нийслэлд 35-40 сурагчтай 85.815 бүлэг, 40-өөс дээш сурагчтай 152.468 бүлэг хичээллэж байна. Энэ бол сурагчдын суралцах анги танхимаар хангагдах  наад захын эрхийг зөрчиж буйг харуулсан тоо баримт.

Уг нь Барилга хот байгуулалтын сайдын 2022 оны 211 дүгээр тушаалаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн барилгын төлөвлөлт” БНБД 31-25-22 барилгын норм дүрэм гэж бий.

Үүнд ерөнхий боловсролын сургуулийн барилгын төлөвлөлт /БНБД 31-25-22/ барилгын норм, дүрмийн 2.4-д “Тусдаа бие даасан барилга бүхий сургуулийг 1400-гаас илүүгүй сурагчтай байхаар төлөвлөнө. Мөн ерөнхий боловсролын сургуулийн барилгын төлөвлөлт /БНБД 31-25-22/ барилгын норм дүрмийн 2.5-д “Нэг анги болон өдөр өнжүүлэх бүлэгт 30-аас илүүгүй сурагч байхаар тооцно” хэмээн заасан байдаг.

Гэтэл өнөөдөр нийслэлийн хэмжээнд 306 сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас 80 орчим хувь нь 40-өөс дээш сурагчтай хичээллэж байна. Энэ нь тэдний тав тухтай суралцах стандартаас илүү эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулж байгааг бид огт ярихгүй, мэдэхгүй байна.

 

Хавдар үүсгэдэг бензол, промалайд бодис манай сургуулиудад илэрч байна

Манай нийтлэлийн дараа 16 дугаар сургуулийн хоёр анги ашиглалтад оржээ.

Нэг ангид хичээллэх хүүхдийн тоо их байх нь тухайн ангийн дотоод орчны агаарын бохирдолд шууд нөлөөлдөг. Өвөл болохоор агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн гэж бид хангалттай ярьж байгаа ч дотоод орчны агаарын бохирдол эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг тэр дундаа олон хүүхэдтэй анги танхимд энэ илүү аюултай болохыг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна.

Энэ талаар НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэ “НЭМҮТ-өөс 2017 онд гэр хороолол болон байшин, хорооллуудын дундах сургуулиудын анги танхимд орчны агаарын чанарын судалгааг олон үзүүлэлтээр хийсэн.

2020 онд төв зам дагуух шинэ, хуучин барилгатай сургууль болон цэцэрлэгүүдийн агааржуулалтын систем, дулаан алдалтын хэмжиж, үнэлгээг хийсэн.

Ингэхэд нэг ангид байх хүүхдийн тоо стандартаас хэтэрсэн байсан. Үүнээс үүдэж нүүрстөрөгчийн давхар ислийн агууламж их гарч байсан. Өөрөөр хэлбэл, хүүхдийн тоо ихсэх тусам дотоод орчны агаарыг бохирдуулагч буюу хүнээс өөрөөс нь ялгардаг нүүрстөрөгчийн давхар ислийн агууламж ихэснэ. Үүнээс үүдэж хүүхдүүдэд 2-3 дугаар цагаас эхлэн нозоорох, нойр хүрэх, анхаарал төвлөрөл сулрах, хичээлээ ойлгохгүй болох зэрэг шинж тэмдэг илэрч байсан.

Хамгийн аюултай нь нүүрстөрөгчийн давхар исэлтэй орчинд хүүхэд удаан байвал мэдрэлийн системд нь шууд нөлөөлдөг. Мөн PM2.5 тоосонцрын хувьд Монгол Улсын стандартад зөвшөөрөгдөх хэмжээнээс 4-5 дахин их байсан. Дээрх үзүүлэлтүүдээс харахад сургууль, анги танхимын дотоод орчин дахь агаарын чанар хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хэмжээнд байна.

Мөн агаарын цэврийн асуудал буюу нян бактери, хөгц, мөөгөнцөр сургуулийн орчинд их илэрч байна. Нян, бактери нь өөрөө тоотой байдаг. MNS6799:2019 стандарт гэж бий. Энэ стандартад өвлийн улиралд анги танхимд байх бактерийн тоо хэд байвал цэвэр байх уу гэдгийг заадаг. Сургуулиудад дээрх стандартын дагуу хэмжилт хийхэд бохир түвшинд байгаа нь илэрсэн.

Сонирхуулахад, анги хоорондын ээлжийн тоо хоёроос дээш тохиолдолд орчны агаарын бохирдол бүр их болдог. Мөн байгалийн гэрэлтүүлэг тухайн барилга байгууламжид ямар байгаа нь нөлөөлж байна. Харин хөгц мөөгөнцрийн асуудал бол тухайн барилгын дулаан алдалттай холбоотой байдаг.

Ангийн засвар үйлчилгээ болон барилгын материалтай холбоотой органик дэгдэмхий нэгдэл ч илэрч байна. Үүн дотор бензол, промайлайд, гесолайл, толул гээд бодисуудыг манай улсад хэмжиж байгаа. Үнэлгээгээр сургуулиудад бензол, промалайд илэрч байна. Тухайлбал, ДЭМБ-ын стандартаар дээрх хоёр нэгдэл ямар ч тохиолдолд илрэх ёсгүй. Учир нь дээрх хоёр нэгдэл нь хавдрын нэгдүгээр зэргийн эрсдэлтэй бодист ордог. Энэ нь хавдрын эрсдэлийг бий болгож байгааг судалгаагаар тогтоосон” гэсэн юм.

 

Сургууль, цэцэрлэг, үйлчилгээний газарт дотоод орчны агаарын бохирдлын стандарт шаардлагатай байна

Бидний хүүхдүүд өдрийн ихэнхийг сургууль, цэцэрлэг дээрээ өнгөрөөдөг. Гэвч анги танхимын хүрэлцээгүй байдлаас дотоод орчны агаарын бохирдол, тулгаж хийсэн засвартай ангид хичээллэснээр бага наснаасаа архаг өвчний сууриа тавьж байна. Энэ нь бидний нүдэнд харагдаж гарт баригдахгүйгээр бага багаар, аажмаар хордуулж байгааг анхаарахгүй бол ирээдүйд ямар ч өвчнөөр өвдөж мэдэх эрсдэлтэй юм.

Энэ талаар орчны эрүүл мэнд судлаач, их эмч Р.Дэлгэрзул ярихдаа “Дотоод орчны бохирдол хүний эрүүл мэндэд тэр дундаа хүүхдүүдэд илүүтэй сөрөг нөлөө үзүүлдэг. Утаанаас үүдэлтэй нас баралтын шалтгааны 42 хувь нь уушгины архаг бөглөрөл, 29 хувь уушгины хавдар, 24-25 хувь нь зүрхний шигдээс, тархинд цус харвах өвчин, 17 хувь нь амьсгалын доод замын халдвар байна.

Гэтэл хүмүүсийн тэр бүр мэддэггүй дотоод орчны агаарын бохирдолтой холбоотой нас баралтын 27 хувь зүрхний шигдээс, хатгалгаа байгаа бол тэр дотроо 0-5 насны хүүхдийн нас баралтын 45 хувь нь дотоод орчны агаарын бохирдлоос болж байна. Мөн уушгины архаг бөглөрөл, тархинд цус харвах, уушгины хавдрын нас баралт гадаад орчны агаарын бохирдлоос дутахааргүй хэмжээнд байгаа нь аюул юм.

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн судалгаагаар Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын сургуулиудын анги, танхим дахь РМ2.5 тоосонцор хүлцэх хэмжээнээс 3.1-10.5 дахин өндөр байгаа гэж гарсан. Тиймээс утаанаас илүү дотоод орчны агаарын бохирдлын хор хөнөөлийг ойлгож, түүнээс сэргийлэх нь нэн тэргүүний ажил болоод байна.

Үүнтэй тэмцэх хамгийн эхний ажил арга хэмжээ бол сургууль, цэцэрлэгийн анги , танхимын хүрэлцээг нэмэгдүүлэх, засварын ажлыг найм, есдүгээр сард биш зун хичээл амрахаар хийж хэвших шаардлагатай. Засвараа ядаж хавар эрт хийчихвэл хүүхдүүд хичээлдээ очиход будаг, цавууны наалтын дэгдэмхий ууршимтгай органик агаарын нэгдлүүд  задарч хоруу чанар нь багассан байна.

Хичээл эхлэхтэй уралдаад анги будах нь хүүхдүүдийн эрүүл мэндэд асар хортойг баталсан судалгаа хангалттай бий.

Мөн сургууль, цэцэрлэг, үйлчилгээний газарт дотоод орчны агаарын бохирдлын стандартыг батлах хэрэгтэй байна. Ийм стандартгүй бол мянга шаардаад ямар тоон утгад хүрэх нь тодорхойгүй” гэсэн юм. 

УИХ-ын эрхэм гишүүдээ, Засгийн газрын сайд нараа Монголын хүүхэд багачуудад цэцэрлэг, сургууль, эмнэлэг нэн яаралтай хэрэгтэй байна. Харин тэр киноны тасалбар бэлэглэх, соёлын төв барих зэрэг ажлуудаа ухрааж дарааллынхаа хойно тавьж өгөөч. Хүрэлцээгүй болсон сургууль цэцэрлэгээ эхний ээлжид шийдэж өгөөч.

Үндсэн хуульдаа монгол хүн амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч хөгжих эрхтэй. Монгол Улсын ирээдүй болсон хүүхдүүдийнхээ анхдагч хэрэгцээг хангахад анхаарах үүрэгтэй төрийн түшээд юу бодож байна вэ. Таны хүүхэд сурдаггүй сургууль болохоор танд хамаагүй байна уу. Түмний хүүхдийн эрүүл мэнд болохоор та оролцохгүй байна уу. Угтаа бол энэ улсын ирээдүй болох хүүхэд багачуудаа өнөөдөр л анхаарч ядаж суралцах анги танхимаар нь хангахгүй бол ирээдүйд эрдэм мэдлэгтэй иргэн битгий хэл эрүүл иргэнгүй улс болох аюул ойрхон байгааг энэхүү нийтлэлээрээ дахин сануулъя.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 13. ЛХАГВА ГАРАГ. № 220 (7464)

 

Монгол Улсын Засгийн газар 100 хоног: ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ

Хамтарсан Засгийн газар  ажлын эхний 100 хоногтойгоо золгож байна. “Алсын хараа-2050” 

4 цаг 31 мин
“Алма-матер” шагналын эзэд тодорлоо

Монголын залуучуулын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Алтангадас” үндэсний шилдэг багш

4 цаг 31 мин
Хөгжлийн төлөөх түншүүд 35 жилийн хамтын ажиллагаа

Европын Холбоо Монгол Улс тэртээ 1989 онд дипломат харилцаа тогтоосноос

4 цаг 31 мин
Нүүрсээ худалдаад бүгдээрээ хувааж идэх үү, нүүрсний хулгайг хэвээр үргэлжлүүлэх үү?!

Монголын төр олон жил гацсан нэгэн том төсөлд ойрын өдрүүдэд цэг тавина.

4 цаг 31 мин
"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

19 цаг 26 мин
"Дулааны III цахилгаан станц чинь Дарханы зам шиг нохойн замаар орох юм биш үү"

Дулааны III цахилгаан станц чинь Дарханы зам шиг нохойн замаар орох юм биш үү?

19 цаг 34 мин
Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ

Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ

19 цаг 55 мин
Нэг уут бэлгэнд 36-72 ширхэг ёотонтой тэнцэхүйц сахар агуулагдаж байна

Шинэ жилийн баяртай холбогдуулан ХАБҮЛЛ, СХЗГ, НЭМҮТ хамтран нийсл

20 цаг 15 мин
П.Батчимэг: Байнгын хорооноос анатомийн ном шиг зузаан юм хэвлээд ороод ирж байна

П.Батчимэг: Байнгын хорооноос анатомийн ном шиг зузаан юм хэвлээд ороод ирж байна

21 цаг 26 мин
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны 2024 оны онцлох ажил

Манай улсын орон сууцжуулалтын ойрын ирээдүйн бодлогыг хэлэлцэх олон

Өчигдөр 06 цаг 00 мин