Б.БАЯР
Дэлхийн хэвлэлүүд өчигдөр /2024.10.24/ “…ОУЭШ-ийн шүүгчдийн зөвлөлөөс “Монгол Улс В.Путиныг баривчлах үүргээ биелүүлээгүй” хэмээн дүгнэлт бүхий тайланг өөрийн хяналтын байгууллагадаа хүргүүллээ” гэж мэдээлэв.
Үүнтэй зэрэгцээд улс төр, гадаад харилцааныхан Монгол Улсын гадаад бодлогын асуудлаар нэлээд хөдөлгөөнтэй байр суурь илэрхийлээд эхлэв.
Улстөрчид, тэр дундаа УИХ-ын гишүүд, бас гадаад харилцааны салбарынхан “…Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын гадаад харилцааны тал дээр бодлогогүй, ноцтой үйлдэл гаргасан нь тодорхой боллоо. Дипломат ёсны олон боломжийг ашиглалгүй, хамгийн тохиромжгүй замаар зүтгэж, олон улсын хоригт орох ноцтой алдаа гаргасан” гэх дүгнэлтийг хийцгээсэн байна. Учир нь Засгийн газрын тухай хуулийн Засгийн газрын бүрэлдэхүүний талаарх 20.5.8-д Гадаад харилцааны сайд нь гадаад улс, олон улсын байгууллагатай улс төрийн талаарх хамтын ажиллагаа, гадаад эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа, гадаад худалдааны хэрэгжилт, гадаадад байгаа Монгол Улсын иргэн, бизнесийн эрх ашгийг хамгаалах асуудал, гадаад улс, олон улсын байгууллагатай хийх гэрээ, хэлэлцээрийн асуудал болон байгуулсан гэрээ, хэлэлцээрийн явцад тавих хяналт, гадаад улс, олон улсын байгууллагатай хүмүүнлэгийн чиглэлээрх хамтын ажиллагаа, дипломат, албан зэргийн виз, консулын асуудал, гадаад сурталчилгаа зэрэг асуудлыг хариуцахаар хуульчилсан байдаг. Тиймээс УИХ-ын нэр бүхий гишүүд дээрх үндэслэлээр, мөн “…Б.Батцэцэгийг огцруулахгүй бол улсыг самраад дуусах нь” гэх агуулгаар огцруулах санал гаргахаар болжээ. Ингээд гарын үсэг цуглуулж эхэлсэн гэх мэдээлэл байна. Одоогоор энэ үйл ажиллагаа эхэлж буй бөгөөд ирэх долоо хоногийн эхээр хэн гэдэг гишүүний бланк дээр хэн хэн гэдэг гишүүд гарын үсэг зурсан нь тодорхой болох бололтой.
Гэхдээ УИХ-ын гишүүдийн энэхүү огцруулах санал нь үр дүнтэй хийгээд хуульд нийцэх эсэх нь эргэлзээтэй юм. Учир нь УИХ-ын тухай хуулийн Гишүүний бүрэн эрхийн талаарх 8.1.16-д “…хууль тогтоомжийн биелэлтийн талаар Монгол Улсын Засгийн газар /цаашид "Засгийн газар" гэх/, холбогдох бусад байгууллага, албан тушаалтнаас мэдээлэл шаардаж авах” үүрэгтэйг л зааж өгсөн.
Харин Үндсэн хуулийн 39.4-т “…Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөнө”, Засгийн газрын тухай хуулийн 23.1.2-т “…Засгийн газрын гишүүнийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйл, Ерөнхийлөгчийн тухай тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасны дагуу УИХ, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулахдаа захирамж гаргана” гэж заажээ.
Үүнээс гадна Засгийн газрын тухай хуулийн 22.3-т “…Засгийн газрын гишүүн өөрийн эрхэлсэн асуудлын хүрээний бодлогын асуудлаар Ерөнхий сайдтай, эсхүл гишүүдийн олонхитой санал зөрсөн зэргээс бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон, түүнчлэн хуульд заасан бусад үндэслэл байна гэж үзвэл албан тушаалаасаа огцрох хүсэлтээ Ерөнхий сайдад хэдийд ч гаргаж болно. Харин энэ тухай эцсийн шийдвэр гартал үүрэгт ажлаа гүйцэтгэж, хариуцлагыг хүлээнэ” гэсэн байдаг.
Эх сурвалж: www.polit.mn