Ц.МЯГМАРБАЯР
Өнгөрөгч долоо хоногт гадаадын хөрөнгө оруулагчид багатай ч “Мining week -2024” амжилттай зохион байгуулагдлаа. “Mining Week & Mine Pro” 2024 арга хэмжээнд уул уурхайн томчуудаас гадна Олон улсын байгууллага, банк санхүүгийн төлөөллүүд оролцжээ. Банкууд уул уурхай санхүүжилтийг дэмжинэ гэдгээ энэ чуулганд тод илэрхийлсэн байна. Том зургаараа уул уурхайн салбар болон банкны салбарын харилцаа сайжрах нь гадаадын хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлж, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой. Нэмээд уул уурхайн салбар өсөхийн хэрээр түүнийг дагасан бизнес, үйлчилгээний салбарууд хөгжсөнөөр банкны зээлийн эрэлт болон эдийн засгийн урсгалд эерэг нөлөө үзүүлнэ. Энэ жилийн “Mining Week & Mine Pro” арга хэмжээ илүү өргөн цар хүрээтэй болсноор уул уурхайн салбарынхныг банк, санхүү болон бусад салбарынхантай ойртуулснаараа өндөр ач холбогдолтой боллоо хэмээн экспертүүд дүгнэж байна. Олон чухал илтгэл, хэлэлцүүлэг өрнөгсөн. Ялангуяа салбар хоорондын уялдаа холбоог идэвхжүүлэх хууль эрх зүйн орчныг сайжруулах зэрэгт онцгой анхаарна гэдгийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөний сайд Л.Оюун-Эрдэнэ нар хэлсэн үгэндээ онцолсон. Эцэст нь энэ удаагийн чуулган хөрөнгө оруулагчдад таатай орчныг бүрдүүлэхэд Монгол Улс бүхий л талаар эрэлхийж онцгой анхаарна гэлээ. Чуулганд Худалдаа хөгжлийн банк уг арга хэмжээний платинум спонсороор оролцсон аж. Энэ нь банкны салбарынхны эдийн засагт нөлөө бүхий салбаруудыг дэмжсэн бизнесийн зээл олголт эрчимжиж буй. Улмаар уул уурхайн салбарт шинээр олгосон зээлийн хэмжээ энэ оны эхний хагаст жилийн өмнөхөөсөө 86 орчим хувь нэмэгдэж 942 тэрбумд хүрээд байна. Ззээлийн жигнэсэн дундаж хүү 16-15 хувь байгаа нь Биржийн бус зах зээл дээрх уул уурхайн компаниудын бондоос даруй 4.0 нэгж хувиар бага байгаа юм. Банкны салбар дундаа ХХБ-ны уул уурхайн салбарт олгосон зээл нийт зээлийн 40 хувийг бүрдүүлж байгаа. Энэ ч утгаараа тус банкны уул уурхай, олборлолтын салбарт олгосон зээлийн хэмжээ 595 тэрбум төгрөгт хүрсэн аж. Түүнчлэн ХХБ ашигт малтмал, уул уурхайн салбарыг дэмжих зорилгоор 2007 онд Уул уурхайн банкны газрыг байгуулж байсан аж.
“Рио Тинто Монгол”: Уул уурхайн шилдэг инженерүүдийг Монголд бэлтгэнэ
"Рио Тинто Монгол" компани Австралийн Квинсландын их сургуультай хамтран “Өмнийн говийн гүний уурхайн институт”-ийг “Уул уурхайн 7 хоног” арга хэмжээний үеэр нээлээ. Уг институтэд гадаад, дотоодын уул уурхайн мэргэжилтнүүд элсэн орсноор Оюу толгойн уурхайд олон улсын жишигт нийцсэн практик сургалтад хамрагдах боломж бүрдэж байгаа юм. Сүүлийн хорин жилд дэлхий даяар уул уурхайн инженерийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудын тоо мэдэгдэхүйц буурч, өндөр мэргэшсэн боловсон хүчний хомсдол бий болоод буй. Энэхүү гүний уурхайн практик сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлснээр салбарын ур чадварын дутагдлыг бууруулахын зэрэгцээ, Монголын уул уурхайн салбарыг дэлхий дахинд таниулахыг зорьж байна.
Уг төслийг санаачлагч Рио Тинтогийн Арилжаа, Бизнес хөгжил хариуцсан захирал Б.Болд “Дэлхийн шилдэг уул уурхайн мэргэжилтнүүдийг Монголдоо бэлтгэх болсондоо тун баяртай байна. "Рио Тинто" групп 15 жилийн өмнө Монголын ирээдүйд итгэж хөрөнгө оруулжээ. Ийн бид ирж буй олон арван жил итгэлт түнш байхаа бататгаж байна” хэмээн онцолсон юм. Институтын сургалтын хөтөлбөр гүний уурхай, гео-техник, уул уурхайн инженерчлэл зэрэг инженерийн суурь агуулгад төвлөрөх бөгөөд сургалт боловсруулах, хүргэх чиглэлээр олон улсын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна. Харин 2026 оноос эхлэн гадаад, дотоодын уул уурхайн компаниуд хандан ажилтнуудаа сургах үүд хаалга нээгдэх аж.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 7. ДАВАА ГАРАГ. № 194 (7438)