Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөг 126 гишүүний 67 нь хэлэлцэв

2024-10-04
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

126 гишүүнтэй парламентын намрын ээлжит чуулганы анхны хуралдаан эхэлж байна. Энэ парламентаас олон нийт хүлээлт өндөртэй байгаа. Гэвч анхны хуралдаанаасаа эхлээд гишүүдийн ирц хангалтгүй байна. 

Намрын чуулганы нээлт өнгөрсөн мягмар гарагт болоход УИХ-ын 126 гишүүнээс 100 гишүүн хүрэлцэн ирсэн байв.  Тэгвэл өчигдөр болсон нэгдсэн чуулган ердөө 67 гишүүнтэйгээр эхэллээ. Ирцийн 50 хувийн босго дөнгөж давсан гэсэн үг.  Энэ намрын чуулганаар Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсөв, хөгжлийн төлөвлөгөө гээд нэн чухал асуудлуудыг хэлэлцэн батлах учиртай.

Өчигдөр гэхэд  Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Гэвч гишүүдийн ирц дөнгөж 50 хувийг давна гэдэг дэндүү хариуцлагагүй үйлдэл юм.  Хөгжлийн төлөвлөгөөтэй холбоотойгоор холбогдох албаныхан, ажлын хэсгийнхэн ч хүрэлцэн ирээгүй, асуулт асуусан гишүүдэд хариулт өгөх хүн олдохгүй УИХ-ын дарга Д.Амарбаясгалан аргаа барж, арга хэмжээ авна хэмээн уурлаж байх вэ дээ. Тэрээр "Орон нутгийн сонгуулийн асуудлаар 20 гаруй гишүүн чөлөө хүссэн бичиг ирүүлсэн. Би албан ёсоор чөлөөнд гарын үсэг зураагүй. Сүүлийн үед зөвшөөрөл хүссэн бичиг өгчихөөд зөвшөөрөл авчихсан гэж бодоод байна. Зөвшөөрөл өгөх эсэхийг УИХ-ын дарга чуулганы ирц, хэлэлцэх асуудлын цар хүрээтэй холбоотой шийдвэрлэдэг. Гэтэл бичиг шидчихээд өөрсдөдөө чөлөө өгөөд явчихсан байна гэсэн юм. Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөг парламентын 126 гишүүний 67 нь хэлэлцсэн өчигдрийн чуулганаас тоймлон хүргэж байна.

 

Гурван нам нийлсний цаад учир нь хязгааргүй өр үү?

 

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар:

-Засгийн газрын хөгжлийн хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслийг хэрэгжүүлэхийн тулд 35 тэрбум ам.долларын өр батлах гээд байна. Энэ өрийг батлахдаа гишүүд ул суурьтай хандмаар байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар эрчим хүч, дэд бүтцийн зориулалттай зээлийг Засгийн газрын өрөнд тооцохгүй гэдэг болсон. Үүгээр далимдуулаад өнгөрсөн 30 жилийн хугацаанд тавьсантай тэнцэх их хэмжээний зээл авах асуудал ороод ирж байгаа юм биш байгаа. 2025 онд хэдэн тэрбум ам.долларын өр тавих вэ гэдгийг асууя. Ер нь Л.Гантөмөр маань мах комбинатын улаан ямаа шиг л яваад байх шиг байна зайлуул. Би Эдийн засаг, хөгжлийн сайд гээд өр тавих асуудлыг манлайлаад. Маш их өр тавьсны дараа Л.Гантөмөр улаан ямаа болоод, АН-ынхан ингэсэн гэдэг асуудалд орох вий. Гурван нам нийлсний цаад учир нь хязгааргүй өр тавихад л байх шиг байна.

 

Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр:

-Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг барина, зээл авна гээд шийдчихсэн юм билээ шүү. Одоо үүнийг хийхгүй гээд яах юм. Хятадын Засгийн газраас авахгүй гэх юм уу. Нэг тэрбум ам.доллароор газрын тос боловсруулах үйлдвэр барина гээд Энэтхэгийн Засгийн газартай тохирчихсон. Тэрийгээ одоо авахгүй гэх юм уу. Тохироод, шийдвэр гарчихсан зээлүүдийг л өнөөдөр ярьж байгаа. Шинээр авах зээл бол гарна. Бид үндэсний хиймэл дагуултай болно. Ингэхийн тулд зээл авна. Үүнийг Их Хурлаар ярилцана. Түүнээс биш 14 мега төслийг хэрэгжүүлэх гээд зээл авах гэж байна гэдэг цуурхал шүү. Шинэ зээлийг нууцаар авдаггүй юм. Зээлийг УИХ-аар баталдаг. Хэлэлцэх үед нь гишүүд та бүхэн зээл авахгүй гэдгээ хэлээрэй. Харин өмнө нь авахаар тохирсон зээлийг одоо бид хамтарсан учраас болилоо гэхгүй.

 

Ураны төслийг 5.4 их наядыг хөрөнгө оруулалтаар эхлүүлнэ

 

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:

-2025 их онцлог жил болно. Оюутолгойн бүтээн байгуулалт 2025 онд дууссанаар олборлогч болно. Оюутолгой компани нь бүтээн байгуулалт хийх хүрээнд 22 мянган ажлын байр бий болгосон, одоо олборлогч болсноор ажиллах хүчин нь 4000-5000 болж буурна. Үүнд бэлэн үү.

 

Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр:

-Оюутолгойн гүнийн уурхайн олборлолт эхэлж байгаа. Зах зээл рүү буруу мессеж шидэж болохгүй. Монголын төр жилийн өмнөөс энийг харсан учраас том мега төсөл хөдөлгөе гэж зориод байгаа. Жишээлбэл, Монгол, Францын ураны төслийг хэлэлцээрээр шамдуулаад байгаагийн нэг зорилго нь энэ. Тиймээс 20 мянган хүн ажилгүй болох гэж байна гэсэн цуурхал тарааж болохгүй.  Тэр салбарт ажиллаж байсан хүмүүс он гараад Тавантолгойн станц дээр ажиллана. Ураны төслийг хэрэгжүүлэхэд 5.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт эхэлнэ. Энэ төсөл дээр ажиллана. Мега төсөл байж, эдийн засгийн өсөлт буюу эдийн засгийн тогтвортой байдал хангагдана гэж Засгийн газар үзээд 14 мега төслийн ард гарна гэж яриад байгаагийн шалтгаан энэ. Хуучин Оюутолгойгоор Монголын эдийн засгийг баримжаалдаг байсан бол тэр үе ард үлдсэн. Одоо цоо шинэ түвшин рүү шилжсэн гэдгийг ухамсарлах ёстой.

 

Төрийн таван компанийг хувьчилж, 1.5 их наядыг төсөвт төвлөрүүлнэ

 

УИХ-ын гишүүн Э.Батшугар:

-Ирэх жил эдийн өсөлт найман хувьд хүрнэ гэсэн төсөөлөл байна.  Эдийн засагт дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хэмждэг томьёо бий. Энэ нь хэрэглээ, хөрөнгө оруулалт, Засгийн газрын хөрөнгө оруулалт болон цэвэр экспортын асуудлаас хамаарна.  Энэ томьёоллыг хэрхэн гаргасан задаргааг харж, аль өгөгдлийг нь илүүд үзэж байгааг хармаар байна.  Хоёрдугаарт, гишүүд маань ипотекийн зээл болон орон сууцны зээлийн асуудлыг хөндөн ярьж байна.  Үндэсний орон сууцжуулалтыг тухай хуулийг  Засгийн газраас өргөн барих уу.  Өмнө нь асуудлуудыг нэлээд багцалж хууль оруулж ирж байсан.  Ялангуяа түрээсийн орон сууц, орлогод нийцсэн орон сууц гэх мэтчилэн төрөлжүүлж байсан.  Гуравдугаарт, үнийн өсөлтийн асуудлын хөндөж яримаар байна.   Засгийн газраас хүнсний нийлүүлэлт, ялангуяа махны нийлүүлэлтийн тал дээр ямар бодлого барих вэ. Мөн нийт таван төрийн өмчийн компанийг хувьчлах асуудлыг тусгасан байна.  Үүгээрээ дамжуулан төсөвт 1.5 их наяд төгрөгийг төвлөрүүлнэ гэжээ.  Тухайн компаниудыг ямар байдлаар үнэлэх вэ. Олон улсын аргачлалаар хийх үү. Шинээр хувьцаа гаргаж зарах юм уу, эсвэл одоо байгаа хувьцаагаа Төрийн өмчийн хороо болон бусад хувьцаа эзэмшигчид нь аваад түүнийгээ зарцуулах уу.  Нийслэлд түгжрэлийн асуудал хамгийн тулгамдсан асуудал болоод байна. Үүнийг хамгийн амархан шийдэх арга бол ухаалаг гэрлэн дохио, камержуулалт.  1500 ширхэг ухаалаг гэрлэн дохио болон 500 камер нэвтрүүлнэ гэжээ.  Үүний хэзээ, ямар хөрөнгөөр авах вэ. Ингэснээр түгжрэл хэдэн хувиар буурна гэж тооцоолсон бэ.  Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалтыг ирэх онд 15 хувийг нэмэгдүүлнэ гэсэн байна.  Ямар бодлого баримтлах вэ.  Нийт гадаадын хөрөнгө оруулалтын 30 хувийг сэргээгдэх эрчим хүчинд зарцуулна. Ингэснээр эрчим хүч тодорхой тоогоор нэмэгдэнэ гэсэн байна. Энэ бодитой юу.  Стратегийн түнш орнуудтай долоон шинэ хэлэлцээр төлөвлөсөн байна. Үүний талаар дэлгэрэнгүй тайлбар өгнө үү?

 

Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү:

-2025-2027 онд Засгийн газар эдийн засгийн өсөлтийг өндөр хувьд хадгална гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. 2025 онд гэхэд далд уурхайн олборлолттой холбоотойгоор Оюутолгойн зэс, алтны агууламж нэмэгдэнэ.  Зэсийн агууламж бараг 50 хувиар, алтны агууламж хоёр дахин нэмэгдэнэ гэсэн тооцоолол байна.  Эдгээр нь эдийн засгийн өсөлтөд өндөр хувь нэмэр оруулж байна.  Нэмээд хөдөө аж ахуйн салбарын сэргэлтээс бид өсөлт харж байна.  Дээр нь уул уурхайн бус салбарын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд  Засгийн газраас анхаарч байна.

 

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл:

-УИХ-аас төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэл баталсан.  Улмаар Засгийн газраас жагсаалт гаргаж,  IPO гаргах ажлыг хийгээд явж байна. Өмнө нь  Монголын Хөрөнгийн бирж 100 хувь байсан бол 34 хувийг бирж дээр олон нийтэд нээлттэй хувьчлах ажил амжилттай болсон. Төрийн банк бас олон нийтийнх болоод явж байна. Цаана нь 20 АЗЗА, мэдээлэл технологийн хэдэн компани бий.  Тэдгээрийн хувьчлалын эргэж харах асуудлыг ярьж байна.  Мэдээлэл технологийн компаниуд стратегийн гэх ангилалд багтах учраас эргэн харах нь зүйтэй гэж үзсэн.

 

20 минутын хот-Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн:

-Нийслэлд замын хөдөлгөөний иж бүрэн ухаалаг системийг нэвтрүүлж, хотын гэрлэн дохионы удирдлагыг ухаалаг системд шилжүүлэх заалттай. Тус заалт энэ жил хэрэгжээд эхэлчихсэн. Тендерийн хувьд Улаанбаатараас хөрөнгө мөнгө гаргаж, техникийн боломжоо бүрдүүлээд явж байгаа. Ирэх жилээс замын уулзвар дээр мод барьсан цагдаа үзэгдэхээ болино. Замын хөдөлгөөний эрчмийг 10-15 хувиар сайжруулна. Төсвийн дүнгийн мэдээллийг нийслэлээс нэмж хариулна.

 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Ажлын хэсэгт хэн байна вэ. Нийслэлээс хүн байна уу. Та хэд чинь яачихсан юм бэ, буланд суучихаад гараа жижигхэн өргөөд байх юм. Ажлаа хариуцаж байгаа юм бол тодорхой бай. Тоглоом хийж байгаа юм шиг байна.

 

НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Амгалан:

-Замын хөдөлгөөний зохицуулалтыг цагдаа болон программ хангамжаар зохицуулж ирсэн. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар энэ жил замын хөдөлгөөний уулзвар, зам дагасан камерын системийн тендер шалгаруулалт явж, ажил нь эхэлсэн. Арваннэгдүгээр сарын 1-нд гэхэд дуусах төлөвлөгөөтэй. Мөн “Google” компанитай хамтраад ухаалаг системийг хөгжүүлэх гэрээ хэлэлцээрийн шатны ажил явагдаж байна.

 

“Цахилгааны үнийг зайлшгүй нэмэх шаардлагатай байгаа”

 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Эрчим хүчний салбарын үнийг чөлөөлнө гэдгийг дэмждэг. Гэтэл үнэ чөлөөлөхийг үнэ нэмнэ гэж яриад байна. Монопол аж ахуй нэгжүүдтэй, нийлүүлэлтийн хомсдолтой салбарт үнэ чөлөөлөлт чинь үнэ нэмэгдэл болж байна. Эрчим хүчний салбарын шинэчлэл гэдгээ юу гэж ойлгоод байгаа юм бэ. Үнэ тариф яаж нэмэгдэхээр тооцоолж байгаа юм бэ. Ирэх жил улсын төсвөөр дөрөв, зээл тусламжаар 2.6 их наядын хөрөнгө оруулалт хийнэ гэж оруулж ирсэн байна. 2.6 их наядын хөрөнгө оруулалтын задаргаа алга. Яг юунд зарцуулах юм бэ. Эдийн засаг өсөж байна гээд л байдаг. Гэтэл ядуурал буурдаггүй. Ядуу иргэн хүн амын 30 хувь байна. Эдийн засгийн өсөлт чинь яагаад иргэддээ хүрэхгүй байгаа юм бэ.

 

Сангийн сайд Б.Жавхлан:

-2.6 их наядаар зээлийн ашиглалтын дүн нэмэгдэж байгаа. Үүнээс 2.2 их наяд нь зээлийн ашиглалт, 417 тэрбум нь буцалтгүй тусламж байгаа юм. 417 тэрбум өр биш учраас өр дээр бичигдэхгүй. Гэхдээ заавал зардал дээрээ бичиж орж ирдэг.

 

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх:

-Цахилгааны үнийг нэмэх зайлш­гүй шаардлагатай байгаа саналаа Эрчим хүчний зохицуулах хороонд аж ахуй нэгжүүд хүргүүлсэн байна. Салбар алдагдалтай, өртэй болсон.

 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 4. БААСАН ГАРАГ. № 193 (7437)

 

busad gishuud ni haachsiin bol
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

4 цаг 51 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

6 цаг 31 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

10 цаг 50 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

10 цаг 55 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

11 цаг 3 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

11 цаг 8 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

11 цаг 20 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

11 цаг 22 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

11 цаг 43 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

11 цаг 45 мин