Т.САЙХАН
Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдын шүдний эмгэгийг эрт илрүүлэх үзлэгийг нийслэлд арав, арваннэгдүгээр сард зохион байгуулахаар болжээ. Боловсролын сайд П.Наранбаяр анхны тушаалаараа хичээлийн жилийн бүтцийг баталж, сурагчид бие даалтын хугацаанд музей, театр үзэх, зургаан настнуудыг нүд, шүд, зүрх судасны оношилгоо, гамшгийн сургалтад хамруулах зэрэг ажлыг зохион байгуулна гэж мэдээлсэн. Монгол Улсын 5-6 насны хүүхдийн 95 хувь нь шүдний өвчлөлтэй. Барагцаалбал, нэг ангийн 10 сурагч тутмын 8-9 нь шүд нь цоорсон гэх судалгаа бий.
Монгол таван настай хүүхдийн шүд цоорлын өвчин дэлхийн дунджаас хоёр дахин их байна гэдгийг албаныхан онцлов. Сүүн шүд цоорох өвчний тархалт таван настайдаа дээд цэгтээ хүрч, байнгын шүдэнд 20-24 насандаа хамгийн их байна. Хүнд хэлбэрийн өвчний тархалт 60-64 насанд дээд цэгтээ хүрч, шүдгүйдэл 85-89 нас хүртэл нэмэгдэж, дараа нь буурч байгааг мэргэжилтнүүд мэдээллээ. Орон нутгаар нь авч үзвэл, 0-5 насны хүүхдийн шүдний өвчлөл хамгийн өндөр аймаг Архангай 47 хувь, хамгийн бага нь Баян-Өлгий аймаг 21 хувьтай байгаа бол 6-17 насны хүүхдийн шүдний өвчлөл хамгийн өндөр аймгаар Завхан 74 хувь, хамгийн бага аймгаар Төв аймаг 40 хувьтай байгааг албаныхан мэдээлж байв.
Эх сурвалж: www.polit.mn