Т.САЙХАН
Засгийн газрын хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл хийлээ. Өнөөдрийн хуралдаанаар 14 мега төслийн эхлэл болгож Үндэсний хиймэл дагуулын төслийг эхлүүлж байгаа гэлээ. ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Өнөөдөр хиймэл дагуулын төслийг ҮАБЗ-д танилцуулахаар шийдвэрлэсэн. Энэ төсөл 2011 оноос хойш нэлээд судлагдсан. Өргөн уудам газар нутагтай 3.4 сая хүн амтай улсад харилцаа холбооны хүртээмж маш чухал. Улс орныхоо хаа ч шилэн кабелтай холбогдох, харилцаа холбооны дэд бүтэцтэй болохын тулд Үндэсний хиймэл дагуулыг 36 мянган км-т хөөргөж чадсанаар бүрдэнэ. Мөн дөрвөн ширхэг газрын антеныг монголд суулгана. Орбитын Наран сатанцад төв удирдлага нь байна. Мөн Дархан-Уул, Дорнод, Баян-Өлгий аймгуудад байрлуулна. Ингэснээр хиймэл дагуулаа өөрсдөө удирдах боломж бүрдэнэ. Энэ хиймэл дагуулыг хөөргөснөөр Монгол Улсын хаанаас ч хямд интернэтэд холбогдож, аюулгүй байдлын хувьд эрсдэлгүй байх олон давуу талтай. 2027 онд тээвэрлэж сансарт гаргахаар төлөвлөж байна. ҮАБЗ-д танилцуулсны дараа энэ гэрээ болон зээлийн хэлэлцээрийг УИХ-д өргөн мэдүүлнэ" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn