Т.Энхбаяр: Эмэгтэйчүүдэд итгэл үзүүлснээр шийдвэр гаргах түвшинд оролцоо нь нэмэгдэнэ

2024-10-02
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.БАЯРЖАВХЛАН

 

Нийгэмд эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоо ямар байгаа талаар Жендэрийн Үндэсний хорооны нарийн бичгийн дарга Т.Энхбаяртай ярилцлаа.

 

-Орон нутгийн сонгууль болоход хэдхэн өдөр үлдлээ. Энэ удаагийн сонгуульд эмэгтэйчүүдийн оролцоо ямар байна вэ?

-Монгол Улсын нийт хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд, 49 хувийг эрчүүд эзэлж байна. Өөрөөр хэлбэл, манай улсад аль нэг хүйс давамгайлдаггүй. Мөн сонгууль өгч буй хүмүүсийн хүйсийн харьцаа ч 50:50 хувьтай. Тэгвэл төрийн анхан шатны нэгжээс УИХ-ын гишүүн хүртэл буюу шийдвэр гаргах түвшинд төлөөллийн хүйсийн харьцаа тэнцүү байх ёстой. Тухайлбал, эмэгтэйчүүдийн 50 хувийг төлөөлөх хүн төрийн бүх шатны нэгжид байх ёстой. Гэвч манай улсад анхан шатны нэгжид л эмэгтэйчүүдийн оролцоо их байна. Шат ахих тусам эмэгтэйчүүдийн оролцоо буурч байна. Энэ нь эмэгтэйчүүд удирдах албанд ажиллаж чаддаггүй гэсэн нийгмийн хэвшмэл ойлголттой холбоотой. Үүнийг өөрчлөх нь чухал. Эмэгтэйчүүд дарга хийж чадахгүй. Удирдагч байж чаддаггүй гэсэн ойлголтоос болж шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдэд итгэл үзүүлэхгүй, сонгохгүй байна.

-Шат ахих тусам эмэгтэйчүүдийн оролцоо буурдаг гэж байна. Одоогийн байдлаар аймаг, нийслэл орон нутгийн ИТХ-д эмэгтэйчүүдийн оролцоо одоо ямар байгаа вэ. Өнгөрсөн онуудын судалгаанаасаа сонирхуулахгүй юу?

-Бид УИХ эсвэл Ерөнхийлөгчийн сонгуульд ач холбогдол өгдөг. Гэтэл УИХ-ын гишүүн таны гэрийн хаалгаар орж, гаргасан шийдвэр таны амьдралд шууд нөлөөлөхгүй. Гэр бүлийн гишүүн бүрт хамааралтай шийдвэрийг хэн гаргадаг вэ гэвэл анхан шатны нэгжийн ажилтан л гаргадаг. Тиймээс иргэдэд хамгийн ач холбогдолтой сонгууль бол орон нутгийн сонгууль. Өөрөөр хэлбэл, таны амьдарч буй аймаг, нийслэл, сум дүүргийн сонгуульд ямар хүн дэвшиж байгааг сайн судалж, бодлого хөтөлбөртэй нь танилцаж сонголтоо хийх хэрэгтэй. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ны байдлаар улсын хэмжээнд аймаг нийслэлийн нийт 777 төлөөлөгч сонгогдон ажиллаж байна. Үүний 127 нь буюу 16.3 хувь нь эмэгтэй төлөөлөгч байна. Гэтэл дэлхий нийтээр шийдвэр гаргах түвшинд аль нэг хүйсийн төлөөлөл 30 хувь байна гэж заасан байдаг. Тодруулбал, нэг хүйсийн төлөөлөл 30 хувиар дэвшүүлэх бус сонгогдож гарсан нь 30 хувь байна гэсэн үг. Одоо энэ хувийг өсгөж 50 хувь байлгахаар зорьж байгаа. Гэтэл дээр хэлсэнчлэн 777 хүний 127 нь л эмэгтэй байна шүү дээ.

Мөн 21 аймаг есөн дүүрэгт засаглаж байгаа хэлбэрийг харвал 22 хурлын даргын хоёр нь эмэгтэй байна. Харин сум дүүргийн 339 хурлын даргын 53 нь эмэгтэй байгаа нь ахисан шатанд эмэгтэйчүүдийн оролцоо бага байгааг харуулж байгаа юм. Гэтэл анхан шатны нэгж буюу буюу сум дүүргийн хурлын төлөөлөгч 6929 хүн байгаагийн 2026 эмэгтэй байна. Үүнээс харахад нэгж доошлох тусам буюу анхан шат руу ойртох тусам эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж байгааг дээрх судалгаанаас харж болно. Гэтэл анхан шатанд ажиллаж байгаа эдгээр эмэгтэйчүүдээс дарга томилох болохоор л байхгүй болдог. Тиймээс анхан шатанд ажиллаж байгаа эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд томилох хэрэгтэй байна. Аливаа шийдвэрүүд эмэгтэйчүүдийн оролцоотойгоор гардаг болох шаардлагатай.

-Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Орон нутагт нам удирдаж буй хүмүүсийн ихэнх нь эрэгтэйчүүд байна. Тэгвэл намаас эмэгтэйчүүдэд итгэл үзүүлж, нэр дэвшүүлж буй төлөөллөө тэнцвэртэй байлгаж, зоригжуулах хэрэгтэй. Мөн төлөөлөгч болохын ач холбогдлыг ойлгуулж, хамтран ажиллах санал тавьж, идэвхжүүлэх хэрэгтэй. Энэ ажлыг анхан шатны нэгжээс эхлэн хэрэгжүүлэх ёстой. Нөгөө талдаа намаас эмэгтэйчүүдийг дэмжиж, итгэл үзүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байна. Мөн эмэгтэйчүүд өөрсдөө санаачилгатай байж манлайлж оролцох хэрэгтэй. Тухайлбал, хоёр талын оролцоо чухал байна. Түүнээс нэг тал нь буюу нам эмэгтэйчүүдийг квотоор буюу хүчээр чирч оруулах нь өрөөсгөл ойлголт юм.

-Эмэгтэйчүүд өөрсдөө идэвхтэй байх хэрэгтэй гэж байна. Өөрсдийгөө идэвхжүүлэх ямар арга зам байна гэж та харж байна?

-Эмэгтэйчүүдийн бүлэг болон сүлжээ байгуулан эмэгтэйчүүдийг өөрсдийгөө чадавхжуулж, улс төрд орохдоо бэлтгэх хэрэгтэй. Ингэснээр улс төрд ороход нь түлхэц болж өгнө. Мөн эрэгтэйчүүдтэй хамтарч ажиллах хүсэл эрмэлзэлтэй байх ёстой. Нэг тал нь хичээгээд байвал нүдний шилний нэг линзээр харж байгаатай ижил шүү дээ. Хоёулаа хичээх юм бол нүдний шилний хоёр линзээ бүрэн ашиглаж байгаатай ижил.

-Монгол Улсын ерөнхий сайд, Жендэрийн Үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ эмэгтэйчүүдэд итгэл үзүүлж, дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Тэр ч утгаараа эмэгтэй Засаг дарга хүртэл томилсон?

-Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жендэрийн тэнцвэртэй байдлыг хангахад үзүүлж буй манлайлал бол түүхэн өөрчлөлт байсан. Тодруулбал, яг органикаараа явбал Ховд аймгийн Засаг даргаар хэзээ ч эмэгтэй хүн томилогдохгүй байсан. Ховд аймгийн засаг даргаар эмэгтэй хүн сонгогдсон нь сүүлийн 100 жилд болоогүй түүхэн үйл явдал. Магадгүй сүүлийн 100 жилд аймгийн орлогч даргаар эмэгтэй хүн томилогдон ажиллаж байсан байж магадгүй. Харин эмэгтэй аймгийн Засаг дарга бол байгаагүй. Тэгвэл бодлогоор, хууль ёсны байдлаар томилогдсон анхны эмэгтэй Засаг дарга Э.Болормаа байсан. Үүнээс гадна төрийн бусад шатанд эмэгтэйчүүдэд итгэл үзүүлэн ажиллаж байгаа сайн жишиг ч бий. Тухайлбал, Засгийн газрын гишүүд, төрийн нарийн бичгийн дарга нар, Улсын өмчийн оролцоотой байгууллагууд, ЗГХЭГ-ын дарга нарын хүйсийн харьцаан дээр сайн анхаарч, эмэгтэйчүүдийг томилж, хүйсийн харьцааг тэнцүүлсэн. Цаашид энэ давлагаа үргэлжлэх байх. Хүйсийн харьцааг тэнцвэржүүлж байж тухайн салбар, бодлогын түвшинд багаар ажиллахад чухал нөлөөтэй байна гэж харж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 2. ЛХАГВА ГАРАГ. № 191 (7435)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

14 цаг 27 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

16 цаг 6 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

20 цаг 26 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

20 цаг 30 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

20 цаг 39 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

20 цаг 44 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

20 цаг 56 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

20 цаг 58 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

21 цаг 19 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

21 цаг 21 мин