Б.Нямсүрэн
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хөгжлийн түншлэгч байгууллагуудын хамтын ажиллагааны анхдугаар хурал зохион байгуулагдлаа. Уг хуралд Засгийн газрын яамд, АНУ, БНСУ, Герман, Япон, Унгар, Турк, Франц, Канад зэрэг 15 улс оролцов. Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөл, Европын холбоо, НҮБ, түүний төрөлжсөн болон олон улсын байгууллагууд, Дэлхийн банк, гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хэрэгжиж буй төслийн зохицуулагчид багтсан юм. Энэ үеэр Монгол Улсын Засгийн газраас гэр бүлүүдэд чиглэсэн бодлого, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллыг бэхжүүлэхээр зорьж буй үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан хөгжлийн түншүүддээ танилцуулж, санал солилцлоо. Уулзалтаар НҮБ-ын Суурин Зохицуулагч Тапан Мишра НҮБ-ын системийн байгууллагуудаас нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хөтөлбөрөө танилцуулсан.
Тиймээс Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалангаас тодрууллаа.
-Танай яамны түншлэгч байгууллагуудын хамтын ажиллагааны анхдугаар хурал өчигдөр зохион байгуулагдлаа. Үүний ач холбогдлыг хэрхэн харж байна вэ?
-Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон энэ салбарт хамтарч ажилладаг санхүүжүүлэгч байгууллагуудтай хамтарч анхны уулзалтаа зохион байгууллаа. Энэхүү уулзалтын давуу тал нь УИХ-аар батлагдсан Монгол Улсын Засгийн газар ирэх дөрвөн жилд хийх ажлын төлөвлөгөө, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хэрэгжүүлж байгаа төсөл, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг танилцууллаа. Азийн хөгжлийн банк, дэлхийн банк, Японы Засгийн газар, Германы засгийн газар, бусад төсөл хэрэгжүүлдэг байгууллагууд нэг дор цугларч ирэх дөрвөн жилд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээг ойлгож авлаа. Хоёрдугаар өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн төслийн аль нь амжилттай болсон, амжилт олоогүй төслийг ярих ёстой. Тухайлбал, зарим төсөл зээлээр хэрэгжиж байгаа. Тиймээс ач холбогдол муутай төслийг үргэлжлүүлээд зээлийн дарамтаа нэмж болохгүй. Монгол Улс ядуу буурай орон байхаа больсон. Цаашдаа хандивлагч байгууллагаас хандив авах биш, үр ашигтай бодлогын зээлүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай. Нэгдүгээрт Монгол Улсын Засгийн газар орон сууцны бодлогыг түлхүү явуулах гэж байна. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хуримтлалын сангаар орон сууцны ипотекийн зээлийн эх үүсвэрүүдийг хэрхэн нийлүүлэх. Хоёрдугаарт ипотекийн зээлийн асуудал. Зээлд хамрагдаж чадахгүй байгаа залуу гэр бүл, олон хүүхэдтэй гэр бүл,орон нутагт амьдарч буй төрийн албан хаагчдад ипотекийн зээлийн хүртээмжийг нэмнэ. Мөн орлогод нийцсэн орон сууцыг барих асуудлыг хамгийн түрүүнд хандивлагчдад танилцууллаа. Үүнээс гадна бид тэтгэврийн шинэчлэл хийх ёстой. Тэтгэврийн сан их алдагдалтай болж байгаа. Дунд урт хугацаанд тэтгэврийн шинэчлэл хийхийн тулд сорилтуудтай тулна. Гэхдээ тэтгэврийн шинэчлэлийг хийхээс аргагүй.
-Халамжийн асуудал чухал. Энэ тал дээр хэрхэн анхаарах вэ?
-Монголыг халамжийн улс болсон гэж шүүмжилдэг. Цаашдаа халамжийн бодлогоо цэгцлэх ёстой. Саяхны Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны хийсэн судалгаагаар халамжид зарцуулсан мөнгө эзэндээ очихгүй байгаа гэж гарсан. Нийт мөнгөний 20-30 хувь нь эзэндээ очдог. Харин 60-70 хувь орлоготой айлуудад очиж байгаа юм. Үүнийг засах хэрэгтэй. Монголоос хэрэгжиж байгаа арга хэмжээ үргэлж бэлэн мөнгөөр өгдөг. Гэтэл бусад улсад бэлэн мөнгө бусаар очих халамжийн бодлого явуулдаг. Энэ байдлаа Монгол Улс засаж сайжруулах ёстой. Нэг талдаа хөдөлмөрийн зах зээлийн асуудал ажилгүйдэл байна. Зарим салбарт ажиллах хүн олдохгүй байх жишээтэй. Ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх шийдвэрт олон ажлын байр бий болно. Тиймээс мэргэжлийн болон дээд боловсролын тогтолцоог хөдөлмөрийн зах зээлд цэгцлээч гэж байна. Яг үнэндээ өнөөдөр мэргэжлийн боловсрол эзэмшсэн залуучууд, дээд сургууль төгссөн залуучуудаас 40 хувиар илүү орлоготой ажилладаг. Дээд сургууль төгссөн гурван хүний нэг нь ажлын байртай. Мэргэжлийн боловсрол эзэмшсэн залуучуудын дөрөв залуугийн гурав нь ажлын байртай байна. Ингэхээр мэргэжлийн боловсролын гүйцэтгэдэг үүрэг чухал. Тиймээс мэргэжлийн боловсролын тогтолцоог сайжруулах. Эцэст нь яамнаас явуулж буй их өгөгдөл буюу Монголын хүн ам, ядуурал, орлого багатай иргэд, ядуурал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо зөв байгаа юм уу гэж асууж байна. Үүнийг цэгцлэхийг зөвлөлөө. Шинэ технологи, хиймэл оюун ухаан, их өгөгдөлд суурилсан бодлого ашигласнаар танай халамж цэгцэрнэ гэдгийг онцоллоо. Үүний хүрээнд нийгмийн хамгааллын бодлого, хөдөлмөрийн зах зээл цэгцэрнэ гэдгийг ярилцсан.
-Та өмнө нь хандивлагч байгууллагуудтай хамтарч ажиллаж байсан уу. Цаашид ямар төсөл хөтөлбөр боловсруулахаар төлөвлөж байна?
-Би хандивлагч байгууллагуудын уулзалтыг боловсролын сайд байхдаа анх зохион байгуулсан. Их үр дүнтэй байсан учраас энэ удаагийн уулзалтыг хийж байна. Салбарынхаа ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх томоохон бодлогын арга хэмжээг санхүүжүүлэх, хандивлагч байгууллагуудтайгаа хамтын ажиллагааг хэрэгжүүллээ. Цаашид уулзалт үргэлжлээд явна. Жилд хэдэн зохион байгуулах, ямар сэдэь сонгохоо бодож байна. Жишээ нь аравдугаар сарын дундуур Дэлхийн банкны зөвлөхүүдийг урьж Монголд урт хугацаанд орон сууцны зээлийн тогтолцоог хэрхэн хийх сэдвээр явуулна. Мөн энэ сарын сүүлээр тэтгэврийн шинэчлэлийг хэрхэн хийх талаар анхаарна. Харин арванхоёрдугаар сард хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хэлэлцэнэ. Цаашид сэдэв сэдвээрээ үргэлжилнэ. Тухайн төслийг дэмждэг байгууллагуудтайгаа хамтрах нь үр дүнтэй.
Эх сурвалж: polit.mn