Т.САЙХАН
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль ирэх аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх гэж байна. Хуулийн хүрээнд Эрүүл мэндийн сайд болон Сангийн сайдын хамтарсан тушаалаар зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн үнийн нэмэгдэх хувь хэмжээний дээд хязгаарыг тогтоохоор зохицуулсан. Өөрөөр хэлбэл, эм, эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэх худалдахдаа тогтоосон хувь хэмжээний дээд хязгаараас илүү хувь хэмжээгээр нэмэгдүүлж эм, эмнэлгийн хэрэгслийг худалдах, ханган нийлүүлэхийг хориглоно гэжээ.
Түүнчлэн энэхүү хувь хэмжээний дээд хязгаарыг бөөний болон жижиглэнгийн үнэ тус бүрд тусгайлан тогтоохоор зохицуулжээ. Мөн эм, эмнэлгийн хэрэгслийн үнийг үндэслэлгүйгээр нэмэхийг хоригложээ. Тус хуулийн шинэчилсэн найруулгыг батлах болсон нэгэн үндэслэл нь эмийн мэдээлэл, ялангуяа эмийн үнийн мэдээллийг ил тод болгох зорилготой. Энэ хүрээнд дараах өөрчлөлтийг оруулж.
Үүнд,
- Хангамжийн шатлал бүрд хамаарах цахим мэдээллийн нэгдсэн сантай байхаар зохицуулсан
- Хангамжийн байгууллага цахим мэдээллийн нэгдсэн санд эм, эмнэлгийн хэрэгслийн талаарх мэдээлэл, ялангуяа суурь үнэ, бөөний болон жижиглэнгийн үнийг тухай бүр байршуулах үүрэгтэй болсон
- Ханган нийлүүлэгчдийн эм, эмнэлгийн хэрэгслийн бөөний үнийг цахим мэдээллийн сангаар дамжуулан эмийн сан болон эрүүл мэндийн байгууллагад ил тод байлгах зохицуулалт хийгдсэн
- Эмийн сан жижиглэнгийн үнийг цахим мэдээллийн нэгдсэн сангаар дамжуулан иргэдэд ил тод, нээлттэй байлгах үүрэгтэй болсон байна.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай 2010 оны хуульд эм, эмнэлгийн хэрэгслийн зар сурталчилгааны талаарх зохицуулалт харьцангуй бага байсан бол одоо хэрэгжих зохицуулалтаар зар сурталчилгаанд тавигдах нийтлэг зарчмыг өргөтгөн хуульчилж, зар сурталчилгаанд тавигдах шаардлага, хориглох зүйлсийг тусгайлан зохицуулжээ. Ингэхдээ Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас олгосон зөвшөөрлийн хүрээнд тусгай зөвшөөрөлтэй үйлдвэр, ханган нийлүүлэх байгууллага эмийн зар сурталчилгаа явуулах бөгөөд зар сурталчилгаа нь харааны бэрхшээлтэй хүнд зориулсан дуун тайлбар, сонсголын бэрхшээлтэй хүнд зориулсан дохионы хэл, бичгэн тайлбартай байх ёстой болсон байна. Мөн зар сурталчилгаанд хориглох зүйлсийг тусгайлан хуульчилсан байх аж.
Жишээлбэл,
- Зар сурталчилгааны зөвшөөрөлгүйгээр олон нийтэд эм сурталчлах,
- Эмнэлгийн мэргэжилтэн эм сурталчлах,
- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эмийг сурталчлах,
- Эмийг зүй бус, бодит байдал болон ёс суртахуунд үл нийцсэн, далд агуулгаар сурталчлах,
- Иргэн, хуулийн этгээд зар сурталчилгааны зөвшөөрөлгүй эмийн сурталчилгаанд оролцох, дэмжих, сурталчлах, санхүүгийн дэмжлэг өгөх, авах,
- Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг өвчнийг оношлох, эмчлэх үйлдэлтэй гэж төөрөгдөлд оруулсан байдлаар сурталчлах,
- Телевиз, радио, самбар, мэргэжлийн хэвлэл, албан ёсны цахим хуудаснаас бусад мэдээлэх хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр сурталчлах,
- Тамирчин, спортоор хичээллэж байгаа иргэнд эмчилгээний бус зорилгоор Дэлхийн допингийн эсрэг код, олон улсын стандартад хориглосон жагсаалтад орсон эмийг
санал болгох, дэмжин сурталчлах, зарж борлуулах зэргийг хоригложээ.
Эх сурвалж:www.polit.mn