Боловсролын сайд П.Наранбаяр популизм хийчихэв үү?

2024-09-25
Нийтэлсэн: Админ
 13 мин унших

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА, Пүрэв-Очирын ЛХАГВАЖАРГАЛ  

 

Монгол Улсын ирээдүйн хамгийн чухал баталгаа бол чанартай боловсрол юм. Нэгэн үеийг бодвол өнөөдөр бид нийгмээрээ боловсрол ямар чухал болоод үнэ цэнтэй гэдгийг ойлгодог болсон. Тиймээс ч эцэг эхчүүд хүүхдэдээ чанартай боловсрол олгохыг эрмэлзэж, оюутан залуус ч энэ нийгэмд сайн боловсон хүчин болохын тулд хичээлдээ шамдах ёстойг мэддэг болсон цаг үе. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө Боловсролын сайд П.Наранбаяр Монгол Улсын хэмжээнд багш дутагдалтай байгааг онцлоод, 4200 гаруй багшийн орон тоог 45 хоногийн сургалтад суусан гэрээт багшаар нөхнө гэж мэдээлэл хийсэн нь нийгмийг талцуулаад байна. Тиймээс “Зууны мэдээ” сонины эрэн сурвалжлах баг энэ удаад Монголын боловсролын салбар үнэхээр багшийн хомсдолд орсон бол тоондоо байна уу, тогтолцоондоо байна уу гэсэн асуултын мөрөөр мөшгөлөө.

2030 онд 31 мянган багшийн дутагдалд орно

 

Хичээлийн шинэ жил эхлээд хагас сар гаруйн хугацаа өнгөрөөд байна. Энэ үеэр ерөнхий боловсролын сургуулиудад тулгамддаг гол асуудал бол багш нарын хүртээмж юм. Энэ жилийн тухайд орон даяар нийтдээ 4200 гаруй багшийн орон тоо дутагдалтай байгаа тухай салбар яамнаас мэдээлээд буй.

Тэгвэл энэхүү асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай салбарын сайд П.Наранбаяр “Боловсролын яамнаас их, дээд сургууль төгссөн, голч оноо нь 2.7-оос дээш хүнийг 45 хоногийн дамжаанд сургаад, багшлах эрх олгоно гэх шийдвэрийг гаргаад байсан. Өнөөдөр 4200 орчим багшийн сул орон тоо байна. Үүнд байгалийн ухаан, англи хэлний багшийн орон тоо хамгийн их дутагдалтай байна. Бид зүгээр л гудамжинд байгаа хүнийг 45 хоногийн дамжаанд сургана гэж яриагүй. Хими, физик, биологи, англи хэл, математик гэсэн мэргэжлүүдээр гадаад, дотоодын их дээд сургуулийг 2.7 -оос дээш үнэлгээтэй төгссөн хүмүүсийг багшаар ажиллахыг урьж байгаа юм. 45 хоногийн сургалт бол багшлах эрхийг нь л олгох ажил” гэсэн юм. Бид цахилгааны инженер Б.Баттулгаас “Таныг багшлах эрхийн 45 хоногийн сургалтад суулгая. Та ерөнхий боловсролын сургуульд багшлах уу” гэж асуухад шууд “Үгүй” гэж хариулсан. Шалтгаан нь мэдээж цалин. Түүний хувьд цахилгааны инженер мэргэжлээр зургаан жил ажиллаж байгаа бөгөөд гар дээр авдаг цалин нь 3.5 саяас эхэлдэг байна. Дээрээс нь өдөрт найман цаг л ажилладаг тул энэхүү боломжийн ажлаа солих хүсэл байхгүй гэдгээ бидэнд хэлсэн юм. Өнөөдөр Монголын боловсролын салбарт 4200 гаруй багш дутагдалтай байна гэдэг нь цаашлаад Монголын ирээдүйд заналхийлсэн, хамгийн эхэнд анхаарах, шийдвэрлэх ёстой асуудал мөн. Гэвч энэ тоо яг бодит уу. Үүнийг 45 хоногийн сургалтаар бус өөр ямар арга замаар шийдвэрлэж, боловсролын салбараа уналтаас аврах арга зам, гарц хэр байна вэ. Сүүлийн жилүүдэд багшаар сурах хүүхдийн тоо буурч, хот болоод орон нутгийн сургуулиудад ажиллах боловсон хүчин дутмаг гэсэн асуудал яригдах болсон нь багшийн үнэлэмж унасан, цалин хэтэрхий бага, ачаалал ихтэй, эцэг эхээс ирэх дарамт их болсон зэрэг шалтгаанаас болж буйг өдгөө энэ салбарт ажиллаж байгаа болоод ажиллахгүй байгаа багш нар хэлж байна. Харин манай улсын хувьд хэрэв энэ хэвээр шийдэлд хүрэхгүй байвал 2030 он гэхэд 31 мянган багшийн хомсдолд орно гэсэн тооцоолол гарчээ. Багшлах хүн байхгүйгээс боловсролын чанар жил ирэх тусам муудаж байгааг (PISA)-ний дүнгээс харж болно. Монгол Улс  бусад ижил төстэй орнуудтай харьцуулахад математикийн хичээлээр хоёр жил, унших чадварын үнэлгээгээр таван жил, байгалийн шинжлэх ухааны хичээлээр гурван жилийн хоцрогдолтой байна. Тэгвэл Боловсролын ерөнхий газрын судалгааг үзэхэд сүүлийн гурван жилд зөвхөн МУБИС-ийг гэхэд байгалийн ухааны чиглэлээр 298 багш суралцаж төгсжээ. Мөн энэ хугацаанд Ховд их сургуулийг 17, Хангай дээд сургууль 34, МУИС-д 38, Маргад дээд сургуулийг нэг, Газарчин дээд сургуулийг гурван хүн энэ чиглэлээр суралцаж төгссөн гэсэн судалгаа байна.

 

Багшийн мэргэжил мөрөөдөл болоод замхрах вий

 

Нийслэлийн ерөнхий боловсролын 45 дугаар сургуульд ирээдүйд физикч, инженер болох мөрөөдөлтэй олон хүүхэд бий. Тиймээс ч байгалийн ухааны кабинетад хүүхдүүд бужигнах ажээ. Тухайн ангид физиктэй холбоотой олон сонирхолтой ном, хэвлэл, туршилтын багаж хэрэглэл байх нь содон. Энэ удаад наймдугаар ангийн хүүхдэд хичээл орж байв. 45 дугаар сургуулийн хувьд байгалийн ухааны багш дутмаг сургуулийн нэг юм. Жишээлбэл, тус сургуульд мэдээлэл зүйн нэг, физикийн хичээлийн нэг л багш бий гэж Сургалтын албанаас мэдээлэл өгсөн. Шалтгааныг нь тодруулахад физикийн нэг багш нь ажлаа өгөөд удаагүй байна гэсэн товчхон хариултыг өгч  байв. Тиймээс бид тухайн багшийг олж уулзан яагаад ажлаа өгөх болсон тухай нь тодруулахад “Намайг Б.Алтанзул гэдэг. Би 45 дугаар сургуульд 10 жил физикийн багшаар ажиллаад, энэ хичээлийн жилд ажлаа хүлээлгэж өгөхөөс өөр аргагүй болсон. Би уг нь багшийн мэргэжилдээ чин сэтгэлээсээ хайртай. Гэхдээ ажлын ачаалал, цалин бага гэсэн шалтгаанаар өөр салбарт ажиллах сонголт хийж байна. Учир нь манай сургууль хоёр л физикийн багштай. Бид хоёр хуулиараа бол нэг нь долоо хоногт 19 цагийн л хичээл заах ёстой.

Гэтэл ажиллах хугацаандаа 28 цагийн хичээл заадаг байсан. Чөлөө авах, өвдөх эрхгүй түмний хүүхдийн төлөө ар гэрээ умартан байж ажилласан ч авдаг цалин нь хоёр сая төгрөг хүрэхгүй байсан. Гэтэл өнөөдөр би өглөө цагтаа очиж ажлаа хийчихээд тогтсон цагтаа тараад амьдралдаа хүрэхүйц цалинг авч байна” гэсэн юм. Б.Алтанзул багшийн хувьд залуу гэр бүл. Олон жил түрээсийн байранд амьдарч байснаа ярьж байсан юм. Тэрээр 10 жилийн өмнө МУБИС-ийг физикийн багш мэргэжлээр төгсжээ. Түүнийг анх оюутан болоход тус факультедэд 60 гаруй оюутан суралцаж байсан гэнэ. Энэ мэт статистик тоо баримт болоод салбарт нь ажиллаж буй багш нарын ярианаас харахад Монголын боловсролын салбарт ажиллах хүчин байгаа ч тэдгээр мэргэжилтнүүд багш мэргэжлээрээ ажиллах сонирхолгүй байгаа нь ажиглагдаж байгаа юм.

Энэ тухай Б.Алтанзул багш “Би багшаар ажиллаж байх хугацаандаа анзаарсан нэг зүйл бий.  Тэр нь ямар багш сургуульд үлддэг вэ гэхээр тэтгэвэрт гарахад таван жил дутуу ч юм уу, эсвэл 36 сарын нэмэгдлээ авахыг хүссэн. Үгүй бол даасан ангиа төгсгөе гэсэн чин сэтгэлтэй багш нар л үлддэг юм. Өнөөдөр ялангуяа байгалийн ухааны багшийн мэргэжлээр суралцах хүүхэд байхгүй байна. Учир нь мэргэжлээ сонгох гэж байгаа хүүхэд чинь тэнэг биш. Физикийн багш болж 1.4 сая төгрөгийн цалин авснаас инженер болоод таван сая төгрөг авсан нь дээр гэдгийг судлаад, ойлгодог болчихсон” гэв. Үнэхээр өнөөдрийн нийгэмд хоёр сая хүрэхгүй бага цалингаар амьдрахад хүнд. Тиймээс Монголын боловсролын салбарт багшаар ажиллах хүн олдохгүй биш, багш нар өөрсдөө дээрх шалтгааны улмаас мэргэжлээрээ ажиллах хүсэлгүй байгаа нь энэхүү салбарын тогтолцооны нэг том алдаа ажээ. Мөн энэ тухай газарзүйн багш мэргэжилтэй ч өдгөө худалдааны салбарт ажиллаж буй Б.Оюунжаргал “Би МУБИС-ийг газар зүйн багш мэргэжлээр төгссөн. Гэхдээ мэргэжлээрээ таван жил ажиллаад больсон. Учир нь цалин бага. Дээрээс нь ажлын ачаалал дэндүү их. Манай сургуульд надаас өөр газар зүйн багш байгаагүй. Тиймээс ачааллаа дийлэхгүй байсан учир эрүүл мэнд ч муудсан. Үүнээс гадна эцэг эхээс ирэх дарамт их болсон. Тэгэхээр багшаар ажиллахын оронд өөр салбарт, биед амар мөртлөө өндөр цалинтай ажил хийсэн нь миний хувьд илүү байна. Гэхдээ Монголын төр багш нараа дэмжээд ажиллах нөхцөл, авдаг цалинг нь нэмээд өгвөл дахиад мэргэжлээрээ ажиллах хүсэл бий” гэсэн нь багш мэргэжлээр ажиллах хүний нөөц байгаа гэдгийн нэг том жишээ юм.

 

МУБИС-ийг төгссөн 870 багш мэргэжлээрээ ажиллахгүй байна

Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд багш бэлтгэдэг 30 гаруй сургууль бий. Энэ бол боловсролын салбар дундаа “том” тоо. Энэ хэмжээний сургуулиас жилд хэдэн багш бэлтгэгдэж гарч байгаа нь сонин. Тэгвэл Боловсролын Ерөнхий газрын судалгаанаас харахад 2021-2022 оны хичээлийн жилд 4225, 2022-2023 онд 2593, 2023-2024 онд 2805 хүн багш мэргэжлээр төгсжээ. Тэгэхээр сүүлийн гурван жилд гэхэд ажлын талбарт есөн мянга гаруй багш бэлтгэгдэж гарсан гэсэн үг. Харин эдгээр төгссөн мэргэжилтнүүдийн хэдэн хувь нь багшаараа ажиллаж, хэд нь өөр мэргэжил сонгодог тухай томоохон, нарийвчилсан судалгаа БШУЯ болоод Боловсролын ерөнхий газар, багш бэлтгэдэг сургуулиудад ч байдаггүй юм байна. Тэд зөвхөн жилд багш мэргэжлээр хэдэн хүүхэд төгсдөгийг судалснаас биш эргээд энэ мэргэжилтнүүдийн хэд нь багшаараа ажиллаж байна вэ, ажиллахгүй байгаа шалтгаан  нь юу гэдгийг судалж, хяналт тавихгүйгээр орхигдуулдаг гэсэн үг. Энэ тухай албаны эх сурвалжийн мэдээллэснээр “МУБИС-ийг төгссөн оюутнуудаас 78-80 хувь нь мэргэжлээрээ ажилладаг. Үлдсэн хувь нь ахисан түвшний сургуульд элсэж, гадаад явах, гэр бүл зохиож хүүхэд төрүүлэх болон бусад хүчин зүйлээс шалтгаалан ажилладаггүй” гэсэн мэдээллийг өгсөн юм. Тэгвэл өнгөрсөн гурван жилийн байдлаар МУБИС-ийг нийт 4284 хүүхэд багш мэргэжлээр суралцаж төгсжээ. Тэгэхээр мэргэжилтний  хэлж буйгаар 80 хувь нь ажлын байртай болдог бол үлдсэн 20 хувь буюу 857 багш нь өнөөдөр мэргэжлээрээ ажиллахгүй байна гэсэн үг. Харин төр 2.7 голчтой өөр мэргэжлийн хүнд 45 хоногт багшийн арга зүй зааж байснаас сул байгаа 857 багшийг л мэргэжлийн ажлыг нь хийлгэмээр байгаа юм. Энэ бол зөвхөн Монголын багш бэлтгэдэг хамгийн том сургуулийн төгсөгчдийн л жишээ. Гэтэл үүний цаана байгаа  багш бэлтгэдэг 30 гаруй сургуулийн төгсөгчдийг энэ мэтээр бодоод үзвэл 4200 багш бүрдээд илүү гарахаар боловсон хүчний нөөц гарч ирнэ гэдгийг хэн ч тооцоолоод үзсэн амархан бодогдох матемиатик. Харин үүний тулд Монголын төр багш нарын цалинг нэмж, ачааллыг бууруулах, эцэг эхээс ирэх дарамтыг шийдэх зэрэг тогтолцоондоо л багахан өөрчлөлт хийхэд багшийн хомсдолын тухай яриа дахиж гарахгүй гэдгийг уулзсан эх сурвалж буюу боловсролын салбарын гал тогоонд ажиллаж байгаа багш нар өөрсдөө хэлж байна. Хэрэв эдгээр нийгмийн асуудлыг нь шийдэж чадахгүй юм бол Монгол Улсын Засгийн газар, Боловсролын яам багшаар сурах хүүхдийн төлбөрийг төрөөс даана гэж сайхан үг амлаад ч элсэгч ирэхгүй л болов уу.

 

Судалгаагүй судалгааны байгууллага  

 

Өнөөдөр боловсролын салбарт нийгмийг хоёр талцуулаад байгаа асуудал нь багшлах эрх олгох 45 хоногийн дамжаа.  4200 багшийн орон тоог эдгээр мэргэжлийн бус багш нараар дүүргэх. Тэгвэл 45 хоногийн сургалт гэдгийг ямар үндэс, судалгаан дээр гаргаж ирсэн бэ гэдгээ салбарын сайд ерөөсөө тайлбарлаагүй. Энэ жишгээр багш нар бэлтгээд ямар улс багшийн хомсдолоос гарсан нь тодорхойгүй. Харьяа яам гэдэг тухайн салбарынхаа хамгийн том судалгааны байгууллага байх ёстой. Гэтэл цаасан дээр гаргасан журамнаас өөр юу ч алга. Тиймээс ч манай сурвалжлах баг БШУЯ-наас энэ асуудлаар тодруулга мэдээлэл авъя гэж удаа дараа хандсан ч БШУЯ-ны сайдын хэвлэлийн төлөөлөгч Т.Отгонбаатар “Багш бэлтгэх 45 хоногийн сургалтын тухай салбарын сайд хангалттай ярьсан гэж бодож байна. Энэ асуудал одоогоор эцэслэн шийдвэрлэгдээгүй, журам л яригдаж байгаа. Уг нь манай яамны газрын дарга П.Оюунаа энэ талаар мэдээлэл хүргэх ёстой. Гэвч гадагшаа томилолтоор явсан. Тиймээс багшлах эрхийн гэрчилгээ олгох 45 хоногийн курсийн талаар Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очироос мэдээлэл аваарай” гэсэн. Үүний дагуу бид Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очироос тодруулахад “Яамны зүгээс бусад орны туршлагад тулгуурлан багшийн мэргэжлийн орон тоог хэрхэн богино хугацаанд нөхөгдөх вэ гэдгийг тооцоолж,  журам гаргасан  гэж бодож байна. Миний бие төсөл боловсруулах нарийн процесст нь ороогүй учраас 45 хоногийн сургалтын талаар нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй. Багш бэлтгэдэг бүх сургууль 45 хоногийн курсийг хэрэгжүүлэх хөтөлбөр боловсруулахад нээлттэй. Сайдын тушаалын дараагаар багш бэлтгэдэг их сургуулиудтай уулзалт хийсэн. Сургуулиуд одоо хөтөлбөр боловсруулах ажилдаа орсон. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байгаа” гэсэн хариултыг өглөө. Тэгвэл үнэхээр энэ журам батлагдвал Монгол Улсдаа багш мэргэжилтэн бэлтгэдэг хамгийн том сургууль болох  МУБИС-ийг түшиглэх учиртай.  Энэ тухай дахин мэргэжилтнээс тодруулахад “Манай сургууль 45 хоногийн курсээр багш бэлтгэхгүй. Одоогийн байдлаар хөтөлбөрөө боловсруул гэсэн мэдэгдэл ирээгүй” гэж хариулсан юм.

Монголын боловсролын салбарын хамгийн чухал асуудлын тухай ярилцаж байхад бодлого хариуцсан хүний нэг Боловсролын ерөнхий газрын дарга нь төсөл боловсруулахад гар бие оролцоогүй, МУБИС ямар ч ойлголт, мэдээлэлгүй байна гэдэг байж болох асуудал уу.  Үүнээс БШУЯ-ны харьяа байгууллагууд ямар ч уялдаа холбоо, мэдээлэл байхгүй ажилладаг болсон нь харагдахаас гадна 45 хоногийн багшийн курс цаашаа хэрхэх нь тодорхойгүй, зөвхөн журам төдий цаасан дээр л байна. 

 

Ахмад багш нар дахин ажиллах хүсэлт гаргаж эхэлжээ

 

Монголын ахмад багш нарын холбооны тэргүүн, гавьяат багш Д.Амарын хэлж буйгаар жилд тогтмол 700-800 багш гавьяаны амралтдаа гардаг ажээ. Үүний ихэнх нь 50 насандаа тэтгэвэртээ гарах нь элбэг гэнэ. Одоогоос 10 гаруйхан хоногийн өмнө БНХАУ боловсролын хуулиндаа өөрчлөлт оруулж, багшийн амралтдаа гарах насыг 60 болгон өөрчилсөн байна. Харин БНСУ-ын хувьд 2023 оны зургаадугаар сард БНСУ-ын Сөүл хотын нэгэн дунд сургуулийн багш эмэгтэй ажлын байрны дарамт, эцэг эхийн шахалт зэргийг үл тэсвэрлэж, сургууль дээрээ амиа хорлосон нь олон нийтийн анхааралд орсны хэрээр БНСУ-ын боловсролын тогтолцоо буруу тийш явж байгааг шүүмжилж, багш нар жагсаал цуглаан өрнүүлж байлаа. Засгийн газар ч “хичээлийн танхим” асуудалтай болсныг хүлээн зөвшөөрч зарим нэг зохицуулалтыг хийсэн. Тухайлбал, багш  хичээлийн дараа эцэг эхчүүдтэй уулзалт хийхээс татгалзах эрхтэй, мөн хичээлд саад болсон хүүхдүүдийг түр тусгаарлаж болно зэрэг багш нарын эрхийг илүү нэмэгдүүлсэн шийдвэр гаргажээ. Энэ мэт олон улс багш нараа хамгаалсан, боловсролын хуультай болж байна. Тэгвэл Монголын ахмад багш нарын холбоо нэгэн ажил эхлүүлээд байгаа нь тэтгэвэрт гарсан багш нараасаа дахин ажиллах уу гэсэн санал асуулга авч эхэлжээ. Одоогоор энэхүү ажил дөнгөж эхэлж байгаа бөгөөд 10 аймагт судалгаа явуулахад 109 багш ажиллах хүсэлтээ илэрхийлжээ. Ирэх долоо хоног гэхэд бусад аймаг, дүүргийн мэдээлэл ирнэ гэж байв. Д.Амар багшийн хэлж буйгаар багш нарын хувьд 80 хувь нь эргэж ажиллах, багшлах хүсэлтэй байдаг гэнэ. Тэгэхээр сүүлийн гурван жилд хамгийн багаар бодоход 2100 багш гавьяаны амралтдаа суусан. Тэдний 80 хувь нь гэхээр 1680 багш дахин ажиллах хүсэлтэй байна гэсэн үг. Энэ бол хамгийн зөв тогтолцоо, шийдвэр ч байж болох юм. Мөн 2010 оноос хойш багш мэргэжлээр төгссөн ч мэргэжлээрээ ажиллаагүй 19 мянган мэргэжилтэн бий гэсэн албан бус мэдээлэл байдаг. Тэгэхээр боловсролын салбар багшийн хомсдолд ороогүй гэж харах өнцөг бий. Зөвхөн сүүлийн гурван жилд багшийн мэргэжлээр МУБИС-д сураад мэргэжлээрээ ажиллахгүй байгаа 870, дахин ажиллах хүсэлтээ өгсөн 109, ажиллах хүсэлтэй байгаа ахмад 1680 багшийг нийлүүлбэл хамгийн багадаа 2.6 мянган багш хөдөлмөрийн зах зээл дээр байна. Тэгэхээр боловсролын сайдын яриад буй 45 хоногийн курс гэдэг нэг ёсондоо популизм болоод замхрах нь цаг хугацааны асуудал юм.  

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 25. ЛХАГВА ГАРАГ. № 186 (7430)

“Зууны мэдээ” сонины Трэнд зочид 2024 оноо ингэж дүгнэв

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг

1 цаг 39 мин
Хүүхдийн өмнөөс хэн ч гомдож болно

Амралтын өдрийг Хуягаагийн гэр бүл хамтдаа хөгжилтэй өнгөрөөж

1 цаг 39 мин
Улстөрчийн хэн байсныг “улс төрийн тайз”-наас буугаад ард түмний дунд алхаж чадаж байгаа эсэхээс хар!

Сталин нэгэнтээ “Намайг үхэхээр миний шарил дээр баахан хог новш овоолох биз.

1 цаг 39 мин
Монгол Улсын Ерөнхийлөгч асан “Цөмийн зэвсгийг хориглосноор гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ”

Цөмийн зэвсгийг хориглосноор илүү гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ.

12 цаг 44 мин
Ч.Оюунцэцэг: “Тугалчин хүү” коллагентай тос бол жинхэнэ гайхамшиг

“Тугалчин хүү” коллагентай тос үйлдвэрлэгч “Doctor Bai” компаниас ханиад

Өчигдөр 06 цаг 00 мин
2024 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал

-“Зууны мэдээ” сонин энэ онд Монгол Улсад өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна-

Өчигдөр 06 цаг 00 мин
М.Ганбаатар “Тавантолгой түлш”-ийн дөрвөн жилийн “түүх”-ийг ярих цаг иржээ

Утааны сонсгол удахгүй болно. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан 19

Өчигдөр 06 цаг 00 мин
Хар-ус нуурын арлуудыг сүйтгэж буй Заарт харх

А.Орломсүрэн гуайн гэр бүл жавар тачигнах хүйтнээс урьтаж

Уржигдар 17 цаг 51 мин
“Урантай урангүй улс хөгжинө”

Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтийг

Уржигдар 15 цаг 44 мин
“Тугалчин хүү” эмчилгээний тос 1+1 урамшуулал зарлажээ

“Тугалчин хүү” брэндийг үүсгэн байгуулагч “Доктор бай” компани ханиад

Уржигдар 14 цаг 24 мин