Т.САЙХАН
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан орон нутгийн томилолтоо баруун таван аймгаас эхлүүлжээ. Тэрээр өнгөрсөн амралтын өдрүүдэд Баян-Өлгий, Ховд, Увс аймагт ажилласан бол өчигдөр Завхан аймагт ажилласан байна.
Монголын анхны 126 гишүүнтэй парламент шинэ стратегиа боловсруулж, хууль эрх зүйн “Гурван төгөлдөршил” буюу “хүн төвтэй”, иргэдийн хэрэгцээ, орчин үеийн шаардлагад нийцсэн, шаардлагатай тохиолдолд цаг алдалгүй нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчлэх боломжтой эрх зүйн орчинг бий болгоход анхаарч ажиллах болсон тухай орон нутгийн иргэдэд танилцуулж байгаа юм. Манай улсын нутаг дэвсгэр дээр нийт 880 хууль хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа ч түүнээс гурав дахин их журам үйлчилдэг нь нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг ямар нэгэн төрийн байгууллага, албан тушаалтан өөрийн үзэмжээр журамлаж, хүний эрхийг зөрчихөд хүргэдэг байдлыг таслан зогсооно хэмээн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан уулзалт бүрдээ онцолсон байна. Ажлын хэсгээс урьдчилсан байдлаар 300 гаруй хуульд дүн шинжилгээ хийхэд хүний эрхийн зөрчилтэй 800 орчим зүйл, заалт илэрсэн тул шинэчлэн боловсруулахаар ажиллаж эхэлсэн. Иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, эвлэлдэн нэгдэх эрхтэй холбоотой, дампуурлын тухай зэрэг хууль нь орчин цагийн хэрэгцээнд нийцэхээ больсон жишээг тэрээр дурдаж, УИХ-аас 54 ажлын хэсгийг байгуулан, энэ намрын ээлжит чуулганаар 18 ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцүүлнэ гэжээ. Нутгийн иргэдийн зүгээс парламентын бодлогыг дэмжихээ илэрхийлэхийн зэрэгцээ тулгамдаж буй асуудлыг хөндсөн байна. Бүсчилсэн хөгжлийн бодлогыг дэмжсэнээр баруун чиглэлд 4700 км автозам барих, хилийн боомтуудыг сэргээн хөгжүүлэх, нэг тойргоос сонгогдсон гишүүд хамтран ажиллана гэдгээ УИХ-ын дарга илэрхийлжээ. Түүнчлэн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 2024 оны есдүгээр сарын 22-ны өдөр Увс аймгийн Улаангом хотноо Монголын төр, нийгмийн зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөсөн байна. Увс аймгийн иргэдтэй уулзах үеэр хууль, эрх зүйн шинэчлэл хийх цаг нь болсон тухай болон УИХ-аас хэрэгжүүлж буй Гурван төгөлдөршил, Бүсчилсэн хөгжлийн бодлого зэргийг дэмжиж буйгаа илэрхийллээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 24. МЯГМАР ГАРАГ. № 185 (7429)