Монгол Улс хуучин хувцас булшлах цэг болсон уу

2024-07-17
Нийтэлсэн: Админ
 22 мин унших

Зах зээлийн нийгэмд шилжсэн 1990 оноос хойш монголчуудад дэлхий ертөнц үүдээ нээсэн. Хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж гэгчээр ганзагын наймаа хийхээр хилийн дээс алхаагүй хүн тухайн үед ховор байсан биз ээ. Арилжаа наймаа цэцэглэж, нүд эрээлжлэм сонин содон эд эдлэл, идээ ундааг дэлгүүрийн лангуунд өрж, зах худалдаагаар зарж эхэлсэн нь ердөө 30-аад жилийн өмнө.

Социалист нийгэмд өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ цомхон тоотойхон хэрэглэж ирсэн монголчуудын хувьд хэрэглээний тэсрэлт болсон үе. Дэлгүүрийн лангуун дээр давснаас өөр бараагүй байсан тэр их  хэрэгцээг хангах гэж ёстой л нөгөө нохойн битүү туурай, ногоон хурганы арьснаас бусдыг хилийн гаднаас зөөсөн билээ.

Энэ үед нутагшсан шинэ үйлчилгээ бол “Комиссын бараа” гэх албан ёсны нэртэй хуучин хувцасны худалдаа байв. Хувцас гутал, хөнжил гудаснаас эхэлсэн энэ худалдаа гэр ахуйн бүх төрлийн бараа бүтээгдэхүүнээр өргөжиж, хүүхдийн тоглоом, хөгжим зэмсэг гээд хүний хэрэгцээт бүх зүйлийг хангах болсон юм. “Харсан хүн авбаа, авсан хүн хаябаа” гэж хэлдэг Эрээний наймаачдын хямд, хулхи, хэврэг бараануудтай харьцуулбал Солонгос, Япон, Германы комиссын бараа хуучин л болохоос чанар нь хамаагүй илүү бас хямд байв.

Мөн 1996 оноос монголчууд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж эхлэн, тэр зүг рүү жим гарснаар тэндээс “цэцэг түүж” эх орон руугаа илгээн наймаа хийгсэд олширч Солонгосын комиссын барааны бизнес улам эрчээ авч өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна.

Арилжаа наймаанаас гадна олон улсын тусламжийн байгууллагууд болон сайн дурын байгууллагууд нэн ядуу, ядуу, эмзэг бүлгийн иргэдэд хуучин хувцас хандивлах нь элбэг.

Тиймээс Монголын зүг дэлхийн өнцөг булан бүрээс боодол боодлоор, тонн тонноор илгээгдэх хуучин хувцасны цуваа огт тасарсангүй.

Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын хилээр хэдий хэмжээний хуучин хувцас болон даавуун хуучин эдлэл орж ирснийг Гаалийн ерөнхий газрын мэдээллээс харж болно.

2014-2024 оны хугацаанд 42 орноос 43.5 мянган тонн хуучин хувцас болон даавуун хуучин эдлэл Монгол Улсад импортоор орж иржээ. Энэ барааны импортын нийт үнэ нь 54 сая 141 мянга 200 ам.доллар юм байна.

Эдгээр 42 орноос сүүлийн 10 жилийн турш тогтмол хуучин хувцас болон даавуун хуучин эдлэл импортоор оруулж ирсэн нь Австрали, АНУ, БНСУ, Их британи, Канад, Словак, ХБНГУ, Швед, Швейцар, Япон улсууд бөгөөд БНСУ 28.701 тонноор тэргүүлжээ.

Харин араас нь БНХАУ, Бельги, Болгар, Итали, Турк улсууд 9 жил импортолсноороо удаалж байна.

Сүүлийн 10 жилийн хугацаанд 2018 онд хамгийн их буюу 4836 тонн, 2022 онд хамгийн бага буюу 3456 тонн хуучин хувцас болон даавуун хуучин эдлэлийг манай хилээр оруулжээ.

Зөвхөн сүүлийн 10 жилийн хугацаанд орж ирсэн 43.5 мянган тонн хуучин хувцас болон даавуун хуучин эдлэлийг Монголынхоо 3.6 сая хүн амдаа хуваавал нэг хүнд 12 кг хуучин хувцас, даавуун эдлэл оногдоно. Үүн дээр дэлгүүр худалдааны төвд зарагдаж буй шинэ хувцаснууд, үндэсний үйлдвэрлэгчид, дотоодын хуучин хувцасны худалдааг нэмбэл маш их тоо гарна. Энэ бүхэн эцэстээ хувцсан хог болж Монгол Улс маань хуучин хувцас булшлах цэг болж байна.

Тэгэхээр жил бүр тасралтгүй орж ирж буй энэ их хуучин хувцас болон даавуун хуучин эдлэл хаана, хэнд очдог юм бол. Үнэхээр ийм их хэрэгцээ шаардлага монголчууд бидэнд байна уу гэдэгт хариулт хайя.

Монгол Улсад импортоор орж ирсэн хуучин хувцас болон даавуун хуучин эдлэл /кг/
Монгол Улсад импортоор орж ирсэн хуучин хувцас болон даавуун хуучин эдлэл /кг/

 

Комиссын бараа буюу хуучин хувцасны худалдаа

Импортоор орж ирж буй эдгээр  хуучин хувцас болон даавуун хуучин эдлэл манай зах зээлд хэд хэдэн янзаар нийлүүлэгдэж байна.

Мэдээж арилжааны зориулалттай Комиссын барааны дэлгүүр Улаанбаатар хот төдийгүй хөдөө орон нутагт борооны дараах мөөг шиг их бий. Тэндээс хүмүүс өөрт хэрэгтэй зүйлсээ ширхгээр хямд үнээр худалдан авдаг. Харин тэдгээр дэлгүүрт бөөнддөг хүмүүс бий. Хуучин хувцсыг ширхэг, кг-аар бус төрөлжүүлээд 50 кг-ийн шуудайгаар бөөнддөг байна. Одоогийн зах зээлийн ханшийг сонирхуулбал,

Торон цамц 400.000 төгрөг

Силкэн плаж 480.000 төгрөг

Даавуун плаж 250.000 төгрөг

Силкэн юбка 380.000төгрөг

Жинсэн юбка 260.000 төгрөг

Савхин юбка 180.000 төгрөг

Жинсэн яак 380.000 төгрөг

Эрэгтэй жинс өмд 380.000 төгрөг

Эрэгтэй, эмэгтэй жинс өмд  180.000 төгрөг

Карго өмд 480.000 төгрөг

Эрэгтэй шоотой, жинсэн цамц 380.000 төгрөг

Эрэгтэй, эмэгтэй савхи 400.000 төгрөг

Эрэгтэй пиджак 250.000 төгрөг

Эрэгтэй, эмэгтэй шорт 400.000 төгрөг

Эрэгтэй, эмэгтэй подволк 320.000 төгрөг

Саравчтай малгай 350.000 төгрөг

Пүүз 450.000 төгрөг

Цүнх 350.000 төгрөг

Хүүхдийн усны гутал 60.000 төгрөг

Савхин юбка 200.000 төгрөг

Холимог хувцас 120.000 төгрөг

Эмэгтэй холимог 250.000 төгрөгөөр нэг шуудай нь зарагдаж байна.

Гэхдээ энэ шуудайн дотор хүн сонирхоод худалдаж аваад өмсчихмөөр хувцас хэд гарч ирэхийг, хэд нь хог болон хаягдахыг таашгүй.

Улаанбаатар хотод Нарантуул зах, Хархорин зах дээр комиссын барааны төвлөрсөн худалдаа байдаг. Биднийг Нарантуул зах дээр очиход наадмын өмнөх хөл хөдөлгөөн ихтэй өдөр таарав. Хөдөөнөөс хотыг зорьж ирсэн хүмүүс өөрсдөө өмсөх хувцас хунар сонирхохоос гадна морь малд дэвсэх, нэмнэх зүйлс, гэр хашаанд хэрэгтэйг ч комиссын бараанаас авдаг гэж байв.

Хамгийн их эрэлттэй худалдаа бол гутлын худалдаа. Оригинал арьсан пүүз, сайн чанарын ажлын арьсан гутал зэргийг чийг татахгүй, эдэлгээ даана гээд зорьж ирж авдаг тухайгаа хүмүүс ярьж байлаа. Говь-Алтай аймгаас наадмын бэлтгэлээ базаахаар ирсэн гэх залуу 150, 320 мянгаар хоёр пүүз худалдан авч байхтай таарав. Тэрээр өмнө нь бас эндээс пүүз худалдан авч өмссөн, хэдий хуучин ч гэлээ оригинал болохоор элэгдэх нь бага, чийг татахгүй, өнгө үзэмж сайтай байдаг учраас дахин зорьж ирлээ гэв.

Герман улсаас брэнд гутал авчирч зараад 10 гаруй жил болж буй Т.Төмөрхуягтай ярилцлаа. Түүний зардаг пүүзнүүд 150-650 мянгын хооронд зарагддаг. Гутал нь чанар болон размераасаа шалтгаалж 50-500 мянган төгрөг байдаг аж.

“Миний зарж буй бараа  хуучин боловч үлдэгдэл үлддэггүй. Чанартай гутал авчирч зардаг учраас хүмүүс мэддэг болчихсон. Хуучин хувцас зарж буй хүмүүс өөрсдөө явж чанартайг нь ялгаж авчирч зарах хэрэгтэй. Учир нь нийгмийн нэг хэсэг нь хуучин буюу комиссын хувцсаар хувцаслаж байна. Тэд чанартай гутал хувцас өндөр үнээр шинээр авч өмсөж чадахгүй учраас хуучин ч гэсэн чанартайг сонгодог. Нөгөө талдаа гаднын улсын чанаргүй хувцас хэрэглэл манайд ирж булшлагдаад байгаад харамсдаг. Монгол Улс хогийн цэг биш шүү дээ” гэж байв.

Бид цааш явж бэлэн хувцас, гэр ахуйн бараануудаар явж үзлээ. Хүний хэрэгцээт бүх л зүйл байна. Үнэ ч боломжийн. Хуучин хувцасны худалдаа эрхлэгч Б.Дуламсүрэн “Нарантуул зах дээр 12 дахь жилдээ комиссын хувцас зарж байна. Анх Монголд бэлэн буусан прэсс буюу боодолтой хувцас худалдаж авч зардаг байсан. Ингэж бөөнөөр нь үзэж харахгүй, шилж сонгохгүй авахаар зарагдахгүй бараа их үлддэг. Тиймээс сүүлийн зургаан жил Солонгос улс руу өөрөө явж чанартайг нь ялгаж авчирч байна. Монголд ирж буй комиссын прэссүүдийн 70 хувь нь хүн авахааргүй муу хувцас байдаг учраас хог болон хаягддаг. Солонгосоос нэг контейнер хувцас ойролцоогоор 4-5 сая төгрөгөөр ирдэг. Энд ирээд нэг боодол нь 50 мянгаас дээш үнээр борлуулагддаг” гэсэн юм.

 

Зүсээ хувиргасан хуучин хувцас

 

Тэгвэл хуучин хувцас зүсээ хувирган зах зээлд нийлүүлэгдсээр байна. Хөгжилтэй орнуудын дэлгүүрүүдээс загвар хоцрогдсон, агуулахад удаан хадгалснаар чанар муудсан гэх шалтгаантайгаар шошготой хувцас наашаа ачигддаг байна. Хуучин хувцас болон даавуун хуучин эдлэл нэртэйгээр хямд оруулж ирсэн ийм хувцаснуудыг манай зарим дэлгүүрүүд “Зад хямдрал” гээд 50-70 хувийн хямдаар худалдаалдаг. Хэдий шошготой, шинэ хувцас боловч 1-2 өмсөөд сунах, бөөсрөх, сэмрэх, оёдлоороо урагдах, өнгөө алдах зэргээр элэгддэг. Ийм хямд чанаргүй хувцаснууд маш их хог үүсгэж байдаг.

Энэ тухайд Сүхбаатар дүүргийн иргэн Г.Сүрэнхорлоо “Би өнгөрсөн зун 70 хувийн хямдрал зарласан манай нэг томоохон дэлгүүрээс хувцас авсан юм. Харамсалтай нь, авсан хувцас маань цоо шинээрээ байж өмсөх үед оёдолтой хэсгээрээ сэмрээд урагдчихсан. Тэгэхээр хямдралыг ашиглан материал нь үжирсэн цамц 17 мянган төгрөгөөр авснаас худалдааны төвөөс 30 мянган төгрөгөөр материал сайтайг авдаг байж гэж харамссан” хэмээн ярив. Тэрээр хувцас болоод хөнжил, гудас хүний хэрэглэж байсан хуучныг худалдаж авах нь буруу гэж боддогоо хэлсэн юм.

 

“Exclusive” брэндийн үүсгэн байгуулагч Г.Майцэцэг: Хуучин хувцасны хэрэглээ хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх талтай

 

-Хуучин хувцасны хэрэглээ хаана ч байдаг. Гэхдээ үүнийг хоёр агуулгаар ойлгох хэрэгтэй. Нэгдүгээрт, хэрэглээ талаас нь үнэ хямд, худалдаа эрхлэгчид ашиг олж байгаа. Нөгөө талаас нь харвал, хүн өөрийн хэрэгцээг хямд үнээр хангах боломж бүрдэж байна гэж ойлгож болно. Хэдийгээр брэндийн хувцас 50, 70 хувийн хямдралтай үнээр худалдаж авч байгаа ч эдэлгээ даах чадвар чухал гэдгийг хүмүүс тооцоолдоггүй. Хүнсний аюулгүй байдал гэж ярьдагтай адил хувцас гэдэг хүний эрүүл мэндийн аюулгүй байдалд чухал нөлөө үзүүлдэг. Хувцас удаан хадгалах явцад материал анхны байдлаас өөрчлөгддөг. Эдэлгээ мууддаг. Энэ нь хүний биед харшил үүсгэхээс эхлээд бусад эрсдэл дагуулахыг үгүйсгэхгүй. Тиймээс маш болгоомжтой хандах хэрэгтэй. Цоо шинэ хувцас гэж хүмүүс бодож магадгүй. Гэвч энэ нь үйлдвэртээ хэдий хугацаанд хадгалагдсан бэ гэдгээс хамаарч эдэлгээ даах эсэх нь тодорхойлогддог.

Хоёрдугаарт, манай улсад хуучин хувцасны худалдаа тодорхой хэмжээнд хөгжсөн. Гэхдээ энэ нь үндэсний үйлдвэрлэлд саад учруулах нэг хүчин зүйл нь болдог юм. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэлээ хөгжүүлэх гэж байгаа улс орны хувьд гаднаас хуучин хувцас оруулж ирж худалдаалах нь оновчтой шийдэл биш. Нэгэнт тодорхой цаг хугацаанд үйлдвэрлэгчдээ ашгаа өгсөн “илүүдэл” бүтээгдэхүүнийг жинлэж худалдаж аваад борлуулах нь элбэг. Энэ нь дээр хэлсэнчлэн эдэлгээ даах чадваргүй байх нь бий. Тиймээс үйлдвэрлэл хөгжүүлэхээр янз бүрийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг улс орны хувьд хуучин хувцасны худалдааг дэмжих нь буруу гэж боддог” гэв.

Мөн шинэ боловч үйлдвэрлэлийн алдаатай, бөөнөөр үйлдвэрлэсэн ажилчдын хувцас, хадгалалт, тээвэрлэлтийн буруугаас үүдсэн гэмтэлтэй, шошгогүй хувцаснуудыг оруулж ирэн хямд зарж, үйл ажиллагааны зардлаа бүрдүүлдэг төрийн бус байгууллагууд ч бий. Тэд бас донор байгууллагуудын ивээн тэтгэлэг, хандиваар цуглуулсан чанартай хувцас, бараа оруулж ирэн хямд зардаг учраас эрэлт хэрэгцээтэй байдаг тухай ярьж байв.

Ийм ашгийн бус худалдаанаас олсон орлогоороо нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг “Боловсрол ирээдүй” ТББ-ын захирал Б.Батцэцэг ярихдаа “Хүүхэд залуусын хөгжил, боловсролыг дэмжин мэдлэг чадвартай, шинэ үеийн хүнлэг иргэнийг төлөвшүүлэн хөгжүүлэх зорилготой үйл ажиллагаа явуулдаг манай байгууллагын  хувьд өөрсдөө хийхийг хүсэж буй зүйлээ хийж, түүнд шаардагдах төсөв мөнгөө ч өөрсдөө олдог. Нийтийн төлөө, бусдын төлөө хийж буй ажилд санхүү маш чухал. Бидний үйл ажиллагааг үргэлж дэмждэг, тусалдаг хандивлагчид байдаг ч өдөр тутмын үйл ажиллагааны зардлаа олохын тулд “Share shop” нэртэй хүүхдийн хувцасны дэлгүүр ажиллуулдаг. Шинэ чанартай хүүхдийн хувцас БНСУ-аас оруулж ирэн хямд үнээр зардаг. Мөнгө санхүүгийн асуудалгүй бол сайн зүйл сайхан ажлыг хэн ч хийж чадна шүү дээ. Харин байхгүй санхүүг бий болгоод нийтийн төлөө зориулна гэдэг бол Төрийн бус байгууллагын онцлог” гэж ярилаа. 

 

Хандив тусламжийн хувцас эзэддээ гологддог

 

Аль ч нийгэмд ядуу, эмзэг бүлгийн хүмүүс байдаг. Тэдэнд сайн санаат хүмүүсийн, улс орнуудын тусламж дэмжлэг хэзээд хэрэгтэй. Тэр утгаараа манай улсад хандив тусламжаар хуучин хувцас багагүй ирдэг. Мөн монголчууд өмсөхгүй болсон хувцсаа цуглуулж хэрэгтэй нэгэнд нь тусламж болгон өгдөг.

Хоёр жилийн өмнө Дэнжийн 1000 авто баазын ойролцоо 20 тонн япон бэлэн хувцас үнэгүй тараах зар тавьснаар тэр хавьд тусламжийн бараа авах иргэдийн дараалал үүсэж, 200 метр үргэлжилсэн юм. Монгол бөөгийн-Гэр музей, Буянт дэнж төрийн бус байгууллага хамтран өрх толгойлсон ээж, аав болон амьдралын боломжгүй иргэдэд хувцас хандивласан энэхүү сайн үйлсийн аянаар 20 тонн хувцас тараагдаж дууссан. Тэгэхээр хэрэгцээ байгаа мэт, гэвч яг зорилтот бүлэгтээ хүрч чадсан уу гэдэг асуултын тэмдэг.

Аймаг, сум, дүүрэг хороонд нэн ядуу, эмзэг бүлгийн өрхийн бүртгэл байдаг. Тусламжаар ирсэн барааг хорооны ажилтанд хүлээлгэн өгч, тэд цааш бүртгэлтэй өрхүүддээ хуваарилна. Хуучин хувцас эдлэлийг хүмүүс дуртай авдаг байсан ч сүүлийн жилүүдэд эрс багассан байна. Учир нь өмсөөд эдэлчихмээр сайн чанартай гэхээс илүү хог хаягдлаа холдуулж буй мэт муу хувцас ирэх нь цөөнгүй болж. Мөн хандив тусламж үзүүлж буй хүмүүс заавал гардуулж өгч буй зураг даруулах, түүнийгээ нийгмийн сүлжээнд тавих зэргээр нэр хүндэд нь халддагт дургүйцдэг байна.

Энэ талаар хорооны ажилтан ярихдаа “Сүүлийн үед тусламжаар хуучин хувцсыг ядуу, эмзэг бүлгийн  хүмүүст тарааж өгөхөд дургүйцдэг болсон. Учир нь тухайн айлдаа, хүндээ яг өгсөн гэдгээ баримтжуулахын тулд зураг дарж тайлан явуулах ёстой болдог. Зарим тусламж үзүүлсэн хүмүүс ч өөрсдийгөө дөвийлгөхийн тулд зураг дарж түүнийгээ сошиалд оруулж байна. Үүнээс болж хүмүүс зургаа даруулахгүй гэдэг. Аргагүй шүү дээ хэдий ядарсан ч тэд энэ нийгэмд амьдарч буй хүмүүс. Нэр төр гэж бий. Хэдий хувцас хэрэгтэй ядруу хүмүүс, айл өрхүүд байдаг ч нэг үеэ бодоход хүмүүс хуучин хувцас авах дургүй болсон. Хуучин хувцсанд хүний энерги шингэдэг, эсвэл өвчин халдах магадлалтай гэж үзэх хүмүүс ч байдаг. Бас чанаргүй, өнгө үзэмжгүй хувцас ч ирдэг. Тиймээс тусламжаар ирсэн хуучин хувцсыг тарааж дуусгаж чадахгүй болсон. Хадгалаад байх боломжгүй тул үлдсэнийг нь хог дээр хаядаг. Гэтэл дэлхийн хамгийн том хог хаягдал хуучин хувцас. Байгаль дэлхийгээ хайрлаад хуучин хувцас гаднаас оруулж ирдгээ болих цаг болсон юм шиг санагддаг” гэв.

 

Хувцсан хог байгальд ямар хор хөнөөл учруулж байна вэ

Дэлхий дахинд хувцасны хэрэглээ хэт их байгааг, хог хаягдал гамшгийн хэмжээнд хүрч байгааг мэргэжилтэн, судлаачид төдийгүй Нэгдсэн үндэстний байгууллагаас  анхааруулсаар байна.

Даавуу, хувцасны хаягдал байгаль орчинд халгаатай асуудал болж байгаагийн гол шалтгаан нь өнөөдрийн загварын ертөнцийн чиг хандлага "Fast fashion" буюу "Хямд өртгөөр бүтсэн орчин үеийн загварын хувцасны цуглуулга" үйлдвэрлэх чиглэлд илүү хөгжиж байгаатай холбоотой.

Өмнө нь загварын брэндүүд хоёр удаа буюу хавар /зун, намар/, өвлийн гэсэн цуглуулга гаргадаг байсан бол одоо “Fast fashion”-ы үйлдвэрлэл өргөжсөнөөр ихэнх брэндүүд жил бүр доод тал нь 18 цуглуулга санал болгож байна. Энэ нь хувцасны загвар сар болоод л хуучирч байна гэсэн үг юм. Эдгээр хямдхан хувцсыг авснаас хойш дунджаар таван удаа өмсөөд 35 хоногийн дараа хаях шаардлагатай болдог тухай статистик мэдээлэл байна. Энэхүү төлөвлөгөөт элэгдлээ нуухын тулд компаниуд дараагийн загваруудыг санал болгож сурталчилгаагаар тархи угаах болжээ. Ялангуяа "Хямдралын" улирлыг хэрэглэгчид хүлээж, хэрэгтэй хэрэггүйг тооцоолохгүй их хэмжээний худалдан авалт хийдэг.

Ийм зарчмаар шинэ, хуучин гэлтгүй улсаас улс дамжин Монголд ирж хог болж буй олон мянган тонн хувцас хүрээлэн буй орчны доройтолд томоохон үүрэг гүйцэтгэж байна.

Монголчууд өнө эртнээс минималист хэрэглээг эрхэмлэдэг, байгальд хог хаядаггүй, эх дэлхийгээ хайрлаж шүтэж ирсэн ард түмэн. Гэтэл сүүлийн 30 жилийн хэтийдсэн хэрэглээ болсон хуучин хувцасны хогоо багтааж шингээж чадахгүй боллоо. Энэ их хувцсан хог байгальд ямар хор хөнөөл учруулж байна вэ.

Манай улсад хуучин хувцасны зах зээл тэлж, тэндээс гарсан хог хаягдал байгаль орчинд нөлөөлж буй хор хохирол зэргийг тодорхойлсон тооцоо, судалгаа байхгүй байна.  

Дэлхийн нөөцийн хүрээлэнгээс нэг даавуун цамц үйлдвэрлэхэд 2700 орчим литр ус зарцуулдаг. Тэгвэл нэг цамцыг байгальд ил хаяхад бүрэн задрахын тулд 200 жил шаардлагатайг мэдээлсэн.

Хувцасны материалыг био зардалд ордог, ордоггүй гэж ангилдаг. Химийн аргаар үйлдвэрт гаргаж авсан материал нь био зардалд орохгүйгээс гадна байгальд шингэхдээ хүлэмжийн ялгаруулж, будагч бодис нь хөрсөнд нэвчиж гүний усыг бохирдуулж хөрсийг доройтуулах муу нөлөөтэй.

Мөн хямд өртөг, эдэлгээ даах шинж чанарыг харгалзан үзэж үйлдвэрлэгчид түүхий тосноос гаргаж авсан хуванцраар хийсэн нийлэг даавуу болон нейлон, холимог полимтер, синтетик даавуунуудыг гаргаж авсан байдаг.

Нейлон нь байгальд бүрэн задрахад 30-40 жил шаарддаг бол бусад нь 20-200 жилийн хугацаа орно.

Био задралд ордог материалууд нь байгалийн гаралтай маалингийн даавуу, бүх төрлийн ноос, торго, хөвөн зэрэг орно. Эдгээр материалын түүхий эд нь байгалийн гаралтай учир 1-2 жилийн дотор хөрсөнд шингэдэг. Гэвч тухайн хувцасны шошго, нэмэлт чимэглэл нь химийн гаралтай синтетик, хуванцар байдаг учраас бохирдлыг ялгаруулсаар байдаг.

 

Одоо бид юу хийж чадах вэ

Дэлхийн өнцөг булан бүрээс ирж буй хуучин хувцас болон даавуун хуучин эдлэлийн урсгалыг зогсооё.

Дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж, өөрсдийн онцлогт тохирсон сайн чанарын хувцас үйлдвэрлэдэг болоход төрийн бодлогоор дэмжье.

Загвар нь хуучирсан, уйдсан, өмсөхгүй байгаа чанартай хувцсаа дахин загварчлах юм уу, хуучин хувцасны худалдаанд өгч хэвшье.

Хамгийн гол нь хэрэгцээгээ бодитоор үнэлж, хувцсаа зөв сонгон дахин боловсруулж сурвал дэлхийн дулаарал болон усны хомсдолтой тэмцэхэд маш том хувь нэмэр оруулж чадна.

Олон улсад хувцасны хэв маяг, хэрэглээний талаарх ойлголт өөрчлөгдөж шинэ хувцас авахаас татгалзах “Бүү худалдаж ав” хөдөлгөөнд загвар өмсөгчид, нэртэй блогчид, олны танил хүмүүс нэгдэж шинэ хувцас гоо сайхны бүтээгдэхүүн худалдаж авахаас татгалзаж байгаагаа зарласан. Энэ хөдөлгөөн Монголд ч нэвтэрсэн.

Сүүлийн үед манай залуусын дунд хуучин хувцас зардаг дэлгүүрээр үйлчлүүлэх моод дэлгэрч байгаа нь сайшаалтай. Өөрт таалагдсан хуучин хувцас худалдаад авчихвал шинээр дахиж үйлдвэрлэхэд шаардлагатай бүх хортой процессыг зогсоох учраас байгаль дэлхийгээ хайрлаж буйн илрэл юм.

Хуучин хувцсыг үнэлэн авч засаж янзлаад борлуулдаг дэлгүүрүүд олноор нээгдэх болов. Энэхүү чиг хандлагыг даган хувцас сэргээн засварладаг хуучин хувцасны дизайнерууд ч бий болсон байна. Хуучин хувцаснуудыг загвар хийцийг нь өөрчилснөөр дахин давтагдашгүй хувцас бий болдог учраас залуус дуртай үйлчлүүлдэг болжээ.

Мөн дизайнеруудын эрэлт хэрэгцээ нэмэгдсэнтэй  холбоотойгоор дизайнеруудыг бэлтгэх зорилгоор гаднын улсуудад дээд боловсролын мэргэжил хүртэл бий болсон юм. Харин манайд хуучин хувцасны дизайнерын сургалтыг “Зүймэл даавуун урлалын төв” явуулдаг болсоор гурван жилийн дотор 50 гаруй хүнийг бэлтгэн сургасан байна. Энэхүү хувцас сэлбэж, засах аргыг залуучууд их сонирхон суралцаж байгаа аж.

Хэтийдсэн хувцасны хэрэглээг багасгахын тулд түрээсийн үйлчилгээг ч дэлхийн улс орнууд нэвтрүүлээд эхэлж. Хүүхдүүд өсдөг ч хувцас өсдөггүй болохоор биед нь эвтэйхэн, харшил үүсгэдэггүй, хөлөргөдөггүй, будаг гардаггүй, хөдөлгөөнд нь саад учруулахгүй хувцас өмсүүлэхийн тулд эцэг эхчүүд их мөнгө зарлагддаг. Мөн тэр чинээгээрээ хүүхдийн хувцас шинээрээ шахуу хог болдог. Тэгвэл энэ байдлыг анзаарсан Дани улсад эхнэр нөхөр Свенссон хүүхдийн хувцас, жирэмсний хувцас түрээсийн үйлчилгээг бизнес болгон ажиллаж эхэлсэн байна. Энэ ч бас байгаль дэлхийгээ хайрлаж буй ногоон бизнес юм.

Ил задгай хогонд хуучин хувцас хаях нь байгаль дэлхийгээ бохирдуулж буй хэрэг юм. Монголчууд хуучин хувцсаа захыг нь авч хаях юм уу, шатаадаг. Тэгэхээр өмсөхгүй хувцсаа шатаах нь шууд хаяснаас үр дүнтэй ч бас анхаарал болгоомж алдсанаас хуучин хувцсаа шатааж байгаад гал алдсан хэрэг ч бүртгэгдээд амжсан.

Тиймээс иргэд, айл өрхийн хуучирч муудсан хувцас хэрэглэл эд зүйлс шатаах үйлчилгээг “Түмэн эгшиг” ХХК тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлж эхэлжээ. Аюултай хог хаягдал устгах энэ үйлдвэр Улаанбаатар хотоос 46 км зайд Төв Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрладаг. Эднийх химийн сав баглаа боодол устгах, дахин боловсруулж хуванцар үрэл хийх, хөдөө орон нутаг уул уурхайн талбараас ашигласан масло, тос, агаар шүүгч, ажилчдын тостой ажлын хувцас хунар зэргийг газар дээрээс очиж авдаг. Улмаар байгальд орчинд ээлтэй ухаалаг зууханд шатаадаг юм байна. Үнийн хувьд  нэг шуудай буюу 45-55 кг хувцсыг 20 мянган төгрөг төлөөд устгуулах боломжтой юм байна.

Мөн хуучин хувцсаа хаяж, шатаахаас гадна хандивлах боломжтой. “Ариг” банкны аль ч салбарт очин хэрэглэхгүй хувцсаа сайн дурын хайрцагт хийн хандивлах боломжтой. “Жавзандамба хутагт” төв, “Мөрөөдлийн гэрэл эко дэлгүүр”,  “Ид шидийн орон” хүүхэд хамгааллын хөгжлийн төв, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, “Монгол дахь Их хөлгөний уламжлалыг хадгалах төв”, “Тайваниин хүүхэд гэр бүлийг дэмжих сан”-гийн Монгол дахь төлөөлөгчийн газар, “Агь” хандивын төв ТББ гэх мэт байгууллагуудтай холбогдон хуучин боловч хэрэглэж болохуйц чанартай хувцсаа хандивлаарай.

Монгол Улс хогийн цэг болох уу, үгүй юу гэдэг та бидний өнөөдрийн шийдвэр, үйлдлээс шалтгаална. 

 

Судалгааны баримтууд:

-Жилд нийт 93 тэрбум шоо метр цэвэр усыг хувцас үйлдвэрлэхэд ашигладаг. Энэ нь 110 сая хүний жилийн усны хэрэглээ юм.
-Нэг ширхэг богино цамц үйлдвэрлэхэд 2500л, нэг жинсэн өмдөнд 7600л, нэг пүүзэнд 8543л цэвэр ус ашигладаг тухай бид одоо бараг цээжээр мэддэг болсон.
-1кг даавууг ургуулахын тулд 200.000 л ус зарцуулж, өнгө оруулахад 1 кг химийн бодис, үйлдвэрлэлтэд нь 23 кг хүлэмжийн хий ялгаруулдаг.
-Дэлхий даяар жилд 92 орчим сая тонн хувцасны материалын хаягдал гардаг бол 2030 онд 134 сая болж өсөх төлөвтэй байгааг Манчестерийн их сургуулийн судалгааны багийнхан тооцоолжээ. Энэ нь нэг хүн жилд дунджаар 37кг хувцас хаяж байна гэсэн үг.
-Бидний худалдаж авсан бараа бүтээгдэхүүний 99 хувь нь зургаан сарын дотор хог болдог.
-Дэлхий даяар жилд 2.12 тэрбум тонн буюу нэг секундэд 68 тонн, Монгол Улсын хувьд жилд 3.4 сая тонн хаягдал өөрөөр хэлбэл нэг секунд тутамд 107 кг хог үүсгэдэг.
-Хувцас загварын салбар нь хүлэмжийн хийн ялгарлын 10 хувийг дангаараа гаргаж байгаа бөгөөд даавуу үйлдвэрлэл жил бүр агаар мандалд 1.2 тэрбум тонн хүлэмжийн хий ялгаруулдаг.
-Бидний өмсдөг хувцсыг үйлдвэрлэхэд асар их хэмжээний ус шаардагддаг бөгөөд загварын салбар дэлхийн бохир усны 20 хувийг дангаараа ялгаруулж байна.
-Хэрэглээ нь ийнхүү тасралтгүй өсөн нэмэгдсээр байхад хувцас хийхэд ашиглаж байгаа материалын ердөө 12 хувь нь дахин боловсруулагддаг.
-Дэлхийн хэмжээнд жил бүр ойролцоогоор 56 сая тонн хувцас худалдаж авдаг бөгөөд 2030 он гэхэд 93 сая тонн, 2050 он гэхэд 160 сая тонн болж өсөх төлөвтэй байна.
-Дэлхийд 750 сая хүн өнөөдөр цэвэр усны нөөцгүй байна. Гэтэл бид шинэ хувцас үйлдвэрлэлтэд жил бүр 1.5 их наяд литр усыг зөвхөн материал ургуулахад зарцуулж байгаа.
-Дэлхий даяар ашиглагдаж буй хувцасны ердөө 20 хувь нь дахин ашиглагдах буюу дахин боловсрогдож буй аж.

 

ЭРЭН СУРВАЛЖЛАХ БАГ

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 17. ЛХАГВА ГАРАГ. № 135, 136 (7379, 7380)

 

Энэ сард цаг агаар ямар байх вэ?

Энэ сард цаг агаар ямар байх вэ?

23 цаг 37 мин
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хуралд ажиглагчаар оролцох санал хүргүүлжээ

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хуралд ажиглагчаар оролцох санал хүргүүлжээ

23 цаг 41 мин
Д.Энхтүвшин: Надад УИХ-д байх шаардлага алга

Д.Энхтүвшин: Надад УИХ-д байх шаардлага алга

23 цаг 44 мин
Цөмийн энергийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Цөмийн энергийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

23 цаг 49 мин
Г.Ганцогт: Дайны сэдэвтэй дуу дуулахад яг л халуун цэгт нь очсон мэт  мэдрэмж төрдөг

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хөгжим хэмнэл” булангийнхаа дугаа

Өчигдөр 06 цаг 00 мин
Уур амьсгалын доройтлын улмаас Азийн ДНБ 17 хувиар буурах магадлалтай гэв

Азийн хөгжлийн банкнаас хөгжиж буй Ази, Номхон далайн орнуудын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх тайлангаа өчигдөр танилцууллаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
29 дүгээр сургуулийн 60 жилийн ой тохиож байна

1964 оны тэртээ Улаанбаатар хотын зүүн хойхно орших  ус агаар сайтай, тэгш сайхан талбайд

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол Улс папиллома вирусийн вакциныг нэвтрүүлэхгүй үлдэх үү

“Зууны мэдээ” сонин ээлжит эрэн сурвалжилгаараа эрүүл мэндийн салбар тэр дундаа умайн хүзүүний хорт хавдрын вакцины тухай хөндсөн билээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ойн салбарт масс тариалалтыг нэвтрүүлж байна

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, “Оюу толгой” компани хамтран 21 аймгийн

Өчигдөр 06 цаг 00 мин
“Зууны мэдээ” Сэтгүүлзүйн итгэлцлийн санаачилгын /JTI/ сертификаттай Монголын анхны сонин боллоо

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин Олон улсын сэтгүүл зүйн стандарт болох

Өчигдөр 06 цаг 00 мин