Үндэсний хувцсаараа гоёсон нэг ангийнхан

2024-07-09
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Баатарын НЯМСҮРЭН

 

“Уулзаад салахдаа саначихдаг уяхан багын андууд минь

Урсах цаг хугацаанд нэг нэгнээ гэсэн сэтгэл минь

Энэхэн насандаа мартамгүй гэнэн цайлган үерхэл минь

Эргээд биесээ үгүйлэх нэг ангийнхан билээ” хэмээх аялгуут дууны мөртүүд ангийн уулзалтын баярыг хуваалцахад бодогдоно.

Алдрай жаахан охид, хөвгүүд сургуулийн босго алхсан үеэс хамт олонтой болдог билээ. Ингээд насан туршдаа нэг ангийнхан хэмээн “тамгалагдана”.

Нар ээж, хөл хөдөлгөөн эхэлсэн өглөөний 09:00 цагт өнгө өнгийн гоёмсог торгоор урласан малгай, дээлтэй хүмүүс нийслэлийн төв талбайд цуглажээ.

Нүүрэндээ инээмсэглэл тодруулан нэгнээ тэвэрч, мэнд мэдэж, сонин сайхан хуваалцах нь санасан сэтгэлийг тайтгаруулж, дурсамжийг нь сэргээнэ. Энэ бол Дорнод аймгийн Баян-Уул сумын сургуулийг 1979 онд төгссөн нэг ангийнхан. 45 жилийн дараа анх удаа уулзах андууд, ажил амьдралаа холбосон эрхэм найзууд баяр хөөртэйгөөр уулзалдав. Олон жилийн дараа уулзаж буй ангийн найзууд ярих сонин их. Нэгнээ бүртгэж, аз жаргалтайгаар гэрэл зураг татуулах нь хожмын нэгэн өдөр эргэн дурсахад амттай дурсамж болж үлдэх биз ээ.

 

ӨРГӨН ӨМДТЭЙ ХӨВГҮҮД “ЗУГТСАН” ТҮҮХ ТЭДНИЙХ

Төгсөлтийн "хөвгүүд" унаа хүлээх зуур.

45 жилийн өмнө төгссөн наймдугаар ангийн гурван бүлгийнхэн салбар салбарын мэргэжилтнүүдтэй. Эмч, багш, нягтлан, дарга, бизнесмэн, малчин гээд тоочвол дуусахгүй үргэлжилнэ. “Олон жилийн дараа уулзаж байна шүү дээ, бид” гээд л тэврэлдэн багын дурсамжаа хуваалцан инээлдэх тэд тэртээ 1979 онд аль хэдийнэ “очжээ”. Зах зээлд шилжээгүй байх үед тохой нийлүүлэн суралцаж, гал түлдэг ангид эсгий гутал, хөвөнтэй дээлээр “гоёж” эрдэм сурахын төлөө хичээж байсан үе саяхан хэмээн ярьсан юм. Энгийн үед хар парчиг, форм өмсөж онцгой өдөр цагаан парчиг өмсдөг байсан дурсамж тэднийх. “Манай төгсөлтөөс 40 гаруй хүн цугласан байна. 45 жилийн өмнө бид гурван бүлгээр 90 гаруй сурагч төгссөн. Ирж амжаагүй хүмүүсээс гадна хорвоогийн мөнх бусыг үзсэн нөхөд минь бий. Ангийн андууд, үеийн найзуудтайгаа уулзах мэдрэмжийг үгээр илэрхийлэмгүй сайхан байна. Бид тэр бүр холбоотой байдаггүй. Хот, хөдөө амьдарч байгаа болоод тэр биз. Зарим нөхөд минь сургуулиа төгсөөд одоог хүртэл уулзалдаагүй нь ч бий” хэмээн “8а ангийн сурагч П.Адилбиш” сэтгэгдлээ хуваалцав.

8в ангийнхан даруу төлөв, найрсаг зантай багшаар эрдэм заалгасандаа талархаж явдгаа онцолж байв. Эв найртай, нэгнээ гэсэн сэтгэлтэй сайхан хамт олон байжээ. Хөгжилтэй дурсамж нь гэвэл тэдний үед өргөн өмд өмсдөг байсан бөгөөд ангийн нэг хүү үйлэнд уран байсан гэнэ. Нэг удаа 72-ын даавуугаар оёсон хоёр өмд өмсөөд хичээлдээ иржээ. Ангийн багш нь өргөн өмд өмссөн байгааг нь олж хараад хайчлахаар завджээ. Гэтэл өргөн өмд өмссөн хоёр хөвгүүн зугтсан гэдэг. Маргааш нь хичээлдээ ирэхдээ үсээ засуулчихсан, сурагч “дэгэндээ” орсон байж. Ийм л хөгжилтэй дурсамж тэдэнд олон бий. Мөн сургуулийнхаа урлагийн үзлэг болох үеэр хөгжмийн номер үзүүлэхээр бэлдэж байжээ. Энэ үед хоёр охин орой болтол сургууль дээрээ хөгжмөө бэлдээд гэртээ харихдаа ангийнхаа хөвгүүнээр хүргүүлсэн гэдэг. Замдаа машин, мотоциклийн гэрэл гарахаар байшингийн араар уралдан гүйж ордог байснаа дурсав. Ингэхдээ “Хүний амьдралын хамгийн гэгээн үе хүүхэд  нас. Бүгдийг сайхнаар хардаг, гэнэн томоогүй байжээ” хэмээн тэр цагийнхаа дурсамжийг хөглөнө. Магадгүй тэд өнгөрсөн бүхнээ бодолдоо дахин тээж амар амгалан, аз жаргалыг мэдэрсэн болов уу. 

 

“ЦАРАЙГ ЧИНЬ САНАЧИХЛАА”

"Манай ангийн охин шүү дээ".

Сэтгэл нь сэргэсэн, баярласан, бахархсан ийм гэгээн өдөр тэдний дурсамжийн хуудас нэгээр нэмэгдлээ. 45 жилийн тэртээх он цагийг дурсахаар, хүүхэд ахуйн хөгтэй явдлыг ярилцахаар Дорнод аймгийн Баян-Уул сумаас 10 гаруй “хүүхэд” иржээ. Нэгнээ танихгүй будилж, инээдэм болж, нулимс унагах нь юутай ч зүйрлэмгүй нандин мэдрэмж. Нийслэлийн төв цэг болсон Сүхбаатарын талбай дээр буриад дээлээр ижилсэн гоёсон нэг ангийнхан хөндлөнгийн хүмүүсийг анхаарах сөхөөгүй зургаа татуулж, өөр хоорондоо багын явдлаа ярилцан шаагилдан. Бас ч болоогүй ангиараа авахуулж буй зурагт хоцрох вий гэж зарим нь сандарч байхад “Манай анги шүү дээ, хөөе” гэж хэн нэгнээ булаацалдах нь хөгжилтэй. Сургуулийн дурсамжааа хуваалцан шуугилдах хүүхдүүд 45 жилийн тэртээ наймдугаар ангиа төгсжээ.  “Хоёулаа нэг ширээнд суудаг байсан, санаж байна уу” хэмээн өөр хоорондоо ярилцах зуураа “Сэтгэл хөдлөөд нойр хүрдэггүй ээ. Чи яг л хэвээрээ байна” гэцгээн бага насаа дурсаж байлаа.

Олон жилийн дараа уулзалдаж байгаа ангийнхан зогсоо зайгүй шаагилдана. “Харин, хэн билээ” гэж тээнэгэлзэн зогсоо хүүхдүүд нэгнээ таньж ядна. Нэрээ хэлж, гар барихдаа ч санаж бэтгэрсэн сэтгэл тээсээр. Хэсэг хугацааны дараа “Хүүеэ, чи мөн байна шүү дээ. Хараад байтал яг л хэвээрээ. Царайг чинь саначихлаа” гээд нэгнээ чанга тэврэх нэг ангийн охид 45 жилийн дараа уулзаж байгаагаа хэллээ. Тэдний яриаг сонсоход бахархахгүй, хайрлахгүй байхын аргагүй. Дурсамж хуучирдаггүй аж.

45 жилийн дараах уулзалтыг П.Адилбиш, М.Мөнхцэцэг хоёр зохион байгуулжээ. “Манай төгсөлт олон Мөнхцэцэгтэй. Энэ маань М.Мөнхцэцэг. Уулзалтын гол ажлыг нугалсан гэдгийг хэлэх хэрэгтэй” хэмээн П.Адилбиш ангийн охиноо тодотгов. Бас тэдний ангийн хүү Баатар хамгийн сахилгагүй нь байсан гэнэ. Ангийн охидын сахилгагүй хэмээн тодорхойлсон хүү “Надад хэлэх юм алга өө” гээд сурвалжлагчаас зугтах маягтай. Тэгсэн атлаа ангийн охидтой сэлфидэн зургаа татуулан бас хөгжилтэй яриа дэлгэн инээлдэнэ. М.Мөнхцэцэг “Энэ манай ангийн хамгийн жижигхэн охин. Хөөрхөн байгаа биз. Бид хоёр 45 жилийн дараа уулзаж байгаа юм” хэмээн үндэсний дээлээр гоёсон Д.Сэрээнэнтэй тэврэлдэв. Энэ зуур анги ангиараа зургаа татуулна. Бас өөр хоорондоо зургийн хальснаа дүрээ мөнхлөхөөр бие биесээ дуудах хүүхдүүдийн догдлол буурахгүй байлаа.

Нэгэн цагт ангийн охид, хөвгүүд хэмээгдэж байсан тэд “Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэргэнд” аль хэдийнэ суучихсан Байгаль далай руу хүлгийн жолоо заллаа. “Санасан сэтгэлээ дүүргэж, мартахын аргагүй дурсамж бүтээгээд ирнэ ээ” гэсээр Дорнод аймгийн Баян-Уул сумын 1979 оны наймдугаар ангийн төгсөгчид аян замдаа мордсон юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 9. МЯГМАР ГАРАГ. № 134 (7378)

 

“Зууны мэдээ” сонины Трэнд зочид 2024 оноо ингэж дүгнэв

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг

1 цаг 38 мин
Хүүхдийн өмнөөс хэн ч гомдож болно

Амралтын өдрийг Хуягаагийн гэр бүл хамтдаа хөгжилтэй өнгөрөөж

1 цаг 38 мин
Улстөрчийн хэн байсныг “улс төрийн тайз”-наас буугаад ард түмний дунд алхаж чадаж байгаа эсэхээс хар!

Сталин нэгэнтээ “Намайг үхэхээр миний шарил дээр баахан хог новш овоолох биз.

1 цаг 38 мин
Монгол Улсын Ерөнхийлөгч асан “Цөмийн зэвсгийг хориглосноор гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ”

Цөмийн зэвсгийг хориглосноор илүү гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ.

12 цаг 42 мин
Ч.Оюунцэцэг: “Тугалчин хүү” коллагентай тос бол жинхэнэ гайхамшиг

“Тугалчин хүү” коллагентай тос үйлдвэрлэгч “Doctor Bai” компаниас ханиад

Өчигдөр 06 цаг 00 мин
2024 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал

-“Зууны мэдээ” сонин энэ онд Монгол Улсад өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна-

Өчигдөр 06 цаг 00 мин
М.Ганбаатар “Тавантолгой түлш”-ийн дөрвөн жилийн “түүх”-ийг ярих цаг иржээ

Утааны сонсгол удахгүй болно. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан 19

Өчигдөр 06 цаг 00 мин
Хар-ус нуурын арлуудыг сүйтгэж буй Заарт харх

А.Орломсүрэн гуайн гэр бүл жавар тачигнах хүйтнээс урьтаж

Уржигдар 17 цаг 51 мин
“Урантай урангүй улс хөгжинө”

Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтийг

Уржигдар 15 цаг 44 мин
“Тугалчин хүү” эмчилгээний тос 1+1 урамшуулал зарлажээ

“Тугалчин хүү” брэндийг үүсгэн байгуулагч “Доктор бай” компани ханиад

Уржигдар 14 цаг 24 мин