Т.БАТСАЙХАН
2024 оны УИХ-ын сонгуулийн үйл ажиллагаа ерөнхийдөө өндөрлөх тийшээгээ болж байна. 126 гишүүнтэй анхны түүхэн парламентын гишүүд тангаргаа өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэв. Улс төрийн хүрээнд сонгуулийн дараах томилгоонууд ёстой л гэрлийн хурдаар өрнөж байна. Энэ удаагийн түүхэн парламентыг Д.Амарбаясгалан даргалахаар болсон. Тэрээр МАН-ын генсекийн ажлаа өгсөн бөгөөд түүний оронд ЕТГ-ын дарга Я.Содбаатар генсекээр ажиллана. Харин Я.Содбаатарын оронд УИХ-ын дарга асан Г.Занданшатар Ерөнхийлөгчийн “хажууд” очив. Түүнчлэн өчигдөр хотод хоёр ч Засаг даргын орлогчийг жинхэлсэн. АН дотор ч албан тушаалын томилгоонууд явагдаж, бужигнасаар. УИХ-ын дэд дарга, бүлгийн дарга, намын генсекээ томиллоо. Сонгуулийн дараах томилгоонуудаас тоймлон хүргэж байна.
Ерөнхийлөгчийн Тамгын газар тусгай хамгаалалттай даргатай болов
УИХ-ын дарга асан Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо. Тэрээр 2020-2024 онд парламентын даргаар ажилласан. Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг албан тушаалаасаа бууснаас нь хойш дараагийн бүрэн эрхийн хугацаа дуустал Төрийн тусгай хамгаалалтад байлгана хэмээн заасан байдаг. Энэ хуулийн дагуу УИХ-ын дарга асан Г.Занданшатар Төрийн хамгаалалттай ЕТГ-ын дарга болж байна. Тэрээр энэ сонгуулиар УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт нэр дэвшин өрсөлдсөн ч олонхын санал авч чадаагүй билээ.
МАН-ын бага хурлаар Я.Содбаатарыг жинхэлнэ
МАН-ын "гал тогоо"-г Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Я.Содбаатарт хариуцуулахаар болжээ. Түүнийг жинхлэх асуудлыг МАН-ын Бага хурлаар шийдэх зохицуулалттай. Я.Содбаатарын хувьд туршлагатай менежер. Хоёр ч удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан. Мөн Зам тээврийн сайдаар ажиллаж байсан нэгэн. Өнгөрсөн гурван жил Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажилласан билээ. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга бол намдаа хоёр дахь том албан тушаалтан юм.
УИХ-ын дэд даргаар Б.Пүрэвдорж ажиллана
УИХ дахь АН-ын бүлэг анхны хуралдаанаа хийж, Б.Пүрэвдоржийг УИХ-ын дэд даргаар томилохыг дэмжсэн байна. Энэ өрсөлдөөнд С.Одонтуяа, Д.Ганбат, Б.Пүрэвдорж нар нэрээ дэвшүүлж, нууц санал хураалт явуулахад олонх нь Б.Пүрэвдоржийг дэмжжээ. УИХ дахь намын бүлгүүдээс тус бүр нэг, нэг дэд дарга томилох хуулийн заалттай. Б.Пүрэвдоржийн хувьд 2016 оноос хойш гурав дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдоод байна. Энэ удаагийн сонгуулиар УИХ-ын хоёрдугаар тойрогт нэр дэвшиж олонхийн санал авсан билээ.
О.Цогтгэрэл бүлгээ удирдана
АН О.Цогтгэрэлийг бүлгийн даргаар улираан сонгов. Бүлгийн даргад Д.Ганбат, Х.Баттулга, Н.Алтанхуяг, О.Цогтгэрэл нарын нэрсийг оруулсан. Улмаар Д.Ганбат, Х.Баттулга нар нэрээ татаж, О.Цогтгэрэл Н.Алтанхуяг нар дээр санал хураахад, бүлгийн гишүүдийн олонх нь О.Цогтгэрэлийг дэмжжээ. УИХ-ын сонгуулийн дүнгээр нэг нам, эвслээс албан ёсоор нэр дэвшиж 12 ба түүнээс дээш гишүүн сонгогдсон бол уг гишүүд нийлж нам, эвслийн бүлэг байгуулах хуультай. Тэрээр хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх бол мөн бүлгээ удирдахаар боллоо.
АН-ын “гал тогоо”-г Н.Ганибал барина
АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн асан Н.Ганибалыг томилжээ. Тус намын генсекийн албыг түр орлож байсан Э.Одбаяр нь намын жагсаалтаар УИХ-д сонгогдсон учраас энэхүү томилгоог хийжээ. Н.Ганибал УИХ-ын сонгуульд зүүн бүсэд буюу Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймагт өрсөлдөөд өвдөг шороодсон юм. Э.Одбаяр, Н.Ганибал нар "Нэг Монгол" фракцынх юм байна.
Засаг даргын нэгдүгээр орлогчоор Н.Мандуулыг, орлогчоор Л.Хосбаярыг томиллоо
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу Нийслэлийн Засаг дарга хоёр орлогчтой ажилладаг. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар хотын даргын хоёр орлогч сонгуульд өрсөлдөж, гишүүн болсон юм. Иймээс Хотын дарга Х.Нямбаатар Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор Н.Мандуулыг томиллоо.
Мөн Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор Л.Хосбаярыг томиллоо. Н.Мандуул нь Сангийн яаманд ажиллах хугацаандаа Засгийн газрын Мазаалай, Хуралдай, Дим сам, Гэрэгэ болон “Century” зэрэг бондуудыг олон улсын зах зээлд арилжаалах ажлыг удирдсан туршлагатай. Мөн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллах үедээ тус банкны найдваргүй 1.3 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг төлүүлж, санхүүгийн нөхцөл байдлыг сайжруулан ажилласан юм. Л.Хосбаярын хувьд 2020-2023 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга, 2023 оноос НЗДТГ-ын даргаар ажиллаж байсан юм.
Харин түүний оронд НЗДТГ-ын даргаар П.Хадбаатарыг томиллоо. П.Хадбаатар нь 2021-2023 онд Хууль зүй, дотоод хэргийн яам Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байгаад 2024 оны нэгдүгээр сараас НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, дөрөвдүгээр сараас Нийслэлийн бодлого, төлөвлөлтийн газрын даргаар тус тус ажиллаж байсан билээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 4. ПҮРЭВ ГАРАГ. № 131 (7375)