Төрийн тэргүүний Узбекистан дахь айлчлалын эргэн тойронд

2024-06-25
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан улсад хийх төрийн айлчлал эхэллээ. Түүнийг Ташкент хотын “Ислам Каримов”-ын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудалд Бүгд Найрамдах Узбекистан улсын Ерөнхий сайд А.Н.Арипов, Гадаад хэргийн сайд Б.Саидов, тус улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ф.Н.Арзиев нар угтан авав.  Энэ удаагийн айлчлал нь Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан улсын хооронд 1992 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд болж буй анхны төрийн айлчлал юм.

Түүний дараа хоёр улсын төрийн тэргүүн нар Узбекистаны “Куксарой” Төрийн ордонд уулзаж, албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний эхэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Евроазийн төвд орших байгалийн үзэсгэлэнт сайхан эх орондоо айлчлахыг урьж, Монголын төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч байгаад Ерөнхийлөгч Ш.Mирзиёев болон Узбекистаны төр, засаг, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Мөн хоёр орны ард түмний хэлхээ холбоо олон зууны тэртээгээс эхтэй. Нүүдлийн соёл иргэншил, түүх, ёс заншил зэрэг ижил төстэй үнэт зүйлстэй, найрсаг дотно харилцаатай орнууд болохыг онцоллоо. Узбекистан улстай хөгжүүлж буй найрсаг харилцааг бэхжүүлж, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.

Ерөнхийлөгч Ш.Мирзиёев хоёр улсын хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойших 32 жилийн хугацаанд Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд хийж буй анхны айлчлал нь найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг  эдийн засгийн шинэ агуулгаар баяжуулахад чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Хоёр улсын төрийн тэргүүн өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд хүрсэн ололт амжилтаа дүгнэж, ирэх 30 жилийн хамтын ажиллагааны хэтийн төлөв, чиг хандлагыг тодорхойлж, харилцааны түүхэн шинэ хуудсыг хамтдаа нээж буйд баяртай байгаагаа илэрхийлэв.

Айлчлалын хүрээнд хоёр улсын харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлэхэд чухал түлхэц үзүүлэх Засгийн газар болон байгууллага хоорондын 10 гаруй гэрээ, хэлэлцээр байгуулсныг сайшаан тэмдэглэв. Талууд цаашид харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд уул уурхай, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, тээвэр, ложистик, аялал жуулчлал, боловсрол, соёл, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа нотлов. Айлчлалын үеэр Монгол Улсын Элчин сайдын яамыг Ташкент хотноо нээж байгаа нь харилцаа, хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа талууд нотоллоо. Ерөнхийлөгч Ш.Мирзиёев Узбекистан улс Элчин сайдын яамаа Улаанбаатар хотноо ойрын хугацаанд нээх эрмэлзэлтэй байгаагаа тэмдэглэв.

Төрийн тэргүүн нар “Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг 2024-2026 онд хөгжүүлэх хамтарсан хөтөлбөр” байгуулсныг сайшааж, худалдааны эргэлтийг 10-20 дахин нэмэгдүүлэх, Монголоос Узбекистаны зах зээлд болон тус улсаар дамжуулан Төв Азийн бүс нутгийн бусад улс оронд ноос, ноолуур, арьс шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх, Узбекистанаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо импортлох чиглэлд хамтран ажиллахаар тогтов.

Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр хоёр улсын төрийн тэргүүний тохирсон ажлуудыг бодит ажил хэрэг болгох хүрээнд Засгийн газар хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдааныг 2024 оны хоёрдугаар хагаст Ташкент хотноо зохион байгуулахаар боллоо. Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын нөөц, бололцоонд тулгуурлан хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хамтарсан төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр талууд санал нэгдэж, Ажлын хэсэг байгуулахаар болов. Талууд тээврийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлж, “Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон “Олон улсын автозамын тээвэрлэлтийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулсныг сайшаав.

Цаашид хоёр орны иргэд харилцан визгүй зорчдог давуу талаа ашиглан Улаанбаатар-Ташкент чиглэлийн шууд нислэгийг эхлүүлж, иргэд харилцан зорчих урсгал, бараа, бүтээгдэхүүний экспорт, импортыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар тохиров.

Төрийн тэргүүн нар эрүүл мэндийн салбар нь Монгол, Узбекистаны хамтын ажиллагааны бас нэгэн шинэ чиглэл болон хөгжиж буйг сайшаалаа.

Хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд харилцан бие биеэ дэмжин идэвхтэй хамтран ажиллаж ирсэн. Бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаагаа улам бүр эрчимжүүлэн хөгжүүлэхийн төлөө гэдгээ харилцан нотлов.

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн дэлхий нийтийн хүчин чармайлтад хамтын хувь нэмрээ оруулах үүднээс Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Узбекистан улсын “Ногоон орон зай” төсөлтэй уялдуулан ойн салбарт хамтран ажиллахаар санал нэгдэв.

Монгол Улсын санаачилгаар үүсгэн байгуулсан “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийг байгуулах тухай олон талт хэлэлцээр”-т Узбекистан улс нэгдэн орохоо илэрхийлэв. Талууд хоёр улсын төрийн тэргүүн нарын ивээл дор Монгол-Узбекистаны соёлын хамтарсан тоглолт зохион байгуулж буйг сайшааж, цаашид соёлын өдөрлөг зохион, хоёр орны өв соёл, зан заншлыг харилцан сурталчлан таниулахад хамтрахаар боллоо. Албан ёсны хэлэлцээний дүнгээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Ш.Mирзиёев нар Монгол, Узбекистаны хоорондын харилцаа, хамтын ажиллагааны хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 25. МЯГМАР ГАРАГ. № 125 (7369)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Өчигдөр 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Өчигдөр 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Өчигдөр 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Өчигдөр 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Өчигдөр 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Өчигдөр 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Өчигдөр 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Өчигдөр 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Өчигдөр 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Өчигдөр 14 цаг 13 мин