Т.САЙХАН
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэжээ. Стратегийн ач холбогдол бүхий Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу 34 хувь байхаар тогтоох зохицуулалтыг тусгасан байна. Ингэснээр Цагаан суваргын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзсэн УИХ-ын 2014 оны долдугаар сарын 1-ний 54 дүгээр тогтоолыг хүчингүй болгох юм байна. Засгийн газар УИХ-тай зөвшилцсөний үндсэн дээр “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын 2014 оны тогтоолыг олон нийтэд ил болгов.
Стратегийн ач холбогдол бүхий "Цагаан суваргын ордын хувь эзэмшлийн тухай" УИХ одоогоос 10 жилийн өмнө хэлэлцэж байв. УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газраас 2014 оны тавдугаар сарын 23-нд өргөн барьж, УИХ-ын 2014 оны тавдугаар сарын 30-ны хуралдаанаар уг төслийг хэлэлцэх эсэхийг анх хэлэлцжээ.
Тэгэхэд Цагаан суваргын ажлын хэсгийнхэн, тодруулбал, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Ашигт малтмалын газрын дарга Г.Алтансүх, Уул уурхайн сайдын зөвлөх Д.Бат-Эрдэнэ, УУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү, УУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Дашбал нар оролцож байжээ.
Тэр чуулган дээр УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг “…Цагаан суваргын зэс молибдены орд нь Дорноговь аймгийн Мандах сумын нутагт оршдог. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших МАК ХХК нь 2009 онд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр нөөцийн тайлан, 2013 онд ТЭЗҮ-ийг тус тус хэлэлцүүлсэн байна. Тус ордыг ил аргаар ашиглан жилд 14.6 сая тонн хүдэр олборлон боловсруулж, жилд 316 тонн зэсийн баяжмал, 4403 тонн молибдены баяжуулалт гаргаж, 18 жил ашиглахдаа 11.5 их наяд төгрөгийн борлуулалт хийж, 2.8 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллан, 6.6 жилд хөрөнгө оруулалтаа нөхөхөөр ТЭЗҮ-дээ тусгасан байна. Энэ тооцоонд зэсийн үнийг 5500 ам.доллар тонн, молибдены баяжмалыг 32700 ам.доллар тонноор тооцсон байна. Төсөлд нэг тэрбум 300 сая ам.долларын хөрөнгө оруулах шаардлагатай ба МАК компани нь одоогоор 323.1 сая ам.долларын хөрөнгийг ил уурхай болон баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалт оруулаад байгаа юм байна. Уг ордыг УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор батлагдсан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулсан.Ашигт малтмалын тухай хуулийн 5.5, 9.1.5 дугаар зүйл, УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын гуравдугаар зүйлд заасны дагуу "Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай" УИХ-ын тогтоолын төслийг нийт хөрөнгө оруулалтын 34 хувь болох 350.6 сая хөрөнгө оруулалт байна. Тэр хувийг эзэмшихээр одоогоор мөрдөгдөж байгаа хуульд заасан байгаа. Энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ. Мөн ЭЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Батцогт “…Засгийн газраас 2014 оны тавдугаар сарын 23-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн "Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай" УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг ЭЗБХ 2014 оны тавдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд олонхын саналаар уг тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Хууль санаачлагч тогтоолын төсөлд Ашигт малтмалын тухай хуулийн тавдугаар зүйлийн 5.5-д заасны дагуу Цагаан суваргын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч компани дахь төрийн эзэмшлийн хэмжээг 34 хувиар тогтоох, уг ордод оруулах хөрөнгийн 34 хувь буюу 350.6 сая ам.долларын санхүүжилтийг 2014 оны хоёрдугаар улиралд багтаан Засгийн газрын бонд гарган шийдвэрлэхээр тогтоолын төсөлд тусгасан байна” гэж танилцуулж байжээ. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүд “...Цааш нь хэлэлцээд явах нь зүйтэй” гэж дэмжсэн. Үүний өмнө Засгийн газраас санаачилж УИХ-д оруулж байсан уг тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг 2014 оны тавдугаар сарын 28-нд ЭЗБХ-ны хуралдаанаар хэлэлцжээ. Энэ тогтоолыг батлах үед чуулганы хуралдаанд 53 гишүүн оролцсон. Тэдний 32 нь буюу 60.4 хувь нь тогтоолыг дэмжжээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн А.Бакей, Сү.Батболд, Ж.Батсуурь, Д.Батцогт, Г.Баярсайхан, С.Бямбацогт, Д.Ганбат, Б.Гарамгайбаатар, Р.Гончигдорж, Ц.Дашдорж, Д.Дэмбэрэл, С.Дэмбэрэл, Д.Зоригт, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, С.Одонтуяа, Ё.Отгонбаяр, Д.Сарангэрэл, Я.Содбаатар, М.Сономпил, А.Тлейхан, Ч.Улаан, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Ж.Энхбаяр, Л.Энх-Амгалан, М.Энхболд, З.Энхболд, Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Д.Эрдэнэбат, Ж.Эрдэнэбат нар Цагаан суваргын ордын төрийн хувь эзэмшлээс татгалзсан байжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 7. БААСАН ГАРАГ. № 113 (7357)