Цагаан зураасаар тусгаарласан ослын зогсоолтой Хөшигийн хөндийн зам

2024-05-08
Нийтэлсэн: Админ
 16 мин унших

Доржийн ОЮУНЧИМЭГ

 

 

ХӨШИГИЙН ХӨНДИЙН ЗАМ АШИГЛАЛТАД ОРСОН НЬ

 

“Хөшигийн хөндийн замаар сүнгэнэтэл давхиад ирлээ. Сайхан зам болж” хэмээн Я.Баярбат гэрийнхэндээ гайхуулав. Энэ замаар хурдлан давхиж хүүгээ аян замд үдэж, эрдмийн дөрөө жийлгэсэн юм.

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлсэн “Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто зам” төсөл хэрэгжиж 2019 оны долдугаар сард ашиглалтад орсон.

Яармагийн товчоо-Айцын даваа-Түргэний гол-Бөхөгийн хөтөл-Хөшигийн хөндий чиглэлийн 32.3 км урт, 31 метр өргөн, хоёр урсгал бүхий зургаан эгнээ зорчих хэсэгтэй хатуу хучилттай хурдны замаар гадаад, дотоодын аялагч, жуулчдыг тосч бас үдэж өгнө.

Олон улсын стандартын шаардлага хангасан замыг Монгол, Хятад хоёр улсын найрсаг хамтын ажиллагааны хүрээнд хийж гүйцэтгэсэн хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тухайн үед Ерөнхий сайд байх үеэрээ онцлон тэмдэглэж байв.  Тэрээр төслийг амжилттай хэрэгжүүлсэн төрийн байгууллага, дотоод, гадаадын аж ахуйн нэгж, хүмүүст талархал илэрхийлж байсан юм.

Улаанбаатар хотыг Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудалтай холбосон хурдны замтай болсон нь аялал жуулчлал хөгжихөд чухал гэдгийг хэн хүнгүй л ам уралдан ярьцгаасан. Хурдны замын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Чайна Тэйсэжү Сивил Инженеринг Групп” ХХК, туслан гүйцэтгэгчээр Монгол Улсын “Бадрах ойл”, “Эрдэнэ зам”, “Арж капитал” компани ажилласан аж. Түүнчлэн БНХАУ-ын “Гуанжоу Ванан Констракшн Супервишн” болон “Эс Ар Пи” компани зөвлөхөөр ажиллажээ.

 

ХУРДНЫ ЗАМЫГ “БАЛАГ” ТОЙРСОНГҮЙ

Хөшигийн хөндийн зам ашиглалтад ороод нэг их удалгүй цар тахал дэгдэж хөл хорио тогтоосноор шинэхэн зам зорчигчоо хүлээсээр хоёр оныг үдсэн байдаг. Хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж хурдны замаар давхих хүсэл олон түмэнд байсан юм билээ. Ц.Баярбат ах дүү, найз нарынхаа дунд ганцаархнаа “хурдны” замаар хоёр ч удаа давхиж үзсэн “азтай” нэгэн байсан үе саяхан. Харин одоо бол тэр замаар яваагүй хүн үлдээгүй болов уу. Тэрээр “Давхилаа гээд орчин цагийн машины хурдыг гүйцэхгүй л дээ” хэмээн хошигноно. Гэсэн хэдий ч хот дотор замын хөдөлгөөнд оролцохтой харьцуулахад, тэр ч бүү хэл орон нутгийн замаар явах хурдтай харьцуулсан ч “100”-тай давхих зөвшөөрөлтэй зам.

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км Монголын анхны хурдны авто зам хөдөлгөөн бага байсан атлаа замын голд үргэлжилсэн цууралт үүссэн нь олны анхаарлыг татаж, шүүмжлэлд өртөв. Цууралт үүссэн талаар албаныхан мэдээлэхдээ “Хөшигийн хөндийн замд цууралт үүссэн шалтгаан нь замын дагуу хагарал үүссэн. Замын ирмэгээс 3.5 метрээс 115 метр урттай хагарал гарсан нь технологитой холбоотой. Үүнийг гүйцэтгэгч болон зөвлөх компани газар дээр нь очиж засвар ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна” гэсэн юм.

Учир нь эл зам цаашид авто машины ачаалал даах эсэхэд эргэлзэхэд хүрч байлаа. Хамгийн гол осол аваарь гарахгүй гэсэн баталгаа байхгүй юм байна гэх ойлголт нийгэмд тархсан.

Цар тахал ч намжиж, хүмүүсийн хардлага, сэрдлэг ч сарнисан тэр л үед тус зам дээр автомашин шатсан нь олныг цочирдуулав. Энэ бол 2022 оны наймдугаар сард болсон үйл явдал. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Хөшигийн хөндийн хурдны зам дээр автомашин шатсан байна. Дуудлага мэдээллийн дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн Ж-ийн“Форши Панамера” загварын суудлын автомашин шатаж байсныг 10 минут ажиллан унтраажээ.

Баян хүнийг балаг тойрохгүй гэдэг билүү. Түүнтэй адил хурдны замыг балаг тойрсонгүй. Энэ оны гуравдугаар сарын 27-нд Хөшигийн хөндийн хурдны замд айхтар осол гарав. Осол болсон өдрийн шөнө дундаас эхэлж цас орсон нь ослын шалтгаан бол буруутгагдсан юм. Тухайн үед МИАТ осолтой холбоотойгоор Төв аймгийн замаар ирэх болсныг мэдэгдэхийн зэрэгцээ түгжрэлээ тооцож  нислэгээс 2-3 цагийн өмнө нисэх буудал дээр хүрэлцэн ирэхийг анхааруулж байв. Харин АТҮТ 17 машин мөргөлдсөн гэсэн албан ёсны мэдээлэл өгч байлаа. Ослын улмаас бэртсэн 10 хүнд эмнэлгийн тусламж үзүүлж, гурван иргэнийг Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн байдаг.

 

ТҮР ЗОГСОХ БОЛОМЖГҮЙ

 

Хурдны зам гэдэг нь нийтийн эсвэл хувийн авто зам эсвэл газар дээрх нийтийн эзэмшлийн бусад замыг хэлнэ. Энэ тодорхойлолтыг гол автозамд ашиглагдаг. Гэхдээ бусад нийтийн эзэмшлийн өргөн болон нарийн замуудыг багтаадаг байна. Тухайн автозамын засвар үйлчилгээг хариуцдаг засаг захиргааны түвшингээр тодорхойлогдоно хэмээн Википидеад тэмдэглэжээ. Тэгвэл “хурдны” хэмээн нэрлэгдсэн Хөшигийн хөндийн тууш замын барилгын ажил гүйцэтгэх  гэрээг Зам, тээврийн хөгжлийн яам болон БНХАУ-ын “Чайна тэйсэжү сивил инженеринг групп” ХХК-ийн хооронд 2015 оны есдүгээр сарын 18-ний өдөр байгуулжээ. Ингээд барилгын ажил нь 2016 онд эхэлсэн байна. Төслийн нийт өртөг 140.3 сая ам.доллар. Хоёр урсгал, зургаан эгнээ, зургаан гүүр, 20 ширхэг нүхэн гарц, 49 ус зайлуулах шугамтайгаас гадна замын хяналтын камер, хурд хэмжигчтэй.  Тус зам 20 см асфальтан хучилт, 20 см цементэн суурь, 20 см чулуун сууриас бүтсэн. Ийнхүү Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын стандартад нийцсэн автозамын төслийг хэрэгжүүлснээр улсын эдийн засаг хийгээд, улс орны хөгжилд ихээхэн хувь нэмэртэй гэдгийг нээлтэд оролцсон эрхэмүүд онцолж байв. Тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан замын нээлтэд оролцох үеэрээ “Ард иргэд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Энэ зам бол тууш зам. Тууш замаар 100 км-ийн хурдтай явна. Гэхдээ энэ замын хурдалдаг зам гэж ойлгож болохгүй. Автобусны зогсоол байхгүй, эргэх тойрох орц гарц байхгүй. Зам дээр хурд хэмжигч, камер байршуулсан” хэмээн анхааруулжээ.

Ц.Баярбат эрдэм сурахаар мордсон хүүгээ тосохоор гэр бүлийнхнийхээ хамтаар нийслэлээс гарч хурдны замаар 30 минут орчим давхиад Чингис хаан онгоцны буудалд хүрчээ. “Шинэ, сайхан зам болсон байгаа биз. Бартаа саадгүй, хөл хөдөлгөөн ч гайгүй байна” зэргээр хуучилж “монголчууд дэлхийн хөгжилтэй хөл нийлж алхаж байгаа” хэмээн сайрхаж явтал зургаан настай охин нь бие засмаар байна гэснээр зогсох боломжгүй байгааг  анзаарсан гэдэг. Хэдийгээр 30 минут давхиад орчих боловч амьдрал баян хойно тэр замд юу эс тохиолдох билээ.

Тэгвэл Монгол Улс хурдны зам барих стандарт гэж тусгайлан заасан норм, норматив байхгүй аж. Харин “Зам, замын байгууламжийн норм, норматив техникийн баримт бичгийн нэгдсэн тогтолцоо, ерөнхий шаардлага” буюу MNS 6598:2023 гэх стандарт байна. Энэ стандартыг  өнгөрсөн оны долоодугаар сард баталж аравдугаар сараас дагаж мөрджээ. Стандартын хамрах хүрээ нь зам байгууламжийг төлөвлөхөөс эхлээд барих, засварлах, арчлахаас гадна бүтээн байгуулалтад шаардлагатай материал төдийгүй бичиг баримтын бүрдэл хэсэг ч хамаардаг юм байна.

Юутай ч цагаан цаасан дээр хараар буулгасан баримт бичигтэй гэсэн үг. Гэхдээ Хөшигийн хөндийн хурдны замд ослын зогсолт хийх хэсэг байхгүй байгаа нь стандартад хэр нийцэх вэ гэдэг асуулт гарна. Замын инженерүүдийн хэлж буйгаар тууш зам дээр амрах цэг байх ёстой аж. Стандартаас гадна хуульд нийцүүлж замын бүтээн байгуулалтыг хийсэн тухай албаны эх сурвалж хэлсэн. Тэгвэл Авто замын тухай хуулийн гуравдугаар бүлэгт авто замыг зориулалтаар нь ангилжээ. Тухайлбал, тус хуулийн 15.1.1-д олон улсын чанартай авто зам хэмээн тусгасан байна. Учир нь Хөшигийн хөндийн зам. Түүнчлэн 16.1-д авто замын бүрдэл хэсгийг зааж өгсөн байгаа юм. Өөрөөр хэлбэл, авто зам нь зорчих хэсэг, замын хөвөө, замын байгууламж, авто замын зурвас газар, хяналт тавих зурвас газар, авто замын тусгайлсан эгнээтэй байх учиртай гэсэн үг. Тэгвэл тус хуулйн 16.2-т олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто замын зурвас газрын өргөн 100 метр /замын тэнхлэгээс хоёр тийш 50 метр/ байна гэж заажээ. Гэтэл Хөшигийн хөндийн замд хүнд харагдахуйц зогсоол байхгүй. Харин замын ирмэгээс нэг метрийн зайтай аюулгүйн зурвасыг цагаан зураасаар зааглан тэмдэглэж өгчээ.

 

АВТО ЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АУДИТ

 

Авто замын нийт ослын 28 хувь нь замын нөхцөлөөс шалтгаалдаг болохыг Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр /КАРЕК/-өөс гаргасан 2018 оны судалгаагаар тогтоожээ. Тиймээс авто замын аюулгүй байдлын аудит хийх шаардлагатай хэмээн зөвлөдөг байна. Ингэснээр шинээр ашиглалтад орж буй зам дээр гарч болзошгүй ослын эрсдэлийг бууруулах, ослын хор уршгийг хамгийн бага байлгах нөхцөлийг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй аж. Тус хөтөлбөрийн хүрээнд баригдаж буй автозамын бүх төслүүдэд аюулгүй байдлын аудит хийхийг санал болгодог.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын аудит гэдэг нь авто замын төслийг хараат бус, мэргэжлийн шалгуурыг хангасан аудиторчдын багийн зүгээс албан ёсоор, системтэйгээр, нарийвчлан шалгах, шалгасны үндсэн дээр төсөлд хамаарах аюулгүй байдлын болзошгүй асуудлуудын жагсаалт бүхий тайлан гарна. Түүнийг зөвшөөрөх, эс зөвшөөрөх гэдэг асуудал гарах хэдий ч эцсийн дүндээ нийтийн эрх ашиг, эрүүл аюулгүй зорчих боломжийг бүрдүүлэхэд талуудын гол зорилго нэгдэх учраас харилцан ойлголцоод явах нь зүйтэй. Үндсэндээ засч залруулахаас урьдчилан сэргийлэх нь илүү оновчтой. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын аудитыг зам тээврийн осол аваар гарахаас урьдчилан сэргийлэх ажиллагаа хэмээн үзэх бөгөөд гол зорилго нь аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх, хараахандаа цаасан дээрх зураас төдий байгаа дээр нь шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулж засч залруулах үүднээс замын зураг төслөөс тэдгээрийг олж илрүүлэхэд чиглэдэг байна. Тиймээс аудитын тайланд тусгагдсан зөвлөмжийг хэрэгжүүлэх нь ирээдүйн эрсдэлийг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ хэмээн КАРЕК-аас гаргасан тайланд дурджээ.

Тэгвэл ослын зогсоол нь цагаан зураасаар хэмжигдэх нь зорчигчийн аюулгүй байдлыг хангахгүй гэдгийг мэргэжлийн инженерүүд хэлж байна. Тэр ч бүү хэл манай улсад мөрдөж байгаа стандарт олон улсынхад нийцэхгүй гэдгийг учирлаж байв. Аливаа тууш зам урт богиноос үл хамаарч амрах цэг байх ёстойг дахин онцолъё. Монгол Улс аймгийн төвүүдээ хатуу хучилттай замаар холбож мянганы замын хэрэгжилтийн үр шимийг хүртэж байгаа. Харин тэдгээр замуудад аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс хамгаалах гарцыг бүрдүүлсэн үү гэдэг анхаарал татна.

Түүгээр ч барахгүй даваа, гүвээг давуулж байгаад орчин үеийн технологийн дэвшлийг ашиглан зам барьдаг болсон. Гадны туршлагыг судалж, бас дотоод нөөц бололцоогоо ашиглан орчин цагийн дэвшлээс хоцрохгүй байх нь ялангуяа замын салбарт нэн чухал “сэдэв” гэдгийг учир мэдэх эх сурвалж хэлж байна. Тэрээр “Зам барина гэдэг тал газар цемент цутгаад болчихдог мэтээр харж болохгүй. Манай компани алхам бүрдээ стандарт, нормыг мөрдөж ажилладаг. Ослын зогсолт хийх зогсоол зайлшгүй байна. Тэр ч бүү хэл огцом уруудалттай газарт хурд сааруулах аваар зогсоолыг хийх ёстой. Мэдээж өвөл гулгалтаас хамгаалах нөхцлийг ч бүрдүүлэх учиртай” гэв. Хөшигийн хөндийн хурдны замыг албаны эх сурвалж тууш зам хэмээн тодорхойлсон. Тэгэхээр манай улсад ганц байгаа хурдны /тууш/ замын арчилгаа, аюулгүй байдлыг нутаг дэвсгэрийн харьяаллаараа Авто замын засвар арчлалтын “Төв АЗЗА ТӨХК” хариуцдаг байна.

 

ХУРДНЫХ ХЭМЭЭН НЭРИЙДСЭН Ч ХУРДАЛЖ ҮЛ БОЛНО

Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудлыг Улаанбаатартай холбосон 32 километр урт тууш замаар зорчих хөдөлгөөн Замын хөдөлгөөний дүрмээр зохицуулагдана.

Дүрмийн 1.2.31. “тууш зам” гэж эсрэг хөдөлгөөний зорчих хэсгүүд нь хоорондоо тусгаарлах зурвас, эсхүл замын хашилтаар зааглагдсан бөгөөд бусад зам болон явган хүний зам, унадаг дугуйн зам, мөн төмөр замтай нэг түвшинд огтлолцоогүй, 5.1 тэмдэг бүхий замыг хэлнэ гэжээ.

Түүнчлэн 1.2.45. “хөвөө” гэж зорчих хэсгийн гадна талын захтай нэг түвшинд хиллэсэн, энэ дүрмээр зөвшөөрсөн хөдөлгөөн болон зогсоход ашиглах замын хэсгийг. Хөвөө нь зорчих хэсгээс гадаргуугийн төрлөөр ялгаатай, эсхүл 1.2 тэмдэглэлээр зааглагдсан байна гэж тусгаж.

Мөн замын хөдөлгөөний дүрмийн 20.1-д тууш замд хориглох хөдөлгөөний заасан байна. Тухайлбал,

а/ явган зорчигч, ердийн хөсөг, унадаг дугуй, мопед, трактор болон өөрөө явдаг машин механизм, мөн техникийн дээд хурд нь цагт 40 км-ээс илүүгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөн

б/ бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин зорчих хэсгийн баруун гар талын нэг ба хоёр дахь эгнээнээс бусад эгнээгээр явах

в/ 5.17 буюу 6.12 тэмдгээр заасан зориулалтын зогсоолоос бусад хэсэгт түр ба удаан зогсох

г/ ухрах болон буцаж эргэх

д/ жолоодлогын дадлага хийхийг

Харин 20.2. Тууш замд жолооч зайлшгүй зогсолт хийвэл энэ дүрмийн 9.3-ын “б”, 9.4, 9.5 заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэж, зорчих хэсгийг нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авах юм байна.

Тиймээс Хөшигийн хөндийн замыг хурдных хэмээн нэрийдсэн ч хурд хэтрүүлээд давхиад байж болохгүйг зам дээрх тоо, замын хажуугийн тэмдэглэгээнээс төвөггүй харж болно. Өөрөөр хэлбэл, жолооч нар хурд хэтрүүлээд, дүрэм зөрчөөд давхиад байж болохгүй гэсэн үг.

Ц.Баярбат “хурдны” замаар 120 милл-ийн хурдтай давхисаар гэртээ ирэхэд “Сайн явж ирсэн үү гэдэг болохоос хурдан ирлээ гэдэггүй” хэмээн эхнэр нь аашилсан гэнэ. Хачирхалтай нь хоёр хоногийн дараа хурд хэтрүүлсний торгууль хэмээн Хөшигийн хөндийн замаар давхиж байх үеийн зурагтай “хайрын захиа” ирж эхнэртээ дахиад л аашлуулсан гэдэг. Тэр л үед “хурдны” биш тууш зам гэдэгтэй санал нийлсэн хэмээн бидэнд ярилаа. Тэгэхээр жолооч нар Хөшигийн хөндий рүү чиглэсэн тууш замыг хурдны зам гэж андуурдаг шүү гэдгийг ч анхааруулж амжсан.

Хөшигийн хөндийн тууш замаар суудлын авто машин дээд тал нь 100 км цаг хүртэлх хурдтайгаар замыг туулах ёстой. Тэмдэглэгээнээс эхлээд, дуусах хүртэлх хугацаанд тууш замын дүрэм мөрдөгдөнө.

 

ДҮРМИЙН ДАГУУ Л ЗОРЧООРОЙ

 

Замын хяналтын камерын тусламжтайгаар тууш замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслийн орж байгаа цагийг бүртгэж, замын төгсгөлд хүрэхэд гарч байгаа цагийг бүртгэснээр зорчих явцдаа хурд хэтрүүлсэн эсэхийг хэмжиж байгаа. Хэрэв хурд хэтрүүлсэн бол уг замыг туулах ёстой хугацаанаас өмнө туулахаар байгаа. Замын баруун гар талд тээврийн хэрэгслийн байрлан явах эгнээ болон хурдны хэмжээг заасан байна. Түүнчлэн суудлын тээврийн хэрэгсэл эдгээр гурван эгнээний аль ч эгнээгээр зорчиж болно. Ингэхдээ аль болох бусдын хөдөлгөөнд саад болохгүйгээр эгнээ байраа сонгож явах нь өөрсдийнх нь болон бусдын аюулгүй байдалд сайнаар нөлөөлнө. Нэгдүгээр эгнээгээр 80 км цаг хурдалж болох автобус явахыг зөвлөдөг байна.

Тууш зам хашлагаар орчноос тусгаарлагдсан. Энэ нь мал амьтан хийгээд овор ихтэй хог хаягдал тээврийн хөдөлгөөнд саад учруулахгүй байх тусгаарлалт гэж болно. Гэсэн хэдий ч тус замын дунд хэсэгт үхсэн нохой хэвтэж байсныг Ц.Баярбат хэлж байв. Зам дагуу саад учруулах зүйлгүй хэмээн санаж тааваараа давхиж байсан тэрээр замын зүүн талын хашлага дагуу хэвтэж байсан нохойноос цочин огцом дарснаа ч бидэнд хэлсэн юм. Хэрэв хөдөлгөөний нягт их байсан бол хажуугийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөх эрсдэл байсныг онцолсон. Тиймээс болгоомжтой бас хурдаа тохируулж аюулгүй зорчих нь амь насаа эрсдэлээс хамгаалахын зэрэгцээ хүний эд хөрөнгийг гэмтээхээс сэргийлэх алхам гэдгийг энэ дашрамд сануулъя.

“Тус тууш зам Монгол Улсын хэмжээнд анх удаа байгуулагдсанаараа онцлог. Тиймээс тууш замын стандартад нийцсэн тусгаарлах зурвас хайсан хашлагатай. Мал орохоос урьдчилан сэргийлсэн торон хаалтаар гадна талаараа тусгаарлагдсан. Тиймээс уг зам дээр ямар нэгэн байдлаар мал амьтан, явган хүн, унадаг дугуйтай зорчигч явж болохгүй” хэмээн албаныхан тайлбарлаж байв. Гэсэн хэдий ч амьдрал баялаг учраас тээврийн хэрэгсэл саатах, жолооч зорчигчдын бие муудах тохиолдол гарахыг үгүйсгэхгүй. Энэ тохиолдолд замын баруун гар тал руу шахаж нэгдүгээр эгнээ рүү зогсоод аюулгүйн тэмдэг буюу аваарын гурвалжин тэмдгээ өөрийн тээврийн хэрэгслээс 50 метрээс багагүй зайд байрлуулж, зорчих хэсгийг чөлөөлөх хэрэгтэй юм. Учир нь тууш зам дээр тээврийн хэрэгслүүд 100 км цаг хүртэл хурдалдаг учраас эргэлт тойролттой, үзэгдэх орчин хязгаарлагдсан хэсэг дээр тээврийн хэрэгсэл зогсолт хийсэн тохиолдолд жолооч нар харахгүй, харсан ч тээврийн хэрэгслээ зогсоож амжилгүй тухайн тээврийн хэрэгслийг мөргөж, осол аваар гаргах магадлалтай. Тиймээс аль болох зорчих хэсгийг чөлөөлж, анхааруулах тэмдэг тэмдэглэгээгээ бүрэн байрлуулах шаардлагатай.

 

ЗАМ ДАГУУХ ҮЙЛЧИЛГЭЭ ТУУШ ЗАМД Ч ХАМААТАЙ

 

Бүх төрлийн замд ослын зогсолт хийх боломжийг бүрдүүлэх учиртайг замын инженерүүд хэлж байна. Хэдийгээр Хөшигийн хөндийн зам 32.2 км, 30 минут орчим давхихад зорьсон газраа хүрэх боловч зайлшгүй тохиолдолд зогсолт хийх боломжийг жолоочид харагдахуйц байдлаар бүрдүүлэх учиртай. Үргэлжилсэн цагаан зураасаар тэмдэглэсэн хэсэгт түр зогсолт хийх талаар жолооч нар мэдэхгүй байна лээ. Ц.Баярбат зогсолт хийх газар үнэндээ харагдаагүй. Охиноо тэсээд байгаарай гээд л давхиад байсан. Сүүлдээ ч хүүхэд минь уйлж бид сандралдаж эхэлсэн. Тэр л үед түр зогсох газар яагаад хийгээгүйг нь гайхаад л өнгөрсөн дөө” хэмээн өөрт тохиолдсон зүйлсийнхээ талаар бидэнд харамгүй ярьж өгсөн юм. Тэрээр буцаж явахдаа хэсэгхэн үүрэглээд авснаа ч бас хэлнэ лээ. Тууш замд дүрмийн дагуу зорчиход нойр хүрэх тохиолдол гардгийг жолоо барьдаг хэн бүхэн л мэднэ. Тиймээс холын замд механик араатай машин зугаатай байдаг тухай явган яриа ч бий.

Зам дагуу амрах байр үйлчилгээний газар байх учиртайг Зам дагуух үйлчилгээ эрхлэгчдийн холбооны ТУЗ-ийн дарга Ч.Цог-Эрдэнэ “Зууны мэдээ” сонины Бизнес, хөгжил буланд ярилцлага өгөхдөө хэлж байсан. Зам зуур амрах байргүйгээс авто ослын тоо нэмэгдэх эрсдэл өндөр ба тухтай, аюулгүй хооллох газар хомсоос шалтгаалж орон нутгийн нийтийн тээврийн машинууд тухайн жолоочийн заасан, зогссон газарт орж үйлчлүүлдэг гэх зэрэг зам дагуух үйлчилгээний цэгийг стандарт шаардлагад нийцүүлэн барьж байгуулах шаардлага үүсээд удаж байна хэмээн тэрээр ярьж байв. Харин зам дагуу амрах албан ёсны цэг гаргах хэрэгтэй гэдэг саналыг дэд сайд Л.Халтар Зам тээврийн хөгжлийн сайд байх үедээ гаргаж байсан гэдэг. Тэгэхээр зам дагуу амсхийх цэг эсвэл зогсоол байгуулах асуудал тууш замд ч хамаатай байх нь.

Тууш зам гэнэ үү, хурдны зам гэнэ үү өөрөө мэдсэн хэрэг гэхэд тэр замаар зорчиж буй зорчигчид эрүүл, аюулгүй байх нь нэн тэргүүний асуудал.

Харин үүнийг хэрэгжүүлэх, хяналт тавьж, арчилгаа цэвэрлэгээ хийх нь төрийн байгууллага хийгээд зам хариуцагч хүлээх ёстой Авто замын тухай хуульд тусгасан байна лээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 8. ЛХАГВА ГАРАГ. № 92 (7336)

 

 

Монгол Улсын Засгийн газар 100 хоног: ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ

Хамтарсан Засгийн газар  ажлын эхний 100 хоногтойгоо золгож байна. “Алсын хараа-2050” 

3 цаг 44 мин
“Алма-матер” шагналын эзэд тодорлоо

Монголын залуучуулын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Алтангадас” үндэсний шилдэг багш

3 цаг 44 мин
Хөгжлийн төлөөх түншүүд 35 жилийн хамтын ажиллагаа

Европын Холбоо Монгол Улс тэртээ 1989 онд дипломат харилцаа тогтоосноос

3 цаг 44 мин
Нүүрсээ худалдаад бүгдээрээ хувааж идэх үү, нүүрсний хулгайг хэвээр үргэлжлүүлэх үү?!

Монголын төр олон жил гацсан нэгэн том төсөлд ойрын өдрүүдэд цэг тавина.

3 цаг 44 мин
"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

18 цаг 39 мин
"Дулааны III цахилгаан станц чинь Дарханы зам шиг нохойн замаар орох юм биш үү"

Дулааны III цахилгаан станц чинь Дарханы зам шиг нохойн замаар орох юм биш үү?

18 цаг 47 мин
Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ

Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ

19 цаг 8 мин
Нэг уут бэлгэнд 36-72 ширхэг ёотонтой тэнцэхүйц сахар агуулагдаж байна

Шинэ жилийн баяртай холбогдуулан ХАБҮЛЛ, СХЗГ, НЭМҮТ хамтран нийсл

19 цаг 28 мин
П.Батчимэг: Байнгын хорооноос анатомийн ном шиг зузаан юм хэвлээд ороод ирж байна

П.Батчимэг: Байнгын хорооноос анатомийн ном шиг зузаан юм хэвлээд ороод ирж байна

20 цаг 40 мин
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны 2024 оны онцлох ажил

Манай улсын орон сууцжуулалтын ойрын ирээдүйн бодлогыг хэлэлцэх олон

Өчигдөр 06 цаг 00 мин