Төмөрбаатарын БАТСАЙХАН
Дундговь аймгийн Дэрэн сумын Засаг дарга Л.Амартүвшинтэй ярилцлаа.
- Дэрэн сумын түүхт 100 жилийн ой энэ онд тохионо. Ойн хүрээнд ямар ажлууд хийж байна. Энэ талаар яриагаа эхэлье?
-Нутгийн зон олон минь ирэх долоодугаар сарын 23, 24-нд 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Аймгийн Засаг даргын захирамж гарч, ойг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлууд хийж байна. Анхдагч ажил болгож, Улаанбаатар хотод амьдран суугаа иргэдийнхээ дунд нутгийн золголт зохион байгуулахаар төлөвлөж байсан ч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж хойшилсон. Харин өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 29-нд нутгийнхаа ойд зориулсан шашин урлагийн цэнгүүнийг зохион байгуулах гэж байна. 2024 онд Гандантэгчинлэн хийдийн дэд хамбаар манай Дэрэн сумын харьяат Содномын Гантөмөр хамба маань тодорсон. Мөн манай Дэрэн сумын гарал улбаатай дөрвөн том хийд Улаанбаатарт байна. Яалт ч үгүй манай Дэрэн шашин номын авшигтай газар. Тийм учраас зөвхөн урлаг уран сайхны биш шашин урлаг хосолсон цэнгүүнийг зохион байгуулахаар болсон. Мөн ирэх тавдугаар сард төгсөгчдийн нөхөрсөг тэмцээн, сумын малчдын зөвлөгөөн болно. Түүнчлэн 100 жилийг ойг угтсан бүтээн байгуулалтын ажлууд хийж байна. Баяр наадмын талбайн суудлын тоог нэмэгдүүлж, засварлах ажлыг эхлүүлсэн. Наадамчдынхаа ая тухыг нэгдүгээрт бодож байна. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, гудамж хорооллыг тохижуулах ажлыг мөн эхлүүлээд байна.
-Бурхан шашны авшиг ихтэй газар гэлээ. Түүхэн талын ямар судалгаанууд байдаг вэ?
- Бурхан шашны Бумбатын хийд, Бэлийн часын хийд, Жадамбын час хийд гэсэн гол гурван хийд манай суманд оршиж байсан түүхтэй. Тэр ч утгаараа эрдэм чадалтай лам, хуварга олон төрөн гарсан. Түүний хамгийн том нь буюу Бумбатын хийдийн суурь одоо ч Бумбат багийн нутагт бий. Тэр нутгаас Гандантэгчинлэн хийдийн дэд хамба Содномын Гантөмөр тодорч заларсан түүхтэй. Түүнчлэн дэд хамбаасаа би Дэрэн сумынхаа нэрийн утга учрыг асууж тодруулж байсан. Дэд хамба маань “Мөнхөд орших энх амгалангийн орон юм” хэмээн тайлж хэлсэн. Манай сум нутаг ус, хүн зоны хувьд бүх талаараа тэгш сайхан газар байдаг. Олон сайхан авьяастан энд мэндэлжээ. Уул уурхай эрдэс баялгийн нөөцтэй ч хөндөгдөөгүй байгаа. Цаашид ч уламжлалаараа байгалиа хөндөлгүй, энэ чигээр нь эко байдлаар хөгжүүлэх зорилго, чиглэлтэй байна.
-Монгол Улсын хэмжээнд өвөлжилт, хаваржилт нэлээд хүндрэлтэй байлаа. Дэрэн сумын хувьд цаг үеийн нөхцөл байдал ямар байв?
-Өвөл нэлээд цастай, ойрын хэдэн жил болоогүй хүйтэн өвөл болсон. Манай сум жилийн эцсийн мал тооллогоор 269.3 мянган мал тоолуулсан. Үүнээс энэ өвөл, хавар 30 гаруй мянган мал хорогдлоо. Энэ нь нийт мал сүргийн 10 гаруй хувь нь гэсэн үг. Одоогийн байдлаар цас бүрэн хайлсан. Ногоо ургаж эхлээд бог мал тэнхэрч байна. Бороо цас холилдож ороод, өвс нэлээд эрт соёоллоо. Хавар нааштай болох болов уу гэсэн хүлээлттэй байна.
-Ер нь цас зудын нөхцөл байдал цаашид хүндрэх төлөвтэй байгааг судлаачид хэлж байна. Нүүдлийн ахуй соёлоос эрчимжсэн мал аж ахуй руу шилжих ёстой гэдэг зүйл яриад эхэлсэн. Малчид минь ямар санал бодолтой байдаг юм бол?
-Мал аж ахуйн салбар маань тооноос илүү чанарт анхаарах цаг үе иржээ. Монгол Улсын Засгийн газраас энэ чиглэлд бодлого хэрэгжүүлж байна. “Шинэ Хөдөө” төсөл нээлтээ хийж, манай сумын малчин, хоршоологчдын төлөөлөгч нар ирж оролцлоо. Ирэх тавдугаар сард бид 100 жилдээ зориулсан малчдын зөвлөгөөнийг зохион байгуулахаар болсон. Энэ зөвлөгөөн дээрээ “Шинэ Хөдөө” төслийн тухай нэлээд тогтож ярилцана. Ер нь говьд бэлчээрийн доройтол ч нэлээд их байна. Их эмзэг, хуурай хөрстэй. Сүүлийн жилүүдэд бороо хур нэлээд орж, ховор ургамлууд гарч ирж байгаа ч асуудал бий. Аль аль талдаа мал аж ахуйн салбарт өөрчлөлт хийх хэрэгтэй гэж харж байна.
-Энэ жил олон сумын 100 жилийн ой болно. Дэрэн сумынх юугаараа онцлог болох вэ?
-Дэрэн сум урлагийн алдартан олонтой. Дуу хуурын өлгий Дундговь гэдэг тодотголын нэлээд хэсэг нь манай сумаас эхтэй. Тэгэхээр яалт ч үгүй бид энэ чиглэлийнхээ онцлогийг харуулсан үйл ажиллагаануудыг зохион байгуулж, урлагийнхнаа алдаршуулна. Мөн сумынхаа ойд зориулж ном бүтээж байна. Өнгөрсөн 100 жилийн түүхээ үүсэл хөгжлөөс нь эхлээд 10, 10-н жилээр нь зангидаж, багцалж хийж байна. Энэ ном маань нэлээд онцлог, үнэ цэнтэй бүтээл болно. Түүнчлэн Дэрэн сум жишиг гудамжтай болно. Энэ ажилд Улаанбаатар хотод амьдарч байгаа манай нутгийн уугуул, “Шинэ гудамж” төслийг хэрэгжүүлж байсан туршлагатай Гантуяа эгч минь хамтран ажиллахаар болсон. “Тарвалин” хийдийн хамба лам Ариунболд санаачлан “Дайчин бэйсийн хошуу”-ны тухай эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар ярилцаж байна.
-Засгийн газраас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийн жил болгон зарласан. Энэ чиглэлд сумын хөгжлийн чиглэл хандлагыг юу гэж тодорхойлсон байдаг вэ?
-Уул уурхайн чиглэлд тэргүүлж хөгжиж байгаа Өмнөговь аймагтай манай аймаг залгаа оршдог. Тэр ч утгаараа уул уурхайн хайгуулын лиценз олонтой аймгийн тоонд багтдаг. Энэ дотроо Дэрэн сум харьцангуй бага, одоогоор хоёр хайгуулын лицензтэй байна. Улсын хэмжээнд цөөхөн үлдсэн ногоон сумыг цаашид ч ногоон экогоор нь авч үлдэх зорилт бий. Дэрэн сум хөдөө аж ахуйгаа түшиглэн хөгжинө. Мөн Сэргээгдэх эрчим хүч, нар салхины эрчим хүчийг ашиглаж хөгжих бүрэн боломжтой. Энэ талаарх судалгааны ажлыг манай суманд Австралийн хөрөнгө оруулалттай компани хийж байна.
-Та Засаг даргаар нэлээд хугацаанд ажиллажээ. Өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар дурдахгүй юу?
-2020 оны орон нутгийн сонгуулийн дараагаас энэ албан тушаалд томилогдон ажиллаж байна. Орон нутгийн хөгжил бол барилга байгууламж гэхээсээ илүүтэй хүнээ хөгжүүлэх юм гэсэн зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд Багш хөгжлийн дэд хөтөлбөр, Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хөтөлбөр гэсэн үндсэн хоёр хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна. Багш хөгжлийн дэд хөтөлбөр нь сурагчдынх нь гаргасан амжилтаар тухайн багшийг дэмжиж, урамшуулах ийм хөтөлбөр. Энэ хүрээнд мөн Дундговь аймгийн зүүн бүсийн багш нарын зөвлөгөөнийг зохион байгуулж ажилласан. Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хөтөлбөр мөн ялгаагүй орон нутагт ирж ажиллах боловсон хүчин дутагдалтай байна. Тэгэхээр давхар хөтөлбөр хэрэгжүүлж байж, тухайн хүмүүсийг орон нутагт ажиллуулах, татах, үлдээх хөтөлбөр хэрэгжүүлэх нь чухал байлаа. Энэ чиглэлд нэлээд анхаарсан. Мөн эрүүл мэндийн салбараа бодлогоор дэмжиж байна. Суманд өрхийн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр “Сум хөгжүүлэх сан”-гийн 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийдэг. Энэ нь одоо хууль эрх зүйн хүрээнд шинэчлэгдэж “Хоршоо хөгжүүлэх сан” нэртэй болсон. Энэ чиглэлд мөн иргэдийнхээ үйлдвэрлэлийг дэмжин чиглэлд бодлого барьж ажиллаж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 29. ДАВАА ГАРАГ. № 84 (7328)