Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
Хүн бүхэнд мөрөөдөл бий. Тэр мөрөөдөлдөө хүрэхийн тулд хүссэн сургуульдаа элсэж, хангалттай мэдлэгийг олж авах нь чухал. Үүний тулд тэтгэлэгт хамрагдаж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн сургуулиудад сурахыг хүсдэггүй хүн гэж байхгүй биз ээ. Тиймээс “Зууны мэдээ” сонин ЭЕШ хаяанд ирсэн энэ үед энэ онд зарлагдаад буй олон улсын тэтгэлгийн талаарх мэдээллийг хүргэж байна.
Тайванийн тэтгэлэг
Тайванийн Боловсролын яамнаас энэ оны хичээлийн жилд 13 монгол оюутанд тэтгэлэг олгохоо зарлажээ.
Тэтгэлгийн тухай:
-Сургалтын төлбөр ба бусад зардал: Тэтгэлэгт хамрагдах оюутнуудын сургалтын төлбөр болон бусад зардлын дээд хязгаар нь 40.000 тайвань доллар /цаашид NTD гэх/ байх ба тус тэтгэлгийн хэмжээг Тайванийн Засгийн газраас олгох юм байна. Хэрэв 40.000 NTD-оос хэтэрсэн, нэмэгдэл төлбөр гарсан тохиолдолд мөн зуучлалын байгууллагуудын зуучлалын зардал, диплом удирдах ажлын зардал, даатгал, байр, интернэтийн төлбөр зэргийг оюутан өөрөө хариуцна. Харин амьжиргааны зардалд Тайванийн Засгийн газраас бакалаврын оюутанд сар бүр 15.000 NTD магистр, докторын оюутнуудад сар бүр 20.000 NTD тэтгэлэг олгох ажээ. Энэхүү тэтгэлэгт хамрагдсанаар англи болон хятад хэлийг гүнзгийрүүлэн судлах боломжтой.
Бүрдүүлэх материал:
-Өргөдлийн маягт: Өргөдлийн маягтыг татаж аваад компьютер дээр бөглөнө (үсгийн фонт: Times New Roman), хэвлэж, гарын үсэг зурж, эх хувийг Тус Төлөөлөгчийн Газарт авч ирж өгнө үү. Өргөдлийн маягтыг хавсралтаас үзнэ үү.
-Амлалтын бичиг: Тус амлалтын бичгийг мөн хавсаргасан болно.Монгол Улсын гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэхийн хуулбар
-Монгол Улсын Боловсролын Яамнаас олгосон боловсролын гэрчилгээ болон дүнгийн жагсаалтын хамт
-Гэрчилгээ болон дүнгийн жагсаалтыг баталгаат орчуулгын газраар англи хэл дээр орчуулан, Тайванийн төлөөлөгчийн газраар баталгаажуулсан хуулбар болон эх хувийг хавсаргана. Хуулбарыг эх хувьтай тулгаж, шалгасны дараа эх хувийг буцааж өгнө.
-Тайванийн их, дээд сургуулиас ирүүлсэн урилгын хуулбар
-Тэтгэлэг хүсэгчийн хэлний түвшинг гэрчлэх бичиг баримтын хуулбар
Материал хүлээн авах хугацаа:
Өргөдөл гаргагч эсвэл хамаатан садан нь Тус төлөөлөгчийн газарт заавал өөрийн биеэр ирж материалаа өгөх ёстой бөгөөд гадаадад суралцаж буй оюутны зуучлалын байгууллага болон шуудангаар ирүүлсэн материалыг хүлээн авахгүй.
• Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2024 оны тавдугаар сарын 31-ний 12:00 цаг хүртэл. Ажлын тав хоног 9:00-12:00 цагийн хооронд тэтгэлгийн материал хүлээн авна.
• Ярилцлагад орох хугацаа: Зургаадугаар сар (Материал бүрдүүлэлт болон тэтгэлгийн шаардлага хангасан хүсэлт гаргагчийг ярилцлагад дуудна.)
• Урьдчилсан байдлаар тэтгэлэгт тэнцсэн оюутан 2024 оны зургаадугаар сарын 30-ний өдрөөс өмнө Тайванийн их, дээд сургуулиас тухайн оюутныг элсүүлсэн талаарх хариугаа хүлээн авсан байх ба Тайванийн их, дээд сургуулийн урилгын хуулбараа тус Төлөөлөгчийн газар хүлээлгэн өгснөөр тэтгэлэг авах эрх баталгаажих болно.
• Тус Төлөөлөгчийн газар нь 2024 оны долоодугаар сарын дундуур тэтгэлэгт урьдчилсан байдлаар тэнцсэн хүмүүс рүү холбоо барьж мэдэгдэнэ.
Казахстан улсын тэтгэлэг
Тус тэтгэлэгт хамрагдахын тулд хүсэлт гаргагч нь ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг Монгол Улсын иргэн байх шаардлагатай ажээ. Мөн 2023-2024 оны хичээлийн жилд суралцаж буй хугацааны дүнгийн хуулбарыг хавсаргах ёстой. Харин магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн нэг, хоёрдугаар ангид суралцагч Монгол Улсын иргэн байхаас гадна голч дүн 3.3 ба түүнээс дээш байх ёстой гэсэн шаардлагыг тавьсан байна. Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй Монгол Улсын иргэн, голч дүн 3.3 ба түүнээс дээш, хоёроос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны байх гэнэ. Үүнээс гадна англи хэл эсвэл орос хэлний B2 түвшний мэдлэгтэй, өөр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх гэсэн шаардлагыг тавьж байгаа юм байна.
Суралцах мэргэжлийн чиглэл:
• Барилга, хот байгуулалт
• Зам тээвэр
• Уул уурхай, олборлолт
• Эрчим хүч
• Цахим хөгжил, мэдээлэл технологи
• Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт шаардлагатай инженер, технологи
• Боловсрол судлал
• Багш /Тусгай хэрэгцээт боловсрол/
• Боловсролын сэтгэл судлал
• Олон улсын харилцаа
Бүртгэл:
Бүртгэл энэ сарын 8-наас эхэлсэн ба 29-ний өдөр дуусах аж. Хэрэв энэхүү тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй суралцагч байвал https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээгээрэй. Өргөдөлд дурдсан дараах баримт бичиг тус бүрийг PDF /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.
Бүрдүүлэх материал:
-Бүгд найрамдах казахстан улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн эссэ /англи эсвэл орос хэл дээр 500 үгээс доошгүй байх, монгол орчуулгыг хавсаргах/
-Иргэний үнэмлэхийн хуулбар;
-Гадаад паспорт;
-Англи хэл эсвэл орос хэлний B2 түвшний мэдлэгтэй болохыг батлах нотолгоо
-Цагдаагийн тодорхойлолт /E-Mongolia-с татаж авах боломжтой./
-Өргөдлийн маягт /Англи эсвэл Орос хэл дээр бөглөнө./
-Эрүүл мэндийн үзлэгийн хуудас бөглөх, ХДХВ ба ДОХ-ын шинжилгээ өгсөн байх /Англи эсвэл Орос хэл рүү орчуулах/
Цахим бүртгэлийн системд үнэн, зөв баримт бичгийг байршуулах шаардлагатай. Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тохиолдолд тэтгэлгийн эрхийг хасна.
Франц улсын элчин сайдын яамны тэтгэлэг
БШУЯ болон Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яам хамтран 2024-2025 оны хичээлийн жилд Франц Улсын их, дээд сургуулийн магистр түвшинд хоёр орны Засгийн газар хоорондын хамтарсан тэтгэлгээр суралцуулах 10 оюутныг сонгон шалгаруулна.
Тэтгэлгийн зорилго:
-Хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх
-Өрсөлдөх чадвартай монгол иргэнийг бэлтгэх
-Монгол, Францын их, дээд сургууль, судалгаа, шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжих, хөгжүүлэх
Тэтгэлэг олгох чиглэл:
-Мастерын сургалт / франц болон англи хэл дээр/
-Монгол Улсын хөгжил, бүтээн байгуулалтад шаардлагатай Засгийн газрын 115 дугаар тогтоолоор батлагдсан “Хөгжлийн тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэл”-ээр суралцах бол давуу тал болно.
Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2024 оны тавдугаар сарын 3
Тавигдах шаардлага:
-Монгол улсын иргэн байх
-Франц дахь их дээд сургуульд бүртгүүлэх шаардлага хангасан, Монгол улсад хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсролын бакалаврын зэргийн дипломтой байх
-Суралцахаар сонгосон сургууль, хөтөлбөрт тавигдах франц эсвэл англи хэлний түвшний шаардлагыг хангасан байх
-Өмнө нь Монголын засгийн газрын тэтгэлгээр гадаадын бусад оронд сурч байгаагүй байх.
-TOEFL-н 40-с доошгүй оноотой байх, эсвэл IELTS шалгалтын 5.5-с доошгүй оноог сүүлийн хоёр жилийн дотор авсан байна.
Бүрдүүлэх баримт бичиг:
-Монгол хэл дээр анкет бөглөх
- Суралцах зорилго, төлөвлөгөө, судалгааны ажлыг багтаасан эссэ /Франц хэл дээр суралцах бол франц хэл дээр монгол орчуулгын хамт, Англи хэл дээр суралцах бол англи хэл дээр монгол орчуулгын хамт, A4 хуудсанд хоёр нүүрнээс хэтрэхгүй, “Times new roman” 12 фонтоор бичигдсэн байх/;
- Их, дээд сургууль төгссөн диплом, дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар, тэдгээрийн франц хэл дээрх орчуулгын хамт
- Францын их, дээд сургуульд урьдчилан бүртгүүлсэн тухай сургуулиас ирүүлсэн албан захидал эсвэл тодорхойлолт
-Хамгийн сүүлд суралцаж төгссөн их, дээд сургуулиас тэтгэлэгт хамрагдахыг дэмжсэн албан захидал;
-Тэтгэлэгт хамрагдахыг дэмжиж, зөвшөөрч байгааг илэрхийлсэн ажил олгогчийн албан бичиг, нийгмийн даатгалын тодорхойлолт ; /Е-Mongolia-аас татаж авна уу/
-Тэтгэлэгт хамрагдахыг хүсэгч дээр дурдсан баримт бичгийг хоёр хувь /нэг хувь нь франц/англи хэл дээр, нөгөө хувь нь монгол хэл дээр, өөрөөр хэлбэл хоёр байгууллагад илгээх зорилгоор тус тусад нь 1, 1 хувь бүрдүүлнэ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 17. ЛХАГВА ГАРАГ. № 76 (7320)