Баатарын НЯМСҮРЭН
“Зууны мэдээ” сонин энэ удаагийн дугаарын зочноор Гавьяат тамирчин, холимог тулааны дэлхийн аварга, “Шандас MMA” клубийн багш Ж.Нарантунгалагийг урьж ярилцлаа. Тэрээр холимог тулааны спортын анхны гавьяат тамирчин билээ.
-Таны шавь нар олон улсын чанартай тэмцээнүүдээс амжилтын богц дүүрэн ирдэг. Ойрын үед ямар тэмцээнд оролцохоор зэхэж байна?
-Өнгөрсөн сард Японд “CLADIATOR” цуврал тэмцээн боллоо. Тус тэмцээнд Б.Отгонбаатар шавь маань хүч үзсэн. Шавь минь сонирхогчдын залуучуудын Азийн аваргаас мөнгөн медаль, насанд хүрэгчдийн Азийн аварга. Мөн он гараад нэгдүгээр сард “MGL Champoinship” тэмцээнд нэг ялалт байгуулсан гавьяатай. Шавь минь ирэх сарын 5-нд “CLADIATOR” холбооны аваргын бүсний төлөө тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байна.
-Та тулалдахаар гарах үед нь юуг анхааруулсан бэ?
-Бэлтгэл дээр давтаж байсан мэх техникээ гаргахыг захисан. Б.Отгонбаатар чөлөөт суурьтай учраас техник сайтай. Их дайчин тулалдаж ялалт байгуулсанд нь баяртай байна. Тухайн үед өрсөлдөгчөө унагаж боох мэхээр ялалтын оноогоо авсан даа. Тулааны үед сэтгэж оноо авахад нь бахархсан.
-Сүүлийн үед таны шавь нар тэмцээнүүдэд амжилттай оролцож байгаа. Ер нь хэзээнээс шавь бэлдэж эхлэв?
-Би тулааны спортоор 1996 оноос багшилсан. Энэ үед кератины спортоор шавь бэлдэж байлаа. Тус спортоор 2000-аад он гартал багшилсан. Энэ үед олон шавь бэлдсэн. Тухайлбал, UFC-д тулалдаж байгаа Д.Батгэрэл тэргүүтэй шавь нар бий. Харин 2009 оноос холимог тулаанаар шавь нар амжилт үзүүлж явна. Би шавь нартаа өөрийнхөө туршлагаас хуваалцдаг. Өөрөө тамирчин байсан учраас тэднийхээ асуудал бэрхшээлийг ойлгоно. Миний шавь нар аливаад тууштай, хөдөлмөрч, өгөгдөлтэй залуус. Хөдөлмөрөөрөө гайхагдаж явааг нь харах сайхан.
-Амжилтыг багшгүйгээр төсөөлөхийн аргагүй . Шавь нартаа хандаж хэлдэг захиас тань юу вэ?
-Хамгийн түрүүнд бэлтгэлээ чамбай хийхийг зөвлөнө. Мэдээж тамирчин алдар гавьяаны төлөө тулалдана. Гэхдээ хүн чанараа алдаж болохгүй шүү дээ. Бусдад хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Спортоос хүн олон зүйл сурдаг. Холимог тулаан гэхэд бие хамгаалах урлагийн гайхамшгийг мэдэрнэ. Мөн олон мэхийг эзэмшинэ. Манай Япон багш “Хүнд бах нэг номерын авьяас бол тууштай байх. Зорилгоо болгосон зүйлийнхээ төлөө тууштай байх хэрэгтэй. Шантармаар байсан ч бэлтгэлээ тууштай хийж туршлага хуримтлуулна” гэж хэлдэг. Би шавь нараа дэлхийн топ холбооны аваргын бүсийг хүртээсэй гэж бодож явдаг.
-Хялбар олддог амжилт гэж үгүй. Амжилтын нууц юунд оршдог вэ?
-Багш тамирчныг чиглүүлэх үүрэгтэй. Амжилтын 70-80 хувь нь тухайн тамирчнаас хамаарна. Холимог тулааны тамирчид нас тогтсон хойноо амжилт гаргах нь бий. Залуу насандаа туршлага харьцангуй бага. Ихэнх тамирчин 30-аас дээш насандаа томоохон амжилтаа гаргасан байдаг. Олон төрлийн техник сурах ёстой учраас туршлага чухал нөлөөтэй.
-Холимог тулаан эрсдэлтэй өндөртэй учраас тамирчнаас багагүй золиос шаарддаг байх даа?
-Тамирчин зорилгоо биелүүлэхийн төлөө золиос гаргана. Хорт муу зуршлаас холдох, хоолондоо анхаарахаар хүнээс багахан тэвчээр шаардана. Зорилгынхоо төлөө явахад шантармаар үе бишгүй гардаг. Бэртэл гэмтэл авсан ч давж гарах нь чухал. Би багаасаа л спортоор хичээллэж эхэлсэн. 1993 оноос Орхон аймагт таеквондогоор хичээллэж байлаа. Монголд анхны холимог тулааны тэмцээнийг 2003 онд Сүмо бөхийн их аварга Д.Дагвадорж, үндэсний бөхийн аварга Д.Сумъяабазар тэргүүтэй хүмүүс зохион байгуулсан. Тус тэмцээнд -93 кг-д анх түрүүлж байсан. Ингэж л холимог тулааны спортод хөл тавьж байлаа. Гадны тэмцээнүүдэд оролцохыг хичээсэн. 2011 онд "Legend FC" холбооны аварга болсон. Дараа жил нь мөн л аваргаа хамгааллаа. Харин 2013 онд бэртэл аваад ялагдаж аваргын бүсээ алдсан. Ингээд 2014 онд "One Championship" холбоонд харьяалагдаж тэмцээнд оролцсон. Нэг удаа аваргын бүсний төлөөх тэмцээнд ялсан. Миний аваргын бүсний төлөөх тулаан 2019 онд өндөрлөсөн юм. Үүнээс хойш шавь нарынхаа бэлтгэлд анхаарч байна.
-Тамирчны замнал, ялж ялагдсан үе нь танд ямар сургамж үлдээсэн бэ?
-Өөрийгөө таних хөшүүрэг болсон. Спорттой холбогдсон он жилүүдэд шантрах мэдрэмж төрж байгаагүй. Хэцүү үе байсан ч даваад гарсан. Урам хугарсан үедээ өөрийн хийж бүтээснээ дүгнэж, харьцуулж бодно. Сонгосон зүйлдээ дурласан байхад орхиж чаддаггүй. Хөдөлмөрлөх хүсэлд л хөтлөгдөнө. Мэргэжлийн спортын давуу тал нь тухайн тамирчин ур чадвар сайтай бол гадны холбоотой гэрээ байгуулаад тэмцээний зардлаа шийдүүлэх боломжтой. Мөн спортоор хичээллэхэд ар гэрийн дэмжлэг чухал. Миний ард хань минь бий. Намайг ямар ч үед дэмждэг.
-Дасгалжуулагч ямар зарчим баримтлах ёстой бол. Та зан чанарыг эрхэмлэдэг вэ?
-Дасгалжуулагч тамирчинтай адилхан хэмжээнд өөрийгөө бэлдэх хэрэгтэй. Сэтгэл зүйгээ бэлдэхгүй бол сандрах үе гарна. Шавь нарын зорилго биелэхэд би хийж байгаа ажлаасаа урам авдаг. Тамирчин биеийн онцлогоосоо хамаарч тулааны арга барилтай болох чухал.
-Таны шавь болохоор зорьж ирсэн тамирчдыг хэрхэн хүлээж авч байна. Тодорхой шалгуур тавьдаг уу?
-Ер нь нээлттэй. Гэхдээ өмнө нь өөр багшийн бэлтгэлд хамрагдаж байсан бол тухайн багшаасаа зөвшөөрөл авахыг зөвлөдөг. Энэ нь тухайн багшийг нь хүндэлж байгаагийн илэрхийлэл.
-Шавь нараа тулалдахаар гарахад нь юуг захидаг вэ?
-Зорьсон зүйл нь өмнө чинь ирлээ. Чаддаг зүйлээ гаргаарай гэж хэлдэг. Тулааны талбараа гэр гэж бодох ёстой. Өрсөлдөгчөө ялахын төлөө бүхнээ дайчлах хэрэгтэй. Ялагдал гэж байх ёсгүй гэсэн сэтгэл зүйтэй байхыг зөвлөнө. Харин зарим үед ялагдал сургамж болдог.
-Мэргэжлийн хүний хувьд холимог тулааны хөгжлийг хэрхэн харж байна вэ?
- Монголд зохион байгуулагдсан анхны тэмцээний үеийг одоотой харьцуулахад холимог тулаан сайн хөгжсөн. Манай улсын тамирчид гадны мэргэжлийн холбооны тулаануудад өрсөлдөж ялалт авч байна. Цаашид аваргын бүсний эзэд төрнө гэдэгт итгэлтэй байна. Тулааны спорт мэргэжлийн түвшинд хөгжсөн гэж хардаг.
-Аливаа спортыг үзэгчгүйгээр төсөөлөхийн аргагүй. Холимог тулаанд үзэгчид ямар үүрэгтэй вэ?
-Үзэгч олон тамирчдыг дэмжиж урам өгөх нь чухал. Ялж ялагдсан ч тамирчнаа хүндэлдэг байх хэрэгтэй. Олон улсад үзэгчид тулаан үзэхийн тулд мөнгө төлдөг. Энэ нь Монголд хөгжөөгүй байна. Холимог тулааны шууд дамжуулалт хөлбөмбөгийн үзэгчдийн тоог давсан. Америк, Орос, Японд холимог тулааны спорт их хөгжсөн.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 16. МЯГМАР ГАРАГ. № 75 (7319)