Сүрнээгийн УЯНГА
Монголын мянга мянган багш таван жилд нэг удаа Улаанбаатар, Төрийн ордны Их танхимд цуглардаг уламжлалтай. Ээлжит наймдугаар их хуралд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс сонгогдсон 1200 гаруй багш дөрвөн чиглэлээр төрийн бодлого, салбарын шинэчлэлээрээ мэтгэлцэв. Салбар хуралдааны Ерөнхий боловсрол болон насан туршийн боловсролын багш нарын хэсэгт хөдөөгийн хамгийн бага нэгж багаас ирсэн багш панелист илтгэгчээр оролцож, “Би хөгжихийг хүсэж байна. Багийн төвөөс дэлхийн иргэн бэлтгэмээр байна” хэмээн индэр дээрээс үзэл бодлоо хурцхан илэрхийлж байсан нь их танхимд цугласан 1000 гаруй хүний анхаарлыг эрхгүй татсан. Тэр бол Ерөнхий боловсрол, насан туршийн суралцахуйн төвийн 60 мянган багш ажилтны төлөөлөл, дуу хоолой болж сонгогдсон Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн ерөнхий боловсролын сургуулийн Түүх нийгмийн ухааны багш А.Дэлгэрцэцэг байв. Түүнийг нутаг буцахын өмнөхөн Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин "Амьдралын тойрог" буландаа уулзаж ярилцлаа.
ДЭЛХИЙН ШАВЬ БЭЛТГЭХ МӨРӨӨДЛӨӨР ЖИГҮҮРЛЭСЭН БАГИЙН БАГШ
А.Дэлгэрцэцэг Зүүнбаян багийн ерөнхий боловсролын сургуулийн 8А ангийн анги удирдсан багш. Тэртээх 26 жилийн өмнө Гадаад хэлний дээд сургуулийг орчуулагч, эдийн засагч мэргэжлээр төгсөөд нутагтаа очсоноос хойш өнөөг хүртэл боловсролын салбарын нэгээхэн эд эс болж явна. Харин сүүлд Нийгмийн ухааны сургуулийг төгсчээ. 1998 онд хөдөө орон нутагт багшийн хүртээмж хомс байсантай холбоотойгоор бага ангийн багшаар ажлын гараагаа эхэлж, үргэлжлүүлээд Орос хэл заасан байна. Хожим нийгмийн ухааны чиглэлээр мэргэшин суралцсанаас хойш сүүлийн 20-иод жил энэ салбар шинжлэх ухаанаар дагнан хичээл зааж байгаа аж. Мэргэжлийнхээ ач холбогдлыг А.Дэлгэрцэцэг багш цөөн үгээр илэрхийлэхдээ “Нийгэм бол хамгийн “амьдрал”-тай хичээлүүдийн нэг. Эцсийн дүндээ харилцааны ур чадварыг л олгох юм. Хүн хоорондын харилцаа, нийгэмших, нийгэмд дасан зохицож амьдрахад бэлтгэх ерөнхий ойлголтыг хичээлээр дамжуулж өгч буй хэрэг” гэв.
Зүүнбаян цагтаа хүн ам олон, хөл хөдөлгөөн ихтэй “Цэргийн хаалттай хот” гэгдэж байв. Хожим цэргийн ангиуд татан буугдаж хүн ам шилжин суурьшихын хэрээр засаг захиргааны нэгж багасаж Дорноговь аймгийн Сайншанд сумын баг болгожээ. Тухайн үед 1500 гаруй хүүхэд суралцаж, 70-80 багштай хүн ам дээд цэгтээ төвлөрч байсан үе бий. Харин өнөөдөр 400 гаруй хүүхэд, 20 гаруй багштай, багийн статустай ч ерөнхий боловсролын 12 жилийн сургалттай, аймгийн төвөөс 50 гаруй км зайтай буйдхан суурин хэлбэрээр аж төрж байна. А.Дэлгэрцэцэг багш нийгмийн шинжлэх ухааныг судалдаг болоод тэр үү, үг бүхэн нь сонирхолтойн дээр нэгийг бодуулж хоёрыг тунгаамаар. Тэрээр “Нийгэм байнга өөрчлөгдөж байдаг зүй тогтолтой. Нийгэм хувьсахын хэрээр дагаад хүүхдүүд өөрчлөгдөх нь ойлгомжтой. Наад заах нь танхимаар хичээл заадаг байсан бол онлайнаар давхар боловсрол олгож байна. Багш нар шохойтой самбараас илүү компьютер, интернэт хэрэглээг илүү чухалчилдаг боллоо. Энэ мэтээр багш хүн нийгэм, цаг үеэ дагаад хөгжиж дэвших ёстой. Хөдөө багийн сургуульд ажиллаж байгаа ч шавь нартаа дэлхийн боловсрол олгохыг зорьдог. Миний хүсэл бол энэ. Хиймэл оюун ухаан, техник технологийн дэвшлийг дагаад цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч байна. Энэ бүхэн боловсролын салбарын шинэчлэлээс гадна багш нарын хөгжилтэй шууд хамааралтай. Технологийн хөгжил эмчээр бол багш нарын чагнуур шүү дээ. Багш хүн хөгжих ёстой. Миний сурагч цаг үетэйгээ хөл нийлүүлж алхах ёстой. Тиймээс багш хүн хөгжих үүрэгтэй гэж боддог. Тиймээс техник технологиос эхлээд бүх талаар хөгжихийг эрмэлзэж, тэр хэрээр хичээдэг. Энэ бол сурагчаа хөгжүүлэхэд багшаас шалтгаалах зүйл. Харин боловсролын салбарын шинэчлэлийг эхлээд нийслэлийн лаборатори сургууль, дараа нь аймгийн төвд туршиж нэвтрүүлдэг. Ингээд хамгийн сүүлд сум, багийн сургууль дээр ирдэг. Үүний эсрэг бодолтой явдаг. Хот, хөдөө гэсэн дарааллаар биш хөгжил дэвшлийг нэгэн зэрэг нэвтрүүлээсэй гэж хүсдэг. Энэ мэтээр боловсрол бол нийтээрээ төв рүү төвлөрөөд байгаагийн нэг шалтгаан. Хот, хөдөө ялгалгүй зэрэг хөгжүүлээд, лаборатори сургуулиудыг бүсийн сургуульд байгуулах юм бол бүгд хүүхдээ хотын, аймгийн төвийн сургуульд сургая гэж бодохгүй. Мөн багш маш сайн хичээх юм бол шавь нар аймаг, хот руу шилжихгүй шүү дээ” гэсэн юм.
“ХҮҮХДҮҮД ОГТ ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ. НИЙГЭМ ТЭДНИЙГ ЭВДЭЖ БАЙНА”
Нөгөө талаас нийгэм өөрчлөгдөхийн хэрээр хүүхдийн хүмүүжил, төлөвшил “өөр” болж буйд нийтээрээ санаа зовохын зэрэгцээ шүүмжлэх хэсэг ч бий. Тэгвэл энэ тал дээр А.Дэлгэрцэцэг багш өөр бодолтой явдаг аж. Тэрээр “Хүүхэд бол хүүхэд. Тэд “хөөрхөн” хэвээрээ л байгаа. Харин өмнө нь нэг айлын олон хүүхэдтэй ажиллах, одоо бол айлын ганц хоёулаа юм уу цөөхүүлээ өсөж байгаа эрх танхи хүүхэдтэй ажиллах л өөр байна. Түүнээс нийгэм өөрчлөгдлөө гээд хүүхэд хүүхдээрээ л байгаа. Одоогийн хүүхдүүдийн төлөвшил сайн, муу гэж ярихаас илүү хүүхдийг нийгэм эвдэж байна. Хүүхдэд шүүмжлэх зүйл байгаа бол түүнд нийгэм буруутай гэж харж байгаа. Мөн гэр бүлийн төлөвшил, өсөж буй орчин, аав, ээжийн харилцаа хандлага, анхаарал халамж муу. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал нөлөөлж байна. Эцэг эхчүүд хэтэрхий завгүй, хараа хяналт сул байгаатай л холбоотой. Хоёрдугаарт, цахим ертөнцөөс дуртай мэдээллээ хяналт шүүлтүүргүйгээр авч байгаа нь нөлөөлж байна” гэв. Ийнхүү хувьсан өөрчлөгдөж буй нийгэм, хараа хяналт улам алсарч буй гэр бүлийн харилцааны төвөгтэй орчин нөхцөлд А.Дэлгэрцэцэг багшийн баримталдаг ажлын зарим арга барил их энгийн. Орчин үед нийгэмшээгүй буюу “Хүлэмжин дэх хүүхдүүд” гэсэн нэр томьёо ч гарч амжсан. Тэгвэл манай нийтлэлийн зочин бээр мэргэжлийнхээ онцлогтой холбоотойгоор хамгийн түрүүнд нийгэмших, нийгэмд бэлтгэх суурийг тавьж өгөхөд анхаардаг байна. Хүнтэй зохицох, харилцах чадварт суралцах ёстой. Шавь нараа үг даадаг, ачаа даадаг. Дагаад алдар нэрээ даадаг болгохыг хичээж энэ бүхнийг гүн гүнзгий ойлгуулж, тэр хэрээр өндөр шаардлага тавьдаг аж. “Шавь нараа аймаг, сум, хот цаашлаад дэлхийн хэмжээний хүн болгохыг хүсдэг. Тиймээс хааяа даа “Та нар надтай хамт Баянгийн хонхорт насыг барах гээгүй биз дээ гэж аашилна” гээд инээмсэглэхдээ “Мундаг боловсрол эзэмшээд дэлхийн хүн болоод багшийгаа уриарай” гэж хурцалдаг гэв.
ЗҮҮН БАЯНГААС БАЯН-ӨЛГИЙ, СҮХБААТАР, ХӨВСГӨЛ, УЛААНБААТАРЫН 56 СУРГУУЛЬД ХИЧЭЭЛ ЗААДАГ “MEDLE”-ГИЙН БАГШ
Зарим сум цөөн сурагчтай. Нэг хичээлийг 2-3 хүүхэд сурах хүсэлтэй байлаа гэхэд хоёр хүүхдэд зориулаад анги танхим гаргаад тусгайлан хичээл заах боломжгүй. Энэ нь нэг талаас хүүхдийн сурах хүсэл боогдож буй хэрэг юм. Харин өөрийн сонирхсон чиглэлээр сурах, авьяас чадвараа хөгжүүлэх давуу талыг Medle цахим сургууль олгоод хоёр жил өнгөрчээ. Тус цахим сургуульд 21 аймаг есөн дүүргээс гадна Солонгост байдаг Монгол сургуулиас 50 гаруй хүүхэд суралцдаг. Нэг ёсондоо, орон зай, хил хязгаар үл хамааран сурч боловсрох боломжийг цахим сургууль олгож байгаа аж. Бизнес судлал, механик электроникс, хувцасны загвар зохион бүтээгч, мэдээллийн технологи дизайн зураг зүй гэсэн зургаан хичээлийн хөтөлбөр нь бэлэн байгаа ч нэг сургууль дээр анги бүрдэх хэмжээний сонголтгүйн улмаас орхигдоод байсан. Гэтэл насан туршийн чадвар олгох эдгээр хичээлийг технологи суурьтайгаар Medle цахим сургууль зааж байна. Одоо 483 сургуулийн 15176 сурагч, 374 багштай болсон гэж сургуулийн захирал Н.Сайнбаяр хэлж байв. Эднийх БСШУЯ-ны дэргэдэх Боловсролын мэдээллийн технологийн төвийн дэргэд үйл ажиллагаа явуулдаг.
А. Дэлгэрцэцэг хоёр жилийн өмнө хөдөөгийн засаг захиргааны хамгийн бага нэгж багийн сургуулийн багш байсан бол өнөөдөр Монгол орон даяар, алс баруун хязгаар Баян-Өлгий, хоймор нутаг Хөвсгөл зэргээр 56 сургуулийн сурагчид Бизнес судлал буюу багаасаа санхүүгийн боловсрол, сахилга баттай иргэн болж төлөвших эхлэлийг нь сонгон судлах хичээлээр зааж буй юм. Энэ тухайгаа нөгөө л техник технологийн дэвшлийг дагаад хөгжиж өөрчлөгдөх ёстой. Цаг үетэй хөл нийлүүлж алхахыг хүсэж багш нарын дунд нээлттэй зарладаг цахим сургуулийн багш бэлтгэх сургалтад сууж, шалгаруулалтад ороод хоёр удаа “унаад” гурав дахь дээрээ тэнцсэнээр ийнхүү Medle цахим сургуулийн анхны багш нарын нэг болсон тухайгаа ярилаа.
А.Дэлгэрцэцэг багшийн тайлбарласнаар ахлах ангид хичээл сонголттой нүүр тулахад бүгд өөрсдийн хүсэл сонирхлыг хөөж 15-16 төрлийн хичээл сонгоход 20 сурагч буюу нэг анги дүүрэх нь хомс. Тухайлбал, бизнес судлал хичээлийг нэг суманд 2-5 хүүхэд сонгох жишээтэй. Харин Medle цахим сургууль багш, сурагчдын энэ бэрхшээлийг арилгаж хаана байгаагаас үл хамааран хүсэл сонирхлоороо нэг ангид мөр зэрэгцэн мэдлэг эзэмших боломжийг олгожээ. Хүүхдийн сурч боловсрох эрхээс гадна багшийн цахим ур чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн хувьд ч дэмжиж байгаа хэлбэр юм.
А.Дэлгэрцэцэг багш Зүүн баянгийнхаа сургуульд үндсэн багшаар хичээлээ заана. Мөн онлайнаар хичээл заах эрхтэй учраас долоо хоногийн гурван өдөр үдээс хойш Medle цахим сургуульдаа багшилдаг аж. 20 хүүхэдтэй гурван анги буюу 60 гаруй хүүхдэд онлайнаар хичээл заадаг. Баян-Өлгий, Сүхбаатар, Хөвсгөл, Улаанбаатар гээд 56 сургуулийн ахлах ангийнхан байгаа аж. “Сургуулийн онцлог, хүүхэд бүрийн оролцоо, суралцах түвшин ялгаатай л даа. Онлайн болохоор ирц, идэвх бүгд бүртгэгдээд харагдаад явчихдаг. Яахав, зарим нэг сурагч хаалттай, оролцоо тааруу, хичээлээ таслах тохиолдол гарна. Гэхдээ зүгээр. Хэцүү гэж хараад байвал бүх зүйл бэрхшээлтэй. Ойлголцоод хамтдаа хичээх л чухал байдаг” гэсэн юм.
Зүүн баян ЭЕШ-аар аймагтаа тэргүүлдэг сургуулиудын нэг. Тэр дундаа А.Дэлгэрцэцэг багшийн шавь нар сүүлийн арваад жил нийгмийн ухааны хичээлээр тэргүүн эгнээнд цойлж гарч ирж байгаа. Улс, аймгийн олимпиадад ч амжилттай оролцож явна. Тухайлбал, 2008 онд Орос хэлний олимпиадад шавь нь аймагтаа түрүүлээд улсад оролцсон. 2019 онд хичээл төрлийн олимпиадад Дэлгэрцэцэг, Отгонбаяр гэсэн хоёр шавиа бэлтгэсэн нь аймагтаа нэг, хоёрдугаар байрыг эзэлж, улсад шалгарсан. Өнгөрсөн жилийн олимпиадад шавь нь аймагтаа түрүүлээд, улсад наймдугаар байранд орсон гээд амжилт бүтээлээр дүүрэн байна. Зөвхөн шавь нараа бэлтгэхээс гадна А.Дэлгэрцэцэг багш энэ жил нийгмийн багш нарын төрөлд аймагтаа түрүүлж улсын олимпиад оролцоод байгаа юм. Ийм нэг багийн статустай ч дэлхийн иргэн бэлтгэх хүсэлтэй. Түүнийхээ төлөө уйгагүй эрэл хайгуул хийж, хөдөлмөрлөж, өөрийгөө хөгжүүлж яваа буйдхан хөдөөгийн мастер багштай ярилцлаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 15. ДАВАА ГАРАГ. № 74 (7318)