Баатарын НЯМСҮРЭН
“Зууны мэдээ” сонин “Өөр зочин” буландаа “Комеди” театрын жүжигчин, загвар өмсөгч, Соёлын тэргүүний ажилтан Б.Ган-Эрдэнийг урьж ярилцлаа.
-Хүмүүс таны хань Соёлын тэргүүний ажилтан Б.Даваажавыг олон дүрээр нь андахгүй. Сүүлд та хоёр хамтарч дуу гаргасан байсан?
-Хань минь надад зориулж дуу хийсэн нь энэ. Анх шүлгээ бичээд цахим орчинд тавихад хүмүүс дуу болгох санал их ирүүлсэн. Ингээд хань маань аяыг нь бичсэн. Хамтдаа дуулж олонд хүргэсэн. Бид амьдралын утга учир болсон хоёр сайхан хүүтэй. Тиймээс тэднийхээ нэрийг дуундаа оруулсан нь мартахын аргагүй сайхан түүх боллоо. Удахгүй дүрсжүүлж үзэгчдэд хүргэхээр төлөвлөж байна.
-Та өмнө нь жүжиглэдэг, загвар өмсдөг байсан. Дуулах шийдвэр хэрхэн гаргасан бэ?
-Би мэргэжлийн дуучин биш учраас алдаа оноо байгаа болов уу. Дууны утга санаанд амьдарч дуулахыг хичээлээ. Гэхдээ монголчууд дуучин түмэн. Тиймээс надад багахан дуулах авьяас, эв дүй байсан. Ханийн минь бичсэн шүлэг сэтгэлд хүрсэн шүү. Үг бүр нь чимэгтэй байлаа.
-Мэдээж уран бүтээлийн замд танилцсан байх. Та хоёр олон жүжиг үзэгчдэд хүргэсэн дээ?
-Бид тоглолтын үеэр нэгнээ олж харсан. Үүний дараа надад хөдөө орон нутгийн аялан тоглолтдоо оролцох санал тавьж билээ. Би жүжиглэж чадахгүй байх гэхэд “Шоу тоглолтод оролцоход мэдрэмжтэй, гадаад үзэмж сайтай байхад болно” гэж зөвлөсөн. Надад итгэсэн учраас тоглолтод нь оролцох шийдвэр гаргаж байлаа. Жүжигчний онцлог бол ажиллаж үзэхийг хүсдэг мэргэжилдээ хувирдаг нь сайхан. Практикаар жүжигчин мэргэжлийг эзэмшсэн гэж ойлгож болно. Үүнээс хойш гурван жил бид аялан тоглолтоор эх орноо тойрсон. Манай “Комеди” театр “Жаргалтай явна хосоороо”, “Амьдрал үргэлж сайхнаараа”, “Бүсгүйчүүд хайрыг хүснэ” тэргүүтэй олон тоглолтыг толилуулсан байна.
-Нэг гэр бүлийн хоёр ижил ажил, мэргэжилтэй байхын давуу тал юунд оршдог вэ?
-Гэр бүлийн хүн маань миний хамгийн том туслагч, уран бүтээлийн багш. Жүжигчний ур чадварыг ханиасаа суралцаж явна. Жүжигчний мэргэжлээр ажиллахдаа ямар ч дүр таарсан үнэн байгаарай гэж үргэлж захидаг. Бид нэгнээ дэмжиж түшдэг. Хамт уран бүтээлд ажиллах жаргалтай. Нэг бүтээлийн зохиол гаргахдаа бид ярилцаж санаагаа нийлүүлдэг. Зарим үед мэргэжлийн хүнээс зөвлөгөө авна.
-Урлагийн гэр бүлээс суралцах хүн олон. Бусдад ямар үлгэр дуурайлал үзүүлэхийг хичээдэг вэ?
-Бид аливаад эерэг байхыг чухалчилдаг. Мөн цахим орчинд их шүүлтүүртэй ханддаг. Гэр бүл гэдэг хамгийн нандин орон зай. Гэгээн бүхэн тэнд л оршдог. Насан туршдаа хамт амьдарна гэж нэгнээ сонгосон бол аз жаргалаа өөрсдөө бүтээх хэрэгтэй. Манай гэр бүлийн гол зорилго бодсон зүйлээ чадахаараа гүйцэлдүүлэх. Мөн гэр бүлдээ цаг зарцуулж, аялах дуртай. Амьдрал олон дурсамжаас бүтдэг. Энгийн жижигхэн зүйлээс аз жаргал мэдрэх боломжтой. Бидэнд влог хийх санал их ирж байна. Мөн гэр бүлийн хүн зунаас анхны гол дүрдээ ажиллана. Зохиол нь бэлэн болсон. Ирэх зургаадугаар сараас бидний киноны ажил эхэлнэ. Энэ үеэс влогоо эхлүүлэх бодол бий.
-Ээж болоод гэртээ суухаар хэсэг хугацаанд уран бүтээл орхигдох талтай. Хоёр хүүгээ өлгийдөж авахдаа уран бүтээлээ хэрхэн зохицуулсан бэ?
-Ер нь ажил амьдралаа тэнцүүлэхийг хичээдэг. Том хүүгээ 20 гаруй хоногтой байхад нь уран бүтээлдээ орж байлаа. Аав ээж минь зарим үед хүүхдийг минь харж өгнө. Өнгөрсөн жил хоёр дахь хүүхдээ төрүүлэхдээ хэсэг хугацаанд гэрт сууж ээжийн үүргээ гүйцэтгэлээ. Үргэлжлэл болсон үр хүүхдээ зөв төлөвшүүлэхийг хичээж байна. Том хүүдээ аливаад залхуурахгүй оролдлого сайтай байхыг захидаг. Чадахгүй байна гээд хийж байгаа зүйлээ орхиж болохгүй. Эрдэм мэдлэг насан туршид хүнийг дагаж явна. Тиймээс хүүдээ хичээлээ сайн хийж эрдэм номыг дээдлэх төлөвшил суулгаж байна. Мөн хүүхэдтэйгээ ярилцахыг чухалчилдаг.
-Анхны дүрдээ ажиллахад ямар мэдрэмж төрсөн бэ?
-Миний анхны дүр “Боловсрол” суваг телевизийн олон ангит кино байлаа. “Бүсгүйчүүд хайрыг хүснэ” кинонд чих хамар хоолойн эмчийн дүрд ажилласан. Анхны дүр багахан сандрал, догдлолтой байсан даа. Сандралаа хүмүүст мэдэгдүүлэхгүйг хичээж билээ.
-Та ямар үед жүжигчний мэргэжлийг сонгосондоо талархах мэдрэмж төрдөг вэ?
-Хамгийн том урам бол үзэгчдийн алга ташилт. Цаг хугацаа, бүх зүйлээ золиосолж бэлдсэн уран бүтээлээ үзэгчдэд хүлээлгэн өгөх мэдрэмж сайхан. Үзэгчдийн хайр хүндлэлээс огших мэдрэмж авах нь олон. Аялан тоглолтоор явахад надад нэг хандлага мэдрэгдсэн. Нийслэлтэй ойрхон суурин газрын хүмүүс харилцаа муутай. Харин хол газрынхан эвдрээгүй сайхан зан харилцаатай байдаг юм билээ.
-Загвар өмсөх нь бага насны тань мөрөөдөл байв уу. Багадаа ямар хүүхэд байсан бэ?
-Аав ээж минь насаараа төмөр замд ажилласан гавьяатай. Мөн урлагийн авьяастай. Аав минь Соёлын тэргүүний ажилтан Д.Баатарсүрэн гэж хүн бий. Мөн эмээ минь уртын дуучин хүн байлаа. Хүүхэд насны минь хамгийн амттай дурсамжууд төмөр замын дотуур байранд өнгөрсөн. Манайх ам бүл өнөр учраас би эрт биеэ даасан. Багадаа загвар өмсөгч болохыг их мөрөөднө. Дунд сургуульд байхдаа “Шилмэл” загвар агентлагт сурсан. Агентлагтаа гэрээт моделиор нэг хэсэг ажиллаж загварын шоунд ч оролцсон удаатай.
-Уран бүтээлч бүрд ажиллахыг хүсдэг дүр бий. Та ямар дүрд ажиллах бодол тээж явдаг вэ?
-Би эсрэг дүрд ажиллах дуртай. Нэг удаа цагдаагийн байгууллагат жижиг хэмжээний бичлэгт тоглосон. Энэ үед архичин ээжийн дүрд ажилласан. Цаашид эсрэг дүрүүдэд ажиллахаас гадна түүхэн кинонд дүрээ мөнхлөхийг хүсдэг. Бодож явахад бүтэх байх. Хүн юу тарина түүнийгээ л хураана. Мөн үргэлж сайхан үг хэлж ярих чухал. Би бусдад хариу нэхэхгүйгээр туслахыг хичээдэг. Бусдад туслахдаа аз жаргалыг мэдэрч эрч хүч авах нь бий. Мөн хүмүүнлэгийн байгууллага байгуулахыг бодож явдаг. Уран бүтээлч хүн цаг ямагт хөгжих хэрэгтэй. Нэгэнт л урлагийн мэргэжил сонгосон учраас чин сэтгэлээсээ ажиллах чухал. Өөрийн дурласан мэргэжлээрээ ажиллах нь аз жаргал мэдрүүлдэг шидтэй.
-Таны цахим хаяг “Хатдын наргиа” гэсэн нэртэй юм билээ. Энэ нь ямар утгатай вэ?
-Би энэ нэрэнд дуртай. Загвараар ажилладаг байхад нагац дээрээ очиж золгосон юм. Гэтэл эгч надаас ямар ажил хийж байгааг асуулаа. Би загвар өмсөж байгаа гэдгээ хэлтэл ойлгодоггүй. Би нарийн тайлбарлаж өгөхөд “Хатдын наргиа” хийдэг юм уу гэж билээ. Тэр үед энэ нэр надад их таалагдсан. Миний бүх цахим хаяг “Хатдын наргиа” нэртэй.
-Эргээд бодоход урлаг танд ямар төлөвшил өгсөн бол?
-Би оюутан болохоосоо өмнө өөрийгөө илэрхийлэх чадвар тааруу байсан. Урлаг надад өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлэхэд тусалсан. Арван жилийн ангийнхантайгаа уулзахад багш минь надад хандаж “Чамд урлаг үнэхээр сайхан зохижээ” гэж хэлж билээ. Нэг хувийн авьяасаа хөдөлмөрөөр услаад явах чухал шүү.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 12. БААСАН ГАРАГ. № 73 (7317)