Сэлбэ, Дунд голын 10 км бургасыг нүүлгэж Улаанбаатарыг үерээс хамгаална

2024-04-10
Нийтэлсэн: Админ
 13 мин унших

С.УЯНГА, Ц.МЯГМАРБАЯР

 

 

СЭЛБЭ СЭТРЭХЭД БЭЛЭН

 

Нийслэлийн 1.7 сая иргэний амь нас, эд хөрөнгө дээсэн дөрөөн дээр байгааг өнгөрсөн жилийн зун хоёрхон өдөр үргэлжилсэн бороо хатуухан сануулсан. Долоодугаар сарын 5, 6-нд орсон бороонд  Сэлбэ, Дунд голын хамгаалалтын далан нурж 140 гаруй орон сууц усанд автаж зоорины давхарт ус орсон мэдээлэл бий. Мөн эрдэнэт хүний амь эрсдэж, эд хөрөнгөөрөө хохирсныг тоогоор хэмжих боломжгүй. Дараахан нь буюу наймдугаар сарын 6-11-ний хооронд Сэлбэ гол Санзай, Дамбадаржаа орчимд үерийн түвшин 6-8 см давж байв. Гэтэл энэ жил өнгөрсөн жилийнхээс хоёр дахин их бороо орно гэсэн урьдчилсан тооцооллыг ЦУОШГ-аас гаргажээ. Тиймээс өнгөрсөн жилийнх шиг усанд урссан гашуун түүхийг мартаж болохгүйн дээр дахиад үерлэхгүй гэх баталгаа алга. Дэлхийн дулаарал уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр хэзээ аадар асгах эсвэл ган болохыг урьдчилсан таамаглах аргагүй болсон. Үер боллоо гэхэд хот халих аюул ойрхон байна.

Ер нь Сэлбэ гол сэтрэхэд бэлэн болсон. Баянзүрх дүүргийн 21-р хороо, Дарь-Эх талдаа үерийн хамгаалалтын далангүй. Одоогоор нийслэлийг хамгаалж буй 163 км үерийн далан хаанаа ч хүрэлцэхгүй. Нийт 460 орчим км далан барих шаардлагатай. Одоо 297 км-ыг барих ёстой гэсэн үг.  Гэтэл одоо байгаа далан насжилт хэтэрсэн. 1982 оноос хойш шинэчлээгүй. Дээр нь ихэнх нь 1982 он, 40 гаруй жилийн өмнө баригдсан учраас элэгдэж муудсан, насжилт хэтэрсэн. Тэр дотор аж ахуйн аргаар барьсан сул шороон далангууд нэлээдгүй байгаа нь хатуухан хэлэхэд нийслэлийг үерээс хамгаалах гэхээс илүү засвар шинэчлэл хийх шаардлагатай байгаа аж.

Мөн үерийн далан автозамын борооны ус зайлуулах шугамтай шууд холбоотой. Улаанбаатар хотод 1200 гаруй км хатуу хучилттай автозам байгаагийн 213 км нь борооны ус зайлуулах шугамтай. Ерөнхий зураглалаар бол Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын нөхцөл байдал ийм байна. Гэтэл үерийн аман дээр 3300 орчим айл өрх, албан байгууллага суурьшиж буйг санах учиртай. Цаашлаад томоохон хэмжээний үер усны аюул болоход зөвхөн энэ тооны иргэн аж ахуй нэгжээр зогсохгүй нийслэл бүхэлдээ аюулд автах эрсдэлтэй.

1966 онд нийслэлд их хэмжээний үер болж далан барьж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, сүүлийн 40-50 жилд үерийн дорвитой хамгаалалт хийгээгүй. Ихэвчлэн засаж сэлбэх “гал унтраах” байдлаар явж ирсэн. Харин  Сэлбэ голын долоон буудал орчмын баруун эргийн үерийн хамгаалалтын даланг 2001 онд, Дамбадаржаа орчмын зүүн эргийн үерийн хамгаалалтын даланг 2006 онд шинэчлэн байгуулсан. Сэлбэ голын зүүн далангийн зураг төслийг 2005 онд боловсруулан гаргаж 2007 онд барьж байгуулсан. 2006 онд Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах хоёр дахь төслийн хүрээнд Нидерланд улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Сэлбэ голын зүүн даланг зургаан хэсэгтэйгээр хийж шинэчилжээ. Сүүлийн дөрвөн жилд Жаргалантын аманд 1.5 км далан барьсан байна. Үеийн үед яагаад үерийн далангийн асуудал сөхөгддөггүй, тэр хэрээр төлөвлөдөггүй байсны нэг шалтгаан нь өнгөрсөн жилийнх шиг үертэй нүүр тулж байгаагүйнх. Дараагийнх нь төсөвт өртөг өндөр болохоор хойшлуулсаар иржээ. Газар зүйн онцлогоосоо хамаараад үерийн далан барих тооцоо ялгаатай. Ойролцоогоор нэг км даланг тэрбум төгрөгөөр барьдаг аж. Тиймээс үерийн далан барих төсвийг нийслэл дангаараа даахгүй. Улсын төсөв дээр тавих ёстой. Төр иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжоор хангах үүрэгтэй. Одоогоор олон улсын байгууллагууд руу хандаад байгаа гэж мэргэжлийн хүн хэллээ.

Мэргэжлийн байгууллагын тооцооллоор Улаанбаатар хотын хэмжээнд өнөөгийн нөхцөл байдал дээр 1966 оны 1’580 м3 /сек үер орж ирэхэд Туул голтой ойр хэсгийн 3200 га суурьшлын бүс усанд автаж, үерийн халилт Туул голын үерийн хамгаалалтын даланг давж, төмөр зам, Дунд гол, IV цахилгаан станц, төв цэвэрлэх байгууламж хүртэл үргэлжилнэ. Улаанбаатар хотод 100 жилд нэг удаа тохиох магадлалтай нэг хувийн хангамшилтай буюу 2’490 м3 /сек зарцуулгатай үер орж ирэхэд 40000 га талбай усанд автана. Хамгийн их халилт Маршалын гүүрнээс дээш Туул голын үерийн хамгаалалтын далангаар өнгөрч, Гачууртын тохой, Баянзүрхийн гүүрний орчмоос эхлэн Улаанбаатар хот руу хальж орох төлөвтэй. Туул гол ба түүний цутгал голуудын онцгой хамгаалалтын бүс нийт 17850.9 га талбайг хамарч байна. Туул голын сав газрын онцгой хамгаалалтын бүсэд Улаанбаатар хотын суурьшлын бүс, мөн бусад газар ашиглалтаас хамаарч нийт 889.6 га талбай онцгой хамгаалалтын дэглэмийг зөрчсөн болох нь судалгаагаар илэрч байна.Энэхүү зөрчил нь онцгой хамгаалалтын нийт 17850.9 га талбайн таван хувийг эзэлж байна гэсэн судалгаа гарчээ. Эрсдэл ийм. Удахгүй борооны улирал эхэллээ.Тэгвэл одоо яах вэ гэдэг асуултын тэмдэг гарч ирнэ.

Улаанбаатар хотын мастер төлөвлөгөө, Сэлбэ-Дунд голын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ТЭЗҮ-г  “Престиж Инженеринг”, “Хайдродизайн прожект” компаниуд Нийслэлийн Хот байгуулалт судалгааны хүрээлэнгийн захиалгаар хийж үерийн хамгаалалтын даланг ийм байдлаар барихаар төлөвлөжээ.

 

СЭЛБЭ ГОЛЫН 500 БУРГАСЫГ НҮҮЛГЭНЭ

Айл өрх аж ахуйн нэгжийн газрыг чөлөөлөх ажлын хүрээнд 2040 он гэхэд Баянгол дүүрэгт 118, Баянзүрх 1100, Сүхбаатар 947, Сонгинохайрхан дүүрэгт 1428 нэгж талбар, Чингэлтэйд 427, Хан-Уулд 414, Налайх 122, Багануур 63, Багахангайд 62 буюу нийт 4679 нэгж талбар бүхий 22 мянга орчим га талбайг чөлөөлөх тооцоо гаргажээ.

Улаанбаатар хотын мастер төлөвлөгөө, Сэлбэ-Дунд голын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ТЭЗҮ-г  “Престиж Инженеринг”, “Хайдродизайн прожект”  компаниуд Нийслэлийн Хот байгуулалт судалгааны хүрээлэнгийн захиалгаар хийжээ. Мөн Нидерландын усны барилга байгууламжийн инженерүүд манай улсад хоёр ч удаа ирж ажиллаад буцсан байна. Ингэхдээ Улаанбаатар хотод стандартын үерийн хамгаалалтын даланг яаралтай барьж байгуулах, үерийн аман дээр байгаа айл, аж ахуйн нэгжүүдийг нүүлгэх шаардлагатай. Харин энэ жилдээ хамгаалалтын далан барьж амжихгүй учраас эхний ээлжид эрсдэлээс сэргийлэх арга нь хуучин барилга байгууламжаа шинэчлэх, үерийн хамгаалалтын бүсээ цэвэрлэх зөвлөмжийг өгчээ.

Нийслэлийн мастер төлөвлөгөөнд тусгасны дагуу үерээс хамгаалах байгууламжийг цогцоор нь барихад 2023-2025 он хүртэл их наяд төгрөг төлөвлөсөн байна. Түүнчлэн 2040 он хүртэл таван их наядын төсөв зарцуулах юм байна. Айл өрх аж ахуйн нэгжийн газрыг чөлөөлөх ажлын хүрээнд 2040 он гэхэд Баянгол дүүрэгт 118, Баянзүрх 1100, Сүхбаатар 947, Сонгинохайрхан дүүрэгт 1428 нэгж талбар, Чингэлтэйд 427, Хан-Уулд 414, Налайх 122, Багануур 63, Багахангайд 62 буюу нийт 4679 нэгж талбар бүхий 22 мянга орчим га талбайг чөлөөлөх тооцоо гаргажээ.

2024 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх Нийслэлийн онцгой комиссын хурлын тэмдэглэлд Сэлбэ, Дунд гол дагуух бургас, мод, бут сөөгийг шилжүүлэх ажилд шаардагдах зардлыг тооцох үүрэг өгчээ.

Мөн Сэлбэ, Дунд голын голдирол дотор байгаа 10 км урт хэсгийг хамарсан бургасыг нүүлгэн шилжүүлэхээс аргагүй гэсэн байна. Мэргэжлийн байгууллагын тооцоогоор тухайн цэгт 500 орчим бургас байгаа бөгөөд энэ хавар зөөхөөр бэлтгэж байгаа аж. Тодруулбал, бургасыг шилжүүлээд оронд нь гэрэлтүүлэг хийх, дугуйн зам, явган хүний зам байгуулах  зэргээр тохижилт хийж  амарч, зугаалах орчин бүрдүүлэх талаар яригдаж байгаа аж.

Бид Улаанбаатарыг үерээс хэрхэн хамгаалах, тэр дундаа Сэлбэ, Дунд голын голдиролд байгаа бургасыг нүүлгэн шилжүүлэх талаар холбогдох байгууллагын байр суурийг хүргэж байна.

 

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар: ХУУЛЬД ЯАРАЛТАЙ  ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХҮСЭЛТЭЭ БОАЖЯ-НД ХҮРГҮҮЛСЭН

-Үерийн хамгаалалтын барилга байгууламж өндөр өртөгтэй.  Сэлбэ, Дунд голын голдирлыг хааж, далан дотор барилга барьсан “S.Outlet” -ийг нураагаад дууслаа. Тэдний “Бид өөрсдөө нурааж авч явъя” гэсний дагуу тохирч нураалаа. Төмөр бетонон хийцийг гагнуураар таслах зэргээр нүсэр ажил болж байна. Хоёрдугаарт, өнгөрсөн долоо хоногт  зөвхөн тэр орчмын  үерийн даланг хэлбэржүүлж урсцыг нэмэгдүүлэх төмөр бетонон хийцийг 17.7 орчим тэрбум төгрөгийн өртгөөр хийх тендер зарласан. Цаашид Сэлбэ, Дунд голын үерийн байгууламжийг бэхжүүлэхэд  их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай. Тиймээс Эдийн засаг хөгжлийн яаманд хандаж Дэлхийн банкны төсөл хэрэгжүүлэх хүсэлтээ илэрхийлсэн. Үүнээс гадна үерийн асуудлыг шийдвэрлэхэд голын сав доторх бургасыг зөөхгүйгээр хэвгий хэсгүүдэд доош ухаж тэгшлэх байдлаар урсцыг нь нэмэгдүүлэх боломжгүй болгож байна. Өөрөөр хэлбэл, лаг, хагш, бургас зэргийг зөөснөөр доош нэг метр хэртэй  ухаж тэгшлэн урсцыг нэмэгдүүлэх юм. Үүнийг шийдвэрлэж холбогдох хуульд яаралтай  өөрчлөлт оруулах хүсэлтээ БОАЖЯ-д хүргүүлсэн. Яам уг хуульд өөрчлөлт оруулж УИХ-аар яаралтай батлуулах хүлээлт байна. Үүнд БОАЖЯ “хөдлөхгүй” бол нийслэл  энэ зун үерт дахин өртөхөд бэлэн байна. Энэ талаар УИХ-ын гишүүдэд танилцуулж  Засгийн газар, холбогдох яам, агентлагт хуулийн төслийг боловсруулж өгсөн.

 

Геодези, Усны барилга байгууламжийн газрын дарга Л.Ариунтуяа: НИДЕРЛАНДААС УСНЫ ИНЖЕНЕРҮҮД ХОЁР УДАА ИРЖ АЖИЛЛАСАН

-2030 он гэхэд 460 км үерийн далантай болохоор төлөвлөж байна. Мөн одоо байгаа 40 гаруй жилийн өмнө баригдсан үерийн далангуудыг байнга шинэчлэх  шаардлагатай. Жишээлбэл, Сэлбэ голын үерийн далан 1973 онд аж ахуйн аргаар хийсэн стандартын бус шороон учраас ачааллаа даахгүй сэтэрсэн. Мөн үерийн далангийн голдирлыг дагаж маш олон иргэн, аж ахуйн нэгж буусан. Үл хөдлөх хөрөнгүүд ч байна. Үүнтэй холбоотойгоор үерийн далан хавчигдаж стандартын хэмжээнд байж чадахгүй байгаагаас эрсдэл дагуулж байна. Энэ бүхэн хот төлөвлөлтөөс эхлээд олон зүйлтэй холбоотой.

Энэ жил стандартын далан барьж байгуулах зураг төсөл хийлгэж, шинээр засварлах ажлуудыг хийж эхлээд байна. Жилд таван км ч хамаагүй далан барих хэрэгтэй. Гүүр мөн ямар ч стандартгүй. Улаанбаатарт ус тогтдог томоохон 53 байршлын 25-ыг нь өнгөрсөн жил бүрэн шийдсэн. Нидерландын усны барилга байгууламж хариуцсан инженерүүд хоёр удаа ирсэн. Тэгээд эхний ээлжид хот доторх далангаа цэвэрлэх шаардлагатай гэж зөвлөсөн. Өөрөөр хэлбэл, усны түвшинг доошлуулах, стандартын далан хийх хэрэгтэй. Мөн Сэлбэ гол доторх бургасыг зөөж тээвэрлэх шаардлагатай гэж зөвлөсөн. Бургас усны урсцыг маш их сааруулж, боож байна. Улаанбаатарынхны ахуйн хог хаягдал бүгд далан руу, бургас руу хаягдаж үндсийг нь ороосон.

 

БОАЖЯ-ны Үнэлгээ , аудитын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч О.Амарсанаа: БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХУУЛЬД ХАРШЛАХ ЗҮЙЛГҮЙ

-“BGM” ХХК компани Нийслэлийн “Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд Сэлбэ, Дунд голын үерийн хамгаалалтын барилга байгууламжийг  бэхжүүлэх, далан зам гүүрний тохижилтын ТЭЗҮ боловсруулахад оролцож байгаль орчинд нөлөөлөх төлөв байдлын тайланг ирүүлсэн. Тус тайланг хянаж, шалгаад байгаль орчинд нөлөөлөх байдлын  нарийвчилсан үнэлгээний тайланг  ирүүлэх дүгнэлт гарсан. Үүний дагуу мэргэжлийн байгууллага нарийвчилсан судалгааг үргэлжлүүлэн хийж тайлангаа манайд дахин ирүүлснээр бид хуулийн хугацаанд дүгнэлт гаргана. Монгол Улсын Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай  хууль, журам аргачлалын дагуу бичиг баримтын бүрдэл бүрэн байх ёстой. Түүнчлэн дахин судлах шаардлагагүй гэж үзвэл БОАЖ-ийн сайдын мэргэжлийн зөвлөлөөр оруулж батална. Уг  төслийг хэрэгжүүлэхэд одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд харшлах зүйлгүй. Хэрэгжих боломжтой. Одоогоор Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай  хуульд  өөрчлөлт орох хуулийн төсөл явж байгаа ч энэ төсөлд хамааралгүй. Зөвхөн хуулийн үзэл баримтлалыг батлах юм.

 

“Престиж инженеринг” ХХК-ийн захирал Ш.Ганзориг: СЭЛБЭ ГОЛЫН ХОЁР ТАЛЫН ЭРЭГ ҮЕР БОЛОХОД СЭТРЭХ ЭРСДЭЛТЭЙ

-Их хэмжээний хур тунадас орсноор өнгөрсөн жилийн Сэлбэ голын үер энэ жил дахин давтагдах эрсдэл өндөр байна. Гэтэл хот бэлэн биш байна. Сэлбэ голын голдирол зарим газраа хэвгий, зарим газраа налуу, гүн зэргээр янз бүр байдаг. Тэгэхээр эхний ээлжид Сэлбэ голийн голдиролд хэсэгчилж тохируулга хийх төлөвлөлттэй. Нийт 22 км голын дагуу тохируулга хийх шаардлагатай. Мөн төлөвлөлтөөр терминалаас Сэлбэ гол хүртэл түшиц хана шинээр хийнэ. Өөрөөр хэлбэл, хуучин түшиц ханыг метр хэртэй өндөрлөж шинэчлэх юм. Үерийн хурдыг аль болох сааруулахгүйгээр хурдан урсгаж гаргах л чухал. Одоогоор Сэлбэ голын хоёр талын эрэг үер болоход өнгөрүүлж чадахгүй, сэтрэх нөхцөлд байна. Уг нь эргийн хоорондох зайг холдуулж тэлэх шаардлагатай. Тэгэхээр орон сууцны барилга шахаж баригдсан учраас боломжгүй.

Өөрөөр хэлбэл, хөндлөн огтлолын талбайг нэмэх шаардлагатай боловч боломжгүй байна. Даланг нь өндөрлөе гэвч /3-4 метр/ үзэгдэх орчин хязгаарлагдана. Гэхдээ далангаа бага зэргээр өндөрлөөд  доош нь ухаж болох арга бий. Ухахад бас учиртай. Тиймээс хамгийн эхний арга хэмжээ бидний зурж, төлөвлөснөөр Сэлбэ гол дагуух голын голдирлыг ёроол орчимд нь ухаж доошлуулаад  тэгшлэх шаардлагатай. Төмөр бетон босоо том хана барих учраас нүсэр ажил, хөрөнгө их орно. Нэг хэмжээнд болгоно гэсэн үг. Ингэхдээ гол дотор ургасан бургасыг бүгдийг нь авах шаардлагатай. Бургас болон бусад саад их байх тусам үерийн урсцыг сааруулдаг. Хурдан урсгаж өнгөрүүлэх тусам хохирол бага амсана. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр бургасыг нүүлгэн шилжүүлснээр ямар нэгэн эко системд сөргөөр нөлөөлөх байдал бага, бараг байхгүй гэсэн дүгнэлтийг “Би Жи Эм Дистрибюшн” буюу “BGE” үнэлгээний компани  гаргасан. Бургасыг хэрэгцээтэй газар нь шилжүүлж суулгана. 1980 оны үед Сэлбэ, Дунд голд нэг ч бургас байгаагүйг тэр үеийн хүүхдүүд, залуучууд сайн мэднэ. Байнга үерлэж маш ширүүн урсгалтай байсан шүү дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 10. ЛХАГВА ГАРАГ. № 71 (7315)

 

наад бургасаар тоглохоо боль, Лус та нарыг зүгээр өнгөрөөхгүй л байх шүү
ээ хөөрхий бургас нүүлгэн шилжүүлэхээс өөр арга байхгүй юу яасан ухаанд нь ухна ишиг унж үхсэн юм зөвлөдөг гарууд вэ? улам чөлөөтэй урсана шүү дээ
юу ч мэдэхгүй хэдэн малнууд зөвлөж байгаа байхдаа, үерийн эрсдлээс сэргийлж мод тарих ёстой юм шүү дээ уг нь. даанч тэнэг толгойнууд юмдаа
Зочин
Голын бургас моднууд үерийн хүчийг сааруулах нөлөөтэй энэ бургасыг авснаар үер усны хүч нэмэгдэх аюултай
байгалаар оролдоод ч нээх сайн юманд хүрэх нь юу л бол
Зочин
Энүүнд бургас ямар хамаатай юм бэ? Харин ч усыг нь шингээгээд хэрэгтэй шүү дээ тэнэг юм бэ ямар
Монгол Улсын Засгийн газар 100 хоног: ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ

Хамтарсан Засгийн газар  ажлын эхний 100 хоногтойгоо золгож байна. “Алсын хараа-2050” 

4 цаг 3 мин
“Алма-матер” шагналын эзэд тодорлоо

Монголын залуучуулын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Алтангадас” үндэсний шилдэг багш

4 цаг 3 мин
Хөгжлийн төлөөх түншүүд 35 жилийн хамтын ажиллагаа

Европын Холбоо Монгол Улс тэртээ 1989 онд дипломат харилцаа тогтоосноос

4 цаг 3 мин
Нүүрсээ худалдаад бүгдээрээ хувааж идэх үү, нүүрсний хулгайг хэвээр үргэлжлүүлэх үү?!

Монголын төр олон жил гацсан нэгэн том төсөлд ойрын өдрүүдэд цэг тавина.

4 цаг 3 мин
"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

18 цаг 58 мин
"Дулааны III цахилгаан станц чинь Дарханы зам шиг нохойн замаар орох юм биш үү"

Дулааны III цахилгаан станц чинь Дарханы зам шиг нохойн замаар орох юм биш үү?

19 цаг 6 мин
Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ

Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ

19 цаг 27 мин
Нэг уут бэлгэнд 36-72 ширхэг ёотонтой тэнцэхүйц сахар агуулагдаж байна

Шинэ жилийн баяртай холбогдуулан ХАБҮЛЛ, СХЗГ, НЭМҮТ хамтран нийсл

19 цаг 46 мин
П.Батчимэг: Байнгын хорооноос анатомийн ном шиг зузаан юм хэвлээд ороод ирж байна

П.Батчимэг: Байнгын хорооноос анатомийн ном шиг зузаан юм хэвлээд ороод ирж байна

20 цаг 58 мин
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны 2024 оны онцлох ажил

Манай улсын орон сууцжуулалтын ойрын ирээдүйн бодлогыг хэлэлцэх олон

Өчигдөр 06 цаг 00 мин